Сурвалжилга: Монголын хамгийн анхны нээлттэй ХК-ийн засаглалтай, шинэ бүхний түүчээ “Tenger” телевиз

“Tenger” телевизийн сэтгүүлчид өглөөний шуурхай хурлаа хийлээ. Хурал 30 гаруй минут үргэлжлэхэд тэд өнөөдөр үзэгчдэд юу үзүүлэхээ ярилцсанаас гадна өчигдрийн мэдээнийхээ чанарыг хэлэлцэв. Мэдээ ярихаас чанар хэлэлцэхэд илүү хугацаа зарцуулж буй нь ажиглагдах юм.
Сэтгүүлчид мэдээндээ явцгаасны дараа хурлын өрөөнд удирдлагын баг цугласан. Бид “Tenger” телевизийн хувьд тэмдэглэлт, чухал өдөр нь ирж таарчээ. Учир нь “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн хувьцааны 10 хувийг нийт ажилчдадаа хуваарилах шийдвэрийг энэ өдөр, энэ хурлаар (2023.04.28) гаргалаа.
“Tenger” телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундрал “Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр болж байна. Манай телевизийн гол онцлог бол компанийн засаглал юм. Урьд хэлэлцэж явсаар, хувьцааны 10 хувийг нийт ажилчлад эзэмшүүлэх шийдвэрийг дөнгөж сая хуралдаж баталлаа” хэмээн өгүүлж байна.
Өнөөдөр бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Манай редакц энэ өдөрт зориулж, хэвлэл мэдээллийн салбарын асуудлыг хөндөхдөө өөр редакцыг сурвалжилж, амжилт бүтээлийг нь танилцуулдаг заншилтай. Өмнө нь News.mn сайт, NTV телевиз, Zarig.mn сайтын “мэдээний өрөө”-гөөр зочилж байв. Харин энэ удаа, шинэ тутам хөгжлийг салбартаа түүчээлж буй “Tenger” телевизийг сонгосон юм.
“Тэнгэрлиг медиа групп” ХК 2022 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Улмаар “Tenger” гэдэг телевиз телевизийн зах зээлд хүч түрэн орж ирсэн. Үүнээс хойш нэг жилийн л хугацаа өнгөрч байна. Гэвч хэдийн үзэгчдийн анхаарлыг татсанаас гадна шинэ тутам стратеги нь бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад үлгэр дуурайл болж чадлаа.
Шинэлэг: Оффисын дотоод заслаас байгууллагын соёл анзаарагдана
Оффисын коридороор явахад нэг ханандаа компанийн хувьцааны ханшийн өсөлт, бууралтыг үзүүлсэн график хадсан нь нүдэнд туслаа. Нээлттэй хувьцаат компани байна гэдэг та ч өнөөдөр “Tenger” телевизийн хувьцаа эзэмшигч болж болно гэсэн үг. Энэ үүднээсээ “Tenger” анхдагч болсон. Ийм цоо шинэ хандлага нь оффисын дотоод засал, ажилчдын ажилдаа хандаж буй байдлаас ч мэдрэгдэж байлаа.
Редакцын гол заал руу хөтлөх коридорын дагуух тохилог засалтай өрөөнүүдэд санхүү, маркетингийн болоод нэвтрүүлгийн албаныхан сууж байна. Коридор үргэлжилсээр “гал тогоо”-нд хөтөлнө. Тэр текээр ажилчид үйлчлүүлж, цай кофе уухаас гадна өдрийн хоолоо ч иддэг байна. Төлбөрийг цалингаас нь татдаг. Иймд цаг наргүй ажилладаг, тогтмол цагт хоол идэх боломж бага хэвлэл мэдээллийн салбарынханд тун дэмтэй шийдэл болжээ.
“Tenger” телевиз тавдугаар сарын 30-ны өдөр анхны эфирээ нээсэн. Тэд 70 гаруй ажилтантай. Гол цөм нь мэдээний алба. Үүнээс гадна продакшны, нэвтрүүлгийн болон дижитал алба бий.
Б.Батцэнгэл: Удирдлага, маркетингийн багаас мэдээний албаны ажилд нөлөөлдөггүй
“Tenger” телевиз мэдээг чухалчилж, мэдээний албаны сэтгүүлчдэдээ маркетинг, сурталчилгааны чиглэлийн ажил өгдөгггүй, хараат бус ажиллах боломжийг нь хангахаар эрмэлздэг гэж Гүйцэтгэх захирал А.Ундрал ярьсан юм. Ер аливаа хэвлэл, мэдээллийн байгууллагын “зүрх” нь мэдээ.

Иймд Гүйцэтгэх продюсер, мэдээний албаны редактор Б.Батцэнгэлтэй товч ярилцлаа. Тэр урьд нь “C1” телевизэд сэтгүүлч, ахлах редактор, мэдээний албаны редактораар ажилласан. Харин нэг хэсэг төслүүд, олон нийттэй харилцах албадад ажиллан, сэтгүүлчийн ажлаас завсарлажээ. Эргээд мэргэжлийн ажлаа “барьж авсан” нь “Tenger” телевиз санал тавьснаас үүдсэн байна. Түүнээс гадна хоёр редактор мэдээний албанд ажилладаг.
-“Tenger” телевизийг сонгож ажиллах шалтгаан юу байв?
-Хамгийн гол шалтгаан нь компанийн засаглал. Олон хөрөнгө оруулагчтай, нэг эзнээс хараат бус байдал нь Монголдоо шинэ үзэгдэл, давуу тал. Хоёрдугаарт, удирдлагын баг залуу, дэвшилтэт үзэл бодолтой, чадварлаг залуус байсан. Мэргэжлийнхээ амбиц, үнэ цэнийг хадгалж ажиллах боломжтой гэж харсан.
-Мэдээнд ямар шалгуур тавьдаг вэ?
-Мэдээ бол цаг үе, үйл явдал. Бид үүнийг дагаж, олон нийтэд ямар агуулгын хэрэгцээ байгааг тодорхойлж, түүнийг нь мэргэжлийн түвшинд хангаж ажиллахыг эрмэлздэг. Сэтгүүл зүй асуудал хөндөнө. Иймд асуудал хөндөж, аливаа шийдвэрт зөв нөлөөлөл үзүүлэх, олон нийтийн хүчийг зөв мэдээллээр ханган нэгтгэх чиглэлд ажилладаг. Нөгөө талаар Монголынхоо зовлон дунд л эргэлдээд байж болохгүй. Дэлхийн чиг хандлагыг давхар авч явахыг хичээнэ.
-“Tenger” телевизийн мэдээ бусдаас юугаараа ялгардаг вэ?
-Хэн нэгний эрх ашигт хаалт тавьж, редакцын хяналтыг сайтар чухалчлан мэдээгээ бэлтгэдэг. Мөн хэтэрхий хандалт хөөж хошуурсан байдлаас татгалзаж, мэргэжлийн редакцын хэмжээнд ажиллахыг эрмэлзэнэ. Гол ялгарал бол энэ. Бид Монголыг бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин байгаасай, болоосой гэж хүсдэг. Энэ манай редакцын гол ялгарлуудын нэг.
-Мэдээнээс арилжааны захиалгыг тусгаарладаг гэсэн. Өмнө нь өөр телевизэд ажиллаж байсны хувьд, энэ ялгаа хэрхэн мэдрэгддэг вэ?
-Энэ бол яах ч аргагүй манай мэдээний албаны нэг ялгарал. Хэзээ ч маркетингийн албанаас, захирлаас “Энэ мэдээг аваач, манай харилцагч байгууллага байгаа юм” гэж ханддаггүй. Хандах хэрэг гарсан ч “Мэдээ, сурвалжилга болгоход сэдэв нь тохирч байна уу” гэж хэлэлцүүлэх жишээтэй. Олон нийтэд хэрэгтэй гэж үзвэл бид авна, сонгоно.
-Танай албанд ямар насны, хэдэн сэтгүүлч ажиллаж байна?
-5-6 сэтгүүлч бий. Дандаа залуус. Цаг үеийн мэдээнээс гадна шинжлэх ухаан, технологи, энтертайнмент зэрэг төрөлжсөн мэдээний алба гэж бий. Нийлүүлж тооцвол 10 гаруй болно. Бас л залуус. Заавал сэтгүүлч мэргэжилтэй байх шаардлага тавьдаггүй. Тэдэндээ мэргэжлийн баг зөвлөж, ажилладаг.
-Залуу сэтгүүлчидтэй ажиллах давуу болон сул тал юу байна вэ. Тэднийг ачаалал, үг даахдаа муу гэдэг. Хэрхэн чиглүүлж байгаа вэ?
-Залуу үеийнхээ онцлогийг өөр, ялгаатай тал л гэж хардаг. Сул тал гэж авч үздэггүй. Мэдээж эхний цаг хугацаанд бид үе хоорондын ялгаатай байдлын сорилттой нүүр тулсан. Давж гарч чадсан. Одоо бидний хамгийн гоё үе. Ялгаатай байдлуудаа ойлголцож, нэг баг болсон. Байгууллагын соёл гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Бичигдээгүй дүрмүүд гэж бий. Нэгэнт хүний нөөцийн дийлэнхийг залуус бүрдүүлж буй тул бид тэдний “хэл”-ээр ярих ёстой. Аль аль талдаа ойлголцож, давах даваагаа давж байгаа.
Энэ салбарт хүний нөөцийн хомстол бий. Нөгөө талаас төрийн байгууллагууд мэдээллээ пропаганда хэлбэрээр идэвхийлэн түгээдэг болсон. Иймд бид аль болох төрийн байгууллагаас бэлтгэсэн албан мэдээ, дүрсийг авч ашиглахаас татгалздаг. Мэдээний хөтөлбөрийг дүүргэхийн тулд энд тэндээс баахан линк цуглуулчхаж болно л доо. Ямар ч мэдээнд бид өөрсдийн дүрс, яриаг ашиглаж, өөрсдийн өнцөг, агуулгаар боловсруулахыг эрмэлздэг дээ.
Э.Цэрэнжаргал: Нэг сэтгүүлч дутахад л ачаалал нэмэгдэх тул эмчид үзүүлчхээд хүрээд ирсэн
Гүйцэтгэх продюсер Б.Батцэнгэлийн хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн салбарт хүний нөөцийн асуудал тулгамдаж буй. Харин сургууль төгссөн залуу сэтгүүлчид “Tenger” телевизийг сонгож ажиллах сонирхолтой байгаа нь ажиглагддаг. Иймд залуу сэтгүүлчийн төлөөлөл Э.Цэрэнжаргалаас сэтгэгдлийг нь сонссон юм.

Нэг гараа сойсон мөртлөө өглөөний шуурхай хуралд сууж буй Э.Цэрэнжаргал нэг сэтгүүлч ажилдаа ирэхгүй бол л бусдад нь ирэх ачаалал илт нэмэгддэг тул эмчид үзүүлчхээд иржээ. Э.Цэрэнжаргал сэтгүүлчээр ажиллаад 1.5 жил болж буй. “Tenger” телевизийг анхны эфирээ нээснээс нь хойш ажиллажээ.
Тэр “Бусдаас илүү шинэлэг, орчин үеийн байгууллага учир сонгож орж ирсэн. Одоо олон нийт “Үнэн зөв мэдээлэл түгээдэг хэвлэл байхгүй болсон” гэж хардаг, шүүмжилдэг болсон. Энэ чиглэлд, үзэгчдэдээ хэрэгтэй, хэрэгцээг нь хангасан мэдээ бэлтгэхийг хичээдэг. Редакцын мэдээ гэдэг хамтын хүч. Нэг сэтгүүлч л ажилдаа ирэхгүй бол ачаалал илт мэдэгддэг, том орон зай дутагддаг. Тиймээс гараа гэмтээсэн ч ажилдаа хүрээд ирлээ. Би өөрөө ч ажилдаа дуртай, хайртай учраас эмнэлэгт үзүүлчхээд гүйгээд ирсэн” гэж ярилаа.
Х.Ананд: Телевиз ганцхан зурагтаар гардаггүй юм гэдгийг ойлгуулах, батлан харуулахыг хичээдэг
“Tenger” телевизийн дараагийн онцлог бол дижитал орчинд чадмаг хувирч, дасан зохицож буй байдал. Тэд Фэйсбүүкээс гадна Инстаграм, ТикТок зэрэг сошиал платформуудад мэдээгээ хувиргадаг. Үүнийг нь та Инстаграм хуудсаар нь зочилж үзээд л ойлгох боломжтой.

Тэгвэл “Tenger” телевиз энэ чиглэлд таван хүний бүрэлдэхүүнтэй баг тусгайлчлан ажиллуулдаг байна. Тус албаны дарга Х.Анандаас товч мэдээлэл авлаа. Тэр “Бид мэдээг яаж цахим платформуудад зориулж, хүмүүст ойлгомжтой, хүртээмжтэй үзүүлэх тал дээр анхаарч, ажилладаг. Зөвхөн Фэйсбүүкээр юм уу, Инстаграмаар төсөөлж магадгүй. Өөр олон платформ бий. Тэр бүгдийн өөр, өөр “ааш”-нд тааруулж, мэдээг өөр өөрөөр хувиргана гэсэн үг” гэлээ.
“Tenger” телевиз:
- TikTok
- Youtube гэсэн таван сошиал платформд зориулж, эфирийн мэдээ, нэвтрүүлгүүдийг хувиргадаг байна.
“Аль платформоор мэдээ хүмүүст илүү их хүрч байна” гэсэн асуултад Х.Ананд “Тухайн мэдээний сэдвээс шалтгаалдаг. Тийм учраас их анализ, судалгаа хийх шаардлага бий” гэж хариуллаа.
Дижитал албанд нэг дизайнер, хоёр сэтгүүлч, нэг контент бүтээгч бий.
-Өөр албаны уран бүтээлчдийн хийсэн ажлыг танай алба хувиргахын тулд агуулгыг нь эхлээд ойлгох ёстой болно. Тэгэхээр их олон чиглэлд хувирч, ажиллах шаардлагатай болдог уу?
-Тийм шүү. Манай албаныханд Multitasking чадвар их шаардагддаг. Мэдээ, нэвтрүүлгийн агуулгыг ойлгосны дараа хэлбэрийг нь сошиал платформуудад зориулан хувиргахын тулд их цаг хугацаа, мэдрэмж, бүтээлч байдал хэрэгтэй. Бусад уран бүтээлчид өөрсдийнхөө л мэдээ, нэвтрүүлгийг үздэг бол бид бүгдийг үзэж, ойлгож байх шаардлагатай гэсэн үг. Цаг их авна, бусад албаны сэтгүүлчидтэйгээ ойлголцож, холбоо харилцаатай ажиллах хэрэгтэй болно. Өөр олон ур чадварт суралцах хэрэгтэй. Зарим үед өөрсдөө сэтгүүлч, хөтлөгч, эвлүүлэгч, дизайнерын ажлыг давхар давхар хийх шаардлагатай болдог. Тийм учраас хөрвөх чадвартай болгож бэлтгэхээр хичээж байгаа. Бид тав тавуулаа л контент бүтээгч байх учиртай.
-Тэгэхээр танай албанд ажлын цагийн уян хатан зохицуулалт хэрэгтэй болох нь ээ?
-Мэдээ, нэвтрүүлэг эфирээр цацагдах цагтаа бэлэн болдог. Бид бэлэн болсны нь дараа тэдгээрийг хувиргаж эхэлдэг тул ихэвчлэн оройтож тардаг. Тийм учраас ажлын цагийн уян хатан зохицуулалт заавал шаардлагатай. Ер нь өглөөдөө 10.30 цаг гэж ирээд, орой 20.00, 21.00 цаг хүртэл сууж ажиллах нь бий. Бүтээлч байдал шаардлагатай учир ажлын цагт хатуу хандах боломж бага. Ихэвчлэн Z үеийнхэн манай албанд ажиллаж байгаа нь ч үүнд нөлөөлдөг.
-Өшөө бусад орнуудын жишигт нийцэхийн тулд сайжруулах, тэмүүлэх шаардлагатай зүйлс юу байгаа вэ?
-Бид мэдээг 1-3 минутад багтаан тайлбарлаж, Highlight хийж байгаа. Үүнийг манай контент бүтээгчид өөрсдөө хариуцдаг. Энэ хэлбэрээ илүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Мөн дээр дурдсанчлан, сошиал платформ бүр өөр өөрийн гэсэн “зан ааш”-тай учраас дахиад л бүтээлч байх, дахиад л судлах хөгжих шаардлагатай болж байна. Хамгийн гол нь телевиз ганцхан зурагтаар гардаггүй юм гэдгийг л ойлгуулж, батлан харуулахыг хичээж байгаа.
“Tenger” телевиз үндсэн мэдээний хөтөлбөрөө:
- 08.00 цагаас “07:10”
- 13.10 цагаас “1:10”
- 16.10 цагаас “4:40”
- 19.10 цагаас “7:10” нэрээр тус тус, өдөрт дөрвөн удаа бэлтгэн хүргэж байна.
Үүнээс гадна:
- “Өнөөдрийн сэдэв”
- “Гэж юу вэ?”
- “Баримтат цувралууд”
- “Хамтдаа эвлүүлье”
- “Онцлох бизнес”
- “Цэг хооронд”
- Гадаад мэдээ
- “TechGer”: Технологийн мэдээ
- “Ялагч ярилцлага”
- “Зах зээлийн чимээ”
- “Билиг”: Шинжлэх ухааны мэдээ
- “Нүүдэлчдийн түүх”
- “Хөгжлийн замаар” зэрэг олон мэдээ, нэвтрүүлгийн хөтөлбөрийг хөгжүүлэн ажиллаж байна.
А.Ундрал: Хэвлэл мэдээллийн салбарын гол чиг технологийн инновац гэдэгт итгэдэг
Монголдоо анхдагч болсон компанийн засаглал, мэдээг чухалчилж буй хэлбэр, олон төрөлт нэвтрүүлгийг зөвхөн сэтгүүлч бус мэргэжлийн залуу үед тулгуурлан хөгжүүлж буй байдал зэрэг сэдвийн хүрээнд “Tenger” телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундралтай ярилцлаа.

-Танай мэдээний алба бусад телевизийнхтэй харьцуулахад харьцангуй либерал харагддаг. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эрх ашгаас хараат бус байх ажиллах боломж бодитоор бүрдэж чадсан уу?
-Би гурван зүйлийг онцолмоор байна. Нэгдүгээрт, манай компанийн засаглал юм. Бид Монголын анхны олон нийтэд нээлттэй хэвлэл мэдээллийн компанийн нэг хэсэг гэдгээрээ бахархдаг. “Тэнгэрлэг медиа групп” Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, 1000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон нь биднийг ил тод нээлттэй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах суурь үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн.
Тэр ч утгаараа бусад оролцогч талуудын эрх ашгийн төлөө үйчлэхээс илүүтэй олон нийтийн хүсэл, ашиг сонирхлын төлөө ажиллах, редакцын бодлого, үнэт зүйл, зарчимдаа тууштай байх боломжтой.
Хоёрдугаарт, дижиталд ээлтэй телевиз байх зорилготой. Бид телевизийг мэдээлэл хүргэж байгаа платформ, суваг хэмээн харж байгаа. Тэр утгаараа үзэгчид, хэрэглэгчид хаана байна, тэдэнд зориулсан контентыг хүргэх ёстой гэж үздэг. Тухайн платформын онцлог, ялгарлыг шингээсэн контент үйлдвэрлэх хэрэгтэй. Тиймээс хэрэглэгчдийг ойлгож, зан төлвийг нь судалж, түүнд чиглэсэн контент бэлтгэхээр дижитал багийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Агуулгыг нь зөвхөн телевизээр хүргэх бус бусад платформ руу хувиргаж, илүү хүртээмжтэй байх чиглэлд нь анхаардаг.
Гуравдугаарт, манай мэдээний алба продюсер төвтэй явдаг. Тиймээс редакцын шийдвэр гаргалт тэнцвэртэй бөгөөд хараат бус ажиллах боломж нь бүрддэг. Удирдлага шууд болон шууд бусаар шийдвэрт оролцохоос илүүтэй редакц тухайн агуулгыг үнэ цэнтэй, хэрэглэгчдэд хүргэх ёстой. Бидэнд мэдээгээ зардаг жишиг байхгүй. Төлбөртэй болон сурталчилгааны агуулга авдаггүй. Арилжааны шинжгүй, редакцын бодлогоор мэдээний сэдвээ сонгодог тул контентын чанарт эерэгээр нөлөөлдөг болов уу гэж бодож байна.
-Ажилчдадаа компанийн хувьцааны 10 хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргасан, үүнийг тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай медиа групп анх байгуулагдахдаа ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх төлөвлөгөөгөө тайлбарлаж байсан. Өнөөдөр биеллээ олж байгаад баяртай байна. “Тэнгэрлиг медиа групп”-ийн 10 хувьтай тэнцэх хувьцааг группийн хэмжээнд ажиллаж байгаа 300 орчим ажилтандаа хуваарилна. Энэ нь манай багийн гишүүдэд хийж буй ажлынхаа үнэ цэнийг ойлгох, өөрийн хөрөнгийг бүтээж, нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бусад газруудад ч жишиг болно гэж найдаж байна.
Ажилтнуудын дунд өндөр хүлээлт байсан. Дэвшилтэт компани байхын тулд санхүүгийн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийг ажилтнууддаа олгохын тулд төрөл бүрийн хувилбарыг туршиж хийсэн. Компанийн гол ялгарах зүйлсийн нэг энэ тул ажилтнууд маань таатай хүлээж авсан гэж найдаж байна.

-Төрөлжсөн нэвтрүүлгүүдийн талаар ярилцъя. Нэвтрүүлгээ брэндинг, маркетингийн нэг хэсэг болгох чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?
-Контентын бодлогод маань “Дэвшилтэт шинэ медиа” гэсэн түлхүүр үг бий. Уур амьсгалын өөрчлөлт, шинжлэх ухаан, танин мэдэхүй, технологи, инновацын сэдвийг хөнддөг нь энэ “Дэвшилтэт” гэдэг агуулгыг тодорхойлж байгаа болов уу. Манай редакц шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргалт, түүнд суурилсан нийгэм хөгжилд хүрдэг гэдэгт итгэдэг. Хүн бүр өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Түүнд тулгуурласан нэвтрүүлгүүд хийхийг эрмэлздэг. Энэ сэдвүүдийн хүрээнд сонирхогчдыг цуглуулж, event, хэлэлцүүлэг ч зохион байгуулдаг.
-Та бүхний хувьд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, тодорхой хэмжээнд санхүүжилт босгож чадаж байна. Энэхүү бизнес моделио цаашид хэрхэн төлөвшүүлж, хөгжүүлэх вэ?
-Медиа салбар өөрөө техник технологийн дэвшилттэй уялдаж, зөвхөн харагдац, хийцлэл, түгээлтээс гадна бизнес модель талаасаа асар хурдацтай өөрчлөгдөж байгаа.
Шинэ платформуудтай хэрхэн өрсөлдөх, тэр дундаа телевизийн салбар өөрөө хэрэглээний зан төлвийн өөрчлөлттэй холбоотойгоор үзэлтийн тоог хэрхэн хадгалах, зар сурталчилгаа өгөх байгууллагуудын итгэлийг хэрхэн олж авах, үр дүнтэй байдлыг яаж хангах гэх мэт асуудлын дунд оршиж байна.
Хариулт эрж буй цаг үед бид ажиллаж байгаа гэж боддог. Энэ нь эргээд томоохон сорилт болж байгаа ч олон зүйлийг турших, хийж үзэх боломжийг өгсөн хэмээн олзуурхаж хүлээж авч байна.
Олон боломж бий. Бидний хувьд контент бүрээ брэнд бүтээгдэхүүн хэмээн бодож хийдэг. Бүтээгдэхүүн хөгжүүлнэ гэдэг нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөх давуу тал, мөнгө санхүүгийн асуудал зэргийг харж, судлах тухай яриа. Санаанаас бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдэд хүргэх явц нь энэ салбарт бол бизнесээс ялгаагүй.
Тухайлбал, бид “Gej yu ve”-гийн залуустай хамтарч, “Билиг” нэвтрүүлгийг хийж байна. Долоо хоногт хоёр удаа дата сэтгүүл зүйн нэвтрүүлэг хүргэдэг байх жишээтэй. Энэ хүрээнд “Дататом” үйл ажиллагааг зохион байгуулж, дата сонирхогчдыг нэг дор цуглуулсан.
-Энэ бүхний гол цөм нь эцэстээ мэдээ. Хүмүүс мэдээ мэдээллээс юуг хүсэж байгаа вэ. Цаг үеийн өөрчлөлтийг хэрхэн хардаг вэ?
-Энэ бол чухал асуулт. Олон хариулттай байх. Миний хувьд олон янзын мэдээллийн эх сурвалжтай болж, мэдээллийн урсгал нэмэгдсэнээр мэдээний үнэ цэн тэр хэрээр нэмэгдэж байгаа гэдэгт итгэдэг. Өмнө нь оройн цагаар мэдээг телевизээ асааж, гэр бүлээрээ үздэг байсан. Тэр нь хүмүүсийг гайхшруулж, алмайруулдаг, гол шийдвэр гаргах үндэс нь болдог байсан тийм цаг үе өөрчлөгдөж байна. Хүмүүс орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, халааснаасаа мэдээлэл авдаг болж байна. Мэдээний формат өөрчлөгдөж байгаа. Твиттер, чат, коммент, Инстаграм, Фэйсбүүкээс хүртэл мэдээ авдаг болсон энэ үед бид эргэн тойрноосоо мэдээ гэх хэлбэртээ баригдалгүй мэдээллийг авах боломж үүссэн. Бид үргэлж мэдээг дутуу үнэлсээр ирсэн. Хэн үзэж, унших юм гэдэг атлаа цахим орчинг ашиглах үе бүрдээ мэдээг шингээж, хүлээж авч байна.
Дутуу үнэлэгдэж байгаа энэ форматыг яаж үнэ цэнтэй болгох нь бидний хийж буй ажил. Бидний эргэн тойронд замбараагүй эргэлдэж байгаа мэдээллийг баримтад суурилсан, логик үндэслэлтэй, сайн эх сурвалж болох явдлыг эрэлхийлж байгааг харж болно. Мэдээ гэдэг зүйл өөрөө үе хамаарахгүйгээр, зан төлөв, хэрэглээ, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бүгдэд хүрч чадах формат гэж итгэдэг. Эхний, суурь, чухал контент тул мэдээний хүч, нөлөөллийг хамгийн өндөр түвшинд хүргэхээр зорьж ажиллаж байгаа.
-Хэвлэл мэдээллийн салбар хааш чиглэж байна гэж хардаг вэ. Харин "Tenger" телевиз хаана нь байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбар эргэлтийн цэг дээрээ байна. Олон тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан дижитал суурьтай мэдээллийн хэрэгслүүд дампуурч, мэдээний албаа татан буулгаж, хоорондоо нэгдэж байна. Бидний мэдэх чиг хандлагууд өөрчлөгдөж байна. Датад суурилсан тоон шийдлийг эрэлхийлж, мэдээллээд өнгөрөхөөс илүүтэй анализ хийх гэх мэт шинэ чиг урсгалууд гарч байна.
Хэвлэл мэдээллийн салбарын чиглэл нь технологийн инновац гэдэгт би итгэдэг. Монголд бид л үүнийг гайхаж байгаа юм биш. Дэлхий даяар шоконд орж байна. Технологийн инновац цаг хугацаа хэмнэж, зардлыг бууруулж, ашигт бүтээмжийг сайжруулдаг. Тиймээс "Tenger" телевиз инновацын хэрэгслүүд, бүтээгдэхүүн, платформуудыг туршиж, боломжтойг нь ашиглаж явах юм. Шалгарлын аргаар гэсэн үг. Тэр ч утгаараа өнгөрсөн жилийн сүүлээр Олон улсын сэтгүүлчдийн төвийн анх удаа зарласан мэдээний инновацын хөтөлбөрт Ази тивээс шалгарсан. Хэрхэн технологитой уялдаж, итгэлцэл, ил тод байдал, хараат бус байдлыг уламжлалт сэтгүүл зүйтэй холбох вэ гэдэг нь гол хариулт. Бид Монголын хамгийн итгэл даасан редакц байх зорилготой.
Гэвч итгэл олж авахын тулд хэрэглэгчдээ сонсдог, тэдэнтэй ярилцах, үйл ажиллагааг ил тод тайлагнах, хамт хөгжих нь бидний санаа байсан. Удахгүй албан ёсны веб сайтаа гаргана. Уг сайтдаа яаж технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчидтэйгээ итгэлцлийг бий болгох, хэрхэн ойртох, үнэ цэнээ яаж хадгалах талаарх хариулт болно гэж бодож байгаа. Энэ мэтээр редакцын үр ашигт байдал, цаг хугацаатай уралддаг онцлогийг илүү үр дүнтэй болгох эрэлтэд байгаа. Шинэ зүйлсийг туршиж үзэж байна. Амжилттай болох болохгүйг мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн техникийн инновацтай нэг гараанаас хөдөлж, туршиж үзэх боломж бүрдэж байгаа. Блокчэйн, Al Chatbot гэх мэт. Энэ мэтийг туршиж, алдаж, онож, улмаар урт хугацаандаа бидний үнэ цэнээ бий болгох гол зүйл гэдэгт итгэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээ гэх хоёр үг хоорондоо салшгүй холбоотой. Тиймээс ч хэвлэлийн байгууллагын гол "зүрх" нь мэдээ гэдгийг дахин дурдъя. Телевизийн шууд эфирийн ард өрнөж буй үйл явдал ямар ч хүнд сонирхом санагдана. Учир нь сэтгүүлч болон нэвтрүүлэгч л олны нүдэнд ил тусдаг бол түүний ард ажиллаж буй баг хамт олон ямар дүр төрхийг бүрдүүлдэг нь төдийлөн олны өмнө ил биш.
"Гурав, хоёр, нэг" хэмээн продюсер хэлэхтэй зэрэгцэн "Tenger" телевизийн гол нэвтрүүлэг болох "7:10" хөтөлбөр эхлэв. Хөтөлбөр эхлэхээс урьтаж 40 орчим минутийн өмнө арын албаныхны суух өрөөнд сул зогсох хүн байхгүй. Тэдний өрөөнд хана дагуу байрлах тоног төхөөрөмж бүрийн ард ажилтнууд суугаастай. Энэ нь шууд эфирээс өмнөх бэлтгэлийн үе шат юм. Багадаа л 7-8 ажилтан сууж харагдав.
Харин студид хэдийн байрлалаа эзэлсэн зураглаач болон нэвтрүүлэгч продюсерийн зааврыг хүлээнэ. Продюсер тоолохтой зэрэгцэн биеэ засаж, үсээ янзлан, камер руу харж, мэдээллийн хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болов. Камерны өмнө зогсох нэвтрүүлэгчийн орчноо мэдэрч ажиллах, лидээс лид хооронд продюсерийнхээ зөвлөмжийг хүлээн авч ажиллаж буй нь хэдийн мэргэшсэнийх. Хоолойны өнгө нь тайван байгаа нь ч сэтгүүлчид нь мэдээгээ сайн бэлдэж, олон нийтэд хүргэх гэсэн агуулгуудаа базаж, багцалж чадсантай холбоотой биз.
Нөгөө талаас арын албанд ажиллаж буй хүмүүс ч тухайн эфирийн мэдээнд сэтгэл хангалуун байгаа нь тодорхой байлаа. Учир нь мэдээний сцен бүрд сонирхолтой, сайн шийдэлтэй болсон хэсгээ харахдаа баяртай байх агаад, хэрхэн хийсэн талаар хоорондоо ам уралдан ярьцгаана.
Эдгээр хүмүүс дунд дурдахгүй байж болохгүй нэгэн бий. Энэ бол хэлмэрч юм. Нэвтрүүлэгч хийгээд арын албаны ажилтнуудаас дутахааргүй ажиллах тэрбээр мэдээ бүрийг алдалгүй, олон нийтэд хүргэх нь гайхмаар. Продюсерийн зөвлөмж, зааварчилгаа ч түүнд хамааралтай бөгөөд өөрийн хэсэгтээ байрлалаа эзэлж, нэвтрүүлгийн эхлэлээс төгсгөл хүртэл сурамгай ажиллаж харагдав.

Харин телевизийн мэдээллүүд нь олны анхаарлыг татахуйц, тэр дундаа сүүлийн үеийн дэлхий нийтийн чиг хандлага болоод буй дата мэдээллийг боловсруулахад чиглэсэн байлаа. Ингэхдээ сэтгүүл зүйн суурь зарчим болох дундаж уншигчийн хэмжээнд ойлгомжтой, тайлбарласан, энгийн байх агуулгаа гаргажээ. Мөн цаг үеэ даган хувьсах хийц, хэлбэрийг агуулгатайгаа хослуулсан нь мэдээлэл хүлээн авагчийг дэлгэцийн өмнө "уях", баримт, мэдээг ойлгоход дөхөм болгож өгсөн байлаа.
Мэдээний дархлааг хадгалж, олон төрөлт нэвтрүүлгийн хөгжилд анхаарч буй "Тэнгэр телевиз" тоног төхөөрөмжийн хувьд мөн шинийг эрэлхийлжээ.
Тэдний эфирт ашигладаг албан ёсны эрхтэй програмыг Монголд өөрөөр "Монгол HD" телевиз л хэрэглэдэг байна. Нэг мэдээ эфирээр гарч байхад дараагийнхыг араас нь "угсарч", "эвлүүлж" байж болдог онцлогтой. Тийм учир цаг үеийн нөхцөл байдал үүсэж, бэлдчихсэн байсан мэдээний хөтөлбөр дундуур шуурхай мэдээ багтаах шаардлага гарвал асуудал болохгүй.
Мөн студид байршуулсан тоног төхөөрөмжүүд нь удирдлагатай. Товч дарахад өөрсдөө планаа тохируулдаг. Иймд өөрсдөө зөөж, байршуулж, хөдөлгөх шаардлагагүй юм байна.
Монголын хамгийн анхны нээлттэй хувьцаат компани бүхий хэвлэл мэдээллийн байгууллага болох "Tenger" телевизийн хамгийн гол онцлогуудыг дээрх агуулгаар харуулахыг зорилоо. Тэд зөвхөн эфирт баригдалгүй, олон талт платформуудыг дижитал багт суурилан хөгжүүлж буй нь шинэ тутам. Түүнчлэн мэдээг дархалж, бусад төрөлжсөн нэвтрүүлгүүдийн чанарт анхаарч байгаа онцлогтой. Сэдвийн хувьд шинэлэг, өнөөгийн нийгмийн гишүүн бүрийн анхаарлыг татах, амьдралд нь нэн хэрэгцээтэй, орчин үеийн. Мөн мэдээж залуу ажиллах хүчин бүрдсэн нь томоохон ялгарал болж байна.
М.ТЭНГИС, Н.АНУЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнгэр тв шинэлэг шүү
Гоё кино контентуудаа нэмэгдүүлбэл бүүр аятайхан болно доо. Бас урлагаар гэгээрүүлдэг контент оруулж ирээрэй баярл�##�аа
Нэг нэгнээ дэмжиж байгаад нь т�##�архая. Ингэж харуулахгүй бол телевизэд ийм олон хүн ажилладаг гэж ерөөсөө мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа шүү
Үнэхээр сонирхолтой телевиз шүү мэдээнд нь дуртай гадаад мэдээний хөтлөгчид нь бүр дуртай
Үнэхээр шинэлэг өнгө аястай, ялангуяа з�##�уус, хүүхдүүдэд нэн хэрэгтэй танин мэдэхүйн контент ихтэй тв шүү. Дандаа z үеийн з�##�уучууд ажилладаг юм байна. Амжилт хүсье
Шинжлэх ухааны нэвтрүүлгүүд нь үнэхээр гоё шүү
Эгүүрийнхэн бүр гоё болгож байна шүү
Ямар их �##�даатай бичдэг юм бэ? Ажилчдад, сурв�##�жлагч гм...