Ярилцлага

Есөн настай зураач, зохиолч Ч.Сүндэрмаа: Бүтээлийг минь араб хэлээр хэвлүүлэх хүсэлт ирүүлсэн

Гал тогооны ширээний хажуу талын хананд үнсгэлжин мөн нохойны зургийг нямбайлан өлгөжээ. Бас гэрийнхээ энд, тэнд чамин зургуудаар чимсэн байв. Харваас бага насны хүүхэд зурсан нь илт. Мэдээж муу зурсандаа бус хүүхдийн гэгээн ертөнц нэвт шингэсэн бүтээл байсан учраас тэр юм шүү. Есөн настай зураач охиныхоо бүтээлүүдээр Г.Чинбатынх гэрээ чимсэн нь энэ. Тэдний гэрийн чимэглэл, тавилгуудаас хамгийн үнэ цэнэтэй, эрхэм зүйл нь охиных нь бүтээлүүд. Эдгээр чамин, насанд хүрсэн хүн тэр ч бүү хэл мэргэжлийн зураач зурж гэж андуурмаар эдгээр бүтээлийн эзэн нь Ч.Сүндэрмаа охин.

Түүнийг өнгөрсөн жил “Nepko kids” хэвлэлийн газраас зохион байгуулсан хүүхдийн ном туурвих “Улаанбаатарын өнгө” уралдаанд “Шидэт сарнай” номоороо түрүүлснээр нь илүү сайн мэднэ. “Nepko kids”-ын хамт олон өнгөрсөн жил дэлхийн 17 хотод зохиогдсон номын үзэсгэлэнд дэлгэснээс Сири улс “Шидэт сарнай”-г араб хэлээр орчуулж, хэсэгчилсэн байдлаар хэвлүүлэх санал тавин, гэрээ байгуулжээ. Үүний сацуу дэлхийн цөөнгүй орон түүний бүтээлийг сонирхож буйгаа илэрхийлсэн гэнэ.

Оюуны бүтээл нь дэлхийн зах зээлд гарах нь тодорхой болсон Ч.Сүндэрмаа оны эхэнд “Ид шид” гэдэг нэртэй, 48 бүтээлтэй гар зураг, зурагт номын үзэсгэлэнгээ сургууль дээрээ дэлгэн, олны талархлыг хүлээсэн юм. Нийслэлийн 32 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмаа болон түүний ээж М.Ононтой ярилцлаа.

МАТЕМАТИКААС ӨӨР ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ Л БАЙВАЛ СУРГУУЛЬДАА ОЧИХ ДУРТАЙ

-Зарим хүүхэд хичээл нь амрахад баярладаг шүү дээ. Хичээл нь амрах ахын дүүд гоё байна уу, муухай байна уу?

-Математикаас өөр хичээл орохгүй л байвал очих дуртай (инээв).

-Зурагтаар теле хичээл зааж байгаа. Ахын дүү өдөр бүр хичээлээ хийж байгаа юу?

-Тийм ээ. Зарим зүйлийг нь ойлгохгүй байгаа. Хэрвээ ойлгохгүй юм гарвал дэвтэр дээрээ тэмдэглэдэг. Заримдаа тэмдэглэж амжаагүй байхад хичээл нь дуусчихдаг. Тэгэхээр нь ухрааж байгаад бичдэг.

-Телевизээр бүх хичээлээ үзэж байгаа юу. Эсвэл дуртай болохоороо математикаа түлхүү давтаж бйгаа юу?

-Бүгдийг нь хийж байгаа.

-Ангийнх нь багшаар өөр багш телевизээр хичээл заах ямар байна вэ?

-Танихгүй багшаар, тэгээд телевизээр хичээл заалгах эвгүй байгаа.

-Өнгөрсөн жилээс зураг зурж эхэлсэн юм билээ. Хамгийн анх ямар зураг зурж байв?

-Би багаасаа зураг зурах дуртай байсан. Хамгийн анх нэг алим зурсан. Даанч сүүдэрнийх нь доогуур баахан хар юм болгочихсон.

ИХЭВЧЛЭН ҮЛГЭРИЙН БААТРУУДЫГ ЗУРДАГ

-Ихэвчлэн юуны тухай зурах дуртай вэ?

-Үлгэрийн баатар.

-Жишээлбэл, энэ үнсгэлжингийн зургийг хэзээ зурсан бэ. Ямар утга илэрхийлдэг вэ?

-Өнгөрсөн жил анхны цаснаар зурсан. Анхны цас ороод, би гэрийнхээ цонхоор харж зогссон юм. Тэгж байхад энэ зургийг зурах санаа надад төрсөн. Тэгээд л зурсан юм. Энэ охин цас оруулж буйг дүрсэлсэн. Цасыг яаж оруулуулах боломжтой вэ гэж бодсон л доо. Нээрэн, шидэт дохиураар оруулж болно шүү дээ гэж бодсон. Энэ охин шидэр дохиураар цас оруулж байгааг зурсан юм л даа.

-Уран бүтээлийн, зургийн шинэ санаа ихэвчлэн ямар үед төрдөг вэ?

-Би ном унших дуртай. Ямар нэгэн зүйлийн талаар дүрсэлсэн хэсэг байлаа гэхэд түүнийг нь дүрсэлж зурдаг.

ЗУРСАН 50-иад УРАН БҮТЭЭЛТЭЙ

-Одоогоор хэчнээн зураг зураад байгаа вэ?

-50-иад.

-Яг тэдэн зураг зурлаа гэж нарийн тоолдог уу?

-Ёстой тэгдэггүй. Ерөнхий багцаа л бий.

-Хамгийн хайртай бүтээл аль нь вэ?

-Наран цэцэгтэй, байшингийн зураг. Даанч энд байхгүй байна. Би наран цэцэг зурах дуртай.

ӨӨРӨӨ Л БИЕ ДААН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛДЭГ, ХУВИЙН БАГШГҮЙ

-Ахын дүүд хувийн багш бий юү?

-Байхгүй. Өөрөө л зурдаг. Урлагийн, уран зургийн тухай ном үргэлж уншиж, өөрийгөө хөгжүүлдэг.

-Зургандаа аав, ээжийгээ, хоёр дүүгээ дүрсэлдэг үү?

-Нэг их дүрсэлж байгаагүй. Дунд дүү маань олон хүн дүрсэлсэн зургийг харснаа хамгийн гоёыг заагаад “Энэ би мөн үү” гэдэг. Би нээрэн “Шидэт сарнай” номондоо анх аавыгаа дүрсэлье гэж бодож байсан юм. Дараа нь ээжийгээ болгоод өөрчилчихсөн. Охины дүрийг зурахдаа хэн нэгнийг дүрслээгүй.

-Тэгэхээр гол дүрийн охины ээжийнх нь дүрийг ээжийгээ дүрсэлж зурсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Үс нь ээжийнхтэй адилхан болсон байгаа биз.

-Тийм байна аа.

-Бас энэ номд дүрслэгдсэн хувцас, ор, шүүгээ гээд бүгд манайх. Би харж байгаад дуурайлгаад зурсан юм. Зохиогоод л зурчихсан.

-“Шидэт сарнай” номынхоо зохиолыг хэзээ бичсэн бэ. Ийм сэдвээр бичих санаа хэрхэн төрсөн бэ?

-Зохиолыг нь өнгөрсөн жил бичээд, ээждээ хадгалуулчихсан байсан юм. “Шидэт сарнай” зохиолд Хүнд өвчин туссан ээжийгээ эдгээхийн тулд шидэт сарнайн эрэлд гарч, хүнд хэцүүг даван, энх тайван тогтоож буй Мэри охины тухай өгүүлдэг юм.

-Бичиж дууссаныхаа дараа үйл явдлыг нь тэгж бичдэг байж гэх шинэ санаа төрсөн үү?

-Ерөөсөө тэгээгүй. Зохиолоо бичиж дууссаныхаа дараа Эрдэнэчимэг багшдаа, ээж, аавдаа уншуулахад “Сайн болсон байна” гэсэн.

-Бүх хэсгийг нь өөрөө зохиож, зурсан уу?

-Тэгсэн. Заримдаа ээжээсээ, Эрдэнэчимэг багшаасаа зөвлөгөө авсан. Зохиолоо бичиж, зургийг нь зурж дууссаны дараа “За, дуусчихлаа. Ямар гоё юм бэ” гэж бодсон. “Улаанбаатарын өнгө” уралдаанд түрүүлэхдээ бүр их баярласан. Би тэр уралдаанд миний бүтээл өрсөлдсөнийг шагнал авах хүртлээ огт мэдээгүй байсан юм.

ШАГНАЛ АВАХДАА Л УРАЛДААНД ӨРСӨЛДСӨНӨӨ МЭДСЭН

-Тэгэхээр бүтээлийг нь аав, ээж хоёр нь бүртгүүлчихсэн байсан юм уу?

-Тийм ээ. Шагналаа авахдаа л мэдсэн. Аав, ээж хоёр үнэхээр их баярласан. Надад ч бас гоё байсан. Их баярласан. Намайг үргэлж дэмжин, тусалж байгаа “Nepko kids” хэвлэлийн газрын ах, эгч нартаа, Эрдэнэчимэг багшдаа их баярлаж явдаг.

-Ангийнхан, найз нь “Шидэт сарнай”-г уншаад юу гэж хэлдэг вэ?

-Гоё болжээ л гэдэг. Саяхан багш монгол хэлний хичээл дээр миний бүтээлийг жишээ болгосон. Ерөнхий санааг нь тайлбарлаад, манай ангийнхан ойлгосноо дэвтэртээ бичсэн юм.

-“Шидэт сарнай”-г нь араб хэлээр хэвлэхээр болж. Бүтээлийг нь бусад орны хүүхдүүд уншина гэж бодохоор ямар санагдаж байна вэ?

-Гоё санагдаж байна. Санаанд ерөөсөө багтахгүй байгаа.

БУСАД ОРНЫ ХҮҮХДҮҮД СОНИРХОЖ УНШААСАЙ ГЭСЭНДЭЭ ГОЛ БААТРУУДДАА ГАДААД НЭР ӨГСӨН

-Ахын дүүгийн зохиолын баатрууд бүгд гадаад нэртэй. Монгол нэр өгөх үү гэж эргэлзсэн үү?

-Эргэлзээгүй. Зохиолоо бичиж эхлэхдээ гадаад нэр өгье гэж бодсон. Тэгвэл бусад орны хүүхдүүд илүү сонирхоно шүү дээ. Зохиолыг маань зөвхөн Монгол бус гадаадын орны хүүхдүүд ч мөн сонирхож, уншаасай гэж бодсондоо ингэж нэрлэсэн юм.

-Өнгөрсөн жил сургууль дээрээ “Ид шид” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн юм билээ. Бүтээлүүдийг нь сургуулийнхан, бусад хүмүүс үзэж байхыг харах ямар санагдсан бэ?

-Их сонирхолтой санагдсан. Манай ангийн хөвгүүд миний зурсан барын зургийг их сонирхсон.

-Ийм амьтан ч юм уу тийм зүйлийн тухай зурах сан гээд бодож яваа санаа бий юү?

-Мэдээж бий. Гэхдээ одоохондоо би мэргэжлийн зураач биш болохоор сайн сэтгэж, шинэлээр зурч чадахгүй байгаа.

-Санаа зоволтгүй ээ, ахын дүү. Одоо дөнгөж есөн настай юм чинь аргагүй шүү дээ.

-За.

-Зургаа зураад, зохиолоо бичээд, чимэглэдэг юм байна. Ингэж зурахын хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ?

-Цавуугаа түрхэн, шигтгээ наахдаа томыг наах уу, жижгийг наах уу гэж боддог.

-Шигтгээ гэснээс энэ нохойны зураг их донжтой харагдаж байна. Шигтгээнүүд яг гоё зохижээ.

-Тийм байна уу, баярлалаа. Энэ нохойг ингэж чимэглэж, гангалсан нь учиртай. Баян чинээлэг хүмүүс нохойг зүгээр л өөрийнхөө гоёл чимэглэл гэж ханддаг. Гэтэл нохой чинь амьтан шүү дээ. Эрх чөлөөтэй, өөрийнхөөр нь байлган, гоё чимэглэл шиг битгий хандаасай, гэр бүлийнхээ гишүүн шиг хайрлаасай гэсэндээ энэ бүтээлийг зурсан юм.

ИХЭНХ БҮТЭЭЛДЭЭ ЦЭНХЭР ӨНГИЙГ ТҮЛХҮҮ АШИГЛАДАГ

-Ихэнх бүтээлдээ цэнхэр өнгийг түлхүү ашигладаг тань анзаарагдлаа. Яагаад энэ өнгийг илүүд үздэг юм бэ?

-Тэнхэр цэнхэр өнгөтэй. Тиймээс би энэ өнгөнд дуртай байдаг юм. Цэнхэр өнгөөр ихэвчлэн арынх нь фонныг хийдэг.

-Ангийнхан нь “Надад зураг яаж зурдгийг заагаад өг” гэдэг үү?

-Тэгдэггүй. Манай ард суудаг найз маань миний зурахыг үргэлж хардаг.

-Ахын дүү айлын ууган нь юм байна. Хоёр дүүдээ хэр сайн, халамжтай эгч байж чаддаг вэ?

-Халамжтай л байх. Бага дүү минь их үймүүлэгч, ёстой бужигнуулдаг. Заримдаа “Надтай тоглохгүй бол зургийн чинь хэрэгслүүдийг нураана шүү” гэдэг.

-Оны дараахан Ё.Баатарбилэг сайд ахын дүүг хүлээн авч, уулзсан. Сайд ахын дүүд юу гэж захисан бэ?

-Ээж “Охин минь заримдаа шөнө зургаа зурдаг. Гар чийдэн тусгаж байгаад уран бүтээлээ туурьвидаг” гэж хэлсэн. Тэгэхэд сайд “Ядаргаанд оров оо. Биеэ сайн бодоорой” гэсэн. Тэгээд бас надад зөндөө олон ном бэлэглэж, салбарын шагнал болох “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнасан.

ӨӨРТӨӨ ТОХИОЛДСОН ҮЙЛ ЯВДЛААС СЭДЭВЛЭН ЗОХИОЛ БИЧИЖ БАЙГАА

-“Шидэт сарнай”-гаас өөр бичсэн зохиол бий юү?

-Одоо  нэг зохиол бичиж байгаа. “Мона лиза” гадуурхлыг давсан нь” гэдэг нэртэй.

-Зохиолд нь юуны тухай өгүүлдэг вэ?

-Өөртөө тохиолдсон явдлаас сэдэвлэж бичсэн юм. Бусдад гадуурхагдсан ч өөрийгөө зоригжуулж хөдөлмөрлөсөөр амжилтад хүрдэг охины тухай өгүүлдэг. Мона лиза өөрийг нь гадуурхсан охидод “Би та нарт дээрэлхүүлдэг хүн биш” гэдгийг мэдрүүлдэг.

-Зоригтой, мундаг охины тухай өгүүлдэг юм байна. Ахын дүү өөрийнхөө тухай гэхээр...

-Хэзээ билээ нэг удаа би охинтой муудалцсан юм. Эмүжин гэдэг нэг охин байсан юм. Би түүнтэй тоглохыг гуйхаар зөвшөөрдөггүй, тэгсэн мөртлөө өөр хүүхдүүдтэй тоглодог байсан юм л даа. “Чи яагаад надтай тоглохгүй байгаа юм бэ” гэхэд “Би чамтай тогломооргүй байна” гээд надтай муудсан. Би найздаа гомдсон. Надад дахин, дахин бодогдоод байдаг болохоор надад хүнд байдаг.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА НОМ УНШИН, ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОДОГ

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ном уншдаг, төгөлдөр хуур тоглодог. Төгөлдөр хуураар зургаан настайгаасаа хойш хичээллэж байна.

-Хэчнээн ая тоглож чадах вэ?

-Хоёр. БНСУ-ын төгөлдөр хуурч Yiruma-гийн зохиосон аянуудад дуртай. Монголын бүтээлүүдээс “Мандухай сэцэн хатан”-г тоглож чадна.

-Хөөх, ямар мундаг юм бэ. Хөгжим тоглож байхад зургийн санаа төрдөг үү?

-Төрж байгаагүй. Нээрэн би төгөлдөр хуурийн ая зохиохыг хүсдэг. Зургаан настайдаа нэг ая зохиосон юм.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

- Ном бичих, зураг зурахыг заадаг урлагийн багш болохыг хүсдэг.

М.ОНОН: ОХИНЫГ МИНЬ “NEPKO KIDS”-ын ХАМТ ОЛОН ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ

-Бага насны хүүхдийг авьяасыг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоо их чухал. Ер нь охин багаасаа зураг зурах авьяастай, сонирхолтой байв уу?

-Улсын сургуульд сурдаг, эмээтэйгээ өссөн болохоор ч тэр үү их хэрсүү. Бага байхад нь манай байрныхан гайхдаг байсан юм. Зургаан настай байхдаа төгөлдөр хуурийн ая бичихээр нь их гайхсан. Юм зохион бүтээх, шинийг сэтгэх авьяастайг мэдээд охиноо улам дэмжих болсон юм л даа. Нэг удаа “Би өөрийн зохиосон үлгэрийн номтой болмоор байна, ээж ээ” гэсэн. Тухайн үед ёстой гоё санаа байна гээд дэмжээд л өнгөрсөн. Нэг өдөр “Би ийм зохиол бичсэн. Багш гоё болсон байна” гэсэн гээд бичсэнээ үзүүлэв. Би уншчихаад далд хийсэн юм. Энэ зун цахим ертөнцөөс “Nepko kids” хэвлэлийн газраас зохион байгуулсан хүүхдийн ном туурвих уралдаан зарласан тухай мэдэв. Тэгээд охиндоо “Зохиолдоо эвтэйхэн зураг зураад, зурагжуулвал бүр гоё болно” гэсэн. Тэгж зурагтай, зохиолыг нь бэлэн болгуулчихаад өөрт нь хэлэлгүй “Улаанбаатарын өнгө-2019”-д бүртгүүлсэн юм. Тус уралдааныг гадаадын мэргэжлийн шүүгч нар шүүсэн нь их сонирхолтой болсон гэнэ лээ.

-Охиных нь бүтээл “Улаанбаатарын өнгө”-д түрүүлэх болов уу гэх багцаа танд байв уу?

-Үнэнийг хэлэхэд тийм багцаа байгаагүй ээ. Охин минь 18 хүртэлх насны хүүхдүүдтэй өрсөлдсөн. Зүгээр л тус уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн зохиолыг үзэсгэлэнд дэлгэнэ гэхээр нь бүртгүүлчихсэн юм. Нэг өдөр “Улаанбаатарын өнгө”-ийн зохион байгуулагчид надтай утсаар холбогдоод “Шагнал гардуулах ёслолд заавал ирээрэй” гэсэн. Би гайхаад охинтойгоо хамт очив. Хамгийн сүүлд гран при шагналтныг тодруулсан юм. Охин маань “За, ээжээ явъя. Зөндөө гоё юм үзчихлээ” гэсэн. Өөрийнх бүтээлийг бүртгүүлсэн гэж мэдээгүй байсан болохоор аргагүй л дээ. Би ч гэсэн “За” гээд зогсож байтал охины минь нэрийг зарладаг байгаа. Ёстой бөөн баяр болсон. “Хөөх, би түрүүлсэн юм уу, ээж ээ. Ямар гоё юм бэ” гэсэн. “Улаанбаатарын өнгө”-д 200 бүтээл өрсөлдсөн гэсэн. Хүүхэд хүүхэддээ зориулж зохиол бичих тэс өөр байдаг юм байна. Үүнийг нь гадаадын орны уран бүтээлчид их сонирхож байгаа.

Түүнээс хойш “Nepko kids” хэвлэлийн газрын хамт олон охиныг маань ёстой бүх талаар дэмжин, тусалж байгаа. Охиныг минь зураач, уран бүтээлчидтэй уулзуулан, зөвлөгөө өгүүлдэг. “Шидэт сарнай”-г өнгөрсөн жил бусад уран бүтээлийн хамт дэлхийн 17 томоохон хотын хүүхдийн номын үзэсгэлэнд дэлгэсэн. Тухай үед ном болгон хэвлүүлээгүй байсан. Зүгээр л гар бичмэлийг нь тухайн орнуудын хэлээр орчуулаад аваад явсан юм, “Nepko kids”-ын хамт олон. Тэгж явахад нь олон орон сонирхож буйгаа илэрхийлсэн гэнэ лээ. Яг албан ёсоор санал тавьсан нь араб хэлээр хэсэгчлэн гаргах байсан. Бид ч дуртайяа зөвшөөрч, гэрээ байгуулсан. Охиныг минь “Nepko kids”-ын хамт олон, ангийнх нь багш Эрдэнэчимэг их дэмждэг. Тэдэнд их баярлаж явдаг.

“ШИДЭТ САРНАЙ”-г ДАХИН 500 ХУВЬ ХЭВЛҮҮЛЭХЭЭР БОЛСОН

-Энэ жил дээрх 17 хотын хүүхдийн номын үзэсгэлэнд дахин дэлгэх юм билээ. Энэ удаа “Шидэт сарнай”-гаа ном болгон хэвлүүлсэн болохоор бусад орныхны сонирхлыг бүр ч их татах байх.

-Тэгэх байх. “Nepko kids”-ын хамт олон Сүндэрмаагаар дамжуулж монгол хүүхдийн ур чадвар, авьяасыг дэлхийд таниулж, сурталчлахаар уйгагүй зүтгэж байгаа. Тэд гэрээний дагуу “Шидэт сарнай”-г эхлээд 500 хувь хэвлүүлсэн. Одоо дахин 500 хувийг хэвлэхээр төлөвлөсөн гэнэ лээ.

-Ч.Сүндэрмаа “Улаанбаатарын өнгө”-өөс өөр уралдаанд бүтээлээрээ өрсөлдөж байсан уу?

-Би хүүхдээ ямар нэгэн уралдаанд ер өрсөлдүүлдэггүй. Амжилтыг медаль, цомоор хэмждэг болох вий гэж эмээсэндээ тэр л дээ. Одоо бол элдэв шагнал авхуулах бус авьяасыг нь хөгжүүлэх л чухал байна. Охины минь өрсөлдсөн анхны уралдаан нь “Улаанбаатарын өнгө”. Номыг чинь хэвлээд өгье, үзэсгэлэнг нь гаргаад өгье гэвэл л бүтээлийг нь сойно.

ЗАРИМДАА ОХИНОО ӨРӨВДДӨГ

-Алсдаа гадаадын урлагийн томоохон сургуульд сургах бодол бий юү?

-Охин минь хүсвэл бүх талаар дэмжинэ. Авьяасыг нь хөгжүүлэх, амжилтад хүргэх ямар л боломж, гарц байна. Тэр бүхнийг ашиглана. Үнэнийг хэлэхэд заримдаа би охиноо өрөвддөг. Үеийнхэн нь “Пороро” үзэж байхад зургаа л зургаад сууж байдаг. Орой унтахад нь “Миний охин эрт унтаарай. Ядарна шүү” гэж захидаг. “За” гэснээ шөнөжин гар чийдэн тусгаж байгаад зураг зураад хоносон байдаг. “Би өнгөсөн шөнө ийм зураг зурсан” гээд инээсээр үзүүлэхэд нь баярлан, охиноороо бахархдаг ч бас өрөвддөг. Миний хамаг хувцасны чимэглэлийг хайчилж байгаад ч хамаагүй чимэглэдэг.

Охин минь үргэлж л мөрөөдөж, бусдад туслах сан гэж явдаг. Зургаан настай байхад би төгөлдөр хуурийн гэрийн багштай болгосон юм. Тэгэхэд “Ээж ээ би дахиад нэг төгөлдөр хуур авхуулъя” гэсэн. Би гайхаад лавлахад “Гэр хороололд төгөлдөр хуур сурах мөрөөдөлтэй ч санхүүгийн боломжгүй хүүхдүүд зөндөө байгаа. Тэдэнд зааж өгье, багшаараа заалгаж хамт сурмаар байна” гэсэн. Тэгж хэлэхэд нь би охиноороо үнэхээр их бахархсан.

-Охиныхоо үзэсгэлэнг ойрын хугацаанд дахин гаргах бодол бий юү?

-Байгаа. Б.Баатарбилэг сайд охинтой минь уулзахдаа “Үзэсгэлэнг нь Хүүхэлдэйн театрт гаргаж өгье, зохин байгуулаад өгье” гэж амласан.

Г.Сүндэрмаагийн зарим бүтээл

“Шидэт сарнай” номынхоо бүх зураг, зохиолыг өөрөө бичжээ. Тус номын хэсгээс.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bibi
bibi

yostoi mundag yumaa, aviyastai bas

Зочин
Зочин
Reply to  bibi

Амжилт хүсье юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай миний монголын ирээдүй улам их гэрэлтэг

Зочин
Зочин

Ymr huurhun zurdag ym be ????

Зочин
Зочин

eniig goy gj bwal yana daa

Зочин
Зочин

goy geh zurag 1 ch alga????????

Азтай гар
Азтай гар
Reply to  Зочин

Харин тий гачин зургууд

bookphile
bookphile

Ухаант охинд бас ээж аавд нь баяр хүргэе. Ийм сайхан ажлаа цааш хийж бүтээсээр байгаарай. Хийж бүтээсэн зураг, бас үг чинь хүн бүхний зүрх сэтгэлд гэрэл болж гийгээсэй! Хүмүүс чиний хөдөлмөрийг ойлгоно оо, битгий шантраарай. Чиний хийж бүтээснийг ойлгохгүй хүмүүс байв�##� тэд үнэхээр тэнэг хүмүүс. Хөдөлмөрлөөд л байгаараа, амжилт.

bookphile
bookphile

байв�##�##

Холбоотой мэдээ

Back to top button