Ярилцлага

Х.Тунгалагтуяа: Харшлыг уламжлалт анагаах ухаанд муу шар уснаас үүдсэн эмгэг гэж үздэг

Бид уламжлалт анагаах ухааны их эмч Х.Тунгалагтуяатай ургамлын харшлын талаар ярилцлаа. Зунаас намарт шилжих энэ үед ургамлын харшилтай хүмүүс хамгийн их зовиуртай байдаг.

Тэгэхээр харшил сэдэрсэн үеийг хэрхэн даван туулах, сэдрээхгүй байхад юуг голчлон анхаарах, бүрэн гүйцэд илааршуулах агуулгаар ярилцсан юм. Х.Тунгалагтуяа эмч хүнсээр анагаах соёлыг түгээнэ уриа бүхий “Аму” төвд уламжлалт анагаах ухааны эмчээр ажилладаг.

-Харшил гэж юу болох, эл өвчний шалтгааны талаар мэдээлэл өгөөч? 

-Харшлыг уламжлалт анагаах ухаанд шар уснаас үүдсэн эмгэг гэж үздэг. Юуны түрүүнд шар ус хэрхэн үүсдэг, эрүүл шар ус гэж юу болох талаар ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Та бидний идсэн идээ, уусан ундаа ходоодонд боловсорч шингээд, элгэнд очиж эрүүл цусыг үүсгэдэг. Улмаар эрүүл шар ус цөснөөс үүсдэг. Харин энэ үйл ажиллагаа алдагдаж эхлэхэд муу шар ус гэдэг зүйл үүснэ. Муу шар усыг үүсгэдэг гурван шалтгаан бий. Ходоод дэлүү нойр булчирхайн үйл ажиллагаа хямрах. Өөрөөр хэлбэл таны идсэн идээ, ундаа гүйцэд задарч шингэхгүй байх. Шалтгаан нь ходоодны галын илч буюу хүчил ихэссэнээс болдог. Мөн улирал солигдох мөчлөгт ходоод, дэлүү буюу хоолны шингээлт буурдаг. Мөн элэг, цөсний үйл ажиллагаа хямарснаас болно. Яагаад гэхээр идсэн идээ ундааны зүйл нь ходоодонд боловсорч, элгэнд цус үүсэх үед элэг цөс асуудалтай байвал муу шар үүснэ. Элэг өөхлөлттэй, цөс өтгөрөлтэй, зогсонгишролтой бол муу шар ус үүсэх нөхцөл бүрджээ гэсэн үг. Түүнчлэн бөөр давсагны шалтгаан байна. Идээ, ундааны зүйл элгэнд цус болоод нарийн гэдсээр шимэгдээд, бөөрөөр цэвэрлэгдээд элэг рүү очих ёстой. Гэтэл бөөр өвдсөн, үрэвсэлтэй, доороосоо даардаг, хүнд зүйл өргөдөг бол цус шүүх процесс дутуу явагдаж муу цуснаас дахиад муу шар ус үүснэ. Тэгэхээр таны таван цул эрхтний гурван шатлалтайгаар шар ус үүсэх нөхцөл бий болж байгаа биз. Хавраас зун, зунаас намар руу шилжих үед харшил хөдөлж байвал ходоод, дэлүү илүү их хямралтай, хавар, намартаа хөдөлдөг бол элэг цөсний асуудал байна. Бөөр, давсагны асуудал өвлийн улиралд хөдөлдөг ч буруу хооллох, хүйтэн ус уух, доороосоо даарах гэх мэт таны явдал мөр алдагдахад аль ч улиралд хөдөлж болно. Ерөнхийдөө дээрх шалтгаанаар харшил өөр, өөр улиралд сэдэрдэг.  

-Муу шар ус харшлын зовиуруудыг үүсгэх процессийг та тайлбарлаж өгч болох уу?

-Цөснөөс ялгарсан шар ус арьс махны завсар, дотор эрхтэн, үе мөчид хурж байдаг. Шар ус эрүүл бол таны үе мөч, дотор эрхтний хөдөлгөөнийг хангаж өгдөг. Гэтэл идсэн зүйлээс үүдэлтэй муу шар ус үрэвсэл, дотор эрхтэнд хөөнгөшил буюу  хаван үүсгэдэг учраас хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, чихний сонсголын суваг загатнах, амьсгал боогдох, ханиах шинжүүд илэрч, зовиур бий болдог. Мөн харшил загатнаа  тууралт, чонон хөрвөс маягаар ч илэрдэг. Арьс мах, судас шөрмөсний завсар байгаа шар ус хөдлөхөд загатнаа ихсэж, шүүсэрхэг зүйл гардаг. Тэр бол нөгөө муу шар ус шүү дээ. Хүмүүс бол өөр өвчний онош өгөөд явдаг. Гэтэл шар усны гаралтай тууралт загатнаа үүсээд байгаа юм.

-Шарилж, хөл ургамлын үнэрийг авахад л дээрх бүх зовиурууд үүсэх нь нийтлэг. Үүнийг хэрхэн ойлговол зохилтой вэ?

-Хэвийн орж ирж байгаа тоосонцорт мэдрэг болж байгаа дархлаа сул байна. Хамгийн чухал ойлгох зүйл нь гадны биет ургамлыг тухайн хүний дархлааны эс таниад үрэвслийн шингэн буюу цитокин ялгаруулж эхэлдэг. Үрэвслийн цитокин устгахын тулд шингэн ялгаруулж, тэр нь биеэр тараад ирэнгүүт шинж тэмдэг илэрнэ. Уламжлалт анагаах ухаан үүнийг шар ус гэж оношлодог юм. Энэ шар усыг хөдөлгөхгүй байхын тулд дээр хэлсэн гурван шалтгааныг анхаарах, тэдгээр эрхтний үйл ажиллагааг нь сайжруулах, хавар, намартаа шар усыг хатаах буюу туулга засал цөс угаалтыг заавал хийх ёстой. Мөн тухайн харшлыг хөдөлгөөд байгаа идээ ундаа буюу халуун ногоо, кимчи, адууны мах, хонины мах, сармис, помидор, жүрж гээд исгэлэн даршилсан халуун ногоотой хүнсээс зайлсхийх хэрэгтэй.  

-Та түрүүн хэлсэн, аль сав эрхтэнд асуудал байгаагаас шалтгаалж, харшил хөдлөх улирал өөр өөр байна гэж. Ургамлын харшлыг үүнтэй уялдуулж тайлбарлавал?

-Харшлын шалтгаанд нь шар ус, хийтэй хавсрах нь нийтлэг. Зун хий хөдөлдөг улирал учраас зүрх, гэдэстэй холбоотой. Сэтгэл санааны тогтворгүй, ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа бол хийн шалтгаан. Хий хөдлөх нь шар усыг дэврээх хүчин зүйл болдог. Мөн дээрээс нь тухайн хүн хий, шар, бадганы аль төлөвт хамаардгаас шалтгаалж шар ус үүсэх нөхцөл бий болно. Ялангуяа хий, шар махбодийн мөн чанартай хүн харшилд өртөмтгий байдаг. Өөрөө хийтэй, дээрээс нь шар махбодь буюу элэг цөсний халуунтай учраас амархан сэдэрдэг гэсэн үг. Тэгэхээр зундаа шар ус хөдлөөд байгаа нь хийтэй мөн сэтгэл санаатай өвөрмөц чанартай холбоотой гэж ойлгож болно.

-Ихэнх харшилтай хүмүүс эм ууж, дусаалга хэрэглэж зовиураа түр зуур дардаг. Уламжлалт анагаах ухаанаар бол хэрхэн “номхотгох” вэ?

-Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг идээ, ундаа, явдал, мөр гэсэн дөрвөн аргаар засна гэж үздэг. Харшлын тухайд бүх өвчний холын шалтгаан сэтгэл гэж үздэг учраас сэтгэлийг тэнцвэртэй амар амгалан байлгах нь сэдрээхгүй байх нэг үндэс болно. Үүний тулд амьсгалын дасгал, бясалгал хийх, 108 мөргөх, эрхи эргүүлэх, амьсгалаа ажиглаж төвлөрөх үйлдлүүдийг заавал хийх хэрэгтэй. Мөн байгальтай ойр байж ууланд алхах, байгалийн чимээ сонсох зэрэг явдал мөрийн засалд анхаарах хэрэгтэй. Мэдээж дараа нь идээ ундааны хувьд сэдрээдэг хүнснээс аль болох зайлсхийх, цөсний чулуугүй бол хавар, намартаа туулга заслаа хийлгэж байх хэрэгтэй. Ер нь шар усны өвчний үед хоолны дэглэм бариад цөсөө цэвэрлээд явна даа.  

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

-Нэг удаа угааж, нэг хэсэг зөв хооллоод бүрэн гүйцэд илааширна гэж ойлгож болохгүй. 1-3 жил тохирсон улиралд эмчийн заавраар цөсөө угааж, шар ус хатаадаг үр тариа, хоол хүнс, ногоогоо хэрэглээд байвал дахин сэдрээхгүй явах боломжтой. Бас таны биеийн дархлаа буюу бүдүүн гэдэсний ашигтай бактери их чухал. Ашигтай бактери сайн байхын хэрээр дархлаа сайн байж гадны биетэд хариу үзүүлэх чадвар өндөр байна. Ашигтай бактерийг сайжруулахын тулд монголчуудад гэдэс цайлгах буюу цагаан идээ идэх нь илүү үр дүнтэй. Таны гэдэс хэдийчинээ ашигтай бактеритай  байна төдийчинээ дархлаа өндөр аливаа өвчнийг даван туулах чадвар сууна. Ходоодны шингээлтийг сайжруулж өгдөг зүйл бас нэг үр дүнтэй арга нь цагаан идээний дэглэм байдаг.   

-Танд хандаж байгаа өвчтнүүдийн зонхилох шалтгаан нь юу байдаг вэ?

-Идээ ундаа буюу болохгүй зүйлийг иддэг. Миний хоол шингэдэггүй учраас лимоны шүүс, газтай ундаа уудаг. Халуун ногоо хэрэглэхгүй бол юм идсэн болдоггүй гэх мэтээр харшлыг сэдрээх хүчин зүйлийг дадал болгосон байдаг. Мөн ажлын онцлог, хэт их ачаалал, нойр дутуу явах, стресс ихтэйгээсээ болоод ходоодны илч хямарч, хий ихэссэн байдаг. Хүүхдүүд ч гэсэн амтлаг зүйлд дуртай хурц, чихэрлэг, хүчиллэг зүйл бас ихээр иддэг. Чипс, зайрмаг, резинэн чихэр, төрөл бүрийн жүүснүүд. Ходоодны галын илчийг ихэсгэх юмуу багасгах хүнс хэрэглээд байхаар муу цус үүсэх шалтгаан болдог. Хүүхдүүд бол идсэн зүйлээсээ л болж хямардаг.

-Энгийн үгээр энэ бүхнийг хэрхэн давах туулах арга, дараа жил гэхэд яаж сэдрээхгүй байх талаар зөвлөөч?  

-Хамгийн түрүүн халуун ногоо, исгэлэн, даршилсан хурц хүнснээс татгалзах хэрэгтэй. Намар, хавар элэг цөсний үйл ажиллагаа идэвхжих үеэр, намар дотор шар хөөрч, элэг цөсний халуун ихэсдэг учраас ихэнх хүмүүсийн харшил хөдөлдөг. Тэгэхээр намартаа айраг, тараг, хурц зүйлүүдийг хэтрүүлэх хэрэггүй. Шөнийн нойр сайн ав. Өглөөний цайгаа тогтмол уувал цөс сайн ялгарна. Хоолны шингээлт хэвийн явагдана. Агаарт гарах, сэтгэл санаагаа тэнцвэртэй авч явж ажил, амралтаа зохицуулах. Дахиад л хэлэхэд туулга засал хийлгэж, дэглэм бариад явахад дараагийн улиралд харшил сэдрэхээс урьдчилан сэргийлж чадна.  

-Энэ үед ямар хүнс хэрэглэвэл зохилтой вэ?

-Шинэ өргөст хэмхийг зүсч халуун усанд хийгээд хандалж уухад сайн. Цагаан лийр үрэвслийг дарж, дотор халуун буулгадаг. Өглөө, оройдоо барагшунтай ус уух хэрэгтэй. Улаан үзэмний цай, нэрс жимс харшлыг сайн намдаадаг. Нэрсийг бүр түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ногоон өнгийн ногоог чухалчилж сонгоорой. Хүрэн манжин элэг цөсний халууныг дарна. Өдөртөө уух  шингэнийг хэмжээг 1,5 литрээс багагүй тогтоож, халгай, балжингарам ургамлыг хэрэглээрэй.

-“Аму” төвөөр үйлчлүүлсэн хүмүүсийн үр дүнгийн тухайд...?

-“Аму” төв судас барьж оношлосны үндсэн дээр хоолны дэглэм, үр тариагаар анагаах хөтөлбөр гаргаж өгдөг. Дөрвөн улиралдаа тааруулан хэрхэн зөв хооллох, өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх, амьдралын хэв маягтаа хэрхэн анхаарах тал дээр ажилладаг. Тухайн хүний биеийн онцлогт тохирсон дэглэмийг өгөхөд эхний 10 хоногт хаван бууж, дархлаа дэмжигдэж, зовиур, шинж тэмдэг буурч эхэлдэг. Хамар онгойна, нойр сайжирна, өдөртөө нозоорч ядрахаа болино, загатнаа багасна. Бид цөс угаах бэлтгэл, дэглэмийг зааж өгнө. Энэ мэтээр 2-3 жил тасралтгүй явахад харшлаас ангижирна. Хүмүүс өөрийнхөө өвөрмөц чанар, хий шар бадгана ямар төрлийн хүн бэ, таван цул эрхтний аль нь их хямардаг вэ, аль улиралд сэдэрдэг, өөртөө ямар идээ, ундаа тохирохоо мэдэх нь хамгийн чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2023 08:56

БАЯРЛАДХХ

Зочин
Зочин
8 сар 4, 2023 09:43

Сайн уу танай эмнэлэг хаяг хаана бэ ?

Зочин
Зочин
8 сар 4, 2023 15:48
Reply to  Зочин

Amu geed facebook page huudsaar orood medeelel awaarai bayarlaa

Зочин
Зочин
8 сар 8, 2023 07:41

unheer taalgadlaa heregjuulnee bayarlalaa

munkhzul
munkhzul
8 сар 9, 2023 08:04

emnelgiin hayg haana we

Зочин
Зочин
9 сар 30, 2023 16:19

Хаяг утас нь бгаа бол уу

Холбоотой мэдээ

Back to top button