"Хоёр талаас нийт 367 нэр төрлийн барааны 4 төрлийн тарифын саад тотгорыг бууруулахаар тогтсон"

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороогоор Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр "Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлсэн.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тогтсон" гэв.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.