“Эгүүр” брэндАнагаах мэдлэг

С.Чимидцэрэн: Умайн хүзүүний хорт хавдрын 70 хувь нь папиллома вирусийн шалтгаантай байна

Хүн амд эрүүл мэндийн талаарх хэрэгтэй ойлголтыг энгийн үгээр ойлгомжтойгоор бэлтгэн хүргэх зорилготой "Анагаах мэдлэг" энэ удаад АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн  анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэнг урилаа.

Монгол улс Дархлаажуулалтын тухай хуульдаа 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр 11 настнуудад хүний папиломма вирусийн эсрэг вакциныг хийхээр болсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас эхэлж дархлуужуулах товлосон. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс уг вакцинжуулалт орон даяар эхлээд байна.

Бид энэ удаад хүний папиллома вирус болон үүний эсрэг дархлжуулалтын талаар ярилцлаа.

-Ярианы эхэнд та ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тухай танилцуулахгүй юу?

-ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөл нь бодлогын түвшинд дархлаа судлалын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг юм. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн судлаач бусад мэргэжлийн дархлаа судлалын эмч, мэргэжилтэн байдаг.  Бид дархлаа судлалын шинжлэх ухаанд гарсан ололт, амжилт бүхнийг бодлого боловсруулагчид ямар чиглэлээр хэрхэн тусгаж ажиллах талаар зөвлөмж өгдөг. Тухайлбал, дархлаанд нөлөөтэй эмийн бэлдмэлүүд, вакцины талаар зөвлөгөө авах хүсэлт ирүүлэхэд судалгаа шинжилгээнд тулгуурлан мэргэжлийн зөвлөгөөг өгнө. Үүнтэй холбоотой бодлогын түвшинд ямар арга хэмжээ талаар санал хүргүүлэх гэх мэтээр ажилладаг.  

- Манай улсын хэмжээнд одоо нийт хэчнээн товлолт хийгээд сайн дурын вакцин байгаа вэ?

-Вакцинжуулалт бол хүн амыг олноор хамарсан халдварт өвчний үед хэрэглэгддэг  өвөрмөц урьдчилан сэргийлэлт, хамгаалалт. Манай улс дархлаажуулалтын хуулийг 2009 онд баталсан. Дэлхий дээр дархлаажуулалттаар хамгаалагддаг 29 халдварт өвчин бий, зарим тархварзүйн заалтаар хийгддэг вакцинжуулалтыг оруулах юмбол энэ тоо нэмэгдэнэ. Эдгээрээс тухайн улс орон болгон өөрийн онцлогоос хамаараад товлолт вакциндаа оруулаад явдаг. Манай улсын хувьд нийт 10 гаруй товлолт вакциныг хуулиндаа оруулсан. 2024 онд өөрчлөлтөөр бол хүний папиллома вирусийн эсрэг вакцин, гепатитын А вакциныг товлолдоо нэмж оруулсан.

-Хүний папиллома вирус товлолт вакцинд орсноор олны анхаарлыг татаж байна. Бид энэ талаар хамгийн түрүүнд юуг мэдэж байвал зохилтой вэ?

-Ихэнх вакцин хүн амд өргөн тархсан урхаг өндөртэй, нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн халдварын эсрэг үр дүнтэй нөлөө үзүүлсэн байдаг.  Папиллома вирусийн хувьд бусад вирусийн халдвараас ялгаатай нь хавдар үүсгэдэг.  Зүйрлэж хэлбэл гепатит В, C вирусын онцлог нь архаг халдвар үүсгэж, улмаар тодорхой үе шатын дараа элэгний хорт хавдарт шилждэг. Үүнтэй адилхан папиллома вирусийн халдвар аажмаар архаг халдвар үүсгэж байгаад 1-10 жилийн дараа эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар, эрэгтэйчүүдэд шодой, бэлэг эрхтэн, залгиурын хавдар үүсгэдэг. 

-Халдвар хэрхэн хавдар үүсгэдэг талаар мэдээлэл өгч болох уу?

-Умайн хүзүүний хорт хавдар монгол эмэгтэй хүнд тохиолдох хавдрын хоёрдугаарт ордог. Папиллома вирусийн онцлог нь халдварын төгсгөлд хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд дотроо хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинжүүд гэж бий. Умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон нийт хүмүүсийн 70 хувьд нь папиллома вирусийн 16, 18 дугаар хэв шинжээр үүссэн халдвар давамгай тохиолдож буй нь гэж судлагдсан. Энэ олон вирусын 200 гаруй төрлөөс хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 15 хэв шинжийг эрдэмтэд тогтоож, үүнээс хамгийн өндөр эрсдэлтэйг нь 16, 18 дугаар хэв шинжийг гэж үздэг. Тиймээс эдгээр хэв шинжийн эсрэг дархлаа тогтоох чадвартай вакциныг үйлдвэрлэсэн нь хүн төрөлхтний хамгийн том дэвшил юм. Хэрэв бид энэ вакцинаар сэргийлж чадах юмбол хавдар үүсэх эрсдлээс төдий хэмжээгээр сэргийлж чадна л гэсэн үг.

-Энэ вирус хэрхэн халдварладаг, хэн илүү өртдөг, ямар шинж тэмдэг илэрдэг бол?

-Хавдар үүсгэх эрсдэлтэй хүний папиллома вирус бэлгийн замаар халддаг. Ингэхдээ хоёр хүйст хоёуланд нь хавдрын эрсдэл бий болгоно. Эмэгтэй хүнд умайн хүзүүний хорт хавдар, эрэгтэй хүмүүст шулуун гэдэс, бэлэг эрхтэн, ам залгиурын хавдар үүсгэдэг.  Сүүлийн үед бэлгийн зан үйлтэй холбоотой халдварын бусад хэлбэрүүд нэмэгдэж байгаа. Мөн хавдар үүсгэдэггүй ч бэлгийн замаар халдварлаж үү, ургацаг үүсгэдэг бусад хэв шинжүүд ч бий. Түүнчлэн төрөх насны эмэгтэйчүүдээс төрөх замаар нярай хүүхэд халдвар авч залгиурын халдварыг үүсгэж улмаар үү ургацаг үүссэн. Мөн хүүхдэд ам залгиурын хавдар үүсч олон удаа хагалгаанд орсон тохиолдлыг эмч мэргэжилтнүүд тэмдэглэсэн байдаг. Нярай төрөх үед салиагаа залгиж залгиур руу нь ороод хүндрэл үүссэн тохиолдол бүртгэгдсэн.  

-Шинж тэмдэг илрэх үү, халдварыг хэрхэн оношилдог вэ?

-Оношлогоо эмчилгээний удирдамж заавраар эсийн цитологи шинжилгээгээр өндөр хувьтай илрүүлдэг байсан ч сүүлийн үед бэлгийн замын халдварлахдаа салстын доод давхарга руу ороод архаг халдвар тохиолдол үүсгэсэн тохиолдолд цитологи шинжилгээний өвөрмөц мэдрэг чанар хангалттай биш гэж үзэж байгаа. Тиймээс одоо молекул биологийн өндөр мэдрэг арга хэрэглэж вирусын хэв шинжийг нь илрүүлэх шинжилгээнүүдийг зөвлөж эхэлсэн.

-Умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 70 хувь энэ вирусийн халдвар байх нь?

-70-90 хувь гэсэн судалгаа мэдээлэл бий. Ер нь бол умайн хүзүүний хорт хавдрын 70 хувийг 16, 18 хэв шинжийн папиллома вирусууд үүсгэж байна гэсэн өндөр эрсдэлтэй гэх судалгаа гарсан.

-Вакциныг 11 настай хүүхдүүдэд товлолоор хийнэ хийнэ. Харин бусад насныхан энэ эрсдлээс хэрхэн сэргийлж, хэрхэн дархлаажуулагдах вэ?

-Сайн дураараа дархлаажуулалт хийлгэж болно. Манай улс товлолт вакцин буюу дархлаажуулатын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 11 настай хүүхдүүдийг ямар нэгэн үнэ төлбөргүй, улсаас зардал нь гараад вакцинжуулах гэж байгаа бол 11-15 насны хүүхдүүд, 15-аас дээш насныханд хамрах удирдамж заавар бас бий. Өөрөөр хэлбэл, 15-аас дээш насныхан 2 тун, насанд хүрэгчид 3 тунын вакцинжуулалтыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаж хийлгэж болно. Гэхдээ тодорхой хэмжээний төлбөртэй хийх зохицуулалттай. 

-Үүнээс өмнө манай улсад хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийлгэж байсан юмуу?

-Хийлгэж байсан. Арваад жилийн өмнө ДЭМБ-ын зөвлөмжөөр хүний папиллома вирусийн вакцинжуулалт эхэлсэн боловч тухайн цаг хугацаанд вакцин эсэргүүцэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч зогсоосон нь том алдаа болсон. Харин 2024 оноос хуулиндаа буюу заавал хийлгэх дархлаажуулалтад оруулсан нь энэ. Өнгөрсөн хугацаанд насанд хүрсэн эмэгтэйчүүд шинжилгээ өгөөд эрсдэлтэй халдвар байхгүй тохиолдолд сайн дураараа вакцин хийлгэж байсан. Хүүхдүүддээ ч гэсэн энэ вирусийн хор урхагийг ойлгосон хүмүүс аль болохоор бага насанд нь хамруулж ирсэн. Энэ нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй вирусийн халдвараас сэргийлэхээс гадна бусад халдваруудаас давхар хамгаалах боломжтой юм. Тиймээс ээж аавууд өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ тодорхой төлбөр төлөөд сайн дураар нь хамруулсаар ирсэн нь сайшаалтай.  

-11 нас гэдэг нь ямар учиртай вэ?

-Аливаа вакциныг төрсний дараах 24 цаг дотор, 2 сар , 3 сар, 4 сартайд гэх мэтээр товлодог. Дархлаа судлаач хүний хувьд зөвлөхөд вакцинжуулалтыг илүү эрт хийх тусам дархлааны эсүүд халдвар орж ирэхэд бэлэн болж байдаг. Монгол хүүхдүүд 11 нас хүртлээ маш олон товлолт вакцин хамрагддаг. Эрт хийх тусам тэдгээрийн эсрэг үүсэх дархлааны эсүүдийн бэлэн байх, удаан хугацаагаар дархлаа тогтоох чадвар нэмэгдэнэ. Олон улсад харьцуулж хийсэн судалгаанаас харахад энэ вакциныг 9-14 насныханд хийхийг зөвлөсөн байдаг. Хожуу үед хийгдсэн харьцуулсан судалгаанаас харахад илүү урагшлах тусам үр дүнтэй, урт хугацааны дархлаа тогтож байна. Одоо манай 11 настнууд нэг л тун авна. Судалгаанаас харахад энэ насанд хийгдсэн хүүхдүүдэд илүү сайн дархлаа тогтжээ.  

-Папиллома вирусийн халдвар 1-10 жилийн дараа хавдар үүсэх эрсдэлтэй-

-Дэлхийн бусад улс орнууд хүний папиллома вирусийн вакцинжуулалтыг хэрхэн хэрэглэж байгаа бол?

-Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 141 орон товлолт вакциндаа оруулсан байна. Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаантай нас баралт их байгаатай холбоотойгоор ДЭМБ 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд охидын 90 хувийг вакцинжуулж хавдраас сэргийлнэ гэсэн зорилготой. Тэр ч утгаараа дээрх тоо маш богино хугацаанд нэмэгдэж байгаа. Яг одоо энэ сайтаас харахад 144 орон болжээ. Эдгээр улсаас хоёр хүйсэндээ 75 орон, зөвхөн эмэгтэйд 69 орон хийж байна. Яг үүнтэй зэрэгцээд вакцин үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа. Судалгаа шинжилгээ, технологийн өндөр хөгжилтэй холбоотой вакцины доз тунгийн судалгаа бас хийгддэг. Мөн аюулгүй байдал, гаж нөлөөний судалгаа хийгдсэний үр дүнд нэг тунгийн вакциныг аль болох эрт үед нь буюу 9-14 нас, зарим оронд  9 наснаас хийж байна. Одоогоор 60 гаруй орон нэг тунгийн вакцин хийгдсэн, хоёр тунгийн буюу 12 сарын зайтай хийгдэж байгаа вакциныг 5 орон, 6 сарын зайтай хийж байгаа 75 орон гэх мэт судалгаа байна.

Судлаач хүний хувьд харахаар I, II, III тунгаар хийлгэж байгаагийн хооронд вакцинжуулалтаас хойш хийсэн дархлаа тогтсон байдлыг дагаж судалсан үр дүнгээр 3-4 жилийн дараа яг адилхан түвшинд очиж байгаа нь нэг тунгаар эрт хийсний үр дүн. Тийм учраас манай улс бодлогын түвшинд 11 насанд нэг тунгаар хийж байгаа нь зөв зүйтэй шийдвэр юм.

-Гаж нөлөө хэрхэн судлагдсан бол, эсрэг заалт гэж байдаг уу?

-Ямар ч вакцин, эм бэлдмэлд гаж нөлөө, урвал хүндрэлийг бүртгэдэг тогтолцоо байдаг. Манай улсын хувьд ч бүх төрлийн вакцинуудын урвал хүндрэлийг бүртгэдэг систем ажилладаг. ЭМЯ-ны дэргэд урвал хүндрэлийг бүртгэх хороо бие даан ажиллаж байна. Энд улайх, хавдах, бага зэрэг халуурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Амь насанд нөлөөлөхүйц урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.

-Вакцин маань сонголттой юу?

-БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цинт буюу өндөр эрсдэлтэй дөрвөн хэв шинжид үйлчлэх вакциныг хийнэ. Үйлдвэрлэгч “Кардисол” гэж компани нь дэлхий нийтэд хэрэглэж байгаа 20 гаруй төрлийн вакцин үйлдвэрлэгч юм билээ. Улс орнуудад хийсэн судалгаагаар 2 цинт, 4 цинт, 9 цинт вакцинууд хийгдэж байгаа. Нийт зургаан HV урьдчилан сэргийлэх вакцин дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа. Эдгээрээс тав нь нэгдүгээр түвшний буюу хамгийн өндөр эрсдэлтэй 16, 18 дугаар хэв шинжийг агуулсан 4 цинт вакцин байгаа бол сүүлийн үеийн мэдээгээр 2 дахь үеийн вакцин нь 9 цинт вакциныг гаргасан. Энэ нь маш өндөр өртөгтэй нэг тун нь 100 долларын үнэтэй бөгөөд өндөр хөгжилтэй 30 гаруй орон хэрэглэж байна.

Өндөр эрсдэлтэй хэв шинжийг агуулсан буюу хорт хавдрын 70 хувийн шалтгаан болж байгаа 4 хэв шинжийн энэ вакцинаар хамгаалах боломжтой. Мөн нэгэнт халдвар авчихсан тохиолдолд хавдраас сэргийлэх үүрэгтэй вакцины судалгааны үр дүн байна. Ковидоос хойш вакцин үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж маш богино хугацаанд үр дүнтэй вакцинжуулалт хийгдэж байгаа учир манай улсад тун удахгүй эмчилгээний вакцин нэвтрэх болов уу.

-Нэгэнт халдвар авчихсан хүмүүсийн тухайд ямар боломжууд байгаа вэ?

-Насанд хүрсэн бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс папиллома вирусын хэв шинжийг тодорхойлох шинжилгээг молекул биологийн аргаар ХСҮТ, ХӨСҮТ бусад эмнэлэг лабораториуд гээд хаана ч хийлгэж болно. Халдвар авчихсан тохиолдолд хяналтад ороод эмчилгээ хийлгэнэ.  Бэлгийн замаар дамжих энэ халдвар шинж тэмдэг гарч ирдэггүй, суурин давхаргын эсүүд рүү халдварладаг учраас зарим шинжилгээгээр хүртэл илрэхгүй байх эрсдэлтэй. Тэгээд 1-10 жилийн дараа хавдар үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр үүнийг заавал сэргийлэхгүй л бол болохгүй. Хавдараас гадна ходоод, шулуун гэдэс гээд бусад эрхтэнд үү, ургацаг үүсгэдэг. Харин халдвар байхгүй тохиолдолд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд очоод энэ вакциныг сайн дураараа хийлгэж өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй.

-Эцэг эх, асран хамгаалагч нар энэ вакцины талаар тодорхой сайн мэдээлэлгүй байх шиг байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Товлолт вакцин гэдэг нь монгол улсын хуулиар баталгаажсан заавал хийлгэх дархлаажуулалт. Өөрөөр хэлбэл бид ирээдүйд гарах хор уршиг, өвчлөл, нас баралт, хавдрын өндөр өвчлөлийг бууруулах зорилготой учраас бид иргэний үүргийн дагуу хүлээн авч, бас энэ дагуух мэдээллээр хангагдах ёстой юм. Тэр утгаараа эцэг, эхэд бол аль хэдийн мэдэгдсэн. Үнэхээр эсэргүүцээд хийлгэхгүй гэсэн эцэг эх асран хамгаалагч байвал өөрсдөө бичгээр ирж мэдэгдэх боломжтой.  Дэлхий нийтэд 20 гаруй халдварт өвчин вакцины ач тусаар хязгаарлагдаж, зарим нь бүр устсан ч тохиолдол бий.

Жишээ нь, анхны цагаан цэцэг өвчний халдвар авсан л бол нас барж, маш олон сая хүн өвдөж эдгэсэн ч амьдралын чанар муудаж хараагаа алдаж, архаг хууч өвчтэй болж байтал вакцин гарч энэ өвчин устсан. Вакцинийг дархлаа судлалын шинжлэх ухаан төрсөн өдөр гэж тэмдэглэдэг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлуудыг бид нар вакцины ачаар зогсоож чадсан. Монгол улс вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдан цаг алдалгүй хийснээр нь ковидыг хохирол багатай даван гарсан улсаар тэмдэглэгдсэн. Ковидоос хойш вакцин үйлдвэрлэл үсрэнгүй хөгжихийн зэрэгцээ дэлхийн дулаарал, амьдралын хэв маягаас болж шинэ болон сэргэж байгаа халдвар гарч эхэлж байна. Энэ тохиолдолд вакцин л аврах боломжтой. Олон нийтийн хамарсан халдварын эрсдлийг вакцин маш сайн буулгаж, бууруулж өгдөг. Папиллома вирусийн халдвар ороод ирэхэд вакцинжуулагдсан хүнд бол халдвар үүсэхгүй цаашаа хавдар үүсэх эрсдлээс  хол байна л гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 29, 2024 10:00

АЛНЫ ХАВДАР ГЭЖ ОЫЛГОЖ БОЛОХ ЮМ УУ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ТӨМСӨГ ЧИВ НЬ ХАВДАРТАНАА ГЭСЭН ҮГ ҮҮ?

Зочин
Зочин
12 сар 1, 2024 19:37

ядуу буурай орнуудын иргэдэд туршилт хийж бга вакцин гэсэн шүү хямд юм гэдэг чинь мэдээж ш дээ дараа нь хариуцлагыг хэн хүлээхийн хэн ч хүлээхгүй охидууд л хохтрно эцэг эхчүүд хохирго бид л лав хүүмдүүддээ хийлгэхгүй зарим оронд хийлгэсэн хүүхдүүп унаж татддаг саажилттай тархи нь үхжээд ургам�##� болсон гэж бна лээ ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button