
АНУ-ын Калифорнийн их сургуульд долоон жил багшилж, одоо тус улсын Индианагийн их сургуульд Гадаад харилцааны захирал, урлагийн түүхийн багшаар ажиллаж буй Монгол улсын соёлын элч, Доктор, профессор Ц.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, УГЗ , Төрийн шагналт зураач Ням-Осорын Цүлтэмийн отгон охин гэдгийг уншигчид маань андахгүй байх.
Бид энэ удаа түүний ажил, мэргэжил, судалгааны ажлуудынх нь талаар болон бага нас, гэр бүлийнх нь талаар ярилцлаа.
Доктор, профессор Ц.Уранчимэг:
ОЛОН ЖИЛ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ДАХИН СЭРГЭЭСЭН

-Та Монголдоо ямар ажлаар ирээд байна вэ?
-Монгол улсад Сардагийн хийдээс олдсон үзмэрүүд бүхий үзэсгэлэн гарч, үүнтэй холбоотойгоор Үндэсний түүхийн музейгээс цуврал лекц зохион байгуулж байгаа юм билээ. Үүндээ олон эрдэмтдийг урьж оролцуулсан бөгөөд намайг уран бүтээлийн тухай лекц уншаач гэж урьсан. Энэ дагуу би өнөөдөр /2019.12.18/ лекцээ уншаад байна.
-Та 2010 оноос АНУ-ын Калифорнийн их сургуульд багшилж байсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд та өөрийн мэргэжлээр өөр ямар томоохон сургуулиудад багшилж, Монгол судлалын болоод Ази судлалын хичээлүүдээ заасан бэ?
-Би 2010 онд Калифорнийн их сургуульд багшаар ороод тэндээ долоон жилийн хугацаанд ажилласан. Тэр хооронд Монгол судлалаа сайн хөгжүүлье гэж зорилго өөртөө тавьсан. Калифорнийн их сургуульд 1935 оноос эхлээд Монгол хэл зааж байсан түүхийг сэргээе гэж их олон ч жил хөөцөлдсөн. Үүний үр дүнд Монгол улсын Засгийн газраас дэмжиж, санхүүжилт өгснөөр 2015 онд “Монгол санаачилга” хөтөлбөр эхлүүлсэн. Ингээд монгол хэлний багш авч, өнөөдрийг хүртэл тэнд ажиллаж байна. Монгол судлалын төв байгуулах зорилготой Монгол санаачилга хөтөлбөр хэрэгжиж, тэндээ ярианы, бичгийн хэл заах, уйгуржин бичиг заах, Монголын түүх, Монголын соёлыг заах хэд хэдэн хичээлүүд ордог болгосон.
Калифорнийн их сургуульд багшлахаа больсноос хойш БНСУ-ын Ионсейн их сургуульд нэг жилийн хугацаанд, үргэлжлүүлэн Исландын их сургуульд мөн Азийн урлагийн хичээл зааж багшилсан. Ингэж удаан хугацаанд аялаж яваад ашгүй нэг газар “тогтож”, одоо АНУ-ын Индианагийн их сургуульд Гадаад харилцааны захирал, урлагийн түүхийн багшаар ажиллаж байна.
-Та 10 жилийн хугацаанд гадны томоохон их сургуулиудад Азийн урлаг, Монголынхоо урлагийн талаар хичээл, лекцүүд орж явж шүү дээ. Энэ хугацаанд Монголын урлаг, түүхийг сонирхож буй хүмүүс нийтлэг ямар зорилготой байгаа ажиглагддаг вэ?
-Беркли, Калифорнийн их сургуульд 1935 оноос монгол хэл зааж байсан уламжлал бий. Да лам Намжилдорж тус сургуульд багшилж, Ерөнхий сайд А.Амарын бичсэн “Монголын хураангуй түүх” номыг хэвлүүлсэн нь, Монголын буддын шашинтай холбоотой ном товхимлууд байдаг учир тэд Монголын түүхийг ерөнхийд нь мэддэг. Нөгөө талаар, Калифорни муж Азитай ойрхон, баруун эрэг дээр байдаг учир асуудал бага. Харин яг одоо багшилж буй Индианагийн их сургууль нь АНУ-ын төвд, Чикаго хотоос гурван цагийн зайтай байдаг учир Монголын урлагийг сайн мэддэггүй. Гэхдээ Индианагийн их сургуулийн Блүүмингтон салбар нь Монгол судлалын гол төв. Тэнд Хангины Гомбожав гэдэг хүн Монгол хэлийг 1950-аад оноос эхлээд зааж байсан түүхтэй. Энэ уламжлалаа огт орхиогүй, одоо Л.Цэрэнчунт гэж монгол багш монгол хэлээ 20 гаруй жил зааж байна. Бүр сурах бичиг гаргаад, зуны хөтөлбөртэй, онлайн хөтөлбөртэй. Блүүмингтонд орохоор их гоё, Л.Цэрэнчунт багшийн шавь гээд хар, цагаан, шар гээд янз бүрийн арьстай хүмүүс Монголоор ярьчихсан явж байдаг. Л.Цэрэнчунт багш мөн зайны сургалт явуулдаг. Зайны сургалтад нь хамрагдсан гээд ХБНГУ-аас, Филиппинээс гээд л олон хүн ирж байгаа харагддаг. Одоо бүр маш том хэмжээний төсөл боловсруулж байгаа юм билээ. Тэр нь, сургалтын нарийн хөтөлбөр бүхий гарын авлага.
Мөн тэнд Хар Дорж гэж маш алдартай эрдэмтэн монгол хэл зааж байна. (Унгарын нэрт Монгол судлаач Кара Дьөрдь. сурв) Ингэхдээ монгол хэлийг бүр шинжлэх талаас нь нарийвчлан судалдаг. Ер нь Блүүмингтон бол дэлхий дээрх хамгийн том Монгол номын цуглуулгатай газар. Тэнд мөн Монголтой холбоотой их сонин үзмэрүүд байдаг юм билээ. Эртний ном судраас эхлээд, танка зураг, баримал гэх мэт монголын ховор сонин бүтээлүүд бий. Хар Дорж гуайн шавь нар бол монголыг түүх, хэл шинжлэл талаас нь судлах гэсэн оюутнууд байдаг юм билээ.
МОНГОЛЫН ТҮҮХ, МОНГОЛЫН УРЛАГИЙГ ГЭХ ГАЙХАЛ БИШРЭЛ НАМАЙГ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АВЧ ЯВЖ БАЙНА

-Одоо та Индианагийн их сургуульд ямар хөтөлбөр дээр ажиллаж байгаа вэ? Эсвэл судлаачийн хувьд яг ямар судалгаан дээр төвлөрч байна?
-Би эрдэмтэн хүн. Эрдмийнхээ ажлыг хоёр чиглэлээр явуулдаг. Нэг нь буддын шашны урлагийн чиглэлд судалгаа хийж, десертациа бичсэн. Үүнийхээ хүрээнд 2016 онд Монголдоо номоо гаргаж, удахгүй АНУ-д мөн гаргах гэж байна. Уг номондоо Монголын буддын шашны урлаг ямар байдаг юм гэдгийг ойлгох гэсэн, гаргах гэсэн. Сурвалж, уран барилга, дүрслэх урлаг гэсэн чиглэлд судалдаг. Хоёрдугаарт, орчин үеийн урлагийг судалдаг. Маш олон кураторын ажлуудыг 1997 оноос хойш хийсэн, монголын анхны куратор гэж болно. Зураачдын үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах, зураачдын тухай бичих, зураачидтай хамтарч ажиллах ажлуудаа хийнэ. Хамгийн сүүлд би 2018 онд Кураторын 25 жилийн ойг хийж “Эхлэл” нэртэй үзэсгэлэн гаргасан. Энэ талаараа ч хэд хэдэн ном гаргасан байдаг.
-Та орчин үеийн урлагийг хэзээнээс судалж эхэлсэн бэ? Буддын шашин, орчин үеийн урлаг гэж агуулгын хувьд нэлээд зөрүүтэй хоёр чиглэлийг сонгож авсан учир нь?
-Би 2002 онд Монголоос докторынхоо сургалтад суралцахаар явсан. Тухайн үед би СУИС-д багшилдаг байлаа. Тус сургуульд 1995 онд өөрийн мэргэжлээрээ анхны магистр болж хамгаалаад, тэндээ XIX, XX зууны үеийн түүхийг заадаг байсан. Хичээлээ заахын хажуугаар, зураачдыг үзэсгэлэн гаргахад ажиллана. Тэр үед хүмүүс куратор, контемпорари урлаг гэдгийг ч мэддэггүй. Тиймээс түүнийг тайлбарлаж, бичиж, их олон хүмүүсийн талаар шүүмж материалууд ч гаргадаг байв.
Миний багш Патрисиа Бергер гэж 1995 онд Монголын тухай үзэсгэлэнг АНУ-д анх удаа гаргаж байсан хүн бий. Монголчууд тэр хүнийг эмээлтэй морь бүхий номоор нь андахгүй.

Тэр үзэсгэлэнгээр Патрисиа Бергер багш монголын урлагийг судлах хэрэгтэй, учир нь маш олон сайхан бүтээлүүдтэй ч судалдаг хүн байхгүй, хоцорчихсон яваа гэдгийг олж мэдэж хэлсэн. Ингээд намайг оюутнаараа авч, би 2002 онд багшийнхаа удирдлага дор буддын шашны урлаг, Манж чин улсын үеийн урлаг, Төвдтэй нарийн холбоотой харилцаа, түүхийг судалж эхлэн, докторын десертациа “Монголын хүрээ хийд”-ээр бичиж хамгаалж байсан.
-Таны эрхэлж гаргасан, “улаан ном” бий. Урлаг судлаачаар суралцаж байгаа, урлаг судлаачаар ажиллаж байгаа хүмүүсийн ширээний ном, гарын авлага болчихсон. Бие биедээ дамжуулж уншдаг “ховрын бараа”. Ийм ном таныг ахиж гаргах болов уу гэх хүлээлт уншигчдын дунд их байна?
-Харин тиймээ. Надаас энэ асуултыг байнга асуудаг, номын дэлгүүрүүд ч их хүсэлт тавина. Бүр олдохоо байчихсан юм билээ. Энэ номоо шинэчлээд “XX зууны өрнөдийн урлаг” биш “XX, XXI зууны өрнөдийн урлаг” болгон шинэчлэх бодол бий. Ойрын хугацаанд энэ ажлаа хийнэ гээд төлөвлөгөөндөө оруулсан. Хийе гэвч, би чинь Монголоороо их “шатаж” явдаг болохоор Монголынхоо л юм гаргаж, бичиж явъя гэхээс гадаадын юмыг бичье, түгээе гэх бодол тийм ч их байдаггүй. Монголд ирэхээр л ялангуяа оюутнууд их хүсэлт тавина, хэрэгтэй байна гэнэ. Тэр бүрд л “нээрэн тийм шүү” гэж бодчихоод нэг мэдэхэд л Монголынхоо талаар бичвэр, судалгаанд автчихсан явдаг.
Номын хувьд 2020 онд буддын шашны талаар ном гаргана. Өгүүллүүдийн хувьд их олон бий шүү дээ. Судалгааны өгүүллийг их олон жил, сараар бичдэг. Тухайлбал, би зураач Ж.Мөнхцэцэгийн талаар маш том өгүүлэл бичээд, тэр нь 5-6 жил болж сая нэг хэвлэгдэж гарсан. 2019 оны нэгдүгээр сард хэвлэгдсэн. Зураач Б.Баатарзоригийн талаар, мөн Богд хааны ордонд байдаг “Ногоон ордон” гэж их сонин зургийн талаар бичсэн. Тэр нь нүцгэн шалдан хүнтэй, их сонин, дэндүү чөлөөтэй сэтгэхүйтэй зураг бий. Энэ мэт томоохон өгүүллүүд олон бий.
МОНГОЛЫН ТҮҮХИЙГ УНШИЖ БАЙХАД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭХГҮЙ, НУЛИМС УНАГАХГҮЙ ӨДӨР ГЭЖ БАЙХГҮЙ

-Судлах олон сэдэв байхад буддын шашныг сонгон судалж буй шалтгааныг тань таны аав Н.Цүлтэмтэй холбоотой гэж сонсож байсан. Аав тань сүүлийн захиас болгож Өндөр гэгээнийг судлаарай гэж байсан юм билээ шүү дээ?
-Тиймээ, аав минь яг тэгж хэлсэн. Аавын хэлсэн сүүлийн захиас бол Өндөр гэгээн гэж тайлагдашгүй сайхан оньсого бий, Монголын гэлтгүй дэлхийн хүн. Дэлхий гайхан бишрэх энэ хүний бүтээлүүдийг хаана, яаж бүтээснийг мэдэхэд хэцүү, ойлгогддоггүй, судлах хэрэгтэй гэж надад хэлсэн. Аавын нөлөө их. Аав минь амьд байсан бол гэж үргэлж бодогддог. Хэрэв байсан бол аав миний энэ судалгааны талаар юу гэх байсан бол гэж үргэлж л бодно. Ерөнхийдөө байгаа бүтээлүүдээрээ гэхээр манайд буддын шашны маш олон бүтээл хадгалагдаж үлдсэн, музейдэд байгаа олдворуудын олонх нь буддын шашинтай холбоотой. Түүн дотроо миний эрдэм шинжилгээний ажлаа хийж байгаа шинэ зүйл бол монголынхоо эрдэмтдийн Төвдөөр бичсэн эх сурвалжуудыг уншиж харж байна. Тухайлбал, Агваанхайдав гэж 1830-аад оны үед амьдарч байсан Хүрээ хийдийн хамба ламын бичвэрийг уншиж байна. Тус бичвэрийг уншсанаар монголын буддын шашин Төвдөөс ямар ялгаатай юм гэдэг нь харагдаж байх жишээтэй. Мөн Занабазарын музейд хадгалагдаж байдаг Агвааншарав гэж зураачийн бүтээлүүдээс Чин улсын Манжийн ордонд ажиллаж байсан замнал харагддаг. Агваанхайдав, Агвааншарав нар нэг цаг үед амьдарч байсан бөгөөд Агваанхайдавын зохиол бүтээлүүдэд Агвааншаравын талаар дурдсан байдаг. Энэ мэтээр би шинэ зүйлсийг олж мэдэхийн төлөө явж байгаа. Ганц эрдэмтэн хүний хувьд гэлтгүй, монгол хүний хувьд би өөрөө энэ бүхнийг ойлгохыг хүсдэг.
-Ухаад, судлаад л байх тусам улам нууцлаг болоод байдаг нь шашин, шашны урлагийн онцлог юм шиг. Хэзээ ч судлагдаж дуусахгүй, сэтгэл ханахгүй ийм ажил мэргэжилтэй эрдэмтэн хүний хувьд шинэ нээлт, ололтын мөрөөр орж, нэг мөр боловч шинэ мэдээлэл олж, бичихийн жаргал юу вэ?
-Ёстой сайхан асуулт байна, хэн ч надаас ингэж асууж байсангүй. Өндөр гэгээнийг судлахдаа бид дандаа л сурвалжууд руу явна. Тухайлбал, Зая бандида С.Лувсанпэрэнлэйн бичсэн номыг уншаад, тэрний үг бүрийг ойлгож, бичсэн тайлбар бүрийг нь уншиж, ухах, ямар төвд үгийг яаж бичиж, монголчууд түүнийг нь юу гэж ойлгодог байв гэж бодно, судална. Монголчуудын түүхийн сурвалжийг хөөх, Хубилай хааны үед Бээжинд юу юу байсан юм бол гээд л бодно, мэдэхийг хүснэ, судална, сурвалжуудаа ахин дахин эргүүлнэ. Ингэхэд тэр үеийн тэр баян ертөнц гайхалтай, тэр л гайхсан биширсэн сэтгэл минь хэзээ ч дуусаж, дундардаггүй. Ганцхан шинэ зүйлийг олж мэдэх, нээх тэр мэдрэмж дотор өрнөдөг. Монголын түүх, монголын урлаг ямар гайхалтай, ямар арвин, ямар баян юм бэ гэх гайхал бишрэл намайг өнөөдрийг хүртэл авч явж байна.
Эсрэгээрээ эмзэг зүйл ч бий. Монголын түүхийг уншиж байхад сэтгэл эмзэглэхгүй, нулимс унагахгүй өдөр гэж байхгүй. Учир нь биднийг дарах гэж байсан гадны хүч байнга байж. Монголчууд дандаа хүчтэй, дандаа авьяастай, дандаа цорж гарч ирдэг байсан. Тэднийг яаж дарах вэ гэж Төвдүүд, Манжууд үргэлж л оролдож байсан нь тэр сурвалжуудаас харагддаг. Хубилай хааны хэрэгжүүлж байсан тогтолцоо, систем, загваруудыг хуулж байсан тэр үе, монгол бичгийг хүртэл хуулж, эхнэр авдаг заншлыг нь хүртэл дуурайж байсан байдаг. Мөн Бээжин хотыг хүртэл хоёр хуваачхаад Монгол манжийн хэсэг, Хятадын хэсэг гэж амьдардаг байсан мөртлөө л монголыг яаж дарж байх вэ гэдэг бодлого явуулж байсан нь түүхийн сурвалжуудаас үргэлж харагддаг. Энэ бүхнийг ухаж, маажиж, малтаж байж гаргаж ирэхэд Өндөр гэгээн гэхэд л Түвдийн улс төрийн тоглоомын гашуун түүх байгаа юм. Тэр бүхнийг олж мэдээд, яаж зовж байсан болдоо гэж бодохоос л нулимс унагахгүй байхын аргагүй. Ганц Өндөр гэгээн дээр ярихад л энэ. Манай Хоёрдугаар богдын түүх, Гуравдугаар богд Манжийн хаантай зөрчилдөж, “Манайх харийн богд авахгүй” гэж зүтгэж байсан түүх, яаж манайхан биднийг дарах гэж байсан хүчнүүдтэй уулзаж байв гээд л тоо томшгүй гашуун түүх бий.
ТҮҮХ ҮЗСЭН ХҮН МОНГОЛЫГ СУДЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА ГЭХ ДҮГНЭЛТЭД ХҮРДЭГ

-Та энэ насаа л Монголын урлаг, түүхийг дэлхий дахинд зөвөөр ойлгуулах гэж, таниулах гэж ярьж, бичиж, зааж өнгөрүүлж байна. Гэтэл эргээд Монгол руугаа харахад өөрөө өөрсдийнхөө түүх рүү нулимаад сууж байгаа нь анзаарагддаг уу?
-Их харамсалтай. Үнэхээр тэгж харагддаг. Монголчууд өөрсдийнхөө түүхийг ухаж ойлгож, “Би хэн билээ” гэдгээ бодохын оронд Монгол хэлээ ч гүйцэд сураагүй залуус, англи хэл рүү зүтгэж байгаа харагддаг. Гадаад руу явна гэх бодолд автагдана. Энэ бүхэн мэдээж эерэг, сайн талтай. Гэвч хамгийн түрүүнд Монгол гэдгээ ухаж ойлгож, би хэн бэ гэдгээ мэдэх хэрэгтэй байна. Би хэн билээ гэдгээ мэдэхэд миний аав, ээж, өвөг дээдэс гээд удам угсаа руугаа орно. Удам угсааны холбоогоо ойлгож, түүхээ мэддэг, би хаанаас гаралтай вэ гэдгээ ойлгох гэдэг тэр ухамсар үгүй болсонд харамсдаг.
Харин түүхчид маань их сайхан ажил хийж байна даа гэж баярладаг. Тухайлбал, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн энэ маш хэцүү хийгддэг Сарьдагийн хийдийн малтлагыг хийж дуусгалаа. Маш олон жилийн өмнө манай археологийнхон энэ газрыг мэдэж, очиж байсан ч малтлага хийж чадаагүй байдаг. Тийм л хэцүү газар. Энэ бүх хэцүүг даван туулж, санхүүжилтээ өөрөө босгоод, олдворуудаа өөрсдөө олж чадсанд би маш их баярладаг.
Мөн МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нарт маш их баярладаг. Учир нь тэнд байгаа багш нар эзэнт гүрний үеийн түүхийн талаар, өмнөх үеийн түүх, нүүдэлчдийн түүх, ил хаадын үеийн түүхийг хэдэн боть ном болгож гаргалаа шүү дээ. Түүнийг харахаар би үнэхээр баярладаг, залуус үүнийг авч уншаасай гэж хүсэж байна. Бид түүхээ мэдэхээ болих үед л тасарч, үгүй болно.
-Харвардын их сургуульд мөн Монгол хэл соёлын талаар хичээл орж эхлэх гэж буй талаар мэдээллийг та хуваалцсан. Үүнд таны оролцоо бий юу?
-Миний оролцоо байхгүй. Учир нь Харвардын их сургуульд ч монгол судлал байсан. Марк Элиот гэж хүн энэ ажлыг зохион байгуулахад маш идэвхтэй оролцож, бичелэн удирдаж зохион байгуулсан. Марк Элиот бол Калифорнийн их сургуулийн төгсөгч. Тус сургуульд монгол хэл зааж байсан Жеймс Боссоны шавь. Монгол хэл сурч, түүн дээрээ тулгуурлаад манж хэл сураад, манж сурвалжуудыг гаргаж ирсэн түүхч хүн. Ер нь Монгол хэл сурахыг маш чухал гэдгийг ойлгосон хүний нэг л дээ. Жеймс Боссон багш нас барахад Марк Элиот Калифорнийн их сургууль дээр ирж үг хэлэхдээ “Монгол хэлийг заавал сурах ёстой шүү гэж Жеймс багш захидаг байсан” гэсэн. Эрдэмтэн багшийнхаа тэр захиас, ойлгосон ойлголтоороо энэ ажлыг эхлүүлсэн болов уу. Ер нь түүх үзсэн хүн Монголыг судлахгүй бол болохгүй юм байна гэх дүгнэлтэд хүрдэг дээ, заавал л хүрдэг юм. Харвардад монгол судлалыг сэргээхэд Марк Элиотоос гадна МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд бас их сайн ажилласан.
АНГЛИ ХЭЛИЙГ ДУУ СОНСОЖ, ДАГАЖ ДУУЛЖ БАЙЖ СУРЧ БАЙЛАА

-Таны эрдмийн ажил, мэргэжлийн тань талаар яриаг энд хүрээд түр азная. Харин тантай анх танилцаж байгаа уншигчдадаа зориулаад таны бага нас, гэр бүлийн талаар цөөн хором ярилцъя. Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би ХХ зууны алтан үед гэр бүлдээ төрж, урлаг соёлоор амьсгалж өссөн. Манайх анх Улаанбаатар хотод байшин барилгууд босож эхэлсэн үеийн байшинд буюу 40 мянгатад байдаг байлаа. 40 мянгат дөнгөж ашиглалтад орж нээгээд залуу гэр бүлүүд ороход манай аав ээж хоёр ч орж байж. Тэнд төрж, тэнд насаараа л амьдарсан.
Манай дээр хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайнх байна. Жаахан байхад дандаа л хөгжмийн дуу сонсогддог байсан нь одоо ч санагддаг. Төгөлдөр хуураа тоглоод л байна. Надтай таарахаараа айлгана. Орос эхнэртэй. Тэр үеийг мэдэхгүй л өссөн. Одоо бодоход алтан үеийнхний дунд л өсөж хүн болж дээ.
Тэр үед хэрэглээ одоогийнхтой харьцуулахад хязгаарлагдмал, хомс байсан ч амьдрал их тайван байж. Стресс бага. Тэр үеийн сэхээтнүүдийн адилаар орос сургуульд явж, оросоор амьсгалж сургуулиа төгссөн. Орос сургуульд англи хэл заадаг учир англи хэлээ ч суралцсан. Тухайн үед гадаадынхан байхгүй. Тиймээс англи хэлээ суралцахаас гадна англи дуу их сонсоно, дуулдаг. “Abba”, “Beatles”-ын дууны үгийг сурчхаад л дуулаад явна, “Voice of America” ч их сонсдог. Тэгж л нэг хүн болж, сурсан англи хэлээ ашиглаж гадаад их явдаг боллоо. Би гадаад явахдаа дандаа л Монголынхоо урлагийн талаар тайлбар хийхээр явна. Оюутан байхдаа Занабазарын музейд зуны дадлага хийхээр боллоо. Захирлаар нь урлаг судлаач Д.Дашбалдан гуай байсан, гадаадынхан ирэхээр “чи тайлбар хийгээрэй” гэнэ. 1993 оны үе шүү дээ. Англиар музейгээ тайлбарлаж байгаад л гаднынхантай харьцаж сураад, гадаад явж лекц тавих зам минь нээгдсэн.
-Та тэгэхээр англи хэлээ өөрөө л суралцсан юм байна шүү дээ?
-Тийм шүү. Англи хэлийг би үнэхээр дурлаж суралцсан. Дуун дээр их гоё сонсогддог байсан учир үгийг нь орчуулна, цээжилнэ, дуулна. Тэр үед англи дуу их ховор ч олдоно, дууны үг ч олох хэцүү. Ер нь дууны үг сонсож л англи хэлээ сурсан даа.
-Та аавтайгаа хамт эвлэлийнх нь ажилд явдаг байв уу?
-Манай аав хөдөө их явдаг. Жил бүр хэдэн сараар явна. Зураачдын будаг, бийрээ хадгалдаг саваа үүрээд л яваад өгнө. Тэгж явчхаад ирэхдээ сармай дээлт авч ирнэ. Сармай дээлтийг нь хүлээгээд л сууж байдгаа их санадаг. Дараа нь бодоход намайг яагаад дагуулж явдаггүй байсан юм болдоо гэж жаахан гомдсон /инээв. сурв/ Аав явахдаа “чи хэрэггүй, хэрэггүй” гэнэ. Би чинь айлын бага.
Өөр нэг сайхан дурсамж бий. Аав их зураг авдаг. Тэр үед өөрсдөө угаадаг байлаа шүү дээ. Зураг авчхаад нэг өрөөнийхөө буланд тохижуулсан бяцхан лабораторидоо угаана. Аппаратаа дээлнийхээ хормойгоо доогуур хийж байгаад л филмийг нь гаргаж, хоёр төрлийн хоронд хийж угаадаг. Тэр болгонд нь би хажууд нь дагаад л хийнэ. Хоёулаа нэг нэг чимхлүүр барьчхаад л, хоёр хорондоо филмээ хийгээд “нэг, хоёр, гурав” гэж тоолоод гаргана. Дүрс нь тодроод ирэхээр хорноосоо гаргаж ирээд галын өрөөндөө дүүжилчихнэ. Бид хоёр хамтдаа их зураг угаасан шүү /инээв. сурв/
Аавыг ярихаар бас энэ дурсамж санаанд буудаг. Тухайн үед зурагт 18 цагаас л гарч эхэлдэг байлаа шүү дээ. Тэгэхдээ бүр даваа гарагт зурагт огт гарахгүй. Тэгэхээр даваа гараг л хамгийн муухай өдөр байлаа, үзэх ч юм байхгүй гээд л уурлана. Тэгэхээр аав хаалга хаачхаад л, хаалган дээр Оросын слайдаар хийсэн, нэг нэгээр нь үзүүлдэг карт гаргаж байгаад л надад үлгэр ярьж өгнө. Эрхлүүлж байгаа нь тэр юм шүү дээ. Ах эгч нар маань надаас үе мултарсан юм болохоор өөр өөрийн ажил, хичээлээ хийгээд явчихна. Тэгэхээр аав надад мультфилм хийж өгч байгаа нь тэр юм. Одоо гэрийн маань хаа нэгтээ байгаа л байх даа.
ААВТАЙ БҮТЭЭЛҮҮДИЙНХ НЬ ТАЛААР ЯРИЛЦДАГГҮЙ БАЙСАНДАА ОДОО Ч ХАРАМСДАГ

-Таны ах дүү нар бүгд л урлагийн хүмүүс болсон шүү дээ. Та бүхний мэргэжил сонголтод аав тань нөлөөлсөн үү?
-Аав захиас юу ч хэлдэггүй. Тухайн үед хүмүүс их зохион байгуулалттай ч байж, өөрсдийн хичээл номыг хэнээр ч хэлүүлэхгүй их сайн хийдэг. Би хэл суралцахдаа их сайн, амархан, дуртай сурсан. Тийм болохоор хэлний чиглэлийн хүн болно гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл хүний хувь заяа гэж их сонин, цаанаасаа зурагдчихсан ч юм шиг. Надад Унгарын урлаг судлалын анги таараад, анх би юунд явж байгаагаа ч мэдэхгүй л явж байсан шүү дээ. Анх очоод хичээлд нь суутал Европын орон учраас Христосын зураг үзүүлээд л ярьж байна. Миний хувьд үнэхээр цоо шинэ зүйл, юу ч ойлгохгүй, мэдэхгүй /инээв. сурв/ Би Грекээс ирсэн Эва гэж найзтай. Түүнтэйгээ Будапештийн эргээр алхаж явахдаа “юу ч ойлгохгүй байна” гээд үнэнээ хэлсэн. Тэгэхэд надад Христосын талаар ярьж өгч, анх танилцаж байлаа.
-Аргагүй л хаалттай нийгэм байж дээ?
-Тиймээ, их хаалттай. Тэгээд л эхний улирлаа төгсөхдөө юу ч ойлгохгүй төгсөж байсан даа. Багш нар “хөөрхий Монгол” гээд л надад тэг тавихгүй, дараагийн улиралд оруулж, нөхөж шалгалтуудаа өгөөд явж байсан даа. Нэг л их шалгалт өгсөн, шалгалт нь хэзээ ч дуусдаггүй хүн байлаа /инээв. сурв/ Ингээд л төгсөхдөө урлаг судлалын дөртэй болж, арга техник, онолыг нь мэдээд буцсан даа.
-Ийм хаалттай, үзэл сурталжсан цаг үед таны аавыг уран бүтээлчдээ үзэл суртлаас их хамгаалж, чөлөөтэй сэтгэх, хийх тал дээр их дэмждэг хүн байсан гэдэг. Уг нь эвлэлийн дарга хүн харин ч захирч, тушаах ёстой байтал эсрэгээрээ задалж өгдөг байсан гэлцдэг. Өөрийнх нь бүтээлүүд ч тийм. Та урлаг судлаач болсноосоо хойш аавынхаа ажил, бүтээлүүдийг эрдэмтэн хүний нүдээр харж, шинжиж байсан нь бий юу?
-Хүүхэд байхдаа, аавыгаа амьд сэрүүн үед үнэндээ харж байсангүй. Аав дандаа л зургаа зурж суудаг. Эхлээд гэртээ зурдаг байснаа сүүлдээ урлан руугаа явна гээд гараад явчихдаг. Дандаа л бийрээ арчиж байдаг, би бийрийг нь хамт угааж байдаг. Юу зурж байгааг нь тоодоггүй, хардаггүй, үнэндээ сонирхдогчгүй байж. Үүндээ би маш их харамсдаг. Тэр үед л ааваасаа юм асууж байхгүй яав даа. Тухайлбал, аав хүрээ хийдийн талаар хоёр ч зураг зурсан байдаг. Хүрээний гэрэл зургуудыг харж байгаад зурсан тэр зургуудын талаар ааваас асуух юм одоо ч бий.
Аавын өдөр тутмын ажлаа бичдэг байсан өдрийн тэмдэглэлүүд байдаг. Дараагийн минь ажил тэр тэмдэглэлүүдийг уншина. Тэгвэл тухайн үеийн амьдрал нь надад бүр ч их тодорч харагдах байх, тэр үед аавынхаа бүтээлүүдэд задлан шинжилгээ хийнэ гэж бодож явдаг даа. Энэ бол миний төлөвлөгөөнүүдийн нэг.
-Энэ жил 95 насных нь ой тохиож байгаа байх аа?
-Тиймээ. 2023 онд 100 насных нь ой тохионо. Их сайхан тэмдэглэнэ гэж бодож яваа.
Ийнхүү бидний цөөн хормын ярилцлага өндөрлөв. “Урнаа багш” богино хугацаанд Монголд ирсэн тул хийх, амжуулах ажил ихтэй, бидний дараа уулзахаар хүлээж байсан олон ч хүн байсан тул бид илүү ихийг шалгаасангүй. Тэрбээр ирэх даваа гарагт АНУ-руу буцаж, эрдмийн ажлаа үргэлжлүүлнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаантай хүмүүс нь үг хэлээ жаахан бодож хэлж байв�##�. Наад цаад учрыг ойлгохгүй, авахын авч хаяхын хаяж мэдэхгүй хар масс их болсон үeд. Монгол Төвд орнууд эртнээс номын барилдлагатай явж ирсэн. Зарим нэг улс төрчдийн зөрөлдөөн бол түүхэнд байдаг л зүйл.
saihan erdemtei emegtei shuu mongold iim seheeten tun hovor boljdee. uneheer eh oronch hun bol mongoliin tuuhiig ingej l hardag yum daa .yagaad gevel uneheer iim ih gazar nutag baylagiig ene tsuuhun hun amtai ard tumen udii hurtel hadgalj irsen tuuh bol aguu .Gaihamshigtai humuunii hucheer udiig tuucheelj bidend uldeesen yum shuu .Yag gol sudsiig olj harj baigaad ni bayrlaj bna .iim humuus olon baigaasai . ednii hucheer l mongol munhud orshino doo. bayrlalaa erdemtei busgui mini.