
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ өдрүүдэд үзэгчдэд хүргэж буй. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор нэрлэгддэг эл бүтээлийн үүх түүх, хэв маяг, балетын агуулга, дүрүүдийн онцгой чанар, энэ удаагийн тавилтын онцлог, уран бүтээлчдийн ур чадвар зэргээс хүргэе.
СУРГУУЛИЛТ: Тоглолтын өмнөх өдөр, уран бүтээлчид, “Хунт нуур”
Маргааш нь “Хунт нуур”-аар үзэгч олонтой “уулзах” уран бүтээлийн багийнхан тайзнаа ид сургуулилж байна. Театрын арын хаалгаар орж, тайзны хажуугаар өнгөрөн, үзэгчийн суудал руу алхах замд П.И.Чайковскийн хөгжим дуурьсана. Жаахан сэрүүхэн. Жижиг хунд тоглох бяцхан балетчид өөрсдийн хэсгээ хүлээн цөмцийтөл суух бөгөөд нүднээс нь төвлөрөл, сандрал, айдсын аль аль нь мэдрэгдэнэ.
Үзэгчдийн суудал руу дөхвөл урд хавьцаа бүжгийн багш Х.Гэрэлчимэг суужээ. Гартаа микрофон барьж, өвлийн хүрмээ хэдэрсэн байна. Урдуур нь гараад, арын эгнээ рүү нь зүглэтэл “Өмнүүр хөлхөөд байх юм” гээд ширүүхэн үг хаячхаж байна. Тэр загнахдаа загнаж, урамшуулахдаа урамшуулна. Болохгүй бол ум хумгүй гүйж босоод тайзны ар луу очно. Тэндээ юу ч юм хэлж, зааварлачхаад буцаж ирж харагдах юм. Түүний дэргэд балетмейстр Д.Дашлхагва байна.
Тэдний сургуулилтыг үзэхээр хэд гурван хүн ирж, энд тэнд суужээ.

“Хунт нуур”-ыг энэ удаа, монголчууд бид түүхэндээ анх удаа 32 хунтайгаар толилуулах гэж байна. Хоёрдугаар сарын 13, 14-ний хоёр өдөр ДБЭТ-т болох энэ үзвэр олон хүнд хүлээлт үүсгэсэн. Тасалбар худалдаанд гараад 30-хан минутын дотор дууссан гэхээр хүсэн хүлээгчид ямар олон байсныг харуулж буй. Жил, жилийн “Хунт нуур”-ын тасалбараас хоцорсон, “Дараа жил манаж зогсож байгаад заавал худалдаж авна” гэж ярих хүн цөөнгүй байдаг сан.
Сургуулилтын үеэр зарим балетчид бүжгийн хувцсан дээрээ цамц өмссөн байх бол зарим нь амны хаалт ч зүүжээ. Маргааш “Хунт нуур”-ын тайзнаа гарна гэхээр тэд догдолж байгаа нь мэдээж. Оркеср тоглож, удирдаач дохино. Ханхүү нуурын хөвөөнөө ирж, хунгийн сүрэг дундаас Одеттаг олж харах, дурлалцах хэсэг хүртэл завсарлалгүй сургуулиллаа.

Жүжиг үг хэлдэг, харилцан ярилцдаг. Дуурь дуулдаг. Харин балет зөвхөн бүжиглэнэ, бас жүжиглэнэ. Гээд бодохоор зохиолын утга санаа, илэрхийлэл, үйл явдлын өрнөлийг олж харахын тулд гярхай нүд, торгон мэдрэмж хэрэгтэй мэт. Магадгүй үзэгчдийн нэг хэсэг зүгээр л сүрт хөгжим, балетын сонгодог хөдөлгөөн, тавилтуудыг харж, тэндээс таатай мэдрэмж авдаг. Харин нөгөө хэсэг нь энэ бүхнээс утга санаа, агуулга, үйл явдлын хэлхээ холбоог ойлгохыг оролддог болов уу. Яг энэ хоёрын зааг дээр мэдрэмжээ төвлөрүүлбэл балет өөрөө оюуны болоод сэтгэлийн таашаалыг зэрэг зэрэг эдлүүлнэ.
Балетчид өлмий дээрээ бүжиглэдэг. Нарийн “тиг”-тэй, дэгтэй. Энэ нь асар уран яруу, яруу тансаг “хэл”-тэй. Тайзаар хөндлөн гулд үсэрч, эргэж, эрч хүчтэй, хөнгөмсөг зөөлөн, яруу орших балетчдын бүрдүүлж буй уур амьсгал нийлээд цаанаа л нэг эрхэм дээд. Бурхад, сахиусан тэнгэрүүд, эсвэл үлгэр домгийн баатрууд, нүгэл буртаг гэж мэдэхгүй өөр нэгэн ертөнцийн хүмүүс л тайзан дээр амьдраад, аж төрөөд байгаа юм шиг. Ийм уур амьсгал дунд “Хунт нуур”-ын үйл явдал өрнөөд буй.
Ханхүү Зигфрид ордондоо. Түүний сэтгэлийн ажин түжин байдал, бодлогшрол хийгээд залуу насны эрмэг хангал ба уян зөөлөн зан чанар нь зүгээр л хөлийн тавилтаас, гарын дохих хөдөлгөөнөөс, үснийх нь “хийсэлт”-ээр илэрхийлэгдэнэ... Зигфридийн нөхөд, ордны хүмүүжүүлэгч, эзэн авхай нарын хөдөлгөөнүүд нийлж, хоршоод эхлэхээр нүд салгахын аргагүй чамин, дээрээс нь П.Чайковскийн хөгжим ид шидийн мэт классик мэдрэмж төрүүлж, улмаар тайзан дээрх амьдрал руу үсрээд орчихмоор адгах нь таатай.

Магадгүй балетын гайхамшиг нь өөрөө хунгийн хөдөлгөөнүүдээр тодорхой илэрдэг учраас “Хунт нуур” хамгийн сонгодог балетуудын нэгт тооцогддог байж болох юм. Учир нь, нууранд хунгийн сүрэг хөвж буй хэсэг эхлэхэд “За, хүн, хун хоёрыг яаж ялгах юм дээ” хэмээн эрхгүй бодож байгаа юм л даа. Гэтэл хунд тоглох балетчдын хөдөлгөөн арай этгээд ч гэмээр хэв маягтай нь илт анзаарагдана. Хэдийгээр тэр бүр нь балетын тогтсон дэг, хөдөлгөөнүүдээс тогтсон байх авч яг л “Хүн болж хувирсан хун ингэж л бүжиглэх, ийн аяглах болов уу” гэмээр сэтгэгдэл төрнө.
Ялангуяа ханхүү Зигфрид, хун болж хувирсан Одетта хоёр анхлан танилцаж, бие биедээ дурлаж буй хэсэг сонирхолтой. Хун, хүн хоёрын харилцаа, татагдан дурлаж буй илэрхийллийг ганцхан балет л ийм ойлгомжтой, ийм ил тод үзүүлж чадах юм байна гэж бодмоор. Ханхүү адгавч хүрч ядаад л, хун хүсэвч дөлөөд л. Дунд нь давж гишгэж боломгүй зааг байгаад байгаа нь мэдэгдэх авчиг хөдөлгөөн, хөгжим хоёр нийлээд дотор сэтгэлийнх нь зөрчил, тэмцэл, тэмүүллийг “яриад өгч” байна гэлтэй. Балет гэдэг биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хүүрнэлийг илэрхийлдэг нь Зигфрид, Одетта хоёроос, товчхондоо хүн, хун хоёроос харагдана.

Дараа нь Одетта хүн болж хувирна. Ингээд харахаар тэдний харилцаа илүү ил тод, хазаар саадгүй болоод ирж буй. Хөдөлгөөн нь уясан нэгдэж, ханан жаргаж буй хэлэмжтэй...
Үйл явдлуудыг холбон хэлхэх алиа салбадай, эсрэг дүрийн Ротбардын сүр жавхлан, хар хун Оделлия нарын хэлэмж оркестрын хөгжмийн хамт сүлэлдэж, том жижиг хунгуудын үзэсгэлэн, нандин энхрий байдал бүр нь өөрөө “Хунт нуур” бөгөөд сонгодог юм.
Яг энэ өндөр дүүжлүүр уран бүтээлийг монголчууддаа хүргэхээр зорьж буй хамт олныг бахархан хайрлах сэтгэл төрж байв. Тэд бүгд залуу. Зарим нь дэргэр жаахнаараа. Хэдий тайзан дээр тэгж амьдрах ч гэртээ хариад бүгд л энгийн хүмүүс. Атлаа “Хунт нуур”-ын тайзан дээр гарна гээд мачийтал хөдөлмөрлөх, амьдралынхаа өдөр хоногуудыг тувтад нь зориулах гэдэг хүндэтгэх учиртай үйл хэрэг мөн юм.
Тоглолт биш, сургуулилтыг үзэн суусан болохоор балетын мөн чанар, “Хунт нуур”-ын өрнөл, өгүүлэмжээс гадна уран бүтээлчдийн хувийн амьдрал, хувь характер, дүр төрх, биеийн хэлэмжүүд давхар харагдаж байсан тул ийн хүндэтгэх сэтгэл зүй төрсөн юм. Тайзан дээр дүүлэн бүжиж байсан залуу дараагийн үзэгдэл эхлэхэд үзэгчдийн суудалд суугаа найз нарынхаа дэргэд ирж, сандал дээр лагсхийтэл унаад “Яг шагайгаа гэмтээх шахлаа” гэж амьсгаадна. Тэгснээ удалгүй гүйгээд л тайзны ар луу орчихно. Бяцхан хунгууд багшдаа загнуулаад “Ойлголоо” гэдгээ үл мэдэг толгой дохиж мэдэгдэнэ. “Маргааш тоглолттой...” гэсэн бодол, тийм мэдрэмж бүгдийг нь эзэмдэж, эзэмдсэн гэдэг нь дүрдээ орж гаран, хөдөлгөөнөө гүйцэтгэл дутуу хийн барин "догдолж" буйгаас, сургуулилтын үеийн дүр зургаас харагдаж байлаа.

Үүний зэрэгцээ зогсох үед зогсож, эхлэх үед эхэлж байгаа оркестрын хөгжимчид ч нэн бахархал төрүүлэм. Сургуулилтын үеэр энгийн хувцастай цугласан, гудамжинд таарвал хэн ч хөгжимчин гэж, “Хунт нуур”-ыг хоршин хөгжимдөж суух нэгэн гэж мэдэхийн аргагүй эгэл хүмүүс тэнд бий. Гарынх нь хөдөлгөөн, ноотныхоо хуудсыг эргүүлж буй байдал, удирдаачийн дохиог ярсхийтэл дагах, ажих анхаарал, хэсэг нь хийлдэхэд бусаг нь үлээвэрдэж, энэ нь нэгэн цогц болон театрын тайзны агаарт эгшиглэн хөвж, хөвсөөр хөвсөөр дэлхийн хэмжээний суутан П.Чайковскийг Монголын тайзнаа тавих маргааш руу тэмүүлж буйг ажих нэн таатай.
Дахиад л дэрийтэл сууж, үзэгдлээ хүлээсэн бяцхан хунгуудын дэргэдүүр өнгөрөөд, ДБЭТ-аас гарахад чихнээ П.Чайковскийн хөгжим дуурьссаар л байлаа. Сэтгэл яг л балет шиг, нүгэл гэж мэдэхгүй бурхад шиг болон тайвширчээ.
БАЛЕТЧДЫН ӨНДӨР БОСГО: Ханхүү А.Тэмүүлэн, Одетта Б.Марал ба уран бүтээлчид
Дэлхийн сонгодог урлагийн хойморт залардаг эл балет гоцлоочдын урыг уралдуулдаг, шавхдаг, гайхуулдаг. Тиймээс ч “Хунт нуур”-т нүд салгахын аргагүй хэсэг олон бий. Тухайлбал, Одетта ба Зигфридийн адажио (Италийн adagio буюу аажим, тайван гэх утгатай үг, балетын үйл явдлын хамгийн чухал, удаан хэмнэлтэй бүжиг), Одетта болон хунгуудийн бүжиг, Зигфрид, Одиллия хоёрын дуэт буюу па де де (хоршил), том, жижиг хунгуудын бүжгийг нэрлэж болно.
Цагаан хунгийн адажио нь ханхүү, Одетта хоёрын бие биенээ мэдрэх мэдрэмжийг илэрхийлж, гол дүрүүдийн сэтгэл хөдлөлийг онцолдог бол “Бяцхан хунгуудын бүжиг”-ийг амбуате (хөлөөс хөл рүү дараалан шилжих), жете (хөлөө шидэж гүйцэтгэх), па де ша (үсрэх) зэрэг хөдөлгөөнөөр гүйцэтгэж, хүүхэд насыг илэрхийлэхийн зэрэгцээ бүжигчид гар гараасаа атгаж бүжиглэдэг нь нөхөрлөл, үнэнч байдлыг харуулдаг. Тэгвэл хар хун, ханхүү хоёрын дуэт нь баатруудын дүр төрхийг илүү тод харуулах ёстой. Тухайлбал, хар хунгийн 32 фуэт (эргэлт) бүжигчнээс асар их чадвар шаарддагийн дээр хар, цагаан хунгийн дүрийн ялгааг харуулах онцгой үүрэгтэй.
Ихэнх тохиолдолд “Хунт нуур”-ын цагаан, хар хунд нэг гоцлооч бүжиглэж, эерэг, эсрэг дүрийг нэгэн тайзнаа зэрэг урлаж, ур чадвараа гайхуулдаг. Харин энэ удаа ДБЭТ-ынхан цагаан, хар хунг “салгажээ”. Тодруулбал, тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал, хар хун Одиллияд Б.Хулан нар гоцолно. Харин ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн “хувирах” юм. Гоцлооч Б.Марал 2017 оноос хойш А.Аданы “Жизель”-ийн Мирта, Л.Минкусийн “Дон Кихот”-ын вариац, “Цөмөөхэй”-н цасан хатан зэрэг сонгодог бүтээлүүдийн дүрийг чадварлаг бүтээснээс гадна “Тэнгэрийн ташуур”, “Уран хас”, “Үйлийн гурван толгой” тэргүүтэй үндэсний бүжгэн жүжгүүдэд гоцолж байв. Түүнчлэн “Хунт нуур”-ын Одеттад бүжиглэж байсан туршлагатай учир илт ялгарч байлаа. Залуу гоцлооч Б.Хулангийн хувьд “Хунт нуур”-ын хар хун анхных нь гол дүр. Тэр тусмаа эсрэг дүр юм. Тиймээс эл дүр түүний шандсыг сорьж байв. Сонгодог урлаг сонирхогчид түүнийг өөр олон бүжгэн жүжгийн дүрийг чадварлаг харах болов уу.

“Хунт нуур”-ын өөр нэгэн “шигтгээ” бол алиа салбадай. Эл дүрийн бvжиглэх техник, огцом үсрэлт, олон хувилбарт эргэлтүүдийг чадварлаг гvйцэтгэх нь үнэхээр биширмээр үзэгддэг. Энэ удаа эл дүрд Ц.Мөнгөншагай бүжиглэнэ. Түүнчлэн балетын хамгийн хурд, тод, эсрэг дүр болох Ротбардад Д.Нацагдорж гоцолж буй. Түүний хувьд “Балетын олимп” гэгддэг Москвагийн олон улсын балетын уралдаанд улсаа төлөөлөн оролцсон найман балетчны нэг гэдгээ аргагүй л харуулна лээ.
Харин ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн “хувирах” юм. А.Тэмүүлэн ДБЭТ-ын өнөө цагийн “ханхүү”. Учир нь тэрбээр А.Аданы “Жизель”-ийн Ганс, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын Колен, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетын Ромын жанжин, Ж.Чулууны “Уран Хас” балетын Хас, Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балетын Төмөрт “хувирч”, бараг л бүх л балетын гол дүрд, тэргүүн эгнээнд бүжиглэж буй. Түүнчлэн өмнө нь “Хунт нуур”-ын эсрэг дүр Ротбардад ч тоглоод амжсан.




“ХУНТ НУУР”: Герман зохиол тайзнаа амилсан нь
“Хунт нуур”-ын эх зохиолын талаарх хэд хэдэн таамаг бий. Тэдгээрийн нэг нь эл бүжгэн жүжгийн зохиолыг хорон санаат шидтэний гарт орж, хунгийн дүрд хувирсан Одетта гүнжийн тухай Германы домгоос сэдэвлэсэн гэх яриа. Харин хөгжмөө П.И.Чайковский дүүгийндээ зочлохоор очихдоо эдлэн газарт нь элбэг байсан хунгуудыг ажиглаж эл нэрт зохиолоо бичсэн гэж тэмдэглэсэн нь байдаг. Сонирхолтой нь, тэрбээр олон жилийн турш зусаж асан дүүгийнхээ тус эдлэнд “Евгений Онегин” дуурь, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Хунт нуур” зэрэг алдарт бүтээлээ бичсэн гэдэг.
П.И.Чайковский “Хунт нуур”-ын хөгжмийг жил орчмын хугацаанд бичжээ. Түүнийг хөгжмөө бичих зуурт бүжиг дэглээч мөн балетыг дэглэж байв. Эл балетыг анхлан дэглэсэн хүн нь Вацлав Рейзингер. Харамсалтай нь, П.И.Чайковский, В.Рейзингер нар таарамжгүй харилцаатай байж. Тиймээс ч 1877 оны гуравдугаар сарын 4-нд “Большой” театрт “Хунт нуур”-аа нээсэн ч үзэгч, шүүмжлэгчдээс олигтой үнэлгээ авсангүй.

Харин “Хунт нуур”-ыг амжилт өөд “хөтөлсөн” хүмүүс бол Францын бүжиг дэглээч Мариус Петипа, Оросын бүжиг дэглээч Лев Иванов нар байлаа. Тэд шинэчлэн дэглэхдээ балетын бүжигчдийн гарыг чөлөөтэй хөдөлгөхийн тулд хувцасны загварыг өөрчилжээ. Мөн өдгөө “Бяцхан хунгуудын бүжиг” хэмээн нэрлэгддэг дөрвөл бүжгийг нэмж дэглэсэн юм.
Дэлхийн олон орны сонгодог урлагийн мэргэжлийн тайзнаа хамгийн олон удаа тоглодог, тоглох бүртээ гоцлоочдын “шандас”-ыг сорьдог эл балетыг манай улсад Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэснээр 1975 оны зургадугаар сарын 28-наас хойш тасралтгүй тоглож буй. Анхны тоглолтыг нэрт удирдаач, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун “дохиж”, Одетта, Оделлиягийн дүрд Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин Ю.Оюун, Зигфридийн дүрд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайн дүрд Ардын жүжигчин О.Ганбаатар нар гоцолж байв.
ХҮҮРНЭЛ: Хар шидэнд авсан Одетта, түүнд дурласан Зигфрид
Ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэнд ханхүү Зигфрид найзуудын хамт зугаацна. Алиа салбадай тэднийг хөгжөөж, залуухан ноёд, хатагтай нар бүжиглэж үзэгдэнэ. “Хунт нуур” балетын эхний үзэгдэл ийн эхэлнэ. Үдшийн бүрий болоход зочид буцаж, Зигфрид цэцэрлэгт ганцаар үлджээ. Энэ зуурт түүний дээгүүр хунгийн сүрэг нисэж өнгөрсөн нь түүний доторх “анчин”-г сэрээчих нь тэр.
Ханхүү хунгуудыг дагаж явсаар нуурын эрэгт хүрэв. Эргийн ойролцоо хунгууд хөвөх нь үзэсгэлэнтэй харагдах аж. Гэхдээ тэд бол хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан үзэсгэлэнтэй залуу охид ажээ. Тэдэн дундаас ханхүүгийн анхаарлыг титэмт нэгэн хун илүү татлаа. Тэр бол гүнж Одетта. Хорон санаатны шидэнд ховсдуулсан Одетта зөвхөн шөнө эргээд хүн болж, үүрийн гэгээ туяарахад буцаад хун болдог аж.

Одеттад дурласан ханхүү хорон санаат шидтэн Ротбардыг хөнөөхийг хүсэвч түүний шид өөр учгаар тайлагдах юм. Зөвхөн хайрын тангараг хэнд ч өгч байгаагүй залуу хархүүгийн чин сэтгэлийн үнэнч хайр л Одеттаг ховсноос гаргах учиртай.
Ордонд тансаг үдэшлэг эхэлжээ. Эл үдэшлэгт орон орны гүнжүүд уригджээ. Ханхүү Зигфрид тэдний дундаас нэгийг нь сүйт бүсгүйгээрээ сонгох учиртай. Харин энэ үед урилгагүй зочин Ротбард өөрийн охин Одеттагийн хамт орж ирнэ. Ханхүү Зигфрид үдэшлэгийн эхний бүжгийг Одеттатай бүжиглэж, хатан эхдээ түүнийг сүйт бүсгүйгээрээ сонгож буйгаа хэлнэ. Харин энэ үед Ротбард баярлан, инээж байлаа. Учир нь түүний дагуулж ирсэн охин Одетта бус, түүнтэй усны дусал мэт ижилхэн хувиргасан Оделлия аж.
Ротбардын ховсоос ангижрах цорын ганц найдвар нь тасарсан Одеттаг аргадахаар Зигфрид нуурын эрэгт иржээ. Хорон санаат тэднийг хөнөөхөөр оролдовч өөрөө дийлдэнэ. Ийн гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Хунт нуур” жаргана.
ГЭРЭЛ ЗУРГУУД: Момент
А.ХАЛИУН, М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.