Сурвалжилга: Улаанчулуут дээр хүүхэд ажиллахыг хорьсноор ихэр охид хичээлдээ бэлдэж чадахгүйд хүрчээ
2023 оны наймдугаар сарын 27-ны ням гараг. Улаанчулуутын хогийн цэг. Энэ бол нийслэлийн гурван дүүргийн хог хаягдлын цэг. Энэ удаад хог хаях газар гэхээсээ илүүтэйгээр эндээс олон иргэд амьжиргаагаа залгуулдаг газар гэдэг утгаар зорьж ирэв. Өглөөгүүр эл хульхан байв. Ажилдаа гаршсан байрын орчиндоо түүртсэн шинжгүй насанд хүрэгчид хэд хэдээрээ ажиллаж байлаа.

Улаанчулуутад бага насны хүүхдүүд олноороо ажилладаг байсан. Байсан гэсний учир нь хүүхэд хамгаалах газар, хамгааллын төвийн байцаагч нар ирж хүүхдийг нь авч явж хамгаалалтад авах, эцэг эхийг нь торгох гэх мэтээр ажилласаар энд зөвхөн насанд хүрэгчид л ажиллах болсон гэлээ. Мөн үдээс хойш 16-17 насны хүүхдүүд мэр сэр гарч ирдэг гэж сэм хэлж байв.
Харин цэгийн араар тойрч уулаараа давбал хэд хэдэн айл байгаа, тэндээс хогийн цэг рүү гардаг хүүхэд олж болно гэж нэг хүн зааж өгсөн юм.

Хэлсэн дагуу энхэл донхол замаар явсаар зэргэлж буусан хэдэн задгай гэрийн дээрээс орлоо. Эхний гэрээс гарч ирсэн эмэгтэйтэй дорхноо л хэл амаа ололцож, тэрбээр ойролцоох гурван ч айлаа танилцуулж амжлаа.
Хэдхэн алхмын зайтай төвхнөсөн эдгээр айлуудын гэр бас хашааны газрыг хотын дарга Д.Сумъяабазар тус дүүргээс их хуралд сууж байхдаа шийдэж өгчээ. Гурван жилийн дараа энэ газрыг хотхон хороолол болгоно, тог усыг нь шийднэ хэмээн амалжээ. Гэвч айлууд нь ус, тог бэрхшээлтэй гэсэн шалтгаар гэрээ авч нүүснээр харагдаж буй хэдэн айл үлдэж, нөгөөх төсөл ч замхарч.
Н.Нарантуяа: Сарын дотор амьдрал хаашаа ч эргээ билээ, хүүхдүүдээ сарын чөлөө авдаг юмуу
Бид эзэгтэй нартай ойр зуурын асуудлыг ярилцсаар Н.Нарантуяа эгчийнд орлоо. Эднийх 2016 онд энд ирж буусан, жилийн дараа тогтой болж. Монголчууд гуймхай мөртлөө голомтгой хүмүүс учраас хаяад явчихсан. Манайх дээд цэгээс амьдралаа залгуулаад эндээ болоод л байна гэж хэлэв. Н.Нарантуяа СЭМҮТ, ГССҮТ гээд төв эмнэлгүүдэд нийлээд 25 жил үйлчилгээний албанд ажиллаад 2013 оноос групп-т оржээ.

Тэр цагаас хойш Улаанчулуутын хогийн дээр ажиллаж, өдийг хүрчээ. Гэвч тэр сүүлийн хоёр сар ажилдаа гарч чадаагүй байна. Учир нь нөхөр нь элэгний хорт хавдар өвчнөөр өвдөж, эмнэлгийн ажилтай болсон тул амьжиргаагаа залгуулах мөнгө олж, хичээлийн шинэ жилд бэлдэх ажлыг ч хойш тавьсан гэлээ. Энэ айл сургуулийн насны ихэр охидтой. Н.Нарантуяа “Өсгөлүүн охид болохоор гутал хувцас нь тэсэхгүй. 25 мянгын пүүз гаднаасаа шинэ цэвэрхэн харагдавч хэдхэн хоногийн дотор л байхгүй болно доо.
Нэг нэг цүнх, цамц, зангиа бас Өнөөдөр бага ангийн багш нь дэвтэр үзэг өгье гэж дуудаад явлаа. Өвчтэй хүнтэй болохоор охидоо хүний дайтай сургуульд нь оруулж чадахгүй нь, сар чөлөө авдаг ч юмуу гэж бодоод байна гэв.
-Тийм, ийм юм өмсье, авна гэж байна уу, охид тань?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд л юм болохоор. Аавын чинь бие тааруу байна, эмчлэгдээд гайгүй болоодхог дараа болох байлгүй л гэж хэлсэн. Манай хүн бид хоёр энэ ихрийг гурван настай байхад гэр бүл болсон. Арван жил хамт амьдарч байна. Охидын аав бүр багад нь өөд болчихсон. Энэ хоёр уг нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Гэтэл долоодугаар сараас хасагдчихсан. Манайх уг нь 24 дүгээр хороонд хаягтай байсан өөрчлөгдөөд 41 болчихсон. Хоёр хороо нь дундаа ганц халамжийн ажилтантай. Тэр хүн долоодугаар сарын 15-нд амраад явчихсан. Ажилдаа орсон, ороогүй мэдэгдэхгүй, их нэмэр болдог мөнгөө авч чадахгүй хоёр сар боллоо. Өвчтэй зовлонтой боллоо гээд арван жил ханилсан ханиа хаяад ажил хийгээд явалтай биш. Гурван нялх хүүхэдтэй хоцорсон үед миний байгаа байхгүйг дүүргэж л ирсэн хүн шүү дээ. /уйлав/ Эмнэлгээр хоёр сар явлаа. Нэлээд өр зээл ч тавьсан. Амьдрал нэг ийм л байна даа.

-Нөхрийн тань эмчилгээний зардал танд бас их ачаалал болж байна уу?
-Нөхрийн ах дүүс их тусалж байна. Тэд нарын хүчээр л хоёр сар амьдарлаа. Нөхөр маань өвдөөд мнайх гэдэг айл хүүхдийн мөнгөөс өөр орлогогүй болсон. Урд нь дээшээ хогийн цэг рүү гараад талхны мөнгөө олчихдог байсан сүүлийн хоёр сар гарч чадсангүй ээ. Нөхөр одоо амьсгалын аппараттай эмнэлэгт бий. Охид минь төрсөн аав шигээ л боддог, өөрөө ч хүүхдүүдэд минь сайн. Арваад жилийн өмнө гэмтлийн эмнэлэгт асрагч хийж гурван хүүхэд минь эзэнтэй, эзэнгүй зутарч хань минь болж хамт өсгөлцсөн ачтай хүн дээ. Одоо ингээд хүндрээд эцсийн шатандаа орчихоор өрөвдөж, харамсахаас өөрийг хийж чадахгүй л сахиж сууна.
-Анзааргагүй яваад байсан юм болов уу, эсвэл...?
-Цэргийн хүн болохоор их гүргэр байж. Хааяа өвчин намдаах өгөөч гэдэг байсан. Тэгээд эм тариа хэрэглэдэггүй хүн учраас тэрэндээ дарагдаад яваад байсан бололтой. Эмээ уучхаад л Улаанчулуут руу гарна, барилгын ажил, мужаан хүртэл хийнэ. Намар болохоор төмс хураалт, самар жимсэнд явна. Энэ жил дөрөвдүгээр сараас халуураад эмнэлэг явья гэхээр хөгшин чинь зүгээр өвчин намдаах өгчих гэх болсон. Зургаан сарын сүүлээр бүр турж эцээд халуураад түргэн дуудсан чинь сүрьеэ эсвэл элэг байж магадгүй эход харуулаарай гэхэд л эцсийн шатандаа орчихсон байна. Наймдугаар сарын 20-нд хагалгаанд орьё гэж тохироод ахиад үзүүлэхэд тэр үе нь өнгөрсөн, одоо боломжгүй гэсэн.
-Энэ хоёр охиноос өөр хүүхдүүд бий юу?
-Эгч нь таван хүүхэдтэй. Хоёр том нь насанд хүрчихсэн. Өөрсдийгөө аваад тус тусын замаа хөөсөн. Хүү маань сая 18 нас хүрсэн. ТҮК-т ачигч хийдэг. Миний хүү хоолондоо дэм болно. Сүүлийн үед цалин нь аавынхаа эмчилгээнд таарч байгаа.
-Хичээл орлоо. Та гурав маань ойр зуурын хэсэг юм бэлдэж дээ?
-Бодож байгаа юм алга. Ямартай ч аравдугаар сарын 1 хүртэл чөлөө авья гэж бодсон. Амьд хүн аргатай даа. Миний хүүхдүүд аавыгаа ийм байгааг ойлгож байгаа. Гэхдээ чөлөө авья гэхээр дургүйцэх юм. Үеийнх нь хүүхдүүд жигтэйхэн ганган дэгжин орно. Жилийн жилд бид хоёр самар ногоонд яваад бүх юмыг нь бэлдчихдэг. Энэ жил үнэхээр чадахгүй байна. Өмссөн хувцаснаасаа ичнэ. Сарын дотор амьдрал хаашаа ч эргээ билээ дээ, тийм л бодолтой байна. Ямар өвчтэй зовлонтой хүний мөнгөнөөс хумслалтай нь биш. /уйлав/
-Улаанчулуут руу та олон жил гарсан уу?
-Манай хүн бид хоёр суусан цагаасаа хойш дээшээгээ гарсан. Тасралтгүй найман жил ажиллаж. Одоо бодоход өдөр, хоногоо л болгож байж. Олсныхоо хирээр л хэрэглэсэн. Тэр үед хуримтлал үүсгэсэн бол арай эрт эмчлүүлэх байсан болов уу гэж харамсдаг. Хэдэн төгрөг олоод хоол ундаа болгоод өдөр хоногоо өнгөрөөж явтал корона гараад ажилгүй болчихсон. Гэтэл хүүхдүүд ээлжилж өвдөөд сүрьеэ тусаад бараг хоёр ажил эмчлүүлээ. Энэ хавраас амьдрал жаахан цэгцээ олох гэтэл хань минь өвдөөд эгч нь яах учраа олохгүй л сууна.
-Охид тань ажил хийе гэж байна уу?
-Ээжээ бид хоёр танд тусалья, дээшээ цуг гаръя гэдэг. Би дургүй. Өмнө нь 108 ирж, хүү охин хоёрыг маань аваад явсан. Намайг ч торгоно гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүүгээр хүйтэнд цас цэвэрлүүлээд хоолой нь өвдөөд халуураад бид хоёр очиж авч байлаа. Тэгээд одоо охидууд маань “Бид хоёр бие томтой юм чинь мэдэгдэхгүй ээ, хамт явья” гэхээр нь дургүйцээд байгаа. Бөөн ажил нэмэх юм билээ. Өөр газар ажиллуулах сонирхол байдаггүй. Олны дотор сайн ч хүн бий, муу ч хүн бий. Жаахан юмнууд ш тээ эд нар чинь. Цэг рүү дагуулаад гарахад орчин нөхцөл нь бохир ч хараа хяналттай, хажуунаасаа салгахгүй ажил сургаад явдаг. Цэг дээр ер нь ажилтай айлын хүүхдүүд л байдаг. Энэ хоёр том болоод гадаадад гарч хар ажил хийнэ гэж ярьдаг. Ээжээ, монголд хүн хэчнээн дээд боловсрол эзэмшээд гоё амьдарья гэсэн ч цалин багатай, бүгд зээлтэй, гадаадад хар ажил хийвэл амьдрал арай дээшилнэ гэж хэлдэг. Заримдаа хүний нутаг хэцүү байх даа л гэж боддог. Манай хүн цэргийн хүн болоод ч тэрүү охидыг минь их даруулгатай өсгөсөн. Хүү минь ч ялгаагүй. 16 насандаа ачигч хийж эхэлсэн.
-Танд нэмж ярих зүйл байна уу?
-Хүмүүс минь эрүүл мэндээ бодоорой. Манай хүн дэндүү гүргэр явсан юм байна. 2 жилийн өмнө эхэлсэн хавдар байна гэж эмч хэлсэн. Би яаж өвдөж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээд л хямдхан эмээр өвчнөө дараад өдий хүрч. Эрүүл байх нь амьдрал юм байна гэдгийг ойлголоо.
Ээжтэй нь ярилцсаны дараахан ихэр охид хоёр, хоёр боодол дэвтэр бас бус үзэг, бал барьсаар ирлээ. Бага ангийн багш нь өгч. Тэд энэ багшаараа хичээл заалгасан сургуулиасаа хэдийн шилжиж бас дунд ангид орсон ч багш охидыг орхидоггүй, байнга холбоотой байдаг гэлээ.

Охид ковидын үед сүрьеэгээр өвдөж, нэг жил сургуулиас завсарласан. Үүнийгээ тэд “Манай ах сүрьеэ тусаад бид хоёр уушгины бус сүрьеэ гэж өвчин туссан” гэж тайлбарлалаа. Үүний дараа сургуулийнх нь хүүхдүүд сүрьеэ өвчтэй, аав ээж нь хогийн цэг дээр ажилладаг гэж гадуурхах болсон учир Насан туршийн боловсролын сургууль руу шилжиж, сурах болжээ.
Ихэр охид: Том болоод аав, ээжийгээ баячууд шиг амьдруулж, агаагаа хүнээс дор явуулахгүй гэж төсөөлдөг
-Хүүхдүүд яаж гадуурхаж байсан бэ?
-Хүүхдүүдэд халдвараа тараана гээд жил гэртээ байсан. Зарим хүүхдүүд үг хэлэхгүй хэрнээ цохино. Одоо харин тааралдахаараа хичээлдээ яваач гэж хэлдэг. Бид хоёр өөр юу ч хэлэхгүйгээр зөвхөн “Үгүй” гээд өнгөрдөг. Харин энэ сургууль адилхан эмзэг давхаргын хүүхдүүд болохоор бие биенээ дээрэлхэхгүй. Өдөр хоол өгнө. Цадахгүй бол дэлгүүрээс юм авч идэж болно.
-Хичээлийн бэлтгэлийн талаар...?
-Цүнх, дэвтэр бэлдсэн. Хуучин формоо өмсөнө.
-Ээж нь сарын чөлөө авна гэсэн?
-Цүнх, цамц, пүүз байгаа. Сая багш дэвтэр, бал өглөө. Бид хоёр чөлөө авмааргүй байгаа. Хичээлдээ явмаар байна.
-Улаанчулуут руу гардаг байхдаа мөнгө олж байсан уу?
-Бид хоёр ээлжилж гардаг байсан. Агаа бол бараг өдөр бүр. Нэг өдөр 108 ирж агаа бид хоёрыг бариад явсан. Агаа тэр үед жаахан байсан. Тэгээд цас цэвэрлүүлсэн юм билээ. Нэг хүүхэд надад агаа чинь цас цэвэрлэж байна гэсэн. Ирэхдээ бид хоёр хоёулаа халуураад аав, ээж хоёр дахиж гаргаагүй. Тэрнээс хойш аав, ээж хоёр ажил хийгээд бид хоёрын юмыг бэлдэж байсан.
-Аав нь өвдчихсөн болохоор та хэдэд асуудал үүсчээ. Харамсалтай юм...?
-Аавын хамраас нь цус их гардаг байсан. Хэдэн сарын өмнө бид хоёрт 20 мянган төгрөг өгөөд “аав нь байхгүй болчихвол та нар минь яана даа, юу ч хийж чадахгүй хүний дор орно доо” гэсэн. /уйлав/ Аав бид нарыг талхтай байлгахын тулд, хоолгүй хоцорчихвий гэсэндээ хогийн цэг рүү гардаг байсан.

-Та хоёр энэ аавдаа их хайртай бололтой. Сайн хүн үү?
-Ээж бид хоёрын эцэг гэж хүний зургийг үзүүлж төрсөн аав чинь гэж хэлдэг байсан ч бид хоёр энэ аавыгаа л ааваа гэж боддог. Аав ганцхан олдоно. Аавыгаа сайн хайрлаж, юугаар ч дутаахгүй яваарай гэж хүмүүст хэлмээр байна даа.
-Аав, ээж нь та хоёрыг ажил хийлгэх дургүй бололтой?
-Аав, ээж хоёр одоо бол ажил хийлгэх дургүй. Гар чинь муухай болчихно. Охин хүүхэд гар нь эвдэрчихвэл хүн тоохгүй гэдэг. Тэгээд ч бас нас болоогүй болохоор авдаггүй юм билээ. Агаа бид хоёрт мөнгө өгөхөөр нь цуглуулж байгаад нэг юм болгочихдог. Бусад хэрэглээг маань аав, ээж хоёр болгодог доо.
-Та хоёрын мөрөөдөл юу вэ?
-Н.Н: Би алдартай бүжигчин болно. Чөлөөт бүжиг хийдэг. Ажил хийгээд ээж, аав хоёрыгоо дээшээ гаргаж яг баячууд шиг амьдруулна гэж төсөөлдөг. Ахыгаа хүний дор оруулахгүй, ард алхуулахгүй амьдарна гэж боддог.
Н.Б: Би бол гадагшаа явна. Дээд боловсрол эзэмшинэ. Солонгост очоод мэргэжлээ сонгоно. Аав, ээж, ахыгаа бас ихэр шиг өөд нь татаж сайхан амьдруулна.
-Баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ охидуудад туслах юм сан
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа ар гэрийнхнээр эм тариа авахуулж эмчилсэн бол ЭМД-аас мөнгийг нь ар гэрийнхэн нь авч болдог шүү. Баримтуудаа цуглуулаад өгөх хэрэгтэй. Бодвол маш үнэтэй тариа хийлгэдэг байх. Сургуулийн хүүхдүүдийнх нь асууд�##�д хорооны нийгмийн ажилтнууд яагаад анхаарч ажилладаггүй юм бэ ?
тэжээгчээ �##�дсаны тэтгэвэрийг ,энэ охид 19 нас хүртлээ улсаас авах эрх нь байхад хорооны х�##�амж хасах эрх байхгүйшдээ,бичиг баримттайгаа хороон дээрээ очиж олгогдоогүй тэтгэвэрээ нөхөн авч цааш үргэлжлүүлэх хэрэгтэй
Төр засаг нь хүүхдүүдээс ичээсэй
Ямар өрөвдмөөр юм бэ! Энэ айлд туслах сайн дурын аян өрнөөсэй!
Хүүхдүүдийн зургийг битгий оруулаад бгач м�##� минь
Цөөхөөөөөөн хэдэн иргэд чинь ямар байна даа, .....бөөн бөөн доллар оллоо, эдийн засаг дээшиллээ...........................,.ач тус нь хаагуур орж байна, хаашаа урсчихдаг юм..........Ийм үрстэй байх ямар ч боломжгүй баймаар сан.......ТӨРИЙН Хулгай дээрэм авлигын уршиг!!!!!!!!!!!!!!!
Утас нь байна. Олны юм оломгүй д�##�ай 1000, 1000 ч багадахгүй тус�##�цгаая. Данс тавиарай.
манай монголчууд хэтэрхий тэнэг ард түмэн шүү. Энэ тэнэг бөх Сумьяабазараар нийслэл хотоо удирдуулаад сууж байдаг.
Мөнхжарг�##� Төгсбуян 88559607 энэ хүмүүст нийлж туслах хүмүүс байв�##� хамтарч туслах уу. 9 сарын 1 нээс өмнө. 8 сарын 30 нд машин явдаг тул нийлж өглөө эрт уулзаж чадах чадах хэрээрээ туслах уу. Санаачлага гаргаж байгаа шүү зөвөөр ойлгоорой. З�##�гаарай.
Hvmvvsee bie biee hairla tusaltsgaaya Dem demendee dees erchindee
88559607 энэ хүн хамт туслах хүн бну з�##�гаарай гэсэн бн өглөө з�##�гая
Хүүхдүүдээс битгий ингэж амл�##�т аваад бай. Сургуульдаа сайн сурах чух�##�.
108-хан өөрсдөө гарч цасаа цэвэрлэ !
Эвий дээ хандивын данс нээж болно штээ тус�##�цгаая манайхаан
Архичин Осоржамаад тус�##�даг хүмүүс энэ гэр бүлд туслаач
Наадам хийдэг бөх моринд өгдөг мөнгөөрөө энэ хүмүүстээ туслаач монголчуудаа