Хойд Солонгосын зэвсэг Украины дайнд Орост дэмжлэг үзүүлж чадах уу

Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким ОХУ-ын тэргүүн В.Путинтай уулзахаар хуягласан галт тэргээр хойд хөршид өчигдөр /2023.09.12/ айлчилсан. Тэгвэл дэлхий дахины анхаарлыг татсан эл айчлалд АНУ-ын талаас хоёр улсын удирдагчид зэвсгийн наймааны талаар хөндөнө хэмээн мэдээллээд байгаа юм.
Хэрэв Умард Солонгос Украины дайнд зориулж Орост их бууны сум болон бусад зэвсгийг нийлүүлбэл Кремлийн армийн цөөрч буй зэвсгийн нөөц нэмэгдэхэд тусална гэсэн үг. Гэвч цэргийн шинжээчдийн хувьд энэ нь Украин болон Орос хоорондын мөргөлдөөний явцыг өөрчлөх магадлал багатай хэмээн үзэж байна.
БНАСАУ ЗХУ-ын үеийн зэвсгүүдэд тохирох их бууны сум, пуужингийн нөөц ихтэй төдийгүй ийм төрлийн сум үйлдвэрлэж байсан түүх бий. Тиймээс ч мөргөлдөөний үргэлжлэх хугацааг уртасгаж болох ч үр дүнг өөрчлөх магадлал бага хэмээн Олон улсын стратеийн судалгааны хүрээлэнгийн Батлан хамгаалахын судлаач Жозеф Демпси хэлсэн байна.
Украин Орос хоёул мөргөлдөөнд асар их хэмжээний сум зарцуулсан байдаг. Тодруулбал, Орос өнгөрсөн жил гэхэд л Украин руу 10-11 сая удаа буудсан гэж барууны албаны хүмүүс баасан гарагт тооцоолж гаргажээ. Түүнчлэн АНУ-аас Украинд өгсөн сумны дотор 40 км хүртэлх зайнаас гурван метр хүртэлх жижиг байг онохын тулд GPS-ийн удирдлага, жолоо ашигладаг экскалибур зэрэг дэвшилтэт хүчин чадалтай сумнууд байсан юм.
Хэдийгээр БНАСАУ-ын санал болгож буй бүтээгдэхүүн нь өндөр технологи багатай ч Оросын зэвсгийн хүчийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч Оросын талыг нарийн, дэвшилтэт технологийн сумаар хангахгүй хэмээн цэргийн шинжээчид таамаглаж байна.
Энэ үеэр Цагаан ордноос удаа дараа мэдээлэл гаргаж байгаа бөгөөд "Орос улс Хойд Солонгосоос сая сая их бууны сум, пуужин худалдан авах хүсэлтэй байна" хэмээн мэдэгдсэн юм.
-Умард Солонгосын сум болон их буу чанартай байж чадах уу-
Оросууд Украин руу довтолсноос хойш их буу голлох үүрэг гүйцэтгэж, улмаар "цэргийн тусгай ажиллагаа"-нд жинтэй хувийг оруулж байв. Цэргийн шинжээчдийн хувьд өндөр технологийн орчин үеийн техникуудад анхаарлаа хандуулдаг ч их бууг "тулааны хаан" гэдгийг хүлээн зөвшөөрдөг билээ.
Их бууны талаар Хатан хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгийн Британийн армийн ажилтан Патрик Хинтон нэгэн тайландаа "Зөв хэрэглэвэл их буу нь дайсны хүсэл зориг, эв нэгдлийг эвдэж, газар нутаг болон санаачлагыг хоёуланг нь булаан авах томоохон боломжийг олгодог" хэмээжээ.
Гэвчиг бодит байдалд Оросын их бууны цохилтууд Украинчуудыг түлхэж чадаагүй байна. Тиймээс Хойд Солонгос зүгээр л их буу, түүний сумыг нийлүүлэх бус чанарын асуудал нь хөндөгдөх нь гарцаагүй хэрэг.
Энэ талаар П.Хинтон "Муу хийсэн сум нь тогтворгүй байдаг. Дэлгэрүүлбэл, нислэгийн үйл ажиллагаанд саад болж болзошгүй. Мөн гал хамгаалагч нь дутуу ажиллахад хүргэнэ. Түүнчлэн хадгалах хугацаа ч багасна. Сая дурдсан зүйлсийг өндөр нарийвчлалтайгаар хийхгүй бол гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй" хэмээжээ.
Ийн дурдах болсон шалтгаан нь 2010 онд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын Ёнпёнг арал руу 170 орчим сум тавьж, дөрвөн хүний амийг хөнөөсөн байдаг. Тиймээс тэдний сум, их бууны ажиллагаанд асуудал байх эрсдэлтэй хэмээн үздэг юм. Түүнчлэн тус арлын эргэн тойронд унасан сумны 20 хувь нь дэлбэрээгүй хэмээн тухайн үед мэдээлж байлаа. Бүтэлгүйтлийн түвшин ийм хэмжээний өндөр байсан нь Хойд Солонгосын үйлдвэрлэсэн зарим их бууны зэвсгийг үйлдвэрлэлийн явцад чанарын шаардлага хангаагүй, хадгалах горим муудсан, стандартын бус гэх мэт асуудлыг дагуулсан юм.
-Орос Хойд Солонгосоос зэвсэг авсны хариуд хиймэл дагуул хөөргөхөд нь туслах магадлалтай-
НҮБ-аас Умард Солонгост цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хүчин байгуулахад саад учруулах зорилгоор хориг арга хэмжээ аваад хэдийн 17 жилийг өнгөрөөжээ.
Энэ хоригийг үл харгалзан Ким сүүлийн хоёр жилийн хугацаанд баллистик пуужингийн хөтөлбөрөө хурдацтай хөгжүүлсэн. Эл хугацаанд тэрбээр АНУ-ын эх газрын дээгүүр цөмийн цэнэгт хошуу бүхий тив хоорондын баллистик /ICBM/ тэргүүтэй олон арван пуужинг туршсан юм. Гэвч тус улсын чадавх хэр хэмжээнд байна вэ гэдэг эргэлзээтэй хэвээр байна.
Хэрэв Ким хэдэн арван жилийн турш цөмийн пуужингийн армиар дэлхийд тэргүүлж байсан Оросоос технологи эзэмшсэн бол энэ нь түүний цөмийн пуужингийн хөтөлбөрт ихээхэн түлхэц болж, барууны удирдагчдын санааг зовоох болно.
Солонгосын Батлан хамгаалахын шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ду Жин Хо хэлэхдээ, "Орос Хойд Солонгосоос зэвсэг авсны хариуд янз бүрийн зүйлийг өгөх боломжтой. Тухайлбал, шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх, хиймэл дагуулын тагнуулын чадвар, тэр ч байтугай хиймэл дагуул хөөргөхөд туслах гэх мэт" гэсэн юм.
Мөн "Хойд Солонгос энэ онд хоёр удаа хиймэл дагуул хөөргөх оролдлого хийсэн. Хоёулаа бүтэлгүйтсэн. Пхеньян-Москвагийн аливаа хэлэлцээрт Орост элбэг байдаг ч олон жилийн хориг арга хэмжээний улмаас Хойд Солонгост дутагдаж байгаа түүхий эд багтаж магадгүй" гэж АНУ-ын Номхон далайн командлалын Тагнуулын нэгдсэн төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал асан Карл Шустер хэлжээ.
Лондонгийн Кингс коллежийн судалгааны ажилтан Даниел Салисбери "The Conversation" сэтгүүлд энэ долоо хоногт бичихдээ, "Хэрэв Орос Умард Солонгосын зэвсгийг худалдаж авч эхэлбэл НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчихөд Москва тусалсан гэсэн үг. Улмаар Иран тэргүүтэй Пхеньянаас цэргийн техник импортлож байсан бусад орнуудад тусалж буй хэрэг гэж ойлгож болно. Оросын худалдан авалт нь Хойд Солонгосын хориг арга хэмжээний дэглэмийг алдагдуулж, Кимд орлого оруулахад тусална гэсэн үг. Энэ нь мөн Хойд Солонгосын зэвсгийн экспортын аж ахуйн нэгжийн сэргэн мандалтыг өдөөж магадгүй юм" гэж бичжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хойд солонгос бас оролцож яахнав дээ