УРЛАГ

Дашдэндэвийн Алтантуул: Улаагчны гол чинь үертэй байлаа

2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр. 13 цагаас Соёлын төв өргөөнд очвол болзоот хүн маань арын гонхонд зогсож байна. Санаа зовонгуй аястайгаар “Жижүүр оруулсангүй” гэлээ. Ахмад хөгжмийн зохиолчдод нэг өрөө гаргаж өгөөд дуртай үедээ ирж болно гэсэн юм уу даа, буруу ч ойлгосон байв уу, нарийн учрыг одоо мартжээ. Хамт ороод учирласан ч “хаанаасаа хаалгач” нь гэгчээр халгаасангүй. Гарч чадахгүй, орж ч чадахгүй завсарт зогссоны учир энэ ажээ. Ингээд түүний “Төгөлдөр хууртай газар л уулзаж, жаал тогломоор байна” гэсний дагуу хуучирч Э.Цэндсүрэнгийн одоогийн ажил, зочны маань насаараа дууны багш-удирдаачаар ажилласан газар болох Үндэсний урлагийн их театр руу зүглэлээ. Тааралдсан дуучин, хөгжимчин цөм л зочныг минь аятайхан угтаж, эндээс ч халуун ус, тэндээс ч цай зөөсөөр бид хэрдээ тухалж авлаа. Төгөлдөр хууртай газар ирснийх ч үү, удаан тоглоогүйгээс ч үү бид ярилцахаасаа илүү дууллаа.

Эргээд хүү нь ирж л байг 

-Нөгөө “бугуйнаас мултраад болдоггүй” тань таны дуу биз дээ?

-Тийм шүү дээ, би тоглох уу?

Хэдий бүдүүлэг боловч бидний баахан инээлдэж, нүүр хагарах шалтаг болсон энэ дуу бол “Санахын жаргал”. 1998 онд Монголын радиогоор хамгийн олон удаа сонсогчдын хүсэлтээр эгшиглэж, “оны шилдэг дуу”-аар шалгарсан эл дууг “Цэн цэнгийн алтан бөгж нь хуруунд минь тогтохоо байх нь ээ, цэрвүү холоос таныгаа санасаар цээжний махаа барах нь дээ, хө” гээд аялбал уншигч та ч санах буй за. Тэр үед арваадхан настай байсан надад гуч орчим жилийн дараа ая зохиогчоор нь дуулуулан суух хувь ийн тохиосон билээ. Тийм ээ, манай зочин бол хөгжмийн зохиолч Дашдэндэвийн Алтантуул юм.

Ерээд оны сүүл үеийн сонинд “Олон нийт энэ эмэгтэйг “Санахын жаргал” дуугаар нь сайн мэддэг” гэх өмнөтгөл дэвсээд түүнтэй ярилцлага хийснийг харан сууна. Цаг үе бүр өөрийн дуутай. Тиймээс л Д.Алтантуулыг тэр үеийн хит “Санахын жаргал”-аар нь овогложээ. Харин цаг хугацааг хорин жилээр урагшлуулбал “Олон нийт энэ эмэгтэйг “Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын ээж” дуунуудаар нь сайн мэддэг” гэж таарна. Харин одоо цагт магад “Уншигч та бүхэн түүнийг “Бүсгүй заяа” дуугаар нь мэдэх билээ” гэх болов уу, яах бол?

Зочин маань төгөлдрийнхөө ард “Үдшийн тэнгэр цэлмэг байг ээ, үүрийн туяа өнгөлөн гийг” хэмээх алдарт дуугаа тоглож эхлэх зуур бодол хөвөрлөө. 

***

Хорьдугаар зуун бол “One Love”,Imagine”, “Heal the World”, “Let It Be”, “We Are the Champions”, “We Are the World” гээд  хүн төрөлхтний хөгжмийн түүхэн дэх даян дэлхийн энх тайвны төлөөх дуу хамгийн олноор төрөн гарсан он жилүүд байлаа. Дэлхийн хоёр дайны ард дөнгөж гараад буй цаг үе хийгээд төрөлхийтөн шүү дээ. Харин хориннэгдүгээр зуун бол хэзээ хэзээнээс илүү гар газар, хөл хөсөр, хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах идэж буй цаг боловч бөмбөрцгийн хаа нэгтээ дайны гал дүрэлзсэн хэвээр. Яг энэ мөчид ч дэлхийн 21 улсын 110 газар зэвсэгт мөргөлдөөн бүхий байгаа гэх. Энх тайвны тухайтад үзэл үеэ өнгөрөөсөн мэт мөртөө энх цаг ирэх яагаа ч үгүй гэмээр.

Дэлхийн энх тайван судлалын эцэг гэгддэг Йохан Галтунг бээр “дайнгүй л бол энх тайван” гэх уламжлалт ойлголтыг шинэчилсэн юм. Хараажаар дайн, зэвсэгт мөргөлдөөнгүй байхыг “сөрөг энх тайван” гээд, аливаа дайн, зэвсэгт  мөргөлдөөн үл үүсэх шалтгаан болох хүний эрх, шударга ёс, тэгш боломж бүхэн тогтносон цагийг “эерэг энх тайван”  хэмээн тодорхойлж, ингэснээрээ “энх тайвныг цогцлоох” гэх агуулга дотор нийгмийн шударга ёсыг хэрхэн тогтоохыг багтаан өргөжүүлсэн юм. Дайнд дайнаар бус энх тайвнаар хариулж сурахын тулд хүн төрөлхтөн яавал зохих вэ? Бидэнд хайр, хүндэтгэл, харилцан ойлголцлоор шийдэх ёстой үй түмэн бэрхшээл бий. Хэл, хил, ялгаанаасаа үл хамааран ойлголцох арга, магадгүй ганц арга нь урлаг ч байж мэдэх. Иймээс ч энх тайвныг цогцлооход урлаг, түүн дундаа хөгжмийн үзүүлэх нөлөөг эргэн ярилцах боллоо. Яг ийм нийтийн хэлэлцүүлгийн үр дүн гэлтэй, 2018 онд ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас Ямайкаас үүссэн рэгги хөгжмийг “хүмүүнлэгийн” гэх ангиллаар соёлын биет бус өвөөр бүртгэж авсан юм. Түүний үндэслэлд “шударга бус байдлыг эсэргүүцэхүй болоод хайр, хүмүүнлэгийн талаарх олон улсын  хэлэлцүүлэгт оруулж буй хувь нэмрээрээ рэгги хөгжим нь…” гэхчлэн дурджээ. 

Манай улсын хувьд ч мөн адил “хүйтэн дайны үе” гэгдэх өмнөх зуунд хамгийн олон дуулагдсан сэдэв бол энх тайван байлаа. “Дайчны аяны дуу”, “Хилийн тэнгэр амгалан байгаасай”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэхчлэн шууд дайны эсрэг агуулга бүхий дуунаас гадна “Бүүвэйл хорвоо”, “Тагтаа” гэхчлэн даян дэлхийн энх амгаланг аванхайлсан дууны жагсаалт урт. Энэ дунд одоо ч агуулга хоцрогдоогүй бөгөөд улам улмаа сэргээх учиртай дууны нэг нь “Хүж дэлхий амгалан байг” юм.

 …Хүж дэлхий амгалан байг

Хүн бүрий инээж байг ээ хө…

1978 он. Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд зургаан жил суралцаж ирээд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад (УАДБЧ) найрал дууны багшаар ажиллаж буй Д.Алтантуул “төлөвлөгөөт” уран бүтээл төрүүлэх шахалтаар “Бүсгүй хүний хонгорхон сэтгэл” шүлэгт ая хийлээ. Гэтэл Уран сайхны зөвлөлийнхөн “Янаг амрагийн сэдэвт яасан нялуун дуу вэ” хэмээн эс зөвшөөрөв. Хэдэн өдрийн дараа “дууны шүлгийн хаан” хэмээгддэг Л.Дагвадорж өрөөнд нь орж ирээд “Алив, тэр дуугаа аялаатхаач” гэсээр сонсчхоод “Анхны уран бүтээлээ ийм юмаар хийгээд дэмий” гээд гараад явлаа. Маргааш нь үг авчирснаар “Хүж дэлхий амгалан байг” дуу бүтсэн гэх түүхтэй. Уг түүх хэд хэдэн янзаар түгсэн ч хамгийн сүүлд бидэнд хуваалцсан нь л энэ юм. Анхныхаа дуугаар л Д.Алтантуул ийн ард түмний дунд нэр нь түгэв ээ. 

…Эргээд хүү нь ирж байг

Ээж нь тэврээд үнсэж байг ээ.

Даян дэлхийн эв нэгдлийг цогцлоох ганц хэрэгсэл мэтээр хөгжмийн нөлөөг хэт дөвийлгөх өрөөсгөл. Хөгжим дангаараа бус түүнийг тойрон үүсэх мэдрэмж, харилцаа, хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийн үр дүнд л мөнөөх энх тайвны гол хөшүүрэг болох харилцан ойлголцол сая бүрдэхийг хөгжмийн салбарын Lesley Pruitt, Francois Matarasso, Gillian Howell, John Paul Lederach нарын олон судлаач онцлон дурддаг юм. Ийн орчин үед “Хөгжим нь эвлэрүүлэх, ойлголцох арга мөн боловч түүнийг бүтээхүйн болоод хүртэхүйн явц дунд л...” хэмээн үзэх боллоо. Иймээс “Эргээд хүү нь ээждээ ирж л байх” энх цагийн төлөө өмнөх зуунд бүтээгдсэн энх тайвны сэдэвт дуунуудыг одоогийн сонсогчдын хэрэглээ болгох, үүний тулд өдгөө цагийн хэлээр ахин шинэчлэн найруулах, үүсмэл бүтээл бий болгох, түүнийгээ тойрон ярилцах л чухал ажээ.

Туул аа, чи дуул даа, би уйлъя

1983 он. Дууны шүлгийн “Хүж дэлхий амгалан байг” эмхэтгэлээ гаргасан Л.Дагвадорж агсан “Туул аа, чи дуул даа, би уйлъя” хэмээн бичин дурсгажээ. Тэдний “Хүж дэлхий амгалан байг” хамтрал хэн хэнийх нь нэрийн хуудас болоод зогсохгүй дараа дараагийн “Эмч хүн жаргалын ээж”, “Ухаа хонгор морь” зэрэг олны таашаалыг хүртэн одоо ч дуулагдсаар буй дуунуудыг бүтээх эхлэл болжээ.

1983 он. Дууны шүлгийн “Хүж дэлхий амгалан байг” эмхэтгэлээ гаргасан Л.Дагвадорж агсан “Туул аа, чи дуул даа, би уйлъя” хэмээн бичин дурсгажээ. Тэдний “Хүж дэлхий амгалан байг” хамтрал хэн хэнийх нь нэрийн хуудас болоод зогсохгүй дараа дараагийн “Эмч хүн жаргалын ээж”, “Ухаа хонгор морь” зэрэг олны таашаалыг хүртэн одоо ч дуулагдсаар буй дуунуудыг бүтээх эхлэл болжээ.

Тэд дээрхээс гадна “Нисэгчийн гэргийн дуу”, “Найрамдал”, “Зөвлөлт нөхдөөн дуулна”, “Намрын уянга”, “Миний Монгол”,” Ухаантай ээж", "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу” зэргээр нийт арав гаруй дуу хамтран бүтээсэн юм. Туул нь дуулж, Дагва нь уйлсан тохиол багадаа тэд орчим гэсэн үг. Алтан хамтрагчийнхаа талаар Л.Дагвадорж агсан “Үнэндээ Алтантуул бол онцгой ховор сонсголтой, нарийн мэдрэмжтэй, маш чадварлаг цөөхөн авьяастны нэг юм шүү дээ. Түүний нэг ятганаас арван ятганы ая эгшиг дуурсах шиг сонсогддог” хэмээн үнэлж байв. 

Хэдэн жилийн өмнө Д.Алтантуул хүндхэн хагалгаанд орлоо. Зэргэлдээх оронд нь Л.Дагвадорж агсны “Эмч хүн жаргалын ээж” дууны шүлгээ зориулсан эмч дүү нь мөн хагалгаанд орчхоод байж байлаа. “Эмчид зориулсан дуунд хамаарах хоёр эмэгтэй нэг цагт, нэг эмнэлгийн, нэг өрөөнд эмч нарын ачаар амь аврагдаад хэвтэж байх мөч сонин юм билээ” хэмээн хүү А.Эрдэнэбат нь дурсана. 

-Сүлд дууных нь эзэд гэдгийг мэдээд эмч нар өөр хандах юм уу?

-Үгүй ээ. Эмч нар ажлаа л хийнэ шүү дээ. Өвчтөндөө илүү, дутуу хандана гэж юу байх вэ! 

Хүүгийн хариулт түс тас. 

***

1986 он. Түүний “Эмч хүн жаргалын ээж” дууны гар бичмэлд хөгжмийн зохиолч Л.Мөрдорж  агсан “Энэ дууны хувьд над тун тааламжтай санагдлаа. Дүү хүүдээ цаашдын уран бүтээлд нь ихийг хүсье” хэмээн бичиж үлдээжээ. 

Өдгөө 76 намрыг үзээд буй “дүү хүү”-ийн урын санг сонирхвол дууны бүтээл 300 гаруй, дан хөгжмийн бүтээл 20 гаруй, хөрвүүлэг, найруулжуулгын болоод удирдсан бүтээл хэдэн арваараа, ноотолсон уртын дуу нь хэдэн зуугаараа. Дууны бүтээлүүдээс нь Монголын радиогийн фондод 20 гаруй бий гэх. Цөөн дуу нь л олны таашаалд нийцсэн гэхээс илүү дууг олны сонорт хүргэх явц, цагийн өнгө зохиогчоосоо үл хамаарах нь бий. Зарим бүтээл цагийн аясаар тодрох нь ч бий. 

Түүний уран бүтээлчийн замналаас онцлох учиртай жим нь дуу, тэр дундаа уртын дууг судлах, цуглуулах, ноотлох юм. Наяад оны эхээр хөгжмийн зохиолч С.Цогтсайхан, зураач Ш.Тэнгисболд нарын хамт хөдөөгөөр явж, 400 орчим ардын дуу, тууль хайлах хэд хэдэн хувилбар, хөгжмийн зэмсгүүд цуглуулан ирснээр УАДБЧ-ын урын санг баяжуулсан  түүх бий. Ноотлохын тухайд бол, доктор, профессор Б.Амаржаргалын бичсэн "С.Лувсандондовын дуунууд" номд орсон 10 гаруй дуу,  уртын дууч Н.Норовбанзадын "Талын морьтны дуу" номд хавсаргасан бүх дуу, алдарт дуучин Т.Цэнджавын дуулсан олонх дуу, уртын дуучин Ц.Бүлтүүшийн "Харуул Алтайн аялгуу" номд орсон бүх дуу, Б.Лхагважавын эмхтгэн гаргасан "Морьтон ардын түмний эх" номын зарим дуу, өөрийнх нь 2017 онд гаргасан “Эртний сайхан” ном зэргээр давхардсан тоогоор 400 орчим уртын дууг ноотолжээ. Түүнчлэн 2003 онд ЮНЕСКО-оос манай улсын уртын дууг “соёлын өв”-өөр бүртгэхэд илгээсэн дуунуудын ноот мөн л Д.Алтантуулынх. Тиймдээ ч манай уртын дууг хадгалах, хамгаалах, насыг уртасгахад түүний оруулсан хувь нэмэр үлэмж юм.

“Би хөгжмийн олон зохиолчтой ажилласан. Алтантуул үнэхээр онцгой авьяастай хүн. Намайг УАДБЧ-д хорь гаруй настай ирчхээд байхад арав гаруйхан настай годгор жаахан охин Хөгжим бүжгийн сургууль дүүргээд, манай чуулгад ятга хөгжимчнөөр ирж байлаа. Тэр үед би ноот-моот гээчийг огт мэддэггүй, зөвхөн л дуулах хорхойтой нэгэн байв. Гэтэл мэддэг хэдэн дуугаа заавал ноотлуулах хэрэгтэй болов. Хэнийг гуйх вэ? Ингэж бодоод дөнгөж ирсэн, чих зөөлөн байх гэж номхолчилсон ч юм уу Алтантуулд “Миний дүү туслаач” гэж хэллээ. “За, та дуул” гэж байна. Нэг мөр аялаад, түүнээ дахин давтаад байх юм гэж бодсон чинь үгүй, эхнээс нь дуустал дууллууллаа. Хэтрүүлсэн болохгүй байх даа, дуу ч дуусдаг, мань охин ч ноотлочихсон байсан шүү!

Хөгжмийн ийм мэдрэмжтэй хүн үнэндээ ховорхон. Чухам алтан авьяас гэж нэрлэмээр санагддаг. Өөрт нь ингэж хэлбэл цаадах чинь уурлана, ялангуяа хүний дэргэд ярьвал үхтлээ ичиж болзошгүй. Даруугийн дээд даруухан хүүхэн! Тэгээд ч нэг их “нэр цууд гардаггүй” байх аа. Угтаа бол манай урлагийн тунгалаг оддын нэг яах аргагүй мөн” хэмээн нэрт дуучин Д.Банзрагч агсан үнэлж байлаа. Харин нэрт хөгжмийн зохиолч П.Хаянхярваа агсан “Төрөлхийн төгс сонсголтой, авъяаслаг бас чадварлаг хөгжимчин Д.Алтантуул монгол, орос эрдэмтэн багш нараас номын авшиг авч, ардын дуу, хөгжмийн өв санг төгөлдөр мэдэх алтан үеийнхэнтэй хамт ажиллаж, ардын дууны аугаа баялаг тансаг эгшиглэнгээс шимтэн суралцаж, тэмдэглэн тогтоож, өөрийн бие сэтгэлийн хоёр дахь дүр болтол шингээн ээнэгшжээ. Хөгжимчин, удирдаач хүнд чихний төгс сонсголтой байх нь ховорхон заяах чухал өгөгдөхүүн байдаг. Энэ ховор авъяас Д.Алтантуулд төрмөл шинж чанар нь байв. Иймээс тэрбээр сурагч ахуйгаасаа сонссон сонин, содон дуу-хөгжмийг тэр дор нь бичиж тэмдэглэдгээ өөрөө ч тэр бүр анзаарч байсангүй. Ийм л байх ёстой, би хийх юмаа л хийж байна гэж бодох. Энэ арга хэвшил нь ирээдүйд нь хөтлөн түүнийг ардын уртын дууг яг дуугарч буйгаар нь ноотлоход хүргэсэн буй заа…” хэмээжээ. 

Бичвэрийн эхэнд түүний “төгөлдөртэй газар л уулзмаар байна” гэснийг дамжуулсан шүү дээ. Хөгжмийн зохиолч төдийгүй тийм олон дууг ноотолсон хүн маань тэр бүр хөгжим ашиглаагүй байх юм. Тэр тухайгаа “Манай гэрт хөгжим судлаач Ч.Буянхишиг хэд хэдэн удаа ирсэн юм. Харж, хайж байснаа “танайх хөгжимгүй юм уу” гээд асуугаад байна. Тэгэхээр нь би “Тийм ээ, төгөлдөр хуур байхгүй ээ. Надад хөгжим заяагаагүй ээ” гээд чих /сонсгол/-ээ заасан юм. Ихэд гайхаж билээ. Ер нь надад бол хөгжимгүй байх зовлон биш ээ. Сонсоод л тэр өнгөнөөс авлаа даа гэдгийг мэддэг.  Энэ бол хөгжмийн зохиолч, хормейстер хүнд байх ёстой л чадвар” хэмээн дурссан юм. Нээрээ ч сүүлд гэрт нь очвол хөгжим харагдсангүй. “Уулзсан” хүн бүрийн минь онцолсон “төгс сонсгол” гэдэг нь л энэ байх. 

Ингээд зогсохгүй ерээд он гарсны дараа үндсэн мэргэжил болох ятгаараа дагнан ажиллаж, Монгол Улсад анхны “Ятгын чуулга” байгуулж, 1998 онд Төрийн ордонд 50 ятгачны бүрэлдэхүүнтэй тоглолт ч хийж байв. Түүний юунд зорьж явсныг нэхэн сануулъя. “Ятга ятгалаг гэдэг нь жинхэнэ монгол нэр. Түүхийн хуудас сөхөөд үзвэл XIII зуунд Монголын байлдан дагууллын үед манай ятга харь солонгост үлдэж хоцорсныг манай хөгжим судлаачид олж тогтоосон шүү дээ. Хубилай хааны ордонд 500 хүнтэй их найрал хегжим байсан тухай тэмдэглэл ч бий. Манайхан энэ хөгжмийнхөө уг гарвалыг монгол гэдгийг тогтоочхоод л солонгосоос Ким Жон-Ам багшийг урьж, бидний 17 хуухэд гарын нь шавь болж, монгол орондоо анхны мэргэжлийн ятгачид болох их хувь тавилан оногдсон юм. Ятга бол Монголын эртний хөгжмийн зэмсгийн нэг. Солонгосын соёлын яамнаас ятга бол Монголын үндэсний хөгжим гэдгийг хүлээн зөвшөөрч, яс шигтгэн бичээс үйлдсэн дурсгалын ятгыг манайд гардуулан өгсөн. Энэ ятга одоо бидний гар дээр эгшиглэсээр байна. Иймд морин хуурын дараа орох үндэсний энэ хөгжмөө дээдэлж, ая эгшгээр нь үзэгч олноо баясгаж, сэтгэлийг нь гэгээлж явахыг зорьсон хэрэг. Хөгжим нь байна, хөгжимчид нь байна, хөгжмийн зохиолчид нь байна. Ардын урлагийн арвин сангаа өөд нь татах сан, монгол хүний оюуны асар их өв санг дэлхийд дуурсгая л гэсэн юм…”

Л.Мөрдорж гуайн хүссэнчлэн цаашдын уран бүтээл нь ийнхүү ихээс их байлаа.

Улаагчны гол чинь үертэй байлаа

“Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин бүсгүй Нөмрөг сумын залууд дурлажээ. Нэгэн удаа зориглон байж Нөмрөг суманд очтол залуу нь эзгүй таарч. Уулзаж чадалгүй буцах замдаа “Бүсгүй заяа” дууны үгийг бичжээ” гэх аман түүх Нөмрөгийнхний дунд яригддагийг Эрдэнэт хотын Нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш над хуучилсан юм. Дууны үгэнд гарах Улаагчны гол, Тэлмэн нуур, Нөмрөгийн овоо цөм Нөмрөг сумынх тул итгэж болохуйц. Гэтэл үг, аялгууг нь сонсох бүрийд л эргэлзэнэ. 

Уулзъя аа гээд зорин очиход минь

Улаагчны гол чинь үертэй байлаа

Уяхан дуутай ятгаа би чинь

Уяруулан уйлуулан байж аргадлаа

Тэнгэрийн хүлгээр дүүлэн очиход минь

Тэлмэн нуур чинь мэлмэрсээр угтлаа

Есөн хүсэл минь биелэх нь ээ гэтэл

Ерөөлт чамаасаа зөрчихлөө…

Уяхан дуутай ятга, тэнгэрийн хүлгээр дүүлэн очих… Ятгачин бүсгүй л хотоос онгоцоор зорин очсон баймаар энэ үгс яахын аргагүй Д.Алтантуулын л амьдрал баймаар санагдана. Сүүлд хүүгээс нь лавлавал “Хайрын сэтгэл бол хүний л жам. Гэвч ээж минь ил задгай ярьдаггүй юм аа. Ёстой ганцхан удаа л өөрөө Завханы Нөмрөгийн залууд дурлаад очтол зөрсөн гэж дурдаад л өнгөрч байв. Ахиж тэр тухай яриагүй. Үнэн ч байж магад, худал ч байж магад. Миний ээж ганц биеэр л хорвоог туулсан даа. Цаана нь чухам юу туулсныг мэдэхгүй” хэмээсэн юм. Ерөөс Д.Алтантуул ийм хүн ажээ. Хэзээ ч хувийн амьдралаа нийтэд задлаагүй агаад бидэнд ч мөн дэлгэсэнгүй. Түүний сэтгэлийн нандин тал нууц хэвээр үлдлээ. Үр дүнд нь илүү ч үгүй, дутуу ч үгүй хөгжмийн зохиолчоороо л үлдэв. Түүний хүсэл чухам энэ л болов уу.

-Та аль нутгийн хүн юм бэ? Нэг сонсохоор Ховдынх, нөгөө сонсохоор Өвөрхангайнх, эс бол Увсынх болчих юм аа?

-Төрсөн минь Ховдын Булган. Төөрсөн минь Өвөрхангай, Увс, Улаанбаатар.

-Төөрсөн гэхээр?

-Би чинь өргөмөл юм аа. Төрсөн ээж, аав минь Ховдын Булган. Өсгөсөн аав Өвөрхангай, ээж Увс, өссөн минь Улаанбаатар. Амьдрал гэж шаналгаатай эд шүү!

Өрнүүлэх гэж оролдсон сэдэв бүр түүний “Амьдрал гэж шаналгаатай эд шүү” гэх, араас нь санаа алдах мөчид л хаагдана. Хүн бүрийн туулсан амьдрал өөр, туулсан зовлон ч адилгүй. Тиймээс алдарт Л.Толстойн “Жаргалтай айл гэр бүхэн цөм адил төс атал жаргалгүй айл бүр өөр өөрийнхөөрөө зовлонгоо эдлэх бөлгөө” гэх үгийг санана. Жаргаж яваа хүнийг таних амархан атал зовж явааг л таних аргагүй. Инээмсэглэлийнхээ цаана залгих нулимсыг эзнээс нь өөр хэн мэдэх билээ дээ? Тэгж тэгж түүний “төөрсөн” түүхийг өөрөөс нь болоод хүүгээс нь сонсож бүтэн түүх эвлүүлэв ээ.

“Алтантуул аа, би ах чинь байна аа, бид арвуулаа шүү дээ” гээд Буядаа ахыгаа ирэхэд нь айсандаа шууд зугтаж билээ. “Намайг өргөмөл” гэж хүмүүс мэдчих вий дээ гэхээсээ илүү ээж намайг төрсөн ахтайгаа уулзсаныг мэдчих вий дээ гэж айсан юм. Аав, ээжийнхээ “төрсөн хүүхэд биш” гэдгээ сургуульд орохын алдад хамаатнуудын шивэр авир ярианаас мэдсэн юм аа. Хэнд ч хэлэлгүй тас нуулаа. Ээж хатуу хүн байлаа. Бүх зүйлийн учир ингэж л тодорсон юм… Ингээд хар багаас бусад хүн мэдчих вий, муулах вий, шоолох вий, хамгийн гол нь ээж л мэдсэнийг минь мэдчих вий гэх мөнхийн айдаст хүлүүлж амьдарсан даа. Урлагийн буян их ээ, одоогийн Хөгжим бүжгийн сурагч байх үед гадаадын орнуудаар манай урлагийнхны тоглолтоор явах бүрэлдэхүүнд багтлаа. Сонин хэвлэлээр “Дашдэндэвийн Алтантуул” гээд л зарлууллаа. Төрсөн ээж, аав минь түүнийг олж хараад хотод суралцахаар явсан ахад минь “Дүүгээ олж уулзаарай. Хөгжим бүжигт сурдаг шүү” гэж захьсан юм билээ. Ингээд л ах минь олоод ирсэн хэрэг. Өсгөсөн ээжийнхээ амьд ахуйд төрсөнтэйгээ уулзаагүй ээ. Хэдий ээж минь хатуу хүн ч намайг өдий зэрэгтэй өсгөсөн. Өөд болсных нь дараа ээждээ зориулж “Буурал ээж” дуугаа зохиосон юм шүү дээ. Хожим л төрсөн ээжтэйгээ уулзлаа. Нэг удаа уулзахаар очих замд бороо шаагиад, нэвт норсон амьтан ортол ээж “Хүүе хүүе” гээд уулга алдаад босоод ирлээ. Тэр үед л… Хэдий өргөмөл ч төрснөөсөө олуулаагаа мэдэж аваад дүүрэн болов. Одоо ч “Туул эгч ээ” гээд л байнга дуудна, ганцаараа бол хэцүү еэ. Тэгсэн мөртөө хааяа хааяахан “Би  л ганцаараа” гэж бодогдоно, тэр үед “Олуулаа шүү” гээд өөрийгөө татна... Дандаа л хэцүүхэн юм давж гарч ирлээ. Хааяахан тэр бүрийг санахаар жаахан уйлна аа. Тэгээд л боллоо. Амьдрал гэж шаналгаатай эд шүү...”

Үүнээс илүү эсвэл өөр хэцүүхэн юм бий байж магад ч цааш дэлгэсэнгүй. Бид ч дэлгүүлэх гэж хүчилсэнгүй. Хүн хүнтэйгээ сэтгэлээ ширхэг бүрчлэн дэлгэн байж ойлголцох учиргүй билээ. Магад туулсан бүхэн нь түүний бүтээлд шингээ биз ээ. Түүний 1994 онд зохиолч, сэтгүүлч С.Надмид агсны түүнтэй хийсэн ярилцлагад ийм хэсэг байх. 

-Ямар үед дуу зохиох амархан, ямар үед тэгтлээ “мах иддэг” байна? 

-Ер юм бүхэн нөлөөлнө. Гол нь хүний амьдралын хоёр туйл - зовлон, жаргал, сэтгэл хөдлөлийн хоёр хязгаар - гуниг, баяр уран бүтээлд нөлөөлдгийг бараг хүн бүхэн мэднэ шүү дээ. Миний сэтгэлдээ тээж явсан эмзэг бодлыг тэр үг онож хөндсөн эсэхээс шалтгаална. 

Бүсгүй заяа минь бүрэгхэн боловч 

Бүтэн хайраа чамдаа зориулъя аа…

***

Хөгжмийн зохиолч Дашдэндэвийн Алтантуулын намтрыг товчилбол, 1949 онд Ховд аймгийн Булган суманд мэндэлж, 1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг анхны мэргэжлийн 16 ятгачны нэг болон төгсөж, 1967-1971 онд УАДБЧ-д ятгачнаар ажиллаад, 1971-1977 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг найрал дууны багш-удирдаач мэргэжлээр дүүргэн, 1977-2013 онд чуулгадаа найрал дууны багш, төрөлх сургуульдаа ятгын багшаар ажиллажээ.

Төгсгөлийн оронд буюу “Born Retro”

 Ард түмний дунд амнаас ам дамжин дуулагдаж ирсэн буюу үүсэл нь тодорхойгүй дуунуудын зохиогчийг олох, тэр тусмаа эмэгтэйг нь түүвэрлэх гэх бол бүтэшгүй санаархал нь мэдээж. Хэдий тийм ч “эмэгтэй хүн хөгжим зохиосоор иржээ” гэх анхдагч сэдэл хэн нэгний итгэлийн хэтийг цахиж, сэтгэлийн галыг асаах нь дамжиггүй. Манай хөгжмийн салбарын түүхэнд Д.Алтантуул, Д. Амгалан, Н.Лантуу, Д.Лянхуа, Ж.Чулуунцэцэг, С.Бүтэд, С.Мааяа, М.Булган, Л.Насанбат, М.Туяа, Д.Цэцэрлэг, С.Ганчимэг, Б.Мөнхжаргал, Б.Ангирмаа гэхчлэн гучаад эмэгтэй хөгжмийн болон ая зохиогч эмэгтэй бий. Гэвч тэдний бүтээлийг мэдэхээс бус хэн болох, хэдэн онд төрсөн, ямар замналаар амьдарсан зэрэг нарийн мэдээллийг хайлтын системээс барагтай л олохгүй биз ээ. Ялангуяа 1990 оноос өмнө уран бүтээлээ туурвиж асан ахмад зохиолчдын талаарх мэдээлэл улам л бүрхэг болсоор байна. 

Хөгжмийн зохиолч эмэгтэйчүүдийн бүтээл болон намтрыг олны хүртээл болгох  зорилгоор “Aydu record”-оос “Born Retro” төслийг санаачилж, өмнөх удаад хөгжмийн зохиолч Самбуугийн Мааяагийн “Болзоо” дууг шинэчлэн найруулсан бол энэ удаад Дашдэндэвийн Алтантуулын “Хүж дэлхий амгалан байг” дууг толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 22, 2025 08:59

Авьяаслаг нэгэн байсан шүү. Гэхдээ төрсөн аав нь Баянхонгорын Г�##�уутын хүн байсан.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 09:16

Увсын хүүхнүүд муухай хатуу, хүн чанаргүй нь харагдаж бншд, өргөж авсан хүүхэд нь төрсөнтэйгээ уулзахаас айт�##� хатуурхаж амьдр�##�ыг нь насаараа ганцаараа явт�##� нь там болгосон байнаа, аймаар

Зочин
Зочин
8 сар 22, 2025 09:21

Энэ авьяаслаг хүний авьяас хүч хөдөлмөрийг төр яаж үнэлсэн бэ. Тэр хэн ч мэдэхгүй �##�и�##�агч нарт харамгүй өгдөг цол шагн�##�аа өгсөн болуу

Зочин
Зочин
8 сар 22, 2025 11:26

Жинхэнэ УГЗ өгөхөөр хүн дээ. Их даруу түвшин хүн бололтой. Хүүхэд байхад радиогоор Алтантуулын хөгжим гээд л хүсэлтийн хариугаар их зарладаг байж билээ. Чихэнд бүр хоногшсон.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 11:30

Дашдэндэв гэж овоглож байгаа бол эцгийнхээ нутгаар Өвөрхангайнх л гэж явна л даа.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 13:11

дэндэв гдг хүн манай нагац ах �##�тантуул эгчийг бага бхад нь ээжтэй нь ханилан сууж хожим хоёр тииш болсон тухай миний нагац эгч бид өдөндөө гэж авгайлдагиДулмаа эгч ярьдаг бсан нагацууд маань өвөрхангайн бүрд сумын уугуул

Иргэн
Иргэн
8 сар 22, 2025 16:33

Хэрэггүй энгэрийн тэмдэгээр яаахав ард түмэн мэднэ!!! Одоо гавъяат гэж дуудуулах сонин биш болсон шүү!!! Одоо цагт айл, овог болгон нэгээс нэжгээд гавъяат гэдэг тэмдэгтэй болсон, гавьяат нь үнэ цэнэгүй болоод ирэхээр нь хуучны гавьяатууд маань ардын, бүр хөдөлмөрийн баатар болно гэж мөнгөө барин ур�##�даж, хөөцөлддөг болсон!!! Одоо ЕТГ- Баатарын болох өргөдөл 5000- гаран гавъяатын өргөдөл 12000- гаран байгаа дуулдсан!!! Ккк б�##�арсаан монголчууд

Холбоотой мэдээ

Back to top button