УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэлийн тухай хаалттай хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Өнөөдрийн /2024.01.11/ хуралдааныг нэг дороос хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн долоон гишүүнийг томилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжив.

Тодруулбал, хуралдаанаар үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлтэй холбоотойгоор улсын нууцад хамаарах асуудал яригдах учраас хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.


НЭМЭЛТ: 15.30 цаг

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо-

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн орон тооны бус гишүүн Д.Даваасамбуу, Э.Бямбажав, Б.Баярдаваа, А.Энхжин, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, Г.Алтанзаяа нарыг чөлөөлөв.

Улмаар Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд томилох санал хураалтыг хүн нэг бүрээр явууллаа.

Улмаар УИХ-ын гишүүд нэр дэвшигчдийг дэмжсэн юм.


НЭМЭЛТ: 15.10 цаг

-"Гадаадын иргэн дотоодын үнэт цаасны арилжаанд 70%-тай оролцож байсан бол одоо тав хүрэхгүй хувьтай болсон"-

Б.Жавхлан: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 хувьд өөрчлөлт орно

Үргэлжлүүлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцүүлгийн үеэр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 30  хувьд өөрчлөлт орохоор байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.

Мөн СЗХ-ны дарга Д.Баярсайхан "2011-2012 оны эдийн засаг өсөлттэй үед гадаадын иргэн дотоодын үнэт цаасны арилжаанд 70 гаруй хувьтай оролцож байсан. Харин одоо бол тав хүрэхгүй хувьтай байна. Дотоодын аж ахуй нэгжүүд бондын зах зээлд санхүүжилт татдаг болсон" гэв.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төсөл батлагдвал олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж. Мөн урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэнэ.


НЭМЭЛТ: 14.45 цаг

-Хүүхэд хамгааллын тухай хуулийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар шилжүүллээ-

"Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ хууль батлагдвал, эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрс, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, нэр төр, халдсан болон хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.

Улмаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. 


НЭМЭЛТ: 14.20 цаг

-М.Оюунчимэг: Өндөр дүнтэй тендерт асуудал гарахаар ҮАБЗ-өөр нууцын зэрэглэлд оруулдаг буруу жишиг тогтсон-

Үдээс хойших хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай" болон "Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн зарим утга нь дутуу, үг үсэг алдаатай байгаа тул гүйцээн боловсруулах чиглэл УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрдэнэс Тавантолгой ХК 800 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх тендер зарлахад шалгарах стандартын компани бараг байхгүй. Гэхдээ шалгаруулахын тулд төрийн албан тушаалтнуудын авлигын асуудал өндөр түвшинд хүрсэн. Автобус 1, 2 дугаар баазууд төрийн өмчит. Тэнд автобус шинэчлэл нэртэй мөнгө угаалт, бизнес явдаг. Харин нийтийн тээвэр дордож, дампуурч байна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниар дамжаад өндөр мөнгөн дүнтэй тендер зарлахад асуудал гарвал ҮАБЗ-өөр оруулж нууцын зэрэглэлд оруулдаг буруу жишиг тогтсон" хэмээсэн.


ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН

НЭМЭЛТ: 11.50 цаг

-"Ч.Хүрэлбаатарын хууль"-иар АН-ын бүлэг гурван хоногийн завсарлага авав-

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар АН-ын бүлгээс завсарлага хүсэж байгааг УИХ-ын гишүүн Н.Ганибал уламжиллаа.  

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой. Тус хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурьтай. УИХ-руу маргаан мэтгэлцээн өрнүүлж байна. Тиймээс АН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгч байна" хэмээн ярив. 


НЭМЭЛТ: 11.40 цаг

-Х.Болорчулуун: Хотгор шанагын уурхайг зарсан чинь худлаа юу. Зөвлөхийн чинь дансаар олон сая ам.доллар орж ирсэн шүү дээ-

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Шинэчилж байгаа хуульд эрс өөрчлөлт орж, сайжруулж байгаа юм алга. Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц гэдэг болгоомжлол төрөөд байгаа юм аа. Тийм учраас эсрэг үг хэлж байна. 100 мянган ам.доллароос дээшх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалт гэж нэрлэж, тодорхой эрх эдэлдэг байсан. Гэтэл 16.5-аар тэр босгыг байхгүй болгож байна. Хэдхэн сая төгрөгөөр хөрөнгө оруулагч гээд орж ирэх нь. Энэ ноцтой биш гэж үү.

60 дээр нэмэх нь 40 гэж байна. Ашиглах, эзэмших гэдэг үг чинь хоршоо үг. Өмчлөхөөс өөр. Монголын иргэддээ бид нар 15-хан жилээр олгодог. Хөрөнгө оруулагчдад ч гэсэн 15 жилээр ашиглуулаад нэг удаа сунгах байдлаар явах хэрэгтэй. Газар олголтыг багасгах хэрэгтэй.

Жижиг улс дархлаатай байх хэрэгтэй. "Хөгжихгүй байна, өөр бусад улстай нийлье" гэдэг санаа үеийн үед цухалздаг.

Рио Тинтог бил хөрөнгө оруулагч гэхээс илүү зээл хүүлэгч гэж хэлмээр байна. 2048 он хүртэл авахгүй шүү энэ байдлаараа. Монгол Улсыг төсвийн 3 хувийг ч бүрдүүлэхгүй байна шүү дээ, Оюу толгой. Уг нь 30-50 хувийг бүрдүүлж байх учиртай. Би дэлхийд гуравт ордог том ордоо бэлэглэчихсэн. Дээр нь мөнгө нь Монгол Улсын банкаар дамжиж орж ирдэггүй. Үүнийг дээрэм луйвар гэхээс илүү яах юм бэ. Ц.Даваасүрэн гишүүн Монголбанкаар Оюутолгойн мөнгө орж ирдэг болох тогтоолын төсөл оруулж ирсэн. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд унагаасан. Ч.Хүрэлбаатар гишүүн гурав, дөрвөн хүний кноп дарж байгаад унагаасан. Худлаа гэж хэлж чадахгүй л байх. Худлаа гэж бодож байвал намайг шүүхэд өгөөрэй.

Ч.Хүрэлбаатар сайд минь, таныг би мэднэ. Тантай 10 жил энд цуг суулаа. Та хэзээ ч Оюутолгойн гэрээг засах, муу гэрээг сайжруулахын төлөө явдаггүй. Дандаа эсэргүүцэж байсан. Хотгор шанагын уурхайг зарсан чинь худлаа юм уу. Үнэн шүү дээ.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатаар: Яриад бай. Одоо хужаа гээд ярь.

ХХААХҮ-ийн сайд Ч.Болорчулуун: Зөвлөхийн чинь дансаар олон сая ам.доллар орж ирсэн нь үнэн шүү дээ.


НЭМЭЛТ: 11.30

-Ч.Хүрэлбаатар: Ямар нэгэн завсарлагагүйгээр одоо шийдвэрээ гаргаад хоёр талдаа гарцгаая-

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагасан нэлээн их улстөржилт явагдаж байна. Монгол Улс хөгжмөөр байна, ард түмний амжиргааг дээшлүүлмээр байна. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт чухал. Газрыг 100 жилээр эзэмшүүлнэ гэсэн үг Монгол Улсын хуульд 30 жил байхад хараагүй хэрнээ одоо нулимс дуслуулж, хоолой шахаж “Газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна гэж ярьж” жүжиглэх хэрэггүй.

Монголын хөгжлийг хойш татаж ирсэн хүмүүс энэ төслийг эсэргүүцнэ. Ямар нэгэн завсарлага байхгүйгээр одоо шийдвэрээ гаргаад хоёр талдаа гарцгаая. Ил тод болцгооё. Хэн нь Монгол Улсын хөгжлийг хойш татаж, хэн нь гэрэлт ирээдүйг харж байгааг одоо шийдье" гэлээ.


НЭМЭЛТ: 10.40 цаг

-А.Адъяасүрэн: Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Ч.Хүрэлбаатар сайд аа Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих-

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр хэлэх үг байна. Иргэдээс маш их санал ирж байгаа учир дуу хоолой нь болох ёстой. "Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна" гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн, монгол газар нутагтаа эзэн байх тухай би хэлэх гэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэчхээд хөрөнгө оруулалтын босгогүй болгож байгаа нь хөрөнгө татах биш мөнгөгүй гадаад хүнийг оруулж, газраа өгөх далд санаа агуулж байгаад харамсаж байна. Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа тодорхой нөхцлүүдийг тавьдаг. Тухайлбал, АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. БНСУ 100 сая вон. "Босгоо намсгахгүй бол, газраа үнэгүй ашиглуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй" гэдэг гадаадын нэг бизнес байхгүй. Хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаагийн хамгийн том шалтгаан бол хууль, эрхзүйн тогтворгүй байдал. Хууль байнга өөрчлөгдөж тогтворгүй байдагтай холбоотойгоор орж ирэхгүй байгаа юм аа. Хуульд гэхэд л сүүлийн 11 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт орсон байна шүү дээ.

Ч.Хүрэлбаатар гишүүний хууль батлагдлаа гэхэд жинхэнэ хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх юм уу.

Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг гадны хүнд 100 жилээр ашиглуулах гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. 80 жилийн дараа бид газраасаа хөөгдөх эрсдэлд орох юм биш үү. Израилын мөнгө хүүлэгчид 1900-аад оноос Палестины газрыг худалдаж, түрээсэлж авч эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувь дээр уугуул иргэд дайнд нэрвэгдэж амьдарч байна. Үүнийг бид давтах байна.

Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Ямар ашиг сонирхол байгаа юм. Би үгээ хэлэх эрхтэй. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байгааг сошиалаас та нар харж байгаа байх. Монгол малчдыг малынх нь бэлчээр дээрээс хөөх эрсдэл үүсэж байна шүү дээ.

Ч.Хүрэлбаатар сайд аа Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Б.Пүрэвдорж: Малчдын амьдрал хүндэрч, малаа маш ихээр нядалж байна-

Хэлэлцэх асуудлын дараалалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "Хэлэлцэх асуудлын дарааллын талаар сүүлд нь хэлье. Малчдын амьдрал хүндэрч байна. Малаа маш ихээр нядалж байна. 500 малтай айл 300-г нь нядлаад 200-тай үлдэж байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-С.Бямбацогт: Дотоодын хөрөнгө оруулагчид газар эзэмшихгүй зөвхөн ашигладаг болж, хохирох нь-

Хэлэлцэх асуудлын дарааллын талаар албан бичгээ ирүүлсэн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт үг хэллээ.

Тэрбээр, "Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийг талцуулж байна. Өмнө нь бид хөрөнгө оруулагчдийг гадаадынх бол дэмждэг, дотоодынх бол тоохгүй байх тухай ярьдаг байсан. Уул уурхайнх бол дэмждэг, үндэсний үйлдвэрлэл бол дэмждэггүй. Одоо яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын хуулиар энэ ялгаварлалыг арилгаж байна.

Гэтэл ганц нэг заалтаас болж, мушгин гуйвуулах боллоо. "Гаднын иргэдэд газрыг 100 жилээр өгөх гэж байна" гэж бухимдаж байгаа. Тэгтэл нөгөө талд 100 жилээр эзэмшүүлдэг, ашиглуулдаг байсныг зөвхөн "ашиглуулдаг" л байхаар зохицуулалт орсон байна. Ингээд дотоодын хөрөнгө оруулагчид газар эзэмшихгүй зөвхөн ашигладаг болж, хохирох нь. Ийм эргэлзээтэй асуудлуудыг тайлах хэрэгтэй байна. Үүнд тодорхой мэдээлэл өгч, ард түмний мэдэх эрхийг хангаарай. Хүч түрээд унагаад эсвэл баталдаг байж таарахгүй. Нухацтай хандаасай, гишүүд анхаараасай гэж хэлмээр байна" хэмээлээ.

Мөн тэрбээр Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг "Мо Эн Ко" ХХК-тай нэр холбогддог билээ. Энэ талаараа ам нээлээ.

Энэ тухай "Энэ Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Өнөөдөр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компани Хонг Конгын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож орж ирсэн. Ингэж орж ирэхдээ ихээхэн зүйл амласан. Олон үүрэг хүлээсэн. ДЦС болон коксын үйлдвэр барина, дотоодын компаниудыг дэмжинэ гэж. Үүнээс биелж байгаа ганц нь ханган нийлүүлэгч дотоодын компаниудыг оруулж байна. Тээврийг ховдчууд хийж байна. Цахилгаан станц барих амлалт байхгүй. Баруун аймгийнхан ОХУ-аас өндөр үнэтэй цахилгаан авч байна. Тиймээс стратегийн ордод авч монголын төр 34 хувийг нь эзэмшье. Нүүрсний хулгай байгаа эсэхийг хууль хяналтынхан шалгамаар байна. Монголын төр, ард түмэн байгалийн баялагтаа эзэн болъё. Орон нутаг биш олон нийт мэддэг болъё"


НЭМЭЛТ: 10.10 цаг

-Ч.Ундрам нарын гишүүд "Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл"-өө эргүүлэн татлаа-

УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын гишүүд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-өө эргүүлэн татах хүсэлт ирүүлжээ.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эргүүлэн татаж авах хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.

Улмаар хүсэлтийг хүлээн авлаа хэмээн алх цохив. 

Ч.Ундрам нарын УИХ-ын зургаан гишүүн 2023 оны гуравдугаар сарын 16-нд УИХ-д өргөн барьсан билээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Мөнхцэцэг гишүүнд хандан "Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль" удаад байна, яаравчлах хэрэгтэй" хэмээн санууллаа.


НЭМЭЛТ: 10.05 цаг

-А.Адъяасүрэн, Ч.Хүрэлбаатар нарын 9 гишүүн хэлэлцэх асуудлын дарааллаар бичиг ирүүлжээ-

Өнөөдрийн хуралдаан эхэллээ.

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 13.14-т зааснаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлуудыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол УИХ-ын даргад чуулганы хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ" гэж заасан байдаг.

Энэ дагуу УИХ-ын даргад өчигдөр

  1. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт
  2. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  3. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  4. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
  5. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  6. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар
  7. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун
  8. УИХ-ын гишүүн Т.Доржханд
  9. УИХ-ын гишүүн Д.Ганбат

нар албан бичиг ирүүлсэн гэж мэдээлэв.


ЭХЛЭЛ: 07.45 цаг

-Өнгөрсөн долоо хоногт ирцээр “бойкот”-д орсон Ч.Хүрэлбаатарын хуулиар өнөөдөр дахин санал хураана-

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/-ийг хэлэлцэнэ.

Өнгөрсөн 7 хоногийн чуулганаар яг санал хураах үеэр ирц хүрээгүй. Өчигдөр орой твиттерт өрнөсөн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ч.Хүрэлбаатар сайд “Санал хураалтын үеэр акц хийж, зориуд ирц хүргээгүй” гэж онцолсон. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэрхэх вэ гэдэг нь анхаарал татах асуудал юм.


Энэ долоо хоногт дараах асуудлууд хэлэлцэнэ.

·Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай”Монгол Улсын Их Хурлын тогтоолынтөсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

·”Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай”болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·”Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал

· Бусад

·Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2024 11:35

Энэ нэг хулгайч авгай юун их дан�##�задагийн

zochin
zochin
1 сар 11, 2024 11:39

chi ediin zasag medehuu

Зочин
Зочин
1 сар 11, 2024 12:42

МАН болиочээ

Зочин
Зочин
1 сар 11, 2024 13:43

МЫГ НЬ УХАЖ ГАРГААД АВЧИХААД ЗУУ БИШ ЗУРГААХАН ЖИЛИЙН ДАРАА АЙМААР ТОМ САЛААВЧ ӨГНӨ ДӨӨ ТААНУУД ХАРЖ БАЙГААРАЙ

Зочин
Зочин
1 сар 11, 2024 14:23

Хотгор ш ыг гадныханд зарсан үнэн юм бол манай цагдаа тагнуул прокурор шүүх юугаа харж юү хийж байдаг байнааа...

Зочин
Зочин
1 сар 11, 2024 14:24

Болорчулуун нэг намынх гэхгүй ёстой улайт�##� нь гоё хэллээ. Хүрэлбаатар та Монгол төрөөс �######�на уу даа

Зочин
Зочин
1 сар 11, 2024 15:03

ОТ, Бороо гоульд Монгол юу өгсөн юм, луйвар хийчээд сууж байгаа биз дээ,

Зочин
Зочин
1 сар 12, 2024 10:51

Хүний сайхан үрсийг цэргийн �##�ба ха�##�гах нэрээр аваачаад хувийн зарц болгодог зоддог нүддэг өрөөл татуу болгодог заримынх нь амь насыг хохироодог зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэхэд хөрөнгө зарах шаардлагагүй. Орос хятад гэх хоёр агуу гүрэн дээгүүр давж манайтай хэн байлдах вэ??

Зочин
Зочин
1 сар 12, 2024 11:28

Хүрэлбаатар гэж хужаагийн шээсийг төрд бүү ойртуул!!! Муу сүг.

Холбоотой мэдээ

Back to top button