Х.Цэндсүрэн: Хүүхдүүд богино бичлэг буюу рийл үзэх нь анхаарал дутмагшилтай болоход нөлөөлдөг

ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Анхаарал дутмагшил гэж юуг хэлдэг вэ?
ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг /АДХХЭ/гэдэг нь хүүхэд насанд илүү тохиолддог, анхаарал төвлөрөх чадвар бага, анхаарал сарниун, зорилгогүй идэвхжилийн хөдөлгөөний байдлаар илэрдэг эмгэгийг хэлдэг.
-Сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон энэхүү эмгэг хүүхдүүдийн дунд элбэг байдаг уу?
Манай улсад сүүлийн жилүүдэд ихэвчлэн эцэг, эхчүүд, багш, сургуулийн эмч нарын мэдээ мэдээлэл сайжирч, эрүүл мэндийн боловсролтой болж байгаатай холбоотойгоор хүүхдээ анзаарч ирж үзүүлж, эмчилгээ авах нь өмнөх онуудаас илүү их нэмэгдсэн. Дэлхийн улс орнуудад дунджаар 20 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй гэж оношлогддог. Ер нь бол тархалтын хувьд их гэж ойлгож болно.
-Шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?
Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийг анхаарал дутмагшил болон хэт хөдөлгөөнтөх мөн хоёул хавсарсан гэж ангилж үздэг. Шинж тэмдгийн хувьд анхаарал сарниун, даалгаврыг гүйцэт хийхгүй, хүлээц муутай, тэвчээргүй, хүний яриаг таслах, хэт ярих, олон асуулт тавих үед бүгдийг нь сонсож ойлгохгүй байх, хичээлийн дундуур гэнэт босох, хичээлээ төвлөрч хийж чадахгүй байх зэрэг суралцахуйн хувьд ямар нэгэн хоцрогдол үүсэх байдал илэрдэг. Хөдөлгөөн ихтэй хүүхэд гэнэтийн үйлдэл хийж өөрийгөө бэртээх эсвэл бусад хэн нэгнийг гэмтээх тохиолдлууд маш их байдаг. Дээрээс нь нэмээд бодлогогүй үйлдэл маш их хийдэг. Тухайн эмгэгтэй хүүхдийг эцэг эх, багш нар шүүмжилбэл зан авирт нь өөрчлөлт орох тохиолдол элбэг.
-Хөдөлгөөнтэй байвал л ADHD буюу анхаарал дутмагшил гэж ойлгох нь ч бий. Ямар шалтгаантай байдаг вэ?
Үүсгэх шалтгаан бол маш олон янз. Сүүлийн үед хүүхдүүд богино бичлэг буюу рийл үзэх нь элбэгшсэн. Энэ нь анхаарал төвлөрөх чадварыг бууруулж, хүлээц муутай, тэвчээргүй болгох нь бий. Биологийн талаас удамшил, хүйс, ураг тээлтийн үе, төрөх үйл явц гэх мэт зүйлс ордог бол бусад хүчин зүйлүүдэд нийгмийн байдал, үзэж сонирхож байгаа зүйл , хоол хүнс гэх мэт зүйлс ч мөн орно.
-Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн амьдралд үзүүлэх нөлөө юу бол?
АДХХЭ-ын хөдөлгөөнтөх байдлын эмнэл зүйн шинж тэмдгүүд нь сургуулийн насанд илүүтэй илэрдэг. Өсвөр насанд бас үргэлжилж болно. Эм болон засал эмчилгээ хэр зэрэг авч байгаа мөн хүүхдийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эмгэг юм. АДХХЭ-тэй хүүхэд эмчилгээ авч чадаагүй тохиолдолд амьдралын чанарт шууд нөлөөлж суралцахуйн хоцрогдол үүсэж явцдаа зан төрхийн өөрчлөлттэй болдог. Яагаад гэвэл суралцах үйл явцад нь дэмжлэг үзүүлээгүйн улмаас хүүхэд муу сурах цаашлаад хичээлд явах сонирхолгүй болох, хичээл завсардах, үе тэнгийн ялгаварлан гадуурхалд өртөх магадлал маш их. Тийм учраас давхар сэтгэл зүйн асуудалтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Үргэлж дүрсгүйтэхгүй бай, томоотой гэх зэргээр хэлэх нь хүүхдийг өөрийгөө муу хүүхэд , би хийж чадахгүй юм байна, зүгээр байх ёстой нь зөв гэх ойлголт өгч өөртөө итгэх итгэлийг нь алдуулах зэргээр өөрийгөө нээлттэй илэрхийлэхээ больдог.
-Шинж тэмдгийн хувьд охид хөвгүүдийн алинд нь илүү илэрч, анзаарагддаг вэ?
Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг нь удамших хандлагатай байдаг. Хүйсийн хувьд эрэгтэй хүүхдэд арай илүү тохиолддог. Охидод анхаарал дутмагшил байх нь элбэг. Харьцангуй тогтвортой ч үг яриа ихтэй бол хөвгүүдэд хэт хөдөлгөөнтөх эмгэг илрэх нь илүү байдаг. Зан төрхийн өөрчлөлттэй хавсардаг тохиолдол ч бий. Эцэг эхчүүд хүүхдээ анзааралгүй үргэлж шүүмжилж хатуу гараар хүмүүжүүлэх гэсэн оролдлогууд хийснээс болж хүүхэд зан төрхийн өөрчлөлтэй болдог.
-Хэрвээ хүүхэд нь анхаарал дутмагшил болон хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй бол эцэг эхчүүд хэрхэх вэ?
Хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд эцэг, эх оношлуулж эмчилгээнд хамруулах нь хүүхдийн амьдралын чанарт сайнаар нөлөөлдөг. Энэ нь эрт байх тусам илүү дүн үзүүлнэ. Багш, сурган хүмүүжүүлэгчид тухайн хүүхдийн онцлогт тохирсон боловсрол олгох хэрэгтэй. Тухайн эмгэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй байдаг учир урд суулгах, богино асуумжаар асуултыг асуух, тайлбарлаж буй зүйлээ цөөн үгээр илэрхийлэх, анхаарал төвлөрүүлэх дасгал ажил хийлгэх зэргээр суралцуулах нь үр дүнтэй. АДХХЭ нь хүмүүжлийн доголдол биш учраас аль болох шүүмжлэхгүй, шийтгэхгүй байх нь зөв. Хамгийн чухал нь эцэг, эхчүүдийн дэмжлэг маш чухал. Үргэлж урамшуулж, анхаарал төвлөрүүлэн суух хором мөч бүрийг нь магтаж,сайшаах нь зүйтэй. Ингэснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дараагийн удаа тухайн анхаарал төвлөрүүлсэн ажлыг хийхэд дөхөм болдог. Ямар ч насны хүүхдэд хамгийн багадаа 30 минутад чанартай цаг гаргаж байх ёстой. Хүүхэд эцэг, эхтэйгээ байх тусам хүмүүжил, сэтгэл санааны хувьд тогтвортой байдаг. Энэ 30 минутад сонсож, ярилцаж, тоглож хүүхэдтэйгээ ойр байх хэрэгтэй.
-Та яриандаа эмчилгээний талаар дурдлаа. Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн эмийн эмчилгээ монголд байдаг. Тухайн эмийг урт хугацаанд уудаг учраас эцэг эхчүүдийн үүрэг бол эмийг цаг тухайд нь тогтмол уулгаж, тогтсон цагт үзүүлж, зөвлөгөөг дагаж байж эмчлэгддэг.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бяс�##�г�##� л хамгийн сайн эмчилгээ дээ