Фокус: “Мүракамийн зохиол дахь хөгжмүүдийг филармонийн тайзнаа тоглоно, энэ манай нийгэмлэгийн анхны ажил”

Харүки Мүракамийн зохиолд үргэлж хөгжим өгүүлэгддэгийг уншигчид нь андахгүй. Тэрбээр зохиолчоос гадна хөгжмийн ертөнцөд зүггүй аялагч юм. Тийм ч учраас сонгодгоос эхлээд орчин цагийн өргөн урсгал дунд чөлөөтэй сэлж, зохиол бүтээлийнхээ нэгэн өгүүлэмж, шугам, метафор болгон шигтгэж байдаг.
Тэгтэл, манай Улсын филармонийн тайзнаа “Мүраками, сонгодог үдэш” гэдэг тоглолт болох гэж байна. Хоёрдугаар сарын 11-нд, түүний гол гурван романд гарч ирдэг бүтээлүүдийг хөгжимдөх нь.
Тухайлах юм бол,
- “1q84” романаас: Janacek, Leos - Sinfonietta
- “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романаас: Franz Liszt - Hungarian rhapsody №. 2 in С-sharp minor
- “Торгон цэргийн хороон даргын аллага” романаас: Wolfgang Amadeus Mozart – aria from the Marriage of Figaro, Ludwig van Beethoven - The Symphony No. 7 in A major, Op. 92, I Poco sostenuto хөгжмүүдийг тоглох нь.
Энэ сонирхолтой санаачилгын цаана Монгол-Японы утга зохиолын нийгэмлэг гэж шинэхэн байгууллага бий нь анхаарал татлаа.
Монголчуудын хувьд Харүки Мүракамитай төдийгүй Японы уран зохиолд гүнзгий нэвтэрч, Гэнжийн туульсаас ч хэлтэлсэн сэхээтэн бол О.Жаргалсайхан юм. Түүнтэй өмнө нь хоёр ч удаа ярилцлагын ширээний ард сууж байсан.
Өнөөдөр чухам яагаад нийгэмлэг гэж байгуулах болов. Тус нийгэмлэгийн үйл ажиллагаа нь юу байх юм. Анхны ажил нь Харүки Мүракамийн хөгжмүүдээр сонгодог тоглолт болж хувирах тохиол хэрхэн таарсан. Ер нь орчин цагийн япон хүний сэтгэлгээний онцлогийг уран зохиолоор дамжуулан, монгол хүмүүст хүргэх зорилгод төдийгөөс өдийг хүртэл О.Жаргалсайхан хэрхэн хүрч ирсэн талаар өгүүлэхээр уулзлаа.

О.Жаргалсайхан ярьж байна,
“Миний үндсэн мэргэжил Япон хэлний орчуулагч, утга зохиолын багш. МУИС-ийг 1986 онд төгссөн. Тэр үед орчуулагч нарыг бэлтгэх төрийн бодлого байсан болов уу. Дараа нь Японы улсын Засгийн газрын тэтгэлгээр, боловсрол судлал руу орсон. Японд магистр хамтгаалсан. Угийн утга зохиолын суурь байсан учир, давхар тэндхийн ном руу ч орж явчихсан.
Хамгийн анх хүчтэй сэтгэгдэл төрж, татагдсан ном бол Шиба Рёотаро гуайн “Тал нутгийн тэмдэглэл” юм. 1997 онд түүнийг орчуулан хэвлэж, 1998 онд төгсөж ирэв. Тухайн үед С.Баяр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байлаа. ЖАЙКА байгууллагад ажилд орохоор өргөдөл өгсөн байв. Гэтэл ЕТГ-аас утастсан. Н.Багабанди гуай Япон улсад төрийн айлчлал хийхээр болоод байж. Шиба Рёотаро гуайд “Алтан гадас” одонг нөхөн олгох зөвшилцөлд хүрчээ. Монголын тухай гадаад ертөнцөд яндашгүй сайн бичсэн сэхээтэн яах аргагүй мөн тул түүний ном бүтээлүүдийг ч судалж. Гэтэл “Тал нутгийн тэмдэглэл” гэж ном нь Монголд, ер ноднинхон хэвлэгдсэн байж таарч, тр үүднээс орчуулагч нь болох намайг дуудаж л дээ.
Айлчлал ч амжилттай болж, түүний дараа намайг тамгын газарт референтээр ажиллах санал тавьсан. Би бодсон. Ээж маань ч төрийн өндөр байгуулагад ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн. Эргээд харахад, өндөрлөг газраас доор бэлчиж буй адуун сүрэг сайхан харагддаг. Үүн шиг улс орны нөхцөл байдал баталгаатай харагдахаар. Үе үеийн шилдэг сэхээтнүүдийн ч хамт ажиллана. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэхэд Пүрэв генерал, Нямдаваа доктор, Батхишиг нар байх жишээтэй. Ингээд би шийдсэн, төрийн албан хаагч болсон.
Харин энэ хугацаандаа дэлхийд либерал үзлийн утга учрыг номлосон “Өөртөө туслах ухаан”, “Эрдмийг эрхэмлэх ухаан” гэж бестселлер номыг орчууллаа. Зах зээлийн эдийн засагт палхийтэл орчихсон, яахаа мэдэхгүй явсан бидний үед хүчтэй туссан. Биеэ даасан хүн гэдэг эх орны хөгжилд ямар их хэрэгтэй вэ гэдэг үзэл санаа гайгүй сайн очсон. Номыг гадаадад суралцаж буй хүүхдүүддээ авч явуулдаг болсон, хэлмэгдэгсэд цагаатгалын 1 сая төгрөгөө аваад 10 ширхийг нэг дор худалдан авч байх жишээтэй.
Ингээд би номын орчуулга руу орохоор сэтгэл шулуудсан.
Гэхдээ цэвэр уран зохиолын биш, голдуу монголчуудын түүхэн мөн чанарыг харж онцолж бичсэн гадаад эрдэмтнүүдийн ажилд төвлөрч байлаа. Монголчуудын оюун санаан дээр бий болсон Орос үндэстний тухай гэх мэт, олон. Жаахан цаг гарвал л орчуулга дээрээ суудаг төрийн албан хаагч байлаа.
14 жил тамгын газар ажилласан байдаг. Гурван ч Ерөнхийлөгчийн багт ажилласан. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн дэргэд ажиллахдаа харин энэ замналыг орхихоор шийдэж, утга зохиолын орчуулгаар дагнасан.
Улс төрийн карьер хөөх боломж байсан харагддаг, надад сонирхол нь байсангүй. Ийм амьдрал гэж байж болдог шүү дээ.

Өнөөдөр ч өглөө бүр босоод NHK-ийн тойм үзэж улс төр, нийгмийн амьдралын шинэ тутам мэдээллүүдийг шимтэн сонирхож, бусдад дамжуулан хүргэсээр байна. Каваками Миэко гэж нэрд гараад байгаа залуухан япон зохиолчийн Харүки Мүракамитай хийсэн ярилцлагын ном миний ширээн дээр байна. Миэко асууж байна, “Та нийгэмд чимээгүй л сууж байдаг нэгэн үнэ цэнтэй орчныг өөртөө бий болгосон юм шиг. Гэтэл та бичгийн хүн. Нийгмийн амьдралаас тасрахгүй. Яагаад хэлдэггүй, ярьдаггүй юм” гэсэн утгатай. Мань хашир, “Миний оюутан цагт улс төрийн динамик нөхцөл байдлууд үүсэж, оюутны хөдөлгөөнүүд идэвхжиж байлаа. Харин оюутны үгийг үг гэж ер тоодоггүй байв. Тийм амьдралыг туулсан учир миний хувьд үгээ гамнах гээд байдаг талтай. Өөрийгөө томд бодоод, дуугүй л явъя гэж чиг шугам гаргачхаагүй гэдгийг ойлгоорой” гэж хариулсан байна л даа. Ер нь манай сэхээтнүүд үгээ хэлэх нь зөв юм. Зөв ойлгосон юмаа ярих ёстой.
Ийнхүү 2012 онд би тэр орчноос гарсан. Ингээд “1q84”-ийн гурван ботитой гурван жил шахуу зууралдаж, та нар дээр энэ ном очсон. Өмнө нь нэлээд төлөвшсөн оюун санаанд зориулагдсан номууд дээр ажилласан. Харин энэ төлөвшөөгүй гэж хэлэхгүй, гэхдээ оюун санааг бужигнуулдаг, жаахан шархлуулдаг, хөдөлгөөнд оруулдаг бүтээлүүд болж таарсан. Тэр уламжлалаа л аваад явж байна. Тэр бол яах аргагүй Мүракамитай л холбоотой. Шиба гуайн стиль бол түүхэн баримтат утга зохиол тал руугаа. Мүракамийн тухайд цэвэр утга зохиол. Энэ хоёрыг хослуулах аль алины шугамаа алдчихгүй байх давуу тал олгосон.
Би 30-аад жил ном орчуулан суужээ. Нийгмийн оюун санааг зөвхөн мэдээллээр таамддаг хүн болж хувирсан. Тэр нь эргэцүүлж бодоход утга зохиол шиг амьдрал юм уу даа. Өөрийн гараар бүтээсэн мэдээллүүд тэр биш юм. Нэг бодлоор нийгэм болон уншигчидтайгаа ойр байхын тулд энэ нийгэмлэгийг байгуулсан. Ашгийн төлөө биш юм. Монгол, Япон орны утга зохиолоор дамжуулж хүмүүсийн оюун санааг нээх.
Миний дээд үед цэвэр япон утга зохиолын орчуулга гэж бараг байхгүй. Оросоор дамжсан орчуулгууд ихэвчлэн хийгдэж байсан. Бидний үеэс л эхэлсэн л дээ. Шууд эх хэлнээс нь орчуулж эхэлсэн болохоор тэгж хэлж байна. Шан бол сайн татагдсан. Одоо салуу, сайн орчуулагч нар төрж байна. Л.Саруултөгс, С.Оюунбилэг, Д.Алтанцэцэг нарыг ч эндээс дурдмаар байна. Орчуулгын уран бүтээл гэдэг зохиолчдын адил таслахгүй явах хэрэгтэй ажил. Хэрэв орчуулгын чиг шугамаа барьж авсан бол алдахгүй хөөхөөс аргагүй болдог. Битгий тасал, номоо байнга гаргаасай гэж залуу орчуулагч нарыг хүсэж байна. Биднийг анх орчуулга хийж эхэлж байхад толь бичиг ч байдаггүй байлаа. Гар дээр олдох нь Орос-Япон, Япон-Орос. Түүнийг хоёр давхар харах хэрэг гардаг. Муу дархны хөөрөг том гэгчээр миний номын санд 50 гаруй толь бичиг байна. 1930-аад оны ч тайлбар толь байна. Одоо интернэт гарч ирснээс хойш тэднийгээ сөхөж харахаа байж. С.Дэмбэрэл гуайн манай толь бичгийн салбарт оруулсан хувь нэмэр их бий. Одоо жам ёсоор дараагийн үе залгамжлаад авч явах гэж байна.
Харин нийгэмлэг маань ямар зорилготой юм бэ гэхээр, уншигчид руугаа нэлээд анхааръя гэсэн бодол байна. Соёлын харилцааг хөгжүүлье гэж бодож болно. Түүнээс гадна миний амьдарч байгаа цаг үеийн япон оюун санаа монголчуудад хүрэх ёстой гэсэн бодол байна. Түүнийг нэлээд олон хэлбэрийн номоор бодож үзэх хэрэгтэй болжээ. Надтай хамтарч буй утга зохиолд дуртай, судалдаг, өөрсдөө ч бичдэг залуус байна. Жишээлбэл би хоёр залуугийн тухай хэлье гэж бодож байна. Нэг нь хуульч Ч.Буянбат. Нөгөө нь И.Даваадорж гэж багш залуу. Бид хамтраад, энэ нийгэмлэг цааш ямархуу өнгө төрхтэй байхыг бодож, хийж эхлээд байна”.

-Нийгэмлэгийн анхны ажил анхаарал татаж байна. Мүракамийн хөгжмүүдийг тайзнаа, Монголдоо амилуулна гэдэг шийдвэрт хэрхэн хүрэв?
-Нэг өдөр номын баярыг зохион байгуулдаг Д.Сувд маань утастлаа. Мүракамийн фэн уншигчид байна, та нэг хүрээд ирээч гэсэн. Улсын филармонийн удирдаачийн өрөөнд шүү. Гэтэл Мүракамийн уран бүтээл дэх, ялангуяа романууд дахь зарим хөгжмөөр концерт тавимаар байна, оролцооч гэдэг санал тавьж байна. Би удаан бодож, хүлээж авсан. Бид хэд хэдэн удаа уулзаж ярилцан, одоо л биеллээ олох гэж байна. Хоёрдугаар сарын 11-нд “1q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” гурван роман дахь гол хөгжмийг тоглоно. Тэр дундаа “1q84”-ийн Аомамэ зохиол эхлэхэд л таксинд сонсож байдаг Яначекийн “Симфонетта” Монголд анх удаа тоглогдох гэж байна. Филармонийн уран бүтээлчид маш их хүчин чармайлт гаргаж байна. Би үүнд Д.Сувдыг, ерөнхий удирдаач Д.Нямдаш гуайг, орчуулагч Н.Ганбат гээд олон хүнийг дурдмаар байна.
Мүракамийн зохиолыг уншиж байтал хөгжим гараад ирдэг. Нэрийг нь мэдэх ч сонсож үзээгүй уншигчдад энэ маш азтай явдал. Түүнээс гадна хөгжмийн фанатууд ч бий. Монголд анх удаа тоглогдох бүтээлүүд тэдний хувьд олзуурхууштай. Үг өгүүлбэрээс гарч буй аялгуу шиг зүйл Мүракамийн өөрийнх нь хөгжим. Гэтэл гэнэтхэн гараад ирж буй жинхэнэ хөгжмүүд явж байдаг. Энэ хоёрын найрсал, зохицол гэдэг зүйлийг би энэ концертоос хүсэж байна. Мүракамийн бүх бүтээлүүдийн хэмжээнд аваад үзвэл рок, жазз, поп ч бий. Иймд бид эхний удаад классикийг барьснаас гадна гурван романыг сонгосон. Хөгжим ч бидний амьдралд ойр юм. Утга зохиол ч ойр юм. Харин энэ хоёр одоо нийлэх нь.
-Нийгэмлэг ашгийн бус гэсэн ч энэхүү эхний төслийн санхүүжилт хэрхэн бүрдэв?
-“Симфонетта” гэхэд үлээвэр хөгжим дийлэнх. Гэтэл манай филармонийн үлээвэр хөгжимчид дутах жишээтэй. Иймд Д.Нямдаш гуай гаднын хөгжимчдийг ч татан оролцуулж байна. Улсын филармони өөрийн үндсэн программд оруулж, хийж байгаа тул санхүүжилт зэрэг ачааны хүндийг тэд үүрч байна.
Манай нийгэмлэг төсөл хөтөлбөр санхүүжүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх маягаар явна. Гишүүний татвар авна гэдгийг хүсэхгүй байна. Гишүүн харин хэн ч байж болно. Үйл ажиллагааны зардалд мэдээж санхүүжилт хэрэгтэй. Харин сайн дураар Японы утга зохиолоор дамжуулж монгол уншигчдыг бядтай, чадалтай болгох үйл ажиллагаанд дэмжих дэмжигч гарч ирвэл нэн баяртай хүлээж авна. Манай хүндэт гишүүнээр Д.Урианхай гуай, Коибүчи Шиничи нар бий. Японы утга зохиолд л дуртай бол идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.
Манай баг залуу орчуулагч нарыг дэмжинэ. Уншигчдад хандсан арга хэмжээг бид чадал боломжоор зохион байгуулна гэж бодож байна. Мөн Монголын зохиолчдыг Японы ертөнцтэй холбож ажиллана.
-Шинэхэн номын хүлээлт үүсчихлээ. Та дахин Мүракамитай ажиллах уу. Гурван ч романыг нь та дангаараа орчуулж, гаргасан хүн шүү дээ?
-Мүракамийн бүтээлүүдийн тухайд ч би цатгалан бар гэгчээр болчхоод байна. Одоо хоёр л ажил байна. Тэгээд ер нь энэ хүнийг одоо төгсгөе. Гэнжийн туульс руугаа оръё. Жинхэнэ сонгодог эртний уран зохиол намайг, бас олон хүнийг хүлээж байна.
Миний шүдний араанд зуугдаад байгаа сэдэв бол Мүраками ер Монголыг юу гэж үзэж байсан юм бэ? гэдэг асуудал. Түүний аян замын тэмдэглэл бүхий нэг ном байдаг. Мексик, Япон дотроо, сүүлд нь Монголд аялсан хэсэгтэй, тэр хэсгийн нэр “Номун хааны төмрийн сэг”. Монгол хүн болохын хувьд би үүнийг заавал хийх ёстой. Ер нь Мүракамийн утга зохиолын нэг сэжим бол хонь л доо. Би саяхан Мүракамийн өөрийнх нь байгуулсан номын санд зочлоод ирлээ. Хоёрдугаар давхарт нь хонины зураг бүхий кофены ширээ байна. Хонийг мань хүн өөрөө зурж. Би бодлоо, энэ намайгаа л зурж дээ гэж. Хонь буюу монголын тухай сэдэв түүнд явж байдаг.
Хоёрт, өөрийнх нь зохиолоос дутуугүй онцлог орчуулгын ажилд нь шилждэг. Ф.С.Фицжеральдын “Агуу Гэтсби”-г Мүраками орчуулсан нь бий. Иймд Фицжеральдаас Мүраками, Мүракамигаас Жаргалсайхан гэсэн амбиц байна. Том л амбиц юм даа. Үүнийг сонирхох хэвлэлийн газар байвал хандаж болно шүү. Ингээд би энэ хүнийг дахиж оролдохгүй.

-Японы утга зохиол гэхээр гол сэтгэгчидтэй нь нэг хоёрын төдий өгүүллэгээр нь танилцаж байгаа. Харин яг төвлөрсөн хэдхэн зохиолчийн томоохон бүтээлүүдийг бид дагнан орчуулж буй. Иймд сонирхоосой, орчуулаасай гэж боддог япон зохиолчид таны хувьд хэн бэ?
-Кавада Ёоког сонирхоосой. Герман хэл дээр бичдэг тул герман хэлтнүүд маань уншиж үзээсэй. Мэдээж уламжлалт сонгодог Юкио Мишима, Акүтагава, Дазай Осамү нар байна. Японы утга зохиолын хамгийн нандин юмыг тээж явдаг Танизаки Жүничиро гэж хүн бий. Шиба гуайн маань маш олон бүтээлүүд бий. Миэко Каваками мөн их анхаарал татаж байна.
Өнөөдөр Японд Акүтагавагийн шагналыг 19 настай хүүхэд авч байна. Гэтэл Мүраками аваагүй шүү дээ. Японы утга зохиол тоо томшгүй санаанд оромгүй явдлаар бялхаж байдаг. Иймд үндэснийхээ утга зохиолыг сайжруулахын тулд, олон талт өнгөлөг оюун санаатай ард түмэн болохын тухайд энэ их зүйл өгч чадна. Тийм учраас л би нийгэмлэг байгуулах шийдвэрт хүрээд байгаа юм. Одоо Дазай гэхээр Дазай руу, Мүраками гэхээр Мүраками руу шуурах биш. Ул үндэстэй, гүн танилцах, олон өнгө аяс дундаас монгол хүнд хэрэгтэй гэсэн бүрийг татаж авчрах. Энэ дэлхийн ямар ч улс оронд байдаг бодлого. Энэ бодлогыг төр нь дэмжих л хэрэгтэй.
-Давхар монгол бүтээлийг Японы зах зээлд авчрах сэдвийн хүрээнд юуг хэлэх вэ?
Санхүүжилтээ бүрдүүлж чадвал монгол зохиолыг япон руу орчуулах тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлмээр байна.
-Ер нь шинэ, залуу зохиолч нарыг бэлтгэх гаргах тал дээр та ямар арга зам боддог вэ. Нийгэмлэгийн ажлаас үл хамааран?
-Төрийнхөө нуруунд ачаа үрүүлсэн маш олон ТББ бий. Түүнийгээ компанийн засаглалаар авч явдаг. Үүнээс илүү, үндэсний оюун санааг бойжуулах, дотоодын оюун санаагаа гадагш нь гаргах, залуу зохиолч нараа бодлогоор бэлтгэх гэдэг чиглэлд анхаарч үзэх боломж бий л дээ. Сургууль соёл гэхээсээ номоо бичээд гаргах тэр дамжлага уян хатан баймаар. Анхны номоо гаргаад олигтой хүнд хүрч чадалгүй шатаад дуусах, ийм байж болмооргүй. 19 настай хүүхэд шагнал аваад байна гэхээр Японд сайн бүтээлийг дэмжээд байна. Дэд бүтэц маягийн уян хатан систем байна. Мөн манайд зөвхөн одон медаль өгөөд зогсдоггүй утга зохиолын шагнал хэрэгтэй шиг. Магадгүй гурван жилд нэг удаа олгодог, дан залуусыг оролцуулдаг ч юм уу ийм шагнал бол бидний мөрөөдөл.
Манайд утга зохиол гэхээр “үг”нь урдаа явдаг. С.Эрдэнэ гуай шиг л илэрхийлэх тэр илэрхийлэл нэг дугаарт тавигдаж, утга гэдэг нь ардаа яваад байдаг. Гэтэл галзуу агуулга хэрэгтэй. Агуулга чухал шүү дээ. Үгээс илүү тодорхойлох хүч, төсөөлөх хүч, татаж сэнхрүүлэх хүч, агуулга хийх хүчээр утга зохиол бий болно. Уран үгээр биш энгийн үгээр хамгийн гүнзгий агуулга, адармаатай үйл явдлыг өгүүлэх чухал гэсэн хандлага руу залуус маань яваасай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ваааав заав�##� үзнээ