Сурвалжилга, Нийтлэл

ХЭРЭГ: Эндсэн нярайгаа Сэлбэ голын эрэг дээр боов, чихрийн хамт орхин "хөдөөлүүлжээ”

Энэ сарын 5-нд /2020.02.05/ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Баян бага” амралтын газрын хойно байрлах Сэлбэ голын эхээс төрөөд удаагүй нярайн цогцос олдсон. Нярайг нимгэн даавуунд ороож, дэргэд нь ууттай боов чихэр үлдээсэн нь хөдөөлүүлснийг нь илтгэх мэт.

Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэг шалгаж байна. Одоогоор хүүхдийн хүйс, үхлийн шалтгаан, төрөөд хэр удсан эсэх нь тодорхойгүй. Нийслэлийн хэмжээнд иймэрхүү шашны зан үйлийн шинжтэй, ил задгай орхигдсон нярайн цогцос жилд 1-2 удаа тохиолддогийг албаны хүн хэлэв. Түүнчлэн ийм байдлаар нохой, шувууны хоол болон хаягдсан нярайн цогцосны эзнийг илрүүлсэн ч, хуулийн хүрээнд оноох ямар нэгэн ял шийтгэл байдаггүйг онцлов. Учир нь нэгт нярайг зориудаар үхэлд хүргээгүй, хоёрт оршуулгын зан үйлтэй холбоотой буюу тухайн иргэний шүтлэг бишрэлийн асуудлаар хязгаарлагддаг.

Нөгөөтэйгүүр, 2014 онд батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам-д:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавихыг хориглоно
  • Оршуулгын үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн оршуулгын газар үйлдэнэ
  • Оршуулгын үйл ажиллагааг чандарлах болон далд оршуулах хэлбэрээр хийж гүйцэтгэнэ хэмээн тусгасан байдаг.

Гэвч тус хуулийн хэрэгжилт нь зөвхөн цаасан дээр л үлдсэнийг энэ мэт хэргүүд батлах шиг. Орчлонд хүн болох эрх нь дутсан тэдгээр үрс, хожмоо ч ингэж хөсөр хаягдах ёстой юм гэж үү. Хөдөөлүүлэх нэрээр өөр хэдэн ч нялхас ийм маягаар хаягдсан бол гэхээс сэтгэл шимшрэм...

Нярайн цогцсыг ил тавьж хөдөөлүүлэх нь зарим аймгийн ард иргэдийн хувьд энгийн үзэгдэл мэт болсон зүйл. Тодруулбал, ийм тохиолдол нийслэлд гэхээсээ илүү хөдөө орон нутгаар түгээмэл байдаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан хэлсэн юм.

Харин шашины зан үйл талаасаа монголчууд эрт үеэс нэр аваагүй буюу төрөөд удаагүй байхдаа эндсэн нярайг уутанд хийж “гээдэг” эсвэл өлгийтэй нь “хээр тавьдаг” байжээ. Ялангуяа хүүхэд тогтдоггүй айлын хувьд тус дэгийг нарийн баримталдаг гэх. Өлгийтэй нь хээр тавихдаа лам хуваргаас оршуулах зүг болон цагийг нь нарийн асуудаг. Улмаар өлгийг нь задалсхийгээд орхидог байна. Энэ нь араатан амьтан богино хугацаанд олоосой гэсэндээ тэр.

Харин нийслэлийн хувьд, амьгүй болсон үрээ нохой, шувууны хоол болог гээд үлдээж буй эх эцгүүдийн хандлагыг ойлгоход даанч бэрх. Мөн дээр дурьдсанаар төрүүлсэн үрээ хогноос өөрцгүй хаясан тэдгээр хүмүүст оноох хуулийн хариуцлагын асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан эргэн харах хэрэгтэй байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрс минь эхийн хэвлийгээс унаад энд тэндхийн хогтой хутгалдан хаягдах нь даанч гаслантай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хххх
Хххх
2 сар 11, 2020 08:55

Үнэхээр дом шүтлэг нь байгаад ил тавих бол хотоос хол тавь л даа.Голын эхэнд тавьдаг нь яаж байгаан бэ! Лус хилэгнүүлээд
Оршуулгын зард�##�гүй ядуус том хүний шарилыг ч микерт ачаад хөдөө хээр гээдэг болсон гэх юм үнэн байхоо

Холбоотой мэдээ

Back to top button