Морь тайлбарлагч М.Оюунбаатар: Нутгийнх нь уул, ус хамт ирчихсэн уралддаг юм гэнэ лээ, үнэн байх

Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан 2023 оны ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эдгээр өдрүүдэд тохиож буй. Иймд бид уншигч, үзэгч та бүхэнтэйгээ NTV телевизийн сэтгүүлч, морь тайлбарлагч, үзэгч олноо "Зууны хүлгүүд" нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг Мягмарсүрэнгийн Оюунбаатарыг уулзуулж байна. Түүнийг хурдан морь шимтэн сонирхогчид хийгээд 21 аймаг, 335 сумын хүн зон андахгүй сайн мэднэ. Бид түүний төрсөн нутаг болох төрийн их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдынхоо тоогоор улсдаа толгой цохидог Төв аймгийн Баянцагаан сумын нутагт ийн яриа дэлгэсэн юм. Эдний сум улсын их баяр наадмаас 56 түрүү 262 айраг хүртсэн амжилтаар тэргүүлсээр буй.
-Миний төрсөн нутаг Төв аймгийн Баянцагаан сум улсын наадмаас 56 түрүү, 262 айраг хүртсэн-
-Бидний сууж байгаа энэ дэнж таны төрсөн нутаг уу?
-Энэ газрыг миний төрсөн нутаг гэж хэлж болно. Төв аймгийн Баян, Баянцагаан гэдэг чинь зэргэлдээ л сумд. Яг энэ нутгийг Төв аймгийн Баян сумын Айраг нуурын полигон гэж нэрлэдэг. Жил бүрийн наадмын өнгийг тодорхойлох сайхан сунгаа болдог ийм нутаг. Харин яг миний төрсөн нутаг бол Төв аймгийн Баянцагаан сум. Эндээс 40-50 км зайд бий. Тэнд би төрж, өссөн. Манай нутаг чинь улсын их баяр наадмаас 56 түрүү 262 айрагтай. Ардын хувьсгалын жилүүдээс хойш буюу 102 жилийн хугацаанд энэ олон айраг түрүүг хүртсэн гэсэн үг л дээ.
-Багаасаа хурдан морь сонирхов уу. Таны хүүхэд нас хаана өнгөрөв?
-Миний хувьд Баянцагаан сумандаа дөрөвдүгээр анги хүртлээ сураад тавдигаар ангиасаа Улаанбаатар хотод суралцаж эхэлсэн. Дөрөвдүгээр анги хүртлээ тасралтгүй л морь унасан ийм хүүхэд байлаа. Цаг хугацааны хувьд гэвэл хамгийн сүүлд 1998 манай суманд хоёр түмэн адуу тоолуулсны баяр гэж болсонн. Тэрхүү наадамд л хамгийн сүүлд морь унасан даа. 1994 онд их насны морио унаад сумынхаа наадамд аман хүзүүдэж, 1995 онд түрүүлж байлаа. Хүүхэд байхдаа том наадамд бол уралдаж байгаагүй ээ. Нутагт маань болсон хоёр түмэн адууны баяр наадмаар 60 их насны морь уралдахад сумандаа дөрөв түрүүлсэн өөрийнхөө хээр морио унаж 31-т орсон нэг үнэмлэх авсан. Бусдаар бол том амжилт байхгүй. Ерөнхийдөө нутаг орондоо, морь малдаа ойр ийм л хүүхэд явсан. Харин миний өвөө нутас усандаа нэртэй уяач хүн байсан гэдэг. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1972 оны улсын баяр наадмаар их насны морио гуравт хурдлуулсан юм байна лээ. Тухайн үед миний аав долоон настайдаа морийг нь унаж гуравт орсон байдаг. Би нарийн тодорхой нарийн сайн мэдэхгүй л дээ. Аав маань хүүхэд байсан гээд бодохоор.
-Хурдан морь унахаа больчихоор аргагүй хөндийрч л таарсан байх даа?
-Би моринд хүнддэснээс хойш олон жил морь руу ойртоогүй. Гэхдээ амралтаараа бол ажилд тусалдаг л байсан. Бусдаар бол бие дааж морь уяагүй ээ. Харин арван жилийн сургуулиа төгсөөд ер нь хурдан морь тайлбарлагч болъё гэж шийдэж, сэтгүүлч мэргэжлээр суралцахаар Монгол Улсын Их Сургуулийг сонгосон. Их сургуулиа төгсөөд ТВ9 телевизээс ажлын гараагаа эхэлснээс хойш 13 дахь жилдээ төрийнхөө их баяр наадмыг тайлбарлах энэ сайхан хүндтэй үүргийг гүйцэтгээд явж байна. Анх бол морь тайлбарладаг гээд л өөртөө ч итгэдэггүй тийм сонин үеүд ч надад байлаа. Одоо бол аль болохоор энэ олон түмний хайр хүндлэлийг даагаад мэндтэй устай, дэмтэй тустай явахыг хичээдэг. Монгол Улсын 21 аймаг 335 суманд таниж мэдэх хүмүүстэй, тэр хэмжээгээрээ сайхан найз, нөхөд ах дүү гээд хүрээлэх хүн олонтой. Ингээд бодохоор намайг гэдэг, дэмждэг морины энэ олон хүн байгаад талархаж хийж байгаа ажил, мэргэжилдээ баяртай явдаг даа.
-Өвөөгийнхөө морь айрагдуулж байсан төрийн наадмын энэ алтан дэвжээн дээр морио айрагдуулчих юм сан гэж бодож явдаг-

-Аавынхаа тухай яривал. Таны аавыг уяач гэж мэдэх юм байна?
-Аав маань бас морь уяна аа. Сум, аймгийнхаа баяр наадмуудад олон жил морь уясан хүн. Миний аав Төв аймгийнхаа баяр наадамд Азарга, Хязаалан, Соёолон, Их нас гээд дээд насанд дөрвүүлэнг нь айрагдуулсан. Харин улсын бүсийн наадамд их насны хоёр ч морийг зургаад хурдлуулсан. Өөрөө долоон настай хүүхэд улсын наадамд ээжийнхээ төрсөн ах Юндэнгийн Цагаачин гэж нагац ахынхаа морийг унаж 1972 онд улсад аман хүзүүдээд, өөрийнхөө хээр морийг унаж гуравт хурдалсан юм байна лээ. Тэгэхээр улсын наадмаар нэг өдөр хоёр морь айрагдуулсан гэсэн үг. Түүнээс хойш дээр хэлсэнчлэн аймгийнхаа баяр наадамд дээд дөрвөн нас айрагдуулж, сумандаа хүрэн зээрд морио дөрөв түрүүлгэсэн. Харин 2017 оны Дүнжингаравын хурд улсын бүсийн уралдаанд манайн их насны зээрд морь зургаад хурдалж байсан. Нөгөөх нь 1998 онд Баянцагаан суманд болсон хоёр түмэн адуу тоолуулсны баяр наадамд зургаад хурдалж байсан.
-Сүүлийн жилүүдэд хэр давхиж байна аавын тань морьд?
-Одоо бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтангэрэлийн Эрдэнэбаяр гээд ахын маань бэлэглэсэн хурдан азарга бий, манайд уягдаж байгаа. Халзан азарга маань Дорноговь аймгийн наадамд түрүүлж байлаа. Монгол магнай наадамд аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дархан суманд болсон аймгийн өмнөд бүсэд түрүүлээд, Баянмөнх сумын 90 жилд түрүүлээд, Сүхбаатар аймгийн 80 жилийн уралдаанд 10-т орсон.
Одоо бол аав маань монгол адуугаараа уралдана гээд байдаг. Гэхдээ аливаа юм гэдэг цаг үеэрээ л байдаг байх. Бид нарын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлээд Англи, Араб адуунуудын үржүүлэг хийгээд уралдахгүй бол том наадамд уралдах боломжгүй болсон гэж хардаг. Тиймээс дүү нартайгаа нийлээд энэ тал руу нь ажиллаж байна. Харин аав маань бол цэвэр монгол адуугаараа сум, аймагтаа сайхан уралдана. Мэдээж доороос түрж гарч ирж байгаа бидний яриад буй шинэ цагийн монгол адуу гэж сонгомол ангиллын уралдаанд бас хүлэг морьдоо уралдуулна.
-Таны нэр дээр уралддаг морь бий юу?
-Миний нэр дээр гурван адуу л уралдсан юм байна шүү. Монгол Улсын манлай уяач Буянтогтох гээд найзын маань хүүхдийн даахины наадамд миний нэг хул даага аман хүзээдсэн. Би ч тэгээд наадмыг том багадаа биш л гэж боддог хүн шүү дээ. Би тухайн үед бөөн баяр л болж байлаа. Ер нь тэгээд овоо уулын наадмаас л Монголын наадам эхэлсэн түүхтэй. Уул тахилгын наадам, долоон хошууны наадам тэгээд л Арван засгийн наадам, Ардын хувьсгалын наадам гээд л.
Яах вэ, хамгийн том наадам гэвэл 2020 оны Төв аймгийн наадам юм даа. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Бэхбатын Бэххуяг гээд ахын бэлгэнд өгсөн хурдан борь морь надад байдаг. Тэр хурдан бор морь яг миний нэр дээр уралдаад гуравт давхисан. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Баянмөнх сумын 90 жилийн ой гэж сайхан наадам болсон. Бор морь маань гуравт хурдалсан. Түүний дараа Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд Тайжийн хурд гэж их сайхан уралдаан болсон. Тэр наадамд миний борь морь очиж бас долоо, наймаар орсон байх шүү. Одоогоор бол бор морь маань миний нэр дээр уралдаж байна. Энэ жилээс хийж буй ажлын маань үр дүн гарч хэдэн даага, шүдлэн үрээнүүдтэй болсон. Эд маань бас сайхан уралдах байх аа гэж бодож, хүлээж сууна даа. Өвөөгийнхөө морь айрагдуулж байсан төрийн наадмын энэ алтан дэвжээн дээр морио айрагдуулчих юм сан, аавынхаа нэрийг энэ Хан-Уулын ард гаргачих юм сан гэж л бодож явдаг хүн дээ. Удахгүй бас хүсэл минь биелэх байх аа л гэж бодож байна.
-Төрийнхөө их баяр наадмыг тасралтгүй 14 дэх жилдээ тайлбарлаж байна-

-Хурдан морьдын уралдаан, баяр наадам гэхээр таны нэр давхар хэлэгдэж, үзэгчдэд дасал болоод удаж байна. Та хэд дэх жилдээ улсын наадмын морьдын уралдааныг тайлбарлаж байна?
-Их сургуулиа төгссөн жилээ Ардын хувьсгалын 88 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг анх тайлбарлаж байсан. Тэр үеийнхээ тайлбаруудыг хааяа ухраагаад л үзнэ. Их л алдаа мадагтай тийм болсон байдаг юм байна лээ, сүүлд бодоод байхад. Бид нар ч одоо бүх морьдыг нэгд нэгэнгүй танина, чээжиндээ багтаачихсан байна гэж юу байх вэ дээ. Цаг үе өөр болж техник технологи сайхан хөгжчихсөн, хурдан машин тэрэгтэй ч болсон байна. Анх ажлын гараагаа эхэлж байсан манай TV9 телевизийн хамт олон байна, дараа нь би EТV телевизд долоон жил ажилласан. Улсын наадам, Их хурд, Дүнжингаравын хурд уралдаан гээд олон сайхан уралдаан тайлбарлах хүндтэй ажлыг хийж явлаа. Харин NТV телевизийнхээ хамт олонтойгоо нэгдээд хоёр жил болж байна. Хоёр дахь жилдээ төрийнхөө их баяр наадмыг тайлбарлаж байна. Ингээд нийтдээ 14 жил төрийнхөө баяр наадмын хурдан морьдын уралдааныг тайлбарлажээ.
Бодоод үзэхээр саяхан л шинэ дээл хийлгээд, зах дээрээс хром аваад эхэлж байсан санагдаж байна. Гэтэл олон жил өнгөрчихжээ. Эргээд бодохоор одоо бол тэр үеэсээ арай нэг ажилдаа дөхүүр болоод ядаж л бүртгэл цуваагаа хурдан хараад хэлчихдэг болсон байна. Тэгээд бид чинь морь тайлбарлах болохоор өнөөдрийн та бидний яваа шиг сунгаануудаар явна. Сунгаа үзчих юм сан, ямар морьд ямар насанд хурдан байгаа бол гээд л хараад ингэж ажилладаг. Ямар ч байсан энэ ажлыг 14 жил хийж байна. 2009 оноос тасралтгүй улс, бүсийн бүх уралдааныг тайлбарласан байна. Тэгш зуун жилийн ой тохиосон цар тахалтай жилийг хасаад ийм л. Энэ ажил маань олон түмэнтэй их сайхан ажил шүү дээ. Морины сайхан гэдгийг хүн бүхэн мэддэг шиг санагддаг. Тиймдээ ч жилээс жилд уралдах морьдын тоо олширч, энэ бүл маань улам олуулаа болсоор байна даа.
-Цар тахал гараад нэг жил наадам өнжиж таарсан. Наадам алгасахгүй морио тайлабарладаг хүний хувьд юу бодогдож байсна бол?
-Монголчууд 1939 онд зүүн монгол нутаг дайнтай байхад л энэ төвд наадмаа хийгээд, дайны жил цэргийн хүү түрүүллээ гээд Маршал Чойбалсан бэлгэшээж байсан гээд ярьдаг юм. 2021 оны хувьд бол дан ганц бид биш дэлхий нийтээрээ адил зовлонтой байсан. Түүнийг дагаж гарсан хууль, журмыг бидний хэн нь ч зөрчих эрхгүй, боломжгүй байлаа шүү дээ. Анх гарч эхлээд хүмүүс учраа олохгүй тийм үед нээрээ ч байдал хэцүүдэх нь үү гэдэг бодол ч төрж л байсан. Гэхдээ тухайн жил төрийн наадмыг хаалттайгаар үзэгчгүй хийчихсэн бол гэдэг бодол ч байсан л даа. Нөгөө талаар түүнээсээ илүү эрсдэл үүрэх хэмжээний болчихвол бас хэчүү ч байж гээд боддог юм. Гэхдээ төрийн шийдвэр бол төрийн шийдвэр. Өмнө жил болооогүй ч өнгөрсөн жилийн давхар ой тохиосон баяр наадам болдогоороо болж монгол түмэн маань наадсан шиг наадсан шүү.
-Наадмын өглөөг хэр хүлээдэг вэ гэж асуумаар байна. Маргааш наадам эхэлнэ, морио тайлбарлана гэхээр?
-Би гэлтгүй бүх хүн л наадмын өглөөг хүлээдэг байх. Би түүнийг юун дээрээс хардаг юм гэвэл бүгд морины сонирхолтой биш хэдий ч хотын гудамжаар яваа бүх жолоочид машиндаа төрийн далбаагаа намируулаад л, хамгийн наад зах нь л наадмын хуушуур иднэ, бөхөө үзнэ, морьдын тоосонд очиж хийморио сэргээнэ гээд ёс юм шиг л ярьцгаадаг. Энэ бол монгол улс угсаатны зүй, шашин соёлтойгоо холбоотой л доо. Тиймээс морьд үзэхээр хийморь сэргэдэг гэдэг үзэл санаа олон жилийн туршид байна. Үнэхээр ч манай морины салбарт олон сайхан хийморьтой аавын хүүхдүүд бий. Хөдөөгийн талд ч тэр ялгаагүй. Эдгээр хүмүүс бол Монголынхоо энэ том соёлд цаг зав, хөрөнгө мөнгөө зориулаад хөгжүүлж яваа учир энэ морины уралдаан гэдэг зүйл өөрөө өдөр ирэх тусам баяжигдаж байгаа юм шүү дээ.
Энгийн нэг малчин хүний морь 50-100 сая гээд үнэ хүрдэг л болсон байна. Мэдээж хүнд мөнгө нэг номерт биш ч гэсэн энэ чинь хүний амьдрал, хэрэглээ л болсон хойно аж амьдрал, ахуйгаа өөд татаж явахын төлөө бүгд л хичээж байгаа. Тэр бүгд малчин түмэндээ хөрөнгө оруулалт хийгээд, наадмын морины бай шагнал өндөр болгоод ингээд явдаг. Түүний нэгэн адил улсын наадмын морь мордох өглөө нээрээ ч бас нойр хүрэхгүй тийм үе байдаг шүү. Маргааш наадам тайлбарлана гээд л. Тэгээд бас жил болгон шинэ дээл хийлгэж өмсөнө өө. Ер нь агуулгаараа бол шинэ дээл хийлгэж өмсөж байна гэдэг хүндэлж буй нэг хэлбэр л дээ. Хүмүүс ч ярьдаг. Сайхан шинэ дээлээ өмсөөд очно гээд л.
Наадмын өглөө Хүй долоо худагт очиход Монголын радио сүлжээний хэрэг эрхлэх газар, монголын радионгийнхан чинь тэндэхийн шон дээгүүр үүзлүүдээ зоогоод, тэгээд удалгүй төрийн дуулал эгшиглэж, морины тухай дуунууд яваад л. Тэгээд болоогүй цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Хүй долоо худаг орчим үдээс хойш бороотой, үдээс өмнө нартай, салхины хурд тэд энэ тэр гээд л яваад эхлэнгүүт ч уралдахын өмнө уяан дээрээ хэсэг зуур амсхийх морьд, их баяр наадмын хөлд донслон хотолзож байгаа ногоон хөндий, тэр олон хүн зон чуулсан байхыг харах ч бас сайхан шүү. Тэнд бол наадмаа үзэх гээд ирсэн тэр олон хүний энерги эрхгүй мэдрэгддэг учраас надад бол их сайхан л байдаг юм. Ялангуяа уясан морио Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллуулаад, нутаг усаа дуудуулаад, алтан соёмбот төрийнхөө далбааг намируулан амдуулаад алс холоос зорин ирсэн уяачдын адуун сүргийн дундаас сор болон түмний эхээр тодорсон тэр аймгийн тэр сумын тийм хүний ийм морь гээд л дуудуулахыг сонсох үзэгч миний хувьд сайхан байхад эзэнд нь бүр л сайхан байдаг байлгүй.
-Улсын наадамд 400 морь уралдахаар бүртгүүллээ гэхэд бүгдийг нь чээжээр мэдэх боломжгүй. Бүртгэлээ хараад л сайхан тайлбарладаг-

-Таныг хурдан морьдыг, уяачдыг уул ус, гарал угсаатай нь андахгүй нэрлэдэг гэж хүмүүс гайхаж ярьцгаадаг. Үнэхээр чээжинд чинь орчихсон байдаг гэсэн үг үү эсвэл?
-Одоо надаас гадна морь тайлбарлагч олон бий. Бидннээс өмнө бол 25 дугаар суваг телевизийн захирал байсан н.Авирмэд, Ёолк гуай бас морь тайлбарладаг байсан. Мөн МҮОНТ-ийн морь тайлбарлагч МУСГЗ Цагаандалай багш маань байна. Би чинь тэр хүнийг дагаж байж арай нэг дөртэй, наадам тайлбарладаг болсон. Бид нар бүгд л ялгаагүй бүртгэл цуваагаа харж ярина. Цагаандалай ахын үед, 1990-ээд он, 2000 оны эхэн үед бол бүртгэл цуваа нь гээд хөөрхий гараар биччихсэн, 69 машинаар дагадаг, телевизийнхэн 170 гээд хөлтэй том камерьтай явдаг байсан. Бидний үед бол өөр л дөө, харьцангуй гайгүй болсон.
Одоо морь тайлбарлагчид гэвэл н.Ганпүрэв гээд Дундговь аймгийн уугуул найз маань сайхан морь тайлбарлаад явж байна. Архангай айамгийн уугуул Сүлд телевизийн хурдан морь тайлбарлагч н.Гонгор гээд дүү маань бас бий. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Итгэл, Мөнххаан сумын уугуул Цэрэндорж, Уртнасан, Сэлэнгэ аймгийн уугуул Хишиг-Эрдэнэ гээд хуурай дүү бас байна. Зарим дүү нар маань ийм тийм гээд л надаас асууна. Би аль чадахаараа хэлж, өгнө, тусална, чиглүүлнэ. Бидний доороос сайхан тайлбарладаг залуус гарч ирж байгаа нь өөрөө сайхан зүйл л дээ. Юм чинь бас үеэрээ байдаг. Ингээд харахаар бидний энэ ажил, мэргэжил улам л хүрээгээ тэлээд байгаа гэж хэлж болно. Эдгээр хүмүүс бол уяачдыг алдаршуулах, морины соёлыг зөв талаас нь сурталчлах, таниулах гээд чухал үүрэг гүйцэтгэж яваа гэдгийг бас ойлгох учиртай. Одоо бол улсын наадамд 400 морь уралдлаа гэхэд дугаарынх нь дагуу тэр аймгийн, тэр сумын, тэр хүний тийм зүстэй морь гээд жагсаачихсан байж байгаа. Бид түүний дагуу л ярина. Түүнээс биш бүх аймаг сумдын морийг нэг бүрчлэн чээжээр мэднэ гэж байхгүй.
-Жилийн жилд унаач хүүхдүүдийн асуудал хөндөгдөж таардаг. Буруу, зөв гэхчлэн нийгмээрээ хоёр талцаад байгаа анзаарагддаг. Энэ тухайд таны бодол?
-Миний хувьд сүүлийн жилүүдэд эмзэглэж явдаг зүйл гэвэл хурдан морины уралдаанч хүүхдүүдийн тухай их ярих болсонтой холбоотой. Энэ бол ярихаас ч өөр аргагүй. Би жишээлбэл өөрөө хаврын цагт морь унаад уралдаж байсан. 1996 онд Нэгдэлч хөдөлгөөн тараад ардын аж ахуй бий болоод хамгийн олон мал тоолуулсан хүмүүс тийм ийм гээд л. Манай суманд 1996 оны гурван сард есөн эрдэнийн наадам гээд гурван манлай уяач, зургаан мянгат малчнаа оруулж нэрлэсэн ийм наадам болж байсан. Би тухайн үед үстэй саарал сээлтэй хүү хээр морио унаад уралдсан. Хэдээр ирсэнээ ч мэддэггүй юм. Тэгэхээр энэ дүр зураг, байр байдлыг хөдөө өссөн, ахуйдаа ойр байсан хүмүүс бол ойлгоно. Харин багаасаа суурин газар байсан, хөндий ийм хүмүүст бол холын санагдах нь нэг талаараа зөв л дөө. Өөрөө үзээгүй хүний санаанд ялангуяа буухгүй байх. Гэхдээ энд уралдаж байгаа хүүхдүүдийн нэгийг нь ч өөрийг нь хүсээгүй, дургүй байхад морь унуулаад байгаа зүйл бол биш шүү дээ. Энэ бол Монголчуудын дэлхийн бусад улс түмэн үндэстнээс ялгарах уралдаан. Өөрөөр хэлбэл зөвхөн хурдыг нь шалгаад, сориод байгаа зүйл биш, давхар хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг нь үзүүлээд байгаа хэрэг л дээ.
Бас монгол уяачдын энэ олон километр уралдаад ирэхэд нь эцэхгүй, цуцахгүй болгож уядаг арга барил гэдэг ч юм уу. Тойруулгын морин уралдаан бол таван км-т л тойроод уралдчихдаг, мэргэжлийн насанд хүрсэн хүмүүс унадаг ийм онцлогтой. Сүүлийн үед төр засгаас эдгээр хүүхдийн эрх ашгийг хамгаалж, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, гэнэтийн ослын даатгалд хамруулдаг ийм болсон. Нөгөө талаас унаач хүүхдүүд маань бүгд л өөрийнхөө дур, сонирхлоор хурдан морь унаж байгаа. Үүнд хэний ч нөлөө, хүч байхгүй. Тийм ч боломжгүй. Мөн бид бүгд морио уяхаа болиод хүн бүхэн энэ дөрвөн уулынхаа дунд ороод, хүүхдээр морио унуулахаа болиод ирвэл энэ уудам нутаг ч бас нилээн хумигдана шүү. Одоо харагдаж байгаа энэ олон сайхан асар майхан алаглуулсан уяачид чинь хүүхэд байхгүй бол морь уяхгүй шүү дээ.
Тиймээс бид дээдсээс үлдээсэн энэ сайхан соёлоо нэг их гажуудуулалгүйгээр аль болох олон жил авч явбал бидэнд л хэрэгтэй. Би бол дүү нарынхаа ч тэр өөрийнхөө ч тэр хүүхдүүдийг хурдан морь унуулна л гэж боддог. Урьд өмнө нь болоод л байсан юм одоо болохоо больчихно гэж юу байх вэ. Мэдээж хүүхдийн эрх, хүний эрх гэж бий. Гэхдээ бие биенийхээ хүсэл сонирхол, дуртай зүйлийг нь хүндэтгээд зэрэгцэн орших ёстой. Жишээ нь бид уртын дуу дуулж, сонсож болохгүй гэж хэлэж болохгүй биз дээ. Тиймээс ном журмынхаа дагуу уралдуулаад, аюулгүй байдлыг нь сайн хангаад ийм байдлаар бол байх л ёстой зүйл. Дээр нь тэр олон улсын сонгомол морин уралдаанд нь нийцүүлээд тойруулгаа бариад хоёр чиглэлээр нь хөгжүүлээд явбал болохгүй гэх зүйлгүй шүү дээ.
-Та уралдаанч хүүхдүүдийн тухайд эдгээр хүүхдүүд бол тал нутаг, хөдөөдөө эзэн нь байж, энэ нүүдэлчин соёлоо авч үлдэхгүй л бол Монголчууд энэ дөрвөн уулын бэлд алга дарам газар булаалдаж амьдрах ёсгүй ээ гэдгийг ойлгочихсон ийм л хүүхдүүд хэмээн ярьсан байдаг. Энэ агуулгыг та дэлгэрүүлээч?
-Монгол Улс сая зургаан зуун мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдэг байх аа. Тэгээд 335 сум суурин. Миний харж байгаагаар хөдөөгийн тал нутагт хүмүүсийг уяж байгаа, эвлүүлж байгаа ганц зүйлийг морь л гэж ойлгодог. Хүн бүхэн барилдаж, харваж чадахгүй шүү дээ. Жишээ нь, одоо бидний ард байгаа манай найзын энэ Агт-Эрдэнэ гал уяаны хүүхдүүдээс ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэж асуувал бүгд уяач болно гэж л хариулна. Тэгэхээр хүн чаддаг чаддаг зүйлээ хийгээд явбал л их зүгээр санагддаг. Хөдөөд олон сайхан залуучууд бий. Хүн бүхэн мэдлэг боловсрол эзэмшээд, суурин газар төвхнөөд амьдрах албагүй. Энүүхэн доор миний өвөөгийн өвөлжөө бий. Би л гэхэд өвөөгийнхөө буурийг сахиад, энэ сайхан хөндийгөөр давхилдах адууг нь тасалчихгүй юм сан гэсэн бодолтой. Иймд над шиг бодолтой хүмүүс бас бий шүү дээ. Жишээ нь сая л гэхэд манай нэвтрүүлэгт орсон Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ш.Мөнгөншагай хотод өссөн хэрнээ л моринд дурлаад өөрийн олсон, зарсан бүх юмаа моринд өгч байж улсын наадамд морь түрүүлгэсэн гээд л ярьж байна. Яг үүнтэй адил хүн өөрийнхөө сонирхлоор л цаашаа явах байх.
-Би айргийн морины хашаа руу ордог ч гэсэн гар хүрдэггүй. Хөлсөнд нь хүрэхээр сайн гэдэг ч зохимжгүй-

-Түрүү морь ялангуяа Соёолонгийн хөлсөнд хүрэхээр хийморь сэргэдэг. Тэр жилээ өнгөтэй сайхан байдаг гээд шуурцгаадаг. Энэ мухар сүсэг үү?
-Төр, шашин хоёр нэлээн гүн барилдлагатай. Төр нь шашинаа, шашин нь төрөө дээдэлдэг гээд энэ үзэл баримтлалыг Богд хаант улсын үе, Манжийн дарлалаас хойш эрхэлмлэж ирсэн ард түмэн л дээ. Би бол моринд хүрэх, морь руу хошуурах шашны нөлөөт энэ зүйлийг үгүйсгэж болохгүй гэж боддог. Гэхдээ олон километр зам уралдаад ирж байгаа тэр амьтанд халуун гараараа хүрээд, хүний морины дэл сүүлнээс зулгаагаад хүрэх гээд дайраад байх нь тийм зөв зүйтэй зүйл бас биш л байх. Уяачид бол тоосонд нь зогсоод хийморио сэргээдэг л гэж ярьдаг юм. Гэхдээ наадамчин олон нэг үеэ бодвол энэ зүйл дээр асуудал үүсгэхээ больчихсон гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл соёлтой нааддаг болсон.
Соёолонгийн тоосонд л зогсоно уу гэхээс хөлсөнд нь хүрсэнээрээ сайн яваад байгаа ч юм бас биш. Мөн нөгөөтэйгүүр гаднын жуулчид бас ихээр үзэцгээдэг тул тэдэнд ч бас буруу ойлголт өгөхгүй байхыг ухамсарлаж аль болох дэгтэй, журамтай наадах нь зүй. Жуулчид мэдээж цааш нь сонирхуулаад ч юм уу хэн нэгэн хүндээ, магадгүй өөр бусдадаа санал болгох учраас аль болох зөв ойлголт төрүүлэх гэдэг ч юм уу ухамсарт байдлаар хандах хэрэгтэй л дээ. Монголчууд түрүүлсэн морь, бөх рүүгээ бөөнөөрөө дайрч гүйгээд гэвэл хэнд ч таагүй санагдана шүү дээ. Би бол айргийн морины хашаа руу ордог ч гэсэн хар хүрдэггүй. Уяачидтай нь сайхан ярилцаад л гарч ирдэг. Би л нэг хашаа руу нь ордог гэсэн шиг байж болохгүй шүү дээ. Уяачид ч дүргүйцэж таарна.
-Уралдах морьтойгоо хамт нутгийнх нь уул ус ирчихсэн уралддаг юм гэнэ лээ гэж учир мэдэх хүмүүс ярьж байхыг сонсох их сонирхолтой санагддаг юм. Та энэ талын яриа мэдэх л байх?
-Буддын гүн ухаан гэдгийг чинь хүнийг хамгийн сайн судалсан, хүний мөн чанар хүн байхын талаар сургасан төгс гүн ухаан л гэдэг. Гэхдээ бусад шашин ч бүгд хүний төлөө л явдаг байх. Нутгийн уулс, ус дагаж явдаг гэдгийг чинь бол миний өвөө, миний аав, монголын үе үеийн алдарт уяачид ярьж байсан. Заа морио мордуулна. Тийм наадамд морио мордуулахад тэр хайрханыхаа оройд гарч ирнэ ээ гээд л давхидаг манай найз ч бий. Миний нутгийн уул ус ирсэн юм гэнэ лээ гээд наадмын дэвжээн дээр очоод нутийнхаа уул усны зүг тахилаа өргөөд, залбирч байгаа ийм зүйл ч байна л даа. Тэгэхээр яах аргагүй л ийм юм байна. Тэгээд ч Монголчууд зуны эхээр лусын буулттай өдөр уул усаа тахиж, орон дэлхий эзэн хангайгаа баярлуулдаг гээд ч ийм юм бий. Би бол хувь хүнийхээ хувьд итгэж, байх ёстой зүйл л гэж ойлгодог. Нутгийн уул усаа баярлуулна гэдэг ч зүгээр нэг үг бас биш л байх. Гэхдээ нарийн учрыг ахмад уяачид, том лам нар надаас илүү ярина л даа.
-Тод магнай кинон дээр наадмын өглөө үүрээр тэнгэр шинжээд ийм зүсмийн морь түрүүлэх нь ээ гэж хэлдэг. Амьдрал дээр та ийм хүнтэй таарч байв уу?
-Би яг тийм тэнгэр шинжиж байгаа хүнтэй бол таарч байгаагүй ээ. Гэхдээ Өндөр Гэгээний тэр даншиг наадам 1995 онд Өвөрхангайд болж байхад Дундговийн нэг цагаан сахалтай өвгөн өнөөдөр бүгээн адуу түрүүлэх нь ээ гээд л. Нээрээ ч Гомбо-Очир гуайн саарал морь таараад л. Тийм юм байдаг байх. Би өөрөө бол сайн мэдэхгүй. Зүгээр мэргэн хүн бас байдаг тийм ээ. Сайхан мэргэлээд мэдэж байгаа хүн бас байдаг шүү. Гэхдээ бас тэнгэр хангай ч гэсэн өнөөдөр нэг ийм зүсмийн адуу түрүүлэх нь ээ гэдэг зүйлийг хэлж өгч байна шүү дээ. Тэрийг мэддэг хүн, мэддэггүй хүн гэж хоёр байгаа байх. Тэрний мэддэггүйд нь би орсон учраас сайн хэлж мэдэхггүй юм аа.

-Уралдах морийг их эмзэг байдаг гэж ярьдаг. Ялангуяа хүмүүсийн хэл ам, ам дамжсан яриа амар тусдаг гэдэг. Зарим тохиолдолд уяачид өөр хүний нэр дээр мордуулж байгаа ч анзаарагддаг?
-Телевиз, радио хөгжөөгүй цагт бол бид наадмын сонин сонсохдоо тийм морь түрүүлж гэнэ ээ л гэсэн хичнээн хүний ам дамжсан юм мэдэхгүй тийм юм л сонсдог байсан. Одоо бол эх орны дөрвөн зүг, найман зовхист байгаа хүн бүр тухайн үед нь мэдчих боломжтой болчихсон цаг үе л дээ. Тэгэхээр хүн бүр тийм аймгийн тэр сумын хэн гэж хүний тийм морь түрүүлжээ гээд л хаа сайгүй нэг хүний морийг амь дамжуулан ярихаар цагаан хэл гэж ирдэг байх. Энэ бас шашины зан үйлтэй л холбоотой биз дээ. Гэхдээ яах аргагүй л тийм зүйл байдаг шүү. Уяач ч бас морио наадмын өмнө тийм ийм гээд яриад байдаггүй. Наадмын өглөө л болъё гэдэг ч юм уу. Зарим уяачид ч телевиз, хэвлэлээр гаргахгүй гээд цааргалж л байдаг юм. Түрүүлээд ирсэнийх нь дараа бол хамаагүй ээ ярья гэдэг ч юм уу. Тэгэхээр энд бол цагаан хэл ам гэж бий. Амтай болгон уралдан ярьж, уяач хүүхэдгүй магтаж байхад хэцүү л дээ.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэвтрүүлэгээр мөнгө гж.цэнгэл шоолоод бсан
Өв тээгч
Морь тайлбарлахдаа ер нь мэргэжилийн з�##�уу шүү.
Хүн сонирхсон юмандаа сэтгэл зүрхээ зориулдаг.
Оюунбаатар бол морь тайлбарлах нэрээр ойгүй их мөнгө хийж баяжиж бгаа з�##�уу,үнэндээ ур�##�дааныг тайлбарладаггүй, хэний морь хэдэд явааг л зарладаг, даваахүү гуайг дэндүү их магтдаг, өөр хүнийг бараг ярьдаггүй л хүндээ !
Улсын наадам ч Төв аймгийн л наадам бсаныг анзаарч ярь даа. Дүү. Өөрийгөө дөвийлгөх чинь юу л бол доо.
Алив юманд донтох гэж байна аа, сонирхлоороо гээд байгаа чинь тодорхой хэмжээнд донтож байнаа л гэсэн үг, энэ з�##�уу моринд донтсон л хүн, сайн мууг нь бол чөтгөр бүү мэд, оюун санаа нь нэг юманд хэт чиглээд хайрцаглагдчихаж байгаа юм
Бөх,морин ур�##�дааны тайлбарлагчид дэндүү боловс ролгүй, дэндүү тулга тойруулж ярьдаг, ялангуяа энэ з�##�уу бол юун тайлбар зүгээр л зарл�##� хийдэг, өөрөө бүр "за одоо эхнээс нь нэг зарлая" гэж байгаад л, спортын үнэр ч үгүй, танин мэдэхүйн ач холбогдолгүй, сэтгэлийнхээ хөөрлөөр л баахан хашгирдаг эр,баячуу лын адуу тэжээдэг бацаануудын дунд л их "нэр хүнд тэй" хүн дээ.
"Уул ус ур�##�дах"даа яахавдээ, дэндүү дундад зуунла г бнаа, арай орчин үеэр сэтгээч найз минь !
Өнгө мөнгө дагаж сэтгүүлч хийдэггүй юм.Сэтгүүлч бол соён гэгээрүүлэгч үүх түүх монгол хэлний товч үгий толь байх ёстой доо.
Өнөө цагийн гайхамшигтай морь тайлбарлагч з�##�уу юм шүү. Мөдхөн Гавъяат цолонд хүрнэ ээ.
Улсын баяр наадмын морины ур�##�дааны самсаа шархирт�##� тайлбардаг, мундаг з�##�уу шүү. Олон ТВ морины ур�##�дааны үзүүлж, тайлбартай явуулдаг, Оюунбаатарын тайлбарыг заав�##� сонгож үздэг. Амжилт хүсье.