УРЛАГ

Шинэ үзэсгэлэн: Таньж амжаагүй С.Заяасайхан

Зураач С.Заяасайхан “Random” нэртэй шинэ үзэсгэлэнгээ эдгээр өдрүүдэд ХААН галерейд олон нийтийн хүртээл болгож байна.

Тэр бол бидний хамгийн танил мөртлөө танил бус уран бүтээлч. Энэ нь ч “Random” үзэсгэлэнгээс мэдэгдэж байв.

Бүтээл нь бүтээлч үйлдвэрлэлийн материал болоод ирэхээр, уран бүтээлчийг харах өнцөг нэг хайрцагт орчих талтай. С.Заяасайханы цөөнгүй зураг брэнд болсон. Олон газар хэвлэгдсэн. Наад зах нь зохиолч Р.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романы хавтсыг чимсэн. Бүтээлийг нь зохиогчийн эрхгүйгээр хэвлэж, бүтээгдэхүүн болгон худалддаг хүмүүс ч хилийн чанадад бий болсон. Энэ хэрээр С.Заяасайхан: Гүйцэтгэл сайтай, хурц-шинэлэг өнгөтэй, тэдгээрийн зохирлыг сайтар мэдэрдэг, олон зуун жилийн өмнөх монгол ахуй төрхийг хийсвэрлэн зурдаг хэлбэрээрээ танигдсан. Ер нь тэр олон талаар дархлагдчихсан, "даварчихсан" зураач.

Гэвч өөрийн сэдвийг энэ хүртэл малтаж олоод тогтоон эрхшээсэн, хэлбэрээ тамгалсан өдий хэрийн уран бүтээлчийн дотор уран бүтээлч л байдаг юм байна. Энэ бол уран бүтээлчийн эрэл хайгуулч шинж чанар.

“Random” үзэсгэлэнг хатдын зургаар л төсөөлж, хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Харин үзэсгэлэнгийн танхимд хөл тавиулт нүдэнд тусах, томоохон хэмжээний инстоляц гэмээр “Re-Chanting” бүтээл тэр хүлээлтийг үгүй хийлээ.

Ийм том хэмжээний бүтээлийг бодитоор үзэх боломж тун цөөн, Монголд. “Re-Chanting”-ийг хийхийн тулд төвөд болон монгол бичгээр бичигдсэн судар, номуудын хуудсыг цуглуулжээ. Ингээд зулж наасан байна. Төвөд номын хуудсууд дийлэнх харагдана. Лам бодогдож, уншлага нь чихэнд сонсогдож буй. Урагдсан, шарласан, талаар нэг тарсан байдлаар дэглэснээр энэ нь хуучирч мартагдсан төсөөллийг үүтгэх юм. Ингэснээр монголчуудад Төвөдөөр дамжсан бурхны шашны өв, соёл хэчнээн нөлөөтэй байсныг (бүтээл өнгөрсөн цагийг дурсаж буй мэт), одоо ч нууцлаг бөгөөд хүчирхэг шинж чанараа хадгалсаар байгааг илтгэх шиг.

Түүний дэргэд контемпорари хийцийн баримал, эсвэл инстоляц ч гэмээр бүтээл дэглэжээ. Завилж суугаа хуварга шиг харагдаж байна. Занданшсан шарил ч юм шиг. Араг яс нь үлдэж, мах цус нь хатаж ширгэсэн, зарим хэсэгтээ онгойж “цоорсон” хуварга. Харин яс, махны үлдэгдэл дунд торж буй эд зүйлс бол зулын цөгц, хонх зэрэг. Эдгээр нь малтлагын үеэр олдож, ил гарч байгаа юм шиг дэглэлттэй. Сэдэв үүгээр чинагшилж, батжиж байна.

Монголчуудын, эсвэл бүх хүн төрөлхтний өвөг дээдсийг өөрийн төсөөллөөр дүрсэлсэн мэт дараагийн зураг хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Нэгт, С.Заяасайханы танигдсан хэлбэр биш. Хоёрт, сайн гүйцэтгэл, ур чадвараар зураг балар эртний хэв маягийг олоод, орчин цаг дээр бас хэлбэрчихжээ. Эрэгтэй нь агуйн хүн шиг. Эмэгтэй нь харин чихмэл тоглоом гэж андуурмаар хоёр том чихтэй. Гэхдээ чих биш эхнэр үс байж таарна. Хэвлийдээ үр тээж байна. Тэр гэр бүл аж. Удам нь үргэлжлэхээр, үржиж олшрохоор хүлээгдэж буй. Ингээд уг гарвал руугаа эгсэн, түүндээ өөрийн онцлог сэтгэлгээг эхнэр үсээр шигтгэн тамгалсан нэгэн хүчирхэг бүтээл бүтжээ.

Харин танигдсан гэж тодотгоод байгаа, урьдын зургуудынх нь нийтлэг хэлбэр энэ удаад баримал болжээ. Өөд өөдөөсөө харсан хоёр ширхэг эхнэр үстэй эмэгтэйн баримлыг дурдаж болно. Өнгө нь бөгөөд дүрийн хэлбэр нь С.Заяасайхан мөн. Гэхдээ зураг биш баримал болгожээ. С.Заяасайханыг баримал, инстоляц хийдэг гэж төсөөлөөгүй эсвэл мэдээгүй учраас энэ нь “Random”-оос онцлох шинэ үзэгдэлд тооцогдоод байгаа юм.

Мөн үүдний хэсэг дэх морьдын баримал. Тоглоомон морь шиг. Энэ хэлбэр, тэгээд мэдээж өнгө С.Заяасайхан мөн. Гэхдээ зүгээр л тоглоомон морь хийгээгүй нь бусад бүтээлүүдийн хам утгаар тодорно. Монголчууд морьгүй байсан бол өнөөдөр өөрсдөө ч байхгүй байх байсан байж тунчиг магадгүй. Морь бол бараг л монгол хүн шүү дээ. Түүнийг ийм хэлбэр, дүрсээр урласан нь хоржоонтой бөгөөд бодуулж, элдэв мэдрэмж төрүүлж байна.

Мөн социализмын үеийг ч сэдэв болгосон гурван бүтээл байна. Коллаж ч гэмээр, холимог техник ч гэмээр энэ бүтээл хуучны бичиг цаас, дурсгалын зүйлсийн хайчилбар хэсгүүдээс бүтжээ. Тэдгээрийн эв зохирлыг сайтар олж, зулан наасан байна. Энэ хаос наамал дундаас монголчууд туулаад гарсан түүхэн цаг үеийнхээ нэгэн зааг, дамжин өнгөрөх хэсгийг нэвт тольдчихмоор. Дотор нь орвол ороод явчихмаар төсөөлөл үүтгэж буй.

Ерөнхий бүтээлүүдийн концепц ийнхүү өнгөрсөн рүүгээ өнгийсөн, “Бид чинь хаанаас ирсэн хэн билээ? Тэдгээр бүхэн өнөөдрийн шүүлтүүрээр?” гэж асуусан асуулт дахь С.Заясайханы хариулт байлаа.

Үүнтэй үл уялдах хэд хэдэн бүтээл байсан. Гэхдээ эдгээр нь мөн л С.Заяасайханыг шинээр нээх том боломж. Түүнээс романтикийг ч олж харж болно. Цэл залуу тэрслэгчийг, туршилтыг, зүгээр л уран бүтээлч амьдралаар амьдрах хүсэл тэмүүллийг ч харна.

Нийтдээ үзэсгэлэнг нэг хэв маяг бөгөөд концепцод зангидах боломжгүй байгаа нь өөрөө “Random” байх. Энэ санамсаргүй, рэндом цуглуулгаараа харин С.Заяасайхан өөрийнхөө нуугдмал талыг илэрхийлчих шиг боллоо. Үүний учир юу юм бол? Түүн шиг зураачийн хувьд одоо зарим зүйлээс залхсан байх нь аргагүй. Гол нь хэзээ ч нэг хэвдээ цутгагдаж үлдээгүй, дадсан арга барилаа орхихоос хойш суугч нэгэн биш гэдгийг нь “Random” баталж байна. Нөөц нь шавхагдашгүй бөгөөд туршиж оролдсон нь арвин (нэг үгээр хангалттай туршлагатай) уран бүтээлч гэдгийг.

Нөгөө талаар монгол хүний хувьд түүний эгээрэн сэхээрсэн сэтгэлгээг ч мөн харуулжээ. Хэр баргийн артист ийм сэдвүүдийг өнөөдрийн сэтгэлгээгээр дахин шүүж, бүтээл болгоод байдаггүй. Ер нь гарвал руугаа өнгийж, түүнд асуулт тавих, өнөө цаг үетэй холбон бодох бол туршлагатай бөгөөд сайн уран бүтээлчийн шинж байдаг талтай.

Танил зураачийн танил бус талыг олж нээе гэвэл “Random”-ыг зорьё. Үзэсгэлэн зургадугаар сарын 25-нд бууна.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button