Ярилцлага

Б.Оюунгэрэл: Хүн бүр өвддөг сэтгэлтэй. Доромжлуулах хэрээр тоох нь л багасдаг байх

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. Сүүлд 1 сая төгрөгийн такстай хүлээн авалт зохион байгуулсан гэдэг сенсацид өртөх үеэр түүнтэй утсаар ярьж байв. АНУ-д, НҮБ-ийн эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралд оролцож явахад нь шөнийн 03.00 цагт ярьж таарсан ч тэр бүх зүйлийг тайлбарлаж өгсөн. Түүнд яагаад ч юм зарим нэг хүмүүс их дургүй юм билээ. Гэтэл тэр зүгээр л ТББ-ын тэргүүн. Б.Оюунгэрэлийг ярилцахаар, ойлгохоор урилаа.

-Та Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар яагаад ажилладаг вэ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр танд дургүй хүмүүс олон болчихлоо?

-Би МЭХ-ны ерөнхийлөгч болоод таван жил, таван сар болж байна. Хоёр дахь удаагаа сонгогдлоо. Анх би өөрөө эмэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэж бодож байсан. Сонин түүх л дээ. Харин байгуулах холбооныхоо нэрийг бодож байхдаа интернэтээс “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо” гэж хайж үзтэл “2014 онд МЭХ-ны 90 жилийн ой болж, фото зургийн үзэсгэлэн гарлаа” гэсэн мэдээ news.mn дээр гарсныг уншиж байлаа. Өөр илэрц гарч ирээгүй.

Тухайн үед холбоо байгуулах талаар ярьж явсныг найзууд маань мэдэж байсан. Би нэг юм хийнэ гэвэл богино хугацаанд хийчихдэг зантай. Түүнийг найзууд маань мэддэг болохоор анх ярьж байсанаасаа хэсэг хугацааны дараа найзуудтайгаа уулзахад  “Холбоогоо байгуулчихсан уу?” гэж асуусан. Тэгэхэд нь “Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллага байдаг юм байна” гэхэд найзууд маань гайхаж байсан. Ингээд би МЭХ-г сонирхож эхэлсэн. Холбооны чуулган нь болж, ерөнхийлөгчөө сонгох гэж буйг мэдээд өөрөө нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдсэн хэрэг. Хүмүүс их өөрөөр ойлгодог.

Ингээд МЭХ-ны ерөнхийлөгч болж орж ирээд байгууллагаасаа би өөрөө эмээж байсан. 1992 он хүртэл МЭХ нь төрийн том институц байсан. “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан энэ холбоо 1992 он хүртэл төрийн маш том чиг үүрэг хэрэгжүүлэг байгууллага байсан юм билээ. Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга нь одоотой дүйцүүлвэл Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан. "С.Удвал гуай улаан номертой машин унадаг байсан юм шүү миний охин" гэж манай Д.Мөнхөө гуай надад хэлэхэд би гайхаад, “Машины номер тийм чухал юм байх даа" гэж бодоод өнгөрч байж билээ. Гэтэл тэр үед долоохон  дарга улаан номертой машин унаж байсны нэг нь манай байгууллагын дарга байсан. Үүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр тийм өндөр эрэмбэтэй албан тушаал байсан. Харин 1992 онд Монголын эмэгтэйчүүдийн хороог татан буулгах тухай асуудал ярихад Д.Мөнхөө гуай эсэргүүцсэн ч дийлээгүй. Улмаар ТББ-ын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж үлдсэн. Одоо ТББ болоод 32 дахь жилдээ явж байна. Өнгөрсөн 32 жил нэг төрийн бус байгууллага битий хэл нийт улсаараа амаргүй цаг хугацааг даван туулаад өнөөдрийг хүрсэн.

Холбоо 21 аймаг, 330 суманд гишүүд, төлөөлөгчтэй. Бүгд цалин хөлсгүй, төсөв хөрөнгөгүй ажилладаг. Түрүүнд та асуусан. Яагаад дахин сонгогдож ажилладаг юм бэ гэж. “Цалин авдаггүй юм бол тэгээд зайлаач” гэдэг л дээ. Манай ажлын албанд одоо гурван хүн ажиллаж байна. Бусад нь сайн дураараа ажилладаг. Таныг цалингүй мөртлөө олон нийтийн төлөө ажилла гэвэл зөвшөөрөх үү? Хэчнээн хүсэл сонирхол байлаа ч хүнд өөртөө болон гэр бүлдээ хүлээсэн үүрэг гэж бий. Харин МЭХ-ны аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчид сайн дураараа, сайхан сэтгэлээрээ, эв нэгдэл, үнэт зүйлээрээ нэгдэж, хэлсэн хэлээгүй хамтраад ажилладаг. Бид 21 аймаг, 330 сумын идэвхтэн, сонгуультнуудаа нэгтгэж харвал аль ч төрийн агентлагтай дүйцэхүйц ажил хийдгийг бардам хэлнэ.

Товчхондоо, олон хүн “Чи юу хийсэн юм?” гэж асуудагт баярладаг. Тэгж асуутал нь бид ажиллаж байна. Нөгөө талаар бас харамсдаг. Бүхэл бүтэн улс шүү дээ. Манайд 30 мянган ТББ бий. Гэтэл нэг ТББ-ыг урдаа тавьчхаад “ялладгийг” би гайхдаг. Гэтэл өнөөдөр ХНХ-ын яам бий, сайд нь эмэгтэй хүн. ХЭҮК гэж бий, дарга нь сайдын эрэмбэтэй алба хашдаг. Тэд бие даасан хуультай. Жендерийн үндэсний хороо гэж бий. Цаас бариулж, зураг авхуулаад л ажлын тайлан тавьдаг газар шүү дээ. ГБХЗГ байна. Тэд ямар ажил хийж байна вэ. Хамгаалах байрны тоог л нэмдэг.

Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд гэрт орж эм, гадаа гарч эр болж байна. Амаргүй хүнд ачааг үүрээд амьдралаа авч явах гэж чадлаараа тэмцэж байна. Хүүхэд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, архидалт, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн зөрчил гээд ярих сэдэв, хийх ажил мундахгүй их байгааг харуулж байна. Хөрсөн дээрээ буусан зөв бодлого, хуулийн хэрэгжилт, зөв тогтолцоо, эрүүл хамтын ажиллагаа гээд шүүмжилье гэвэл шүүмжлэх асуудал өч төчнөөн л байна. Би хэзээ ч, хэнийг ч өнөөдрийг хүртэл шүүмжилж, МЭХ-рүү ирсэн “гал”-ыг хэн рүү ч шилжүүлж байгаагүй. Гэхдээ өнөөдөр шүүмжилмээр байна. Бид хэнээс хариуцлага нэхэх ёстойгоо бас ойлгодог болоосой гэж хүсэж байна. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллагууд улс орон, төр засагтаа туслаад чамгүй ажлыг нугалж өгч байгаа нь нууц биш. Сүүлдээ “Монголын эмэгтэйчүүд” гэдэг нэрээ авъя гэж дайрч байгаа. Ийм нэртэй 70 гаруй ТББ Монголд бий л дээ. Эмэгтэйчүүд, хүүхдийн, охидын гэх мэт эрх ашгийг хамгаалах нэрээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун төрийн бус байгууллага бий. Бүгд л их бага, янз бүрийн хэмжээгээр төртэйгөө, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, тодорхой санхүүжилт аваад ажилладаг.  Хэн хэн ямар төслүүд авч хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хийснээ олон нийтэд тавьдаггүй. Хэдэн тэрбумаар нь ч аваад төсөл хийдэг төрийн бус байгууллагууд өчнөөн олон. Энэ тэдний буруу биш. Харин хэнд ямар төсөл, ямар санхүүжилтээр, ямар өртөгтэйгөөр хийлгэсэнээ “төр” нь ил гаргадаггүйд асуудал байгаа юм.

Товчхондоо, өнөөдөр нэг ТББ-аас Монголын нийт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаал гэж шаарддагаа л эргэж харах хэрэгтэй. ЭМДС-гаас 60 сая төгрөг авсан гэж цоллож байсан. Хэдэн зуун ТББ-ууд хэдэн зуун саяар, хэдэн арван саяар ч авсан байдаг. Гэтэл зөвхөн МЭХ л 60 сая төгрөг аваад түүнийг нь Б.Оюунгэрэл гэдэг хүн идээд уучихсан мэтээр ойлголт өгөх гэж улайраад байгааг үнэндээ ойлгодоггүй. Манай байгууллага 60 саяд ихдэх ажил түүгээр хийсэн.

-Яг төсөл хэрэгжүүлбэл 60 сая төгрөгөөр ажил хийхгүй л дээ.

-Нэг аймгийг бүтэн тойрох шатахууны зардал л шүү дээ.

-Та МЭХ-г 94 нас хүрч байхад нь анх хэвлэлийн мэдээнээс харж. Та тийм ойлголттой байсан бол хүмүүс ч бас мэддэггүй байсан байх. Галыг нь таслалгүй авч явсан хүмүүс хэн хэн бэ?

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны анхны тэргүүн бол Д.Пагмадулам. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий. Дараа нь Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаа гуай ажилласан. Түүний дараа С.Удвал гуай 25 жил ажилласан. С.Удвал даргын дараа Л.Пагмадулам 1980-1990 онд байгууллагаа тэргүүлсэн. Улмаар Д.Мөнхөө дарга хоёр жил ажиллаад, 1992 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” ТББ болсоны дараа Г.Дашаа, Н.Гэрэлсүрэн дарга найман жил. Түүнийг залгамжилж, Ж.Эрдэнэчимэг дарга 18 жил ажилласан.

-Та шууд Ерөнхийлөгчид нь өрсөлдсөн юм уу?

-Олон нийтэд нээлттэй зарласан шалгаруулалтад материалаа өгөөд, өрсөлдсөн. Сүүлд болсон сонгуульд ч мөн ийм зарчмаар оролцлоо.

Анх холбоо татвар авдаггүй, гишүүнчлэлгүй НҮТББ байсан. Санхүүжилт хаанаас авах нь маш тодорхойгүй байсан. Гэтэл МҮХАҮТ, МЗХ, Үйлдвэрчний эвлэл, Монголын ахмадын холбоо гэх мэт байгууллагууд ТББ мөртлөө хуультай. Манайх хуульгүй. Тэгэхээр бид ТББ-ын тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ дагуу татвар, хандив, хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжнэ. Гишүүнчлэлгүй байгууллага хаанаас татвар авах вэ. Хэн, яагаад бидэнд хандив өгөх вэ.

За, олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгө захиргаа, удирдлагын санхүүжилтэд зориулагддаггүй. Гэтэл бичиг цааснаас эхлээд захиргааны зардлаа ч хэрхэн босгох нь ойлгомжгүй байсан. Ингээд 2021 онд дүрэмдээ өөрчлөлт оруулж, 30 мянган үнэмлэх хэвлэж, 21 аймагт явуулсан. Сумдын анхан шатны нэгжүүдээ ядаж санхүүжүүлье гээд татвар авч эхэлсэн. Жилд 12 мянган төгрөг. Нас, хүйс, нам харгалзахгүй гишүүн болж болно. Татвар төллөө гээд бүх арга хэмжээндээ үнэ төлбөргүй арга хэмжээнд оролцуулах боломжгүй. Жилийн 12 хоёр мянган төгрөгийн татварын 6 мянга нь суманд, 3 мянга нь аймагт, 3 мянга нь манайд буюу төвд ажлын албанд ирэх ёстой. Гэхдээ тэгдэггүй л дээ. Гишүүддээ бид цалин хөлс, албан тушаал амлаж чаддаггүй тул тогтворгүй. Хатуу гишүүнчлэл байхгүй. Бид гишүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулах ёстой ч бидний хийж буй бүх төсөл хөтөлбөр, олон нийт рүү дандаа чиглэдэг. Тэгэхээр гишүүн болсон, болоогүй ялгаагүй дүр зураг үүсдэг байх. “Том” ТББ юм шиг, Монголын бүх эмэгтэйчүүдийн өмнө үүрэг хүлээх  юм шиг. Гэвч эрх зүйн хувьд тийм субъект биш. Тийм боломж ч бага. Гэхдээ л бид хөдөө, хотгүй боломж нөхцөл, хамтын ажиллагаа, сайхан сэтгэлтэй идэвхтэн, сонгуультнуудынхаа ачаар маш олон ажлуудыг нугалж, хамтдаа ард нь гарч байгаа.  Нэг талдаа Ардчиллын дараа сайн дураар эвлэлдэн нэгдсэн ТББ. Нөгөө талаар социализмын үеийн уламжлалт байгууллагын хандлага зэрэгцээд “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг шиг л явдаг.

-Одоо  танай оффист хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Надтай нийлээд дөрвөн хүн байна. Гэрээт ажилтантай нийлээд тав.

-Цалин хэд вэ?

-Манайд хорин жил ажилласан хүн байна. Саяхан цалинг нь нэмж, 1.5 сая болголоо. Бусад нь 1.2-1.3 сая төгрөгийн цалинтай. Том нэртэй, үндэсний сүлжээтэй, өргөн фронттой ч  санхүүгийн хувьд “жижиг” байгууллага гэдгийг л хүмүүс ойлгодоггүй.

-Эмэгтэйчүүдийн нэрээрх 70 орчим ТББ байдаг талаар та дурдлаа. Жендерт суурилсан олон улсын төсөл хөтөлбөрүүд, өөрөөр хэлбэл мөнгө бий. Тэр мөнгө хаагуур эргэлддэг юм бол?

-Донор байгууллагуудын төсөл олон. Гэхдээ ТББ-уудад биш Засгийн газарт өгдөг. Жишээ нь, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ” гэдэг төслийн санхүүжилт орж ирвэл түүнийг Жендерийн үндэсний хороо руу өгөх жишээтэй. “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” асуудлаарх төсөл голдуу ЭМЯ руу. Үндсэндээ Засгийн газар буюу яамдууд олон улсын төслийн мөнгийн хуваарилдаг.

-Та Ерөнхийлөгч болоод ийм төсөл холбоондоо татсан түүх бий юу?

-“Дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах нь” гэдэг төслийг ХЭҮК-той хамтарч 4 аймгийн 12 суманд хэрэгжүүлсэн. Европын холбоо санхүүжүүлсэн. Гэхдээ санхүүжилтийг ХЭҮК захиран зарцуулсан. Үүний үр шимээр туслах малчдын асуудал Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа бодлого болж суусан. Би оролцогч гэдгээрээ сарын 178 мянган төгрөгийн цалин авч байсан. Ийм дүнгээр бусад  оролцогчид маань цалинжсан. Манай байгууллагад өөр мөнгө ирээгүй.

Хоёр дахь нь, “Улаан цэцэг” гэж УСК-гоо хийхийн тулд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд кино урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх нь” гэдэг төсөл бичиж, Швейцарийн хөгжлийн агентлагаас 130 сая төгрөг авсан.

ДЭМБ-тай бид хамтарч ажилладаг. Гэхдээ санхүүгийн ямар нэг харилцаа байхгүй.

2019 онд Жендерийн үндэсний хорооноос 30 сая төгрөгийн төсөл авч байсан юм байна. Одоогоор олон улсын байгууллагаас санхүүжилт авсан өөр түүх алга.  

-Ингээд санхүүжих эх үүсвэр ерөнхийдөө дуусаж байх шиг байна. Төсвөөс бол байхгүй шүү дээ?

-Байхгүй. Ганц нэг төрийн байгууллагуудтай богино хугацааны хамтран ажиллах гэрээтэй бол ажилласан. МЭХ төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй.

-Цар тахлаас хойш тан руу чиглэх дайралт илт нэмэгдсэн. Жишээлбэл, “Улаан цэцэг” гэж кинон дээр юу болсон юм бэ. Орлогоо авч чадахгүй байгаа гэж байсан. Эдийн засгийн ашигтай ажиллаж ер нь чадсан уу?

-Гурван асуулт ирдэг л дээ. Яагаад МЭХ кино хийдэг юм. Хоёрт, хэнээс мөнгө авав. Гуравт, охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөөр байхад яагаад кино хийж явна вэ гэх мэт.

Эмэгтэйчүүдийн түүхийг бичиж үлдээсэн, хадгалж, хамгаалсан нь бараг л үгүй. Кино урлагт гэхэд  “Мандухай сэцэн хатан” гэдэг ганц киног л Монголчууд мэднэ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо манай улсад 17 хувь буюу Ази, номхон далайн бүс нутагтаа хамгийн доогуурт бичигддэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэдэн дарга нар хувцсаа сольж өмсөөд, тайзаа өөрчлөөд яриад шийдэгдчихдэггүй. Бүхий л талаар бид иргэддээ мэдлэг, ойлголт, соён гэгээрлийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байж илүү дэвшил авч ирнэ. Үүний нэг арга нь кино урлаг. Бидэнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллахад гэр бүлээ, ажил амьдралаа хэрхэн зольж, ямар ялгаварлан гадуурхалтад өртөж, ямар бартаа саадыг давдгийг харуулах, ойлгуулах том зорилго байсан.

Хоёрт, маш олон улсад эмэгтэйчүүдийн музей гэж бий. Тэдгээр улс энэхүү музейгээр улсынхаа туулж өнгөрүүлсэн түүхийг эмэгтэйчүүдийнхээ түүхээр дамжуулан харуулдаг юм билээ.

Эмэгтэй хүний асуудал гэж нэг хүний асуудал биш, нэг улсын ч асуудал биш, нийт хүн төрөлхтний асуудал. Эмэгтэй хүйсээр тухайн нийгмийн нөхцөл байдлыг харж болно. Эмэгтэй баатрыг, дүрийг, идеалыг дагалдаж, тухайн улсын нийгмийн, улс төрийн түүхийг илэрхийлж байдаг. Өнөөдөр бидэнд тийм идеал байна уу. Зөндөө байсан. Одоо ч байгаа. Харин хардаггүй, үнэлдэггүй, ойлгодоггүй. Гуравт, С.Удвал бол манай улсаас дэлхийн энх тайвны шагнал хүртсэн хоёрхон хүний нэг. Гайхалтай эмэгтэй, төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Бид киноныхоо үг өгүүлбэр, сцен бүрд утга санаа шингээж ажилласан.

За, киногоо хийсэн. 2022 оны гуравдугаар сарын 7-нд нээсэн. “Ю Тийм” компанитай хамтарсан. Үндсэн хамтран ажиллах гэрээний санхүүжилт бол 655 сая төгрөг. Хоёр талаас 50, 50 хувь зардлаа гаргаж, ашгийн 50, 50 хувийг мөн хувааж авах нөхцөлтэй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж зохиогчийн, оюуны өмчийн эрхийг МЭХ 100 хувь эзэмших гэрээтэй.

МЭХ-ны хувьд үүргээ 100 хувь биелүүлсэн. Мөн төсөл дууссаны дараа санхүүжилт хүрэхгүй байна гэдэг асуудлыг хамтрагч талаас ярьсан учраас дахиад 50 орчим сая төгрөгийг МЭХ нэмж кино төсөлд өгсөн. МЭХ-ноос "Улаан цэцэг" төсөлд зарцуулсан 370 гаруй сая төгрөгийн  130 саяыг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн. Бусад нь хандив. Намаас мөнгө авсан гэж маш их дайрч байсан. Санхүүжилттэй холбоотой бүх баримт, задаргааг та яг одоо ч үзэж, танилцаж болно. Дурын иргэн орж ирээд үзье гэвэл бид үзүүлэхэд бэлэн байдаг. Манай байгууллагад олон улсын аудит ч орж байсан.

Бид одоо хэр киногоо авч чадаагүй байгаа. Манай хамтрагч тал нэмэлт 120-иод сая төгрөг нэхдэг. Эсвэл орлогын 60 хувийг авна гэдэг хүсэлтээ удаа дараа тавьдаг. Тэгэх боломжгүй гэдгээ бол бид илэрхийлдэг. IPTV-д киногоо оруулсан ч  орлогоос бид одоо хүртэл авч чадаагүй л байна. Нээлтийн үеэр кино театруудаас 60 орчим сая төгрөгийн орлого олсон байдаг. Дараа нь би есөн аймгаар яг өөрөө киногоо авч яваад, 110 сая төгрөгийн орлого олсон. Нэг аймгийн орлого одоо орж ирээгүй байгаа. Нийт 170 орчим саяын орлого олжээ. Үүнээс, орлогоос суутгахаар тооцсон нэмэлт зардлаа хасаад, манай бодит орлого 40 сая төгрөг юм.

Иргэн Г.Ундармаа өөрийн нэрээр IPTV-үүдтэй гэрээ хийж, хувийн  дансаар орлогоо  авч байгаа юм байна лээ.

-Цааш яах вэ?

-Шүүхэд хандана.

-Хандаагүй байгаа юу?

-Хоёр өдрийн өмнө УЗ хуралдаж, шүүхэд хандах шийдвэр гаргасан.

-Хүмүүс МЭХ-г буруутай гэж хардаг. Гэхдээ кинондоо сэтгэл хангалуун байдаг уу?

-Байгаагүй зүйлийг бий болгосондоо баяртай явдаг. Гэхдээ хүссэндээ хүрээгүй.  Байгаа хөрөнгөө зараагүй. Харин ч МЭХ-ны өөрийн хөрөнгө нь нэмэгдсэн. Харамсалтай нь интернэтэд тавигдчихсан байна лээ. Улсаас төсөв аваагүй, ямар нэг хулгай зэлгий хийгээгүй, хэн нэгний эрхийг зөрчөөгүй болохоор хэний өмнө ямар буруу зүйл хийснээ ойлгодоггүй. Хүсвэл хэн ч кино уран бүтээл хийх нь ардчилсан нийгэмд нээллтэй шүү дээ.  

Хувийн кино продакшнууд уран бүтээл хийгээд, орлого нь тэдний ашиг болж явдаг. МЭХ-д ирсэн орлого бол “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг санхүүжүүлэх зорилготой байсан. Нэг хөрөнгө үүсгэж, түүгээрээ өөр төслөө санхүүжүүлэх санаачилга юм.

“Хавдаргүй монгол эмэгтэй” төсөлдөө киноны орлого болох 40 сая төгрөгөө зарцуулсан, мэдээж хангалттай хүрэлцээгүй.

-Дахиад хоёр дахь киногоо хийхийн тулд нөгөө 1 сая төгрөгийн такстай хүлээн авалт зохион байгуулсан юм билээ. Таныг АНУ-д байхад би тодруулга авч байсан.

-Хоёр дахь кино Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай. 2021 онд С.Удвал гуайн 100 жилийн ой байсан тул “Улаан цэцэг” киног түрүүлж хийсэн. Харин Д.Пагмадуламын тухай кино хийх нь анхны санаа байлаа.

Энэ жил МЭХ-ны 100 жилийн ой. Түүгээр ч зогсохгүй, Анхдугаар үндсэн хуулиа баталсны буюу хүний эрхийг дээдэлсний, эмэгтэйчүүдийн эрхийг бататгасны ч 100 жилийн ой. Манай анхны Үндсэн хууль хүний эрхийг дээдлэх агуулгаар Азидаа анхдагч. Харин Д.Пагмадулам богтлох ёсыг халах, эмэгтэй хүний сурч боловсрох, улс төрийн эрхийг хангуулах “том шүгэл” үлээж Анхдугаар үндсэн хуульд үг хэлж байсан ганц эмэгтэй. Монголын парламентийн анхны цор ганц эмэгтэй гишүүн, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга, анхны ардын багш нарын нэг, 5 хэлтэй өндөр боловсролтой нэгэн байсан. Иймд 100 жилийн ойгоороо Д.Пагмадуламын тухай киног хийж энэ жил нээхээр зорьсон.

-Санхүүжилтээ яах вэ?

-Энэ удаа бол 700 сая төгрөгийн гэрээтэй, “Хамба фильм”-тэй хамтарч байна. 100 хувь өөрсдөө санхүүжүүлнэ, оюуны өмч болон зохиогчийн эрх нь хамтрагч байгууллагад хамаарахгүй.

-Сургамж аваа юу?

-Яах вэ дээ, алдаж онодог хорвоо. Тэр том салбарын нарийн ширийнийг мэдэхгүй. Киночдыг гүйцнэ гэж байхгүй ч тодорхой хэмжээнд ойлголттой болсон шүү.

Одоогоор 600 сая төгрөгийг босгосон байна. Дандаа хандив. МЭХ-ны УЗ-ийн гишүүн Л.Оюундулам, Д.Ганцэцэг нар анхны санхүүжилтийн 50, 50 сая төгрөгийг хандивласан байдаг. Төслийн үнэ цэнийг ойлгож буй хүмүүс тав, гурав, тавь ч хамаагүй хандив өгдөг. Хоёр удаа хөрөнгө босгох үйл ажиллагаа зохион байгуулсан. 2024.01.20-нд мөн 1 саяын такстай хүлээн авалт хийсэн. Сая гуравдугаар сарын 7-нд бас хийсэн. Ардчилсан нийгэмд байж болдог л зүйл. Ангийн хамт олны, сургуулийн төгсөлтийн ой, сумын наадмын ой гээд бүгд л дээр доргүй хандивын арга хэмжээ хийдэг. Ямар нэг хууль лав зөрчөөгүй.

100 гаруй саяд нь зээлтэй яваа. Зээлээ оруулж тооцвол 200 сая гаруй төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Кино 98 хувь хийгдсэн. Тавдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөж байна.

-Яаж МЭХ дангаараа босгов гэж гайхмаар дүн байна.

-Харин тийм, дандаа л хандив шүү дээ. Хөрөнгө босгох үйл ажиллагаанд таксаас гадна дуудлага худалдаагаар гэх мэт ч ордог. Хандив бол сайн дурынх тул мэдээж амаргүй. “Д.Пагмадулам” төслийн орлого нь бидний “Нандин” төсөлд зарцуулагдах болно.

-“Нандин төсөл” хэзээ эхэлсэн бэ?

-2022 оны есдүгээр сараас эхэлсэн. Говь-Алтай аймагт “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг нээх үеэр хамт эхлүүлсэн. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын тухай, дэлгэцийн дон, мэргэжил сонголт, эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт, охидын эрүүл ахуйн тухай лекц уншдаг. 50 гаруй мянган хүүхдэд лекц уншсан байна. Бид сумын сургуулийн ангид, дотуур байранд “Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” гэсэн уриатай жижигхэн модон хайрцаг байршуулдаг. Нийгмийн хэвшмэл ойлголтоор хүнийг хүйсээр нь ялгаварладаг энэхүү хандлагыг л өөрчлөх зорилготой.

-Хэдэн сумын?

-Дөрвөн аймгийн 62 суманд хийсэн. Зарим суманд дунджаар 200-400 хүүхэд. Зарим том сумдад, аймагийн төвийн сургуулиудад  нь мянга мянгаар нь зохион байгуулдаг.  Янз, янз. Мөн Нийслэлийн сургуулиудад уншсан. Нийлээд 50 гаруй мянга гэсэн тоо бий.

-Та өөрөө лекцээ уншдаг уу?

-Би мэргэжил сонголт, дэлгэцийн дон, дундаж наслалтын талаар ярьдаг. Яг үе тэнгийн дээрэлхэлтийн талаар МЭХ-ны “Соёлыг түгээгч”, дуучин О.Гантогоо уншдаг. Гэрээтэй лекторууд бий. Гэхдээ хөдөө, сум руу амралтгүй явах хүн олддоггүй болохоор бид хоёр өөрсдөө л явдаг даа.

-Их богино хугацаанд олон сумаар явсан харагддаг. Өдөр бүр өөр суманд л?

-Жил хагасын дотор 80 гаруй суманд ажилласан байна. Яг “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд бол 62 сум. Өнгөрөгч намар Хөвсгөл аймгийн 24 сумаар явсан. Өдөр нь зааланд, шөнө нь замд явдаг. Замын байдал, сум хоорондын зай, бартаа саад  гээд олон зүйлээс мөн хамаарна л даа. Багаа ахалж буй хүний хувьд би элдэв аюул осол битгий болоосой гэж залбирдаг. Машиндаа ер унтдаггүй. Хөдөө, сумдын  хамгийн тансаг буудал бол хүүхдийн сургуулийн дотуур байр байдаг. Ор олдвол унтана, үгүй бол газар зулна. Өгснийг иднэ. Өдөр хийх ёстой ажлаа яс хийнэ. Аймаг бүр дэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчид баг болж ажилладаг. Ядрахгүй байна гэж юу байх вэ. 30 хоног өдөржин ажиллаад шөнө бүр замд яваад гэртээ ирсний дараа яс бол янгинадаг. Богино хугацаанд ажлаа амжуулаад ар гэртээ, үр хүүхдэдээ хурдлан ирэхийг бас хүснэ. Яах вэ, орон нутагт явж байхад “Та нар яасан ядардаггүй юм” л гэдэг. Гэхдээ би хийсэн ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Зөв зүйл хийж яваадаа улам бүр итгэдэг, баярладаг. Лекц уншаад дууссаны дараа алга ташилтыг хараад урамшдаг. Эмчдээ үзүүлээд гараад ирсэн хүмүүс баярлах нь баярлаж, уйлах нь уйлж, инээх нь инээхэд баярладаг.

-Төслийн үр дүнг яаж хэмждэг юм бэ. Жишээ нь “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл оношилгоо хийсэн. Үр дүнд нь?

-200 гаруй,  бараг 300-аад хүн хавдартай гарсан. Гэхдээ манай төслийн гол зорилго, үзүүлсэн эмэгтэйчүүд маань  эрүүл гэдгээ мэдээд инээгээд гарах. Энэ илүү чухал. Яагаад хавдартай хүн оношлогдвол үр дүн гарлаа гэж үздэгийг би гайхдаг. Үрэвсэл, халдварт өвчин, улайлт, хортой хоргүй хавдрууд гээд маш олон янзын онош үзлэгээр илэрдэг.  Гэтэл хавдар туссан мэдээгээ сонсож, уйлж байгааг нь дүрсжүүлээд, олон нийтийн сүлжээгээр цацвал л үр дүнтэй гэж ойлгогдох юм шиг байгаа юм. Би хэзээ ч бусдын эрүүл мэндээр нэр төр олохгүй, бусдын зөрчигдсөн эрхээр сурталчилгаа хийхгүй. Энэ бол миний зарчим. Хавдрыг нь оношлуулсан эмэгтэй бүрээр бичлэг хийж, амийг нь аварлаа гээд цацсан бол өдийд бараг “ардын баатар” болчихсон байх байсан биз. Бид хэтэрхий хэлбэр хөөдөг болсон.

 Хөдөөд, сумын төвд, малчны хотод, шувуунаас өөр амьтан очдоггүй хилийн отрьяадад очиж хийгдсэн Хавдрын эрт илэрүүлгийн анхны шахуу баг манай "Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан.

Хашгичиж лайв хийсэн бүгдийн бас зөв биш л дээ. Тэд улам л нийгмийн бухимдуулж, талцуулж байна. Худлаа ярина, хараана, зүхнэ. “Хүний эрх”-ийг хамгаалж байна гэж  үг хэлээд араас нь  хэн нэгнийг харааж, зүхдэгээ “би хүний эрх- хамгаалж байна гэж ярьдаг”. Хүний эрх гэж амнаасаа энэ үгийг унагж байгаа бол бусдын нэр, төрд үндэслэлгүй халдаж, гутаан доромжилж, харааж, зүхэхийг хэлдэггүй юм. Эсрэгээрээ энэ бол Эрүүгийн гэмт хэрэг.  Эрүүл шүүмж бол мэдээж байх ёстой зүйл.  

-Анхных гэж үү?

-Сонгуулийн үеэр энд тэнд оношилгоо хийгдэж байсныг үгүйсгэхгүй. Хөхний хорт хавдрын оношилгоо бол анх удаа, манай төсөл. Яг хорт хавдартай гэдэг оношоо сонсоод, гацаж, гайхаж байгаа хүнийг харахаар яахаа мэдэхээ больдог. Манай төрийн бодлого таслан сэргийлэх биш урьдчилан сэргийлэхэд л чиглэх учиртай юм.

-Таны өдийг хүртэл дуулсан хамгийн ор үндэсгүй гүтгэлэг юу байсан бэ?

-“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг дээ. Юу ч хулгайлаагүй байхад “хулгайч” гэж цоллоод байхаар муухай л санагддаг. Би “За, яах вэ” гэж бодсоор ирсэн. Тролл ажиллуулж байгаад дайрдаг шүү.

Миний тухай комментуудын бараг 98 хувь нь тролл. Тэгээд ард нь эмэгтэйчүүд байдаг. Намайг доромжилж гүтгэдэг хүмүүсийг МЭХ дээр ирээд бүх юмыг үз, танилц гэдэг. Би юу ч нуудаггүй. Манай найзууд, хамтран зүтгэгчид, зарим таньдаг хүмүүс  намайг та гүтгүүлээд, доромжлуулаад, зүгээр суух юм. Хариу тайлбар хийдэггүй юм уу гэдэг. “Яах вэ дээ, байгууллага удирдаж яваа хүн чинь” гэж л би хариулдаг. Аав, ээж хоёр минь өндөр настай улс. Аавыг минь хагалгаанд ороод удаагүй байхад над руу айхтар дайрч байхад л их амаргүй байсан даа. Дүр эсгэж, нийгмийн сүлжээнд чарлахаас илүү, зүгээр өөрсдөө хийгээд үзээсэй, ирээд оролцоосой.

Надад хэцүү байгаагүй гэж би хэлэхгүй. Хорвоогийн нэг ч хүн тэгж хэлэхгүй байх. Яагаад гэвэл ухаан санаа нь эрүүл л байгаа бол уйлах, инээх гээд жам ёсны сэтгэлийн илэрхийлэл нь гарч л таарна. Хүн бүр уйлдаг нулимстай, урсдаг цустай, хугардаг ястай, өвддөг сэтгэлтэй. Харин бичүүлж, доромжлуулж, харааж зүхүүлэхийн хэрээр дархлаа сууж, тоох нь багасдаг байх.

-МЭХ-ны Ерөнхийлөгч ашигтай суудал уу?

-Эхлүүлснээ дуусгах, олон сайхан хүмүүсийн урмаар амьдрах, хийж буй ажлаасаа таашаал авах зэрэг сэтгэл зүйн болоод нийгмийн ашгууд бий шүү дээ. Ашиг янз янз. Эдийн засгийн ашиг мэдээж байхгүй.

Энэ жил МЭХ-ны 100 жилийн ой болно, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд зохион байгуулагдана. Ерөнхийлөгчийн ивээл дор. Үүний төлөө таван жил хөөцөлдсөн. Санаалчилж хийж буй төслүүд маань үргэлжилж байна. Д.Пагмадулам төсөл ч эхэлсэн байсан. Иймд энэ эхлүүлсэн бүгдээ гүйцээе гээд би дахиад Ерөнхийлөгчид өрсөлдсөн юм.

-Санал яаж хураасан бэ?

-Сонгуулийг ярьж байна уу?

-Иргэн М.Нарантуяа ирдэг?

-Нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад надаас гадна нэг хүн нэрээ өгсөн. Төлөөллийн зарчмаар явагдсан. 1.7 сая эмэгтэйг нэг дор цуглуулах нь заалнаас авхуулаад боломжтой бил үү. Ямар ч байгууллага бүх үйл ажиллагаа, ялангуяа хурал, зөвлөгөөнийг төлөөллийн зарчмаар хийдэг. Ийм болохоор 21 аймаг, есөн дүүргээс гишүүнчлэлийн дагуу төлөөлөл авчирсан байсан. Аймаг бүрээс гурван хүн. Нийслэлийн дүүрэг тус бүр 5 мандатын эрхтэй, гишүүн байгууллагууд гээд. Холоос ирсэн хүмүүсийг хаана байрлуулах, хоол ундыг нь хэрхэх гээд асуудал олон шүү дээ. Түүнээс 30 ч, 300 ч байж болно.

Заалнаас УЗ-д 25 хүн нэр дэвшсэн. Мандаттай, төлөөллийн зарчмаар оролцдог чуулган. Мандатгүй шууд орж ирээд тайзан дээр дураараа гараад хурал үймүүлээд байж болохгүй биз дээ. Ямар ч байгууллага өөрийн дүрэм, журамтай. Ямар ч хурал зөвлөгөөн өөрийн дэг хурамтай байдаг.  Гэхдээ би үүнийг биш ажлаа л яримаар байна.

-Тантай өрсөлдсөн нь хэн юм бэ?

-Ариунаа гэж өмнөх ерөнхийлөгчийг сонгох сонгуульд хоёр ч удаа нэр дэвшиж байсан, 20 орчим жил МЭХ-д ажилласан эмэгтэй бий.

-Тодруулаад байгаа нь, эрх ашгаар санал хайрцаглалаа гэж таныг шүүмжилсэн?

-Үнэндээ, түүний ард эмэгтэй улстөрчид байсан. Чуулганыг үймүүлж, эрх мэдлийг авах гэсэн хүмүүс орж ирсэн. Баримт нь бий. Би гайхаж байсан, МЭХ-ны нэрээр УИХ-ын гишүүн болсон хүн тэр өдөр чуулганд хүрээд ирсэн. Ирэхдээ одоо УИХ-д нэр дэвших гээд горилж яваа МАН, АН-ын эмэгтэй улстөрчдийн хамт.  Тэгээд надаас “Чи эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг хэдэн хувь бууруулж, ажлын байрыг хэдэн хувь нэмэгдүүлэв?” гэж асуусан. УИХ-ын гишүүн эмэгтэй. Би гайхсан.

Зөрүүлээд, “Та бол төр” гэж байгаад асуусан. “Төр иргэний нийгмийн байгууллагаас ажилгүйдэл хэрхэн бууруулав, ажлын байр хэдээр нэмэгдүүлэв  гэж асуудаггүй юм аа. Харин би танаас асууя. Та намайг талбай дээр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл асуудлаар шүгэл үлээгээд зогсож байхад хаана байсан юм, та намайг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал тавиад явж байхад хаана байсан юм. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гээд гэж хөдөө хөрч, гадаа гандаж явахад та хаана байсан бэ?” гэж асуусан.

-Д.Өнөрболор юм уу?

-Тийм ээ.

-Хэр ашигтай суудал гэж асуудаг нь, зориудын дайралтууд ирээд байна?

-Одоо УИХ-ын сонгууль болох дөхөж байгаа болхоор МЭХ-г ашиглаж болно гэж бодож ирсэн байх.

-Та 2020 онд нэр дэвшсэн шүү дээ. Улс төрийн сонирхол эртнээс байсан уу?

-Би хэзээ ч улс төрд орохгүй гэж боддог байсан. МЭХ-ны ерөнхийлөгч болоод, олон улсын охидын өдрөөр Төрийн ордонд гишүүн бүрийн ширээнд дээр “бүжин” тавьж, акц хийж, Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах 5 санал гаргаж байсан. Олон ч дарга, гишүүдийн хаалганы цаана амьдралынхаа олон, өдөр цагийг хүлээж, дарга нарын үүд сахиж, үл тоогдож үзсэн.

Ингээд 2020 он гараад би нэр дэвшихээр шийдсэн. Бүр дөрөвдүгээр сард шүү.

Эрдэнэтийн ард түмэн надад 17 мянга гаруй  санал өгсөн. 3 мандаттай тойрогт 4 дээр жагссан. Долоон зуун саналаар дутсан. Тэгээд би бодсон юм. Зөв зүйл хийхийн төлөө явбал дэмжих ард түмэн байгаа юм байна гэж бодсон. Эрдэнэтийн ард түмэнд би үргэлж талархаж явдаг.

-Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Батлут нар дэвшсэн санагдаж байна. Эвгүй тойрог.

-Ард түмэн өөрчлөлт хүсэж байгааг олж харсан л даа. Эрдэнэтийн ард түмэнд үеийн үед талархаж явах болно. Миний гарах, гарахгүйн тухай биш. Намайг төлөөлж чадна, хийж чадна гэж  итгэл үзүүлж өгсөн ширхэг санал бүр миний хувьд үнэ цэнтэй. Би хамгийн танигдаагүй нэр дэвшигч байсан. Өрсөлдөгч нар маань үндэсний хэмжээний олон түмэнд танигдсан, насаараа Монголын төрд маш өндөр алба хашиж байсан хүмүүс байсан.

-Энэ жил дэвших сонирхлоо намдаа илэрхийлсэн үү?

-Сонгуульд оролцох саналаа хүргүүлсэн. Оролцуулах эсэхийг харин мэдэхгүй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button