АНУ-ын "Завсрын сонгууль 2022" Үндсэн хуулийн хямрал дагуулах уу

АНУ-д Сенатын Завсрын сонгууль болж байна. Энэхүү сонгуулийн үр дүнгээс шалтгаалж үүсэх үр дагаврын талаар шинжээчид хоёр жил шахам ярьж, Үндсэн хуулийн хямрал дагуулж магадгүй хэмээн сануулж ирсэн билээ. Тодруулбал, дэмжсэн нэр дэвшригч нь сонгогдоогүй сэтгэл дундуур байдал дээд цэгтээ хүрч, улмаар нэгдмэл байдалд нөлөөлнө гэсэн санааг хэлж байв.
Эрх баригчид нь сүүлийн нэг жилд зүүний гэхэд хэт зүүний бодлого явуулсан нь чухам энэхүү Завсрын сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялсныхаа дараах хариу үйлдлийг зөөллөх зорилготой гэсэн дүгнэлтийг ч нэг бус шинжээч хэлж байсан.
Сонгууль эхлээгүй байхад аль хэдийнэ 40 гаруй сая хүн саналаа урьдчилж өгч амжсан энэ удаагийн сонгуулийн онцлог хийгээд шинжээчдийн болгоомжлолын талаар мэдээлэл хүргэж байна.
НЭГДМЭЛ БАЙДАЛ СУЛРАХ УУ
АНУ-ын сонгуулийн систем 100, 100 жил гацаагүй ажилласан ч нөөц боломжоо шавхсаар байсныг бид 2021 онд харсан билээ. “Хүссэн” нэр дэвшигч нь сонгогдоогүй тохиолдолд хамгийн хурцдаа л “АНУ-аас салж тусгаар тогтнох эсэх асуудлаар санал хураадаг”, тэр нь үсрээд 10 хувийн дэмжлэг авдаг байсан үе ард хоцорсон, илүү ноцтой түвшинд хүрэх бүрэн боломжтой болохыг Капитолийн хэрэг явдал харуулсан.

Холбооны улсад өөрийн гэсэн давуу болон сул талууд бий. АНУ-ын хувьд дэлхийн тэргүүлэх гүрэн байгаагийн гол нууц нь нэгдмэл байдал тул эвдэхэд хэцүү. Гэсэн ч сонгуулийн тогтолцоо, төсөв, татварын бодлого, ам.долларын ханшийн уналт гээд “цаашаа” түлхэх шалтгаанууд байсаар л байна.
АНУ анхнаасаа одоогийнх шиг нэгдмэл хүчирхэг улс байгаагүй, муж улсуудыг нэг, нэгээр нь нэгтгэсээр өнөөдөрт хүрсэн гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тэрхүү мужийн иргэдэд тусгаар улс байсан болон холбооны улсын бүрэлдэхүүнд нэгдсэний ялгаа, давуу талууд одоо болтол мэдрэгддэг бололтой юм.
Ер нь ихэнх мужид салан тусгаарлах үзэлтнүүд байдаг ч байгалийн баялаг ихтэй, баян чинээлэг Техас, Калифорни мужид бусдаасаа олон дэмжигчтэй аж. Ам.долларын ханш савласан 2012 онд Вайоминг мужийн Парламент тусдаа валюттай болох асуудлаар санал хураахад 30, 27-гоор унаж байсан жишээ бий.

АНУ-ыг тогтоож байгаа гол шалтгаан нь ам.долларын хүчирхэг байдал гэдэг нь эндээс харагдана. Тэгвэл АНУ-ын экс Ерөнхийлөгч Д.Трампын явуулж байсан “амиа бодож, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх” бодлого нь алсдаа ам.долларын ханшийг сулруулах эрсдэлтэй.
“Саксобанк” ирэх жилийг таамагладаг болоод 19 жил болохдоо маш хурц, цочирдом зураглал хийдгээрээ алдартай. Банк өнгөрсөн жил 2022 онд болох Сенат, Төлөөлөгчдийн танхимын “Завсрын сонгууль”-ийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх дээр асуудал гарч, улмаар 118 дахь удаагийн Конгресс 2023 оны эхнээс төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэж таамаглаж байв.
Сонгуулийн дүн Ардчилсан намын талд гарч, олонхийн суудлаа хадгалж үлдвэл ийм үр дүн гарах боломжтой. Тийм ч учраас Ардчилсан нам сонгуулийн кампанит ажилдаа одоогийн Ерөнхийлөгчөөс илүү 2008-2016 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Жо Байденаас илүү харагдах фигур /Жо Байденыг Дэд ерөнхийлөгчөөрөө ажиллуулж байсан/ болох Барак Обамаг түлхүү ашиглаж байгаа юм.

2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Д.Трампын дэмжигчид 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийг эзэлсэн явдал ийм таамаглал гаргах том сэжүүр болсон гэдгийг дээр дурдсан. "Саксо банк"-ийн таамагт "2022 оны сүүлээр явагдах “Завсрын сонгууль”- ийн үр дүнг Ардчилсан нам, БНН-ын аль, аль нь хүлээн зөвшөөрөхгүй, улмаар 2023 оны нэгдүгээр сарын 3-наас ажилдаа орох ёстой Конгресс тасалдаж, улмаар Үндсэн хуулийн хямралд хүрэх эрсдэлтэй" гэсэн байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.