Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Ц.Содномдорж арслан эзгүй "Хөвсгөлийн Хүчтэн" бөхийн дэвжээний наадмын өнгө

“Адууны үнэртэй дугараа нь айргийн сөн дээр хүлээнэ

Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ

Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ

Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ” хэмээн дуунд өгүүлдэгчлэн монголчууд бид дэлхийд ганц дэлгэр сайхан наадмаа хуруу даран хүлээсээр. Өнөө жил бид Ардын хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Тэгвэл наадам эхлэхэд яг мухар 10 хоног үлджээ.

Эргээд бодохоор өмнө жилийн наадмаас хойш жилийн 355 хоног аль хэдийнэ улирсан байна. Цаг хугацаа гэж ийм л хурдан бас чимээгүй. Ийнхүү наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлж, хэн гээч харваач цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн мэргэн олон таамаг дэвшүүлэн суугаа биз ээ.

Тиймээс бид наадмын өмнөх хүлээлт дүүрэн энэ өдрүүдэд уншигчдадаа зориулан бөхийн галаас сурвалжилга бэлтгэн хүргэхээр төлөвлөж,  Тэрэлжийн "Байгаль Тур" амралтад наадмынхаа бэлтгэлд гараад буй "Хөвсгөлийн Хүчтэн" бөхийн дэвжээг зорилоо.

Улсын арслан Цэдэвийн Содномдорж эзгүй "Хөвсгөлийн Хүчтэн" бөхийн дэвжээ

Биднийг очиход өглөөний 11 цаг 30 минут болж байв. Машинаас буувал анир чимээгүй, гадаа хэн ч алга. Уг нь бөхчүүдийн бэлтгэл 11 цагаас эхлэх учиртай байлаа. Дээрээс нар төөнөж, намрынх адил сэрүүн салхи үе үе үлээж, хоолны заал болтой наана харагдах том байшингийн цонх дэлгээтэй харагдав. Тус байшингаас эгц урагш чигт зайдуу талбайн голд Монгол Улсын төрийн далбаа намирч үзэгдэнэ. Түүний ойр орчмын газрын хөрс халцарч, өвсгүй тачирхан болсноос харвал бөхчүүдийн бэлтгэлээ хийдэг талбай гэдэг нь илт. Чухам яагаад бэлтгэлийнх нь цаг эхэлчихсэн байхад гадаа дэвжээ хүнгүй байгааг асуухад сэрүүхэн байгаа тул цаг нь хойшилсон тухай бидэнд тайлбарласан юм. Ингээд яаран очсон бидэнд ч хэсэг амсхийх чөлөө гарав.

Хөвсгөлийн Хүчтэн бөхийн дэвжээ өдгөө 24 жилийн түүхтэй агаад энэ хугацаанд улсын алдар цолтой олон сайхан бөхчүүд төрөн гарсан байдаг. Тэд өнөөдрийн байдлаар 33-уулаа бэлтгэлдээ гарч байгаа бөгөөд залуу болон сум, аймаг, улсын цолтой бөхчүүд энэ галыг бүрдүүлж байна. Энд 16, 17 настай хоёр сурагч ч багтжээ. Харин хүмүүсийн хамгийн их сонирхон асуух, харахыг хүсэх Улсын арслан Ц.Содномдорж ирээгүй байлаа. Түүний тухайд сонирход асуувал "ганц, хоёр хоногоос галынхаа бэлтгэлдээ гарч ирнэ ээ. Хотод бэлтгэлтэй байгаа" гэсэн юм.

Ингээд бид Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээний үүх түүх болоод бөхчүүдийн тухай Аймгийн арслан Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэтэй ийн яриа дэлгэлээ.

-Ид сайхан барилдаж буй залуус маань энд бий-

-Наадмын бэлтгэл сайхан уу. Бэлтгэлдээ гарч ирээд хэр удаж байна?

-Зургаадугаар сарын 15-наас эхэлж гарсан. Ихэнх нь 20-нд л гарч ирсэн дээ. Одоогийн байдлаар бөхийн тоо 33 хүрсэн бэлтгэлээ хийцгээж байна. 

-Дандаа улс, аймгийн цолтой бөхчүүд байна уу?

-Ид сайн барилдаж байгаа залуус маань энд бий. Өсөх идэр начин Ч.Батчулуун, Ц.Сандагдорж, Б.Даваа-Очир гэх мэтчилэн. Галын багшаар Улсын начин М.Эрдэнэбат байна. Удахгүй Б.Баянмөнх начин маань ирнэ. Аймгийн арслангууд гэвэл Э.Баасанжав, Л.Нямбаяр, Н.Жаргалбат, тэгээд миний бие. Үүнээс гадна аймагт барилдах аймгийн цолтой бөхчүүд маань бас энд бэлтгэлээ хийж байгаа. Суманд барилдах ганц, хоёр хүүхдүүд ч бий. 

-Энэ жилийн тухайн цаг хангай ямаршуухан байна?

-Энэ жил цаг хангай сайхан байна аа. Цэцэг ногоо дэлгэрсэн, бороо хур орсон өнгөтэй зун болж өнгөрөх шинжтэй. Өчигдөр л гэхэд бороо орсон. 

-Манай бөхийн дэвжээ анх 1999 онд гал болж наадмын бэлтгэлд гарсан гэдэг-

-Хөвсгөлийн Хүчтэн бөхийн дэвжээний үүх түүхээс та яриач. Анх хэдэн онд энэ дэвжээг үүсгэн байгуулж байсан бол?

-Анх манай Д.Дамдин аварга Хөвсгөлийн хүчтэн гал гэж нэртэйгээр бэлтгэлд гарч байсан юм байна лээ. Яг дэвжээ гэж бол 2008 оноос С.Хүрэлбаатар заан клубын системд шилжүүлж манай Г.Батпүрэв арслан багшаар нь ажиллаж байсан гэдэг. Тэр үеэс албан ёсоор өөрийн гэсэн заал, танхимтай болж бэлтгэл сургуулилтаа хийдэг, гал болж наадмын бэлтгэлдээ гардаг болсон. Наадмын бэлтгэлийн тухайд 1999 онд Д.Дамдин аварга тэргүүтэй бөхчүүд анх гал асааж байсан гэдэг. Тэгэхээр тэр цаг хугацаанаас хойш 24 жил өнгөрсөн байна. 

-Таны хувьд энэ дэвжээнд анх хэзээнээс харьяалагдах болов?

-Миний хувьд 2009 оноос бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн гээд бодохоор дэвжээндээ 14 жил болсон байна. Тухайн үед буюу сумын заан цолтой байх үед Батхүү багшийн удирдлага дор бэлтгэлд гардаг байсан. Сүүлд Г.Элбэг багш 5-6 жил дэвжээний багшаар маань явсан. Одоо бол манай Эрдэнэбат начин л голлож дэвжээний багшаар ажиллаж байна даа. 

-Энэ наадмаар манай дэвжээний гурван улсын начин сайн барилдаж, цолоо ахиулна гэж итгэж байна-

-Хөвсгөлийн Хүчтэн бөхийн дэвжээнээс төрөн гарсан улсын томоохон цолтой бөхчүүд гэвэл?

-Х.Мөнхбаатар арслан маань сайхан барилдаж арслан цолонд хүрсэн. Ц.Содномдорж арслан маань улсад түрүүлсэн. Мөн энэ дэвжээнээс олон сайхан начингууд төрсөн. Одоогийн яг эд сайхан барилдаж цол авцгаасан улсын цолтой М.Эрдэнэбат начин, А.Давааням начин, Ч.Батчулуун начин тэгээд Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, А.Батмөнх гээд эдгээр бөхчүүд яг Хөвсгөлийн Хүчтэн дэвжээ гэж бий болоод дэвжээний системд орж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсний үр шимээр гарч  ирсэн цолтой бөхчүүд л дээ. Цааш цаашдаа ч гэсэн манай дэвжээнээс олон сайхан улсын цолтой бөхчүүд, аваргууд төрөх байхаа л гэж бодож байна. 

-Улсын баяр наадмаар энэ дэвжээнээс улсын цолонд хүрэх найдлагатай, өнгөтэй сайхан барилдаж байгаа бөхчүүд мэдээж бий шүү дээ?

-Энэ жилийн тухайд манай начингууд их сайхан барилдах байх. Ямар ч цол авахыг үгүйсгэхээргүй ийм сайхан байна. Жишээлбэл, улсын начин Ч.Батчулуун, Сандагдорж, Даваа-Очир гурав бол сайн барилдаж, дээшээ цолоо ахиулна байх аа. Харин аймгийн арслангуудаас Баасанжав ойрын хоёр гурван жил формтой их сайн байгаа. Улсын цолонд тулчихсан л байгаад байгаа гэж хэлж болно. Ер нь авчих байх аа л гэж итгэж байгаа.

-Аймгийн цолтой хичнээн  бөх байна?

-Аймгийн цолтой 15-16 бөх байна. Улсын цолтой 6, тэгээд үлдсэн арав гаруй бөх нь сумын заанууд л байна даа. 

-Аймгийн цолтой бөхчүүдээс аймгийн арслан цолонд, сумын цолтонгууд маань аймгийн цолонд хүрчихнэ байх-

-Аймгийн цолтой бөхчүүд мэдээж бүгд улсад зодоглохгүй байх, тийм үү?

-Аймгийн начин, харцага, заан цолтой бөхчүүд маань аймагтаа түрүүлэхийн төлөө л явна даа. Ихэнх нь Хөвсгөл рүүгээ л явах байх. Зарим нь бусад аймгуудад очиж ч барилдах л байх. Аймгийн цолтой бөхчүүдээс аймгийн арслан цолонд хүрэх, сумын цолтонгууд маань аймгийн цолонд хүрэх байх аа гэж бодож байгаа. Учир нь сайхан ид барилдаж байгаа бөхчүүд бий л дээ. Найдлага их өндөр. 

-Таван аймгийн 100 жилийн ой тохиж байгаа. Эдгээр наадмуудад та бүхэн зодоглох уу?

-Энэ жил ууган таван аймгийн тэгш зуун жилийн ой тохиож байгаа. Бид аль боломжоороо очиж барилдах л бодолтой байгаа. Одоо бол мэдээж бэлтгэл чухал. Хаяанд ирчихсэн байгаа улсын их баяр наадам маань чухал шүү дээ. Тиймээс бэлгэл, сургуулилтаа сайн хийж улсын цолтой бөхчүүд нь цолоо ахиулж, аймгийн цолтой нь улсын цолонд хүрч, сумын цолтой нь аймгийн цолод хүрэхийн төлөө хичээцгээж байна. 

-Улсын баяр наадмын энэ чухал бэлтгэлийн үеэр хориглох зүйлс гэж бий байх. Дэг жаяг ч гэж хэлж болох байх?

-Мэдээж мөрдөх ч гэдэг юм уу заавал мэддэг байх зүйлс гэж бий л дээ. Дандаа эрчүүд байгаа газарт тодрохой хэмжээнд дэг гэж зүйл бий. Залуу бөхчүүд бол өөрөөсөө ах хүнийг хүндэтгэх, дээд цолтноо мөн хүндэтгэх гэдэг ч юм уу иймэрхүү наад захын зүйлсээс л эхэлдэг. 

-Ц.Содномдорж арслан ганц, хоёр хоногоос галынхаа бэлтгэлд гарч ирнэ-

-Дэвжээнийхээ залуу бөхчүүдийн тухайд та юу хэлэх вэ. Арван жилийн сургуулиа төгсөөгүй хүүхдүүд ч байна шүү дээ?

-Энд 16, 17-той хоёр ч хүүхэд байна. Ер нь залуу бөхчүүд олон байна. 19, 20-той сайн барилдаж байгаа дөрвөн ч залуу бөх байна. Хөвсгөлийн ирээдүй болоод явчихаар хэмжээний хүүхдүүд л дээ. Хэдэн жилийн дараа эд нар маань л Хөвсгөлийн нэрийг дуудуулна шүү дээ. Тиймээс нэг талаараа наадмын бэлтгэл гэдэг зөвхөн улсын наадмаас гадна ирээдүйн залгамж халаа, дараагийн үеэ бэлдэх төлөвшүүлэх тухайд чухал ач холбогдолтой юм.

-Галаасаа хээзээ буух вэ. Цаг хугацааны хувьд тодрхойлж мөрдөх зүйл бий юу?

-Одоо хэд хоног ачаалалтай бэлтгэл авч байгаад долоон сар гаргаад ачааллаа бууруулдаг. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг байсан бол нэг болгох жишээний. Хэт их ачаалал авахгүй бас хэт их амрахгүй гэдэг ч юм уу аль болох блансаа тэнцвэржүүлээд л. Амралт, хооллолт бас чухал л даа. Наадмаар өөрийнхөө торгон ирийг л тааруулаад авбал сайн гэж ярьдаг. Зарим бөхчүүд наадмын өглөө галаасаа шууд очих нь ч бий. Ганц хоёр өдрийн өмнө хотод очихоор орчин солигдоод нойр хүрэхгүй болчих тохиолдол ч байдаг л даа.

-Ц.Содномдорж арслан энэ жил наадмаар барилдах уу. Галынхаа бэлтгэлд гарч ирээгүй байна?

-Ц.Содномдорж арслан одоогоор бэлтгэлдээ гарч ирээгүй байгаа. Баянмөнх начин тэр хоёр маргааш нөгөөдрөөс гарч ирнэ гэсэн. Улсын наадамдаа зодоглоно шүү дээ. 

-Галын сорилго барилдаан хэзээ болох товтой байна?

-Галын барилдаан долоодугаар сарын 1-нд болно. Одоо энд гуч гаруй бөх бий гэхээр бэлтгэлд гараагүй ч ирж барилдах Хөвсгөлийн бөхчүүд бий. Тэгэхээр 48 бөх лав барилдах байх. Ирж үзэх, барилдах хүмүүст нээлттэй. 

-Олон хоногоор тэгээд ийм олуулаа байрлаад бэлтгэлд гарахаар санхүү мөнгөний асуудал гарч таарна. Хэрхэн шийдэж байна?

-Санхүү мөнгөний тухайд бол манай нутгийн зөвлөлөөс 40-50 хувийг нь хариуцаад үлдсэнийг бөхчүүд маань өөрсдөөсөө шийдэх байдлаар л зохицуулж байна. Бидний байрлаж буй Байгал Тур гээд энэ амралтын газар л гэхэд Хөвсгөлийн Галт сумын харьяат таньдаг ахынх маань л даа. Олон түмний сэтгэлээр дэм дэмэндээ ингээд болдог л юм. Монгол түмэн бөхийнхөө спортод их элэгтэй, хайртай юм даа.

Бөхчүүдийн оройны бэлтгэл 16 цагт эхэллээ

15 цаг 45 минут. Бөхчүүд зодог шуудагаа өмсөцгөөж бэлтгэлдээ гарахад бэлэн болжээ. Тэд бэлтгэлээ хийх талбайдаа цуглацгааж 16 цаг гэхэд эхлэв. Эхлээд дэвэх, өгсүүр өөд хурд хийх, тойрог үүсгэн зогсоод дасгал хийх зэргээр биеэ халаана. Харин дараа нь мэх болон мэхний хувилбар давтах, барилдах зэргээр үргэлжилнэ. Галын бэлтгэлийг өдөрт хоёр удаа хийх бөгөөд нэг удаадаа хоёр цаг үргэлжилдаг аж. Мөн өглөө эрт босож уул өөд гүйх, хүчний дасгал хийх зэргээр ч бэлтгэл хийдэг тухайгаа хэлж байв. Ингээд оройн бэлтэл 18 цаг 30 минут хүртэл буюу хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжилж дууслаа.

Өдрийн төгсгөлд оройн тоондоо жагсаж, чанга дуугаар Дэлгэр Монгол дууг дуулснаар наран жаргав

Бөхчүүд оройны бэлтгэлээ өндөрлөж, цаг орчим хугацааны оройн тоондоо жагсацгаав. Жагсаалын эхнээс жагсаалын төгсгөл хүртэл чанга дуугаар тоо өгч, мэдэгдсэний дараа дэвжээний ахлахаас дуу гаргах үүргийг өглөө. Тэд чанга дуугаар

Хөдөө тал минь малаар дүүрэн

Хөвчийн ой минь ангаар дүүрэн

Хөрсөн доор нь эрдэнээр арвин

Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ

Яасан баян нутаг вэ

Ямар их хувь заяагаар

Бид нар эзэн нь болж төрөв өө хэмээн дуулна. Ингэж л бөхийн галд нэгэн өдрийн наран жаргадаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лантууөат
Лантууөат
6 сар 30, 2023 08:55

Бөхчүүддээ амжилт хүснээ.

Зочин
Зочин
6 сар 30, 2023 09:08

Оркуудын баяр..... �##########�р�##� архид�##�таа багасгаарай оркууд

Имарт
Имарт
6 сар 30, 2023 10:22

Хөвсгөлиин хүчтэн дэвжээг удирдаж буй Ж.Цогтэрдэнэ захир�##�даа баярл�##�аа Ажилд нь амжилт хүсэё

Зочин
Зочин
6 сар 30, 2023 10:48

Хөвсгөлийн хүчтэн дэвжээ гольдролоорой аятайхан байсан Г�##�тын Цогт-Эрдэнэ, А.Давааням 2 аваад будаа болгосон.

Зочин
Зочин
6 сар 30, 2023 11:03

Со читон хусаад шоронд ороо юу

Зочин
Зочин
6 сар 30, 2023 11:58

даацтай сайхан

Зочин
Зочин
6 сар 30, 2023 11:59

Naadam ch oirtloo doo saihan naadah boltugai

Холбоотой мэдээ

Back to top button