Ярилцлага

Б.Батзаяа: Монгол аппликейшныг гадаадын зах зээлд гаргах боломж бий

“SimilarWeb”-ийн гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хамгийн олон татагдсан 50 аппликейшнаас 17 нь л Монгол аппликейшн байна гэж гарчээ. Энэ нь нийт таталтын 34 хувийг эзэлж байгаа юм. Үүний дагуу Монгол аппликейшны хэрэглээ, хөгжил ямар байгааг тодруулахаар Unread Media-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батзаяатай ярилцлаа.

-Монголчууд дотоодын аппликейшнаа хэр их ашиглаж байна вэ?

-Сүүлийн 5 жилд Монголчуудын аппликейшны хэрэглээ маш их нэмэгдсэн. Тэр дундаа мобайл банкны аппууд дэс дараалан шинэчлэгдэхээс гадна “E-barimt” гарснаар иргэдийг аппликейшны хэрэглээнд хангалттай сургасан гэхэд нэг их буруудахгүй болов уу. Монгол хүн болгоны гар утсанд багадаа 3-4 дотоодын аппликейшн байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Манай Улсад аппликейшны хөгжил аль түвшинд явж байгаа вэ?

-Хөгжлийнхөө жамаар хангалттай сайн явж байгаа гэж хардаг. Гэхдээ миний бодлоор Монгол аппликейшн хөгжих боломжийг хязгаарлаад байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь төлбөр тооцооны асуудал юм. Ямар нэгэн аппликейшн хийлээ гэхэд тэр нь эргээд өөрийгөө авч явах, дараагийн хувилбараа гаргах, шинэчлэх хэмжээний борлуулалт, мөнгөний урсгал үүсгэдэг байх ёстой. Нэгдсэн төлбөр тооцооны систем нь бүрэн шийдэгдээгүй учраас аливаа хүн картаа холбоод маш хялбараар гар утаснаасаа төлбөр тооцоогоо шийдээд явахад бага зэрэг учир дутагдалтай байдаг. Тэр хэрээрээ аппликейшн хөгжүүлж байгаа газруудын мөнгөний урсгалыг бууруулж байгаа. Маш олон аппликейшн гарч ирдэг ч урт хугацаанд оршин тогтнож чаддаггүй шалтгаан нь энэ байх. Гэхдээ үүнийг шийдэх гэж маш олон үйлчилгээнүүд ар араасаа гарч байгаа л даа.

-Хамгийн олон таталттай аппликейшныг “Look Tvтэргүүлж байна. Энэ нь төлбөр төлөлтөөс шууд хамааралтай юу?

-Угаасаа бий болчихсон экосистем дээр түшиглэж байгаа болохоор аргагүй байх. Юнивишн үйлчилгээний хэрэглэгч бүрт 1 эрх үнэгүй дагалддаг санагдаж байна. Дээр нь ”Look Tv”-тэй холбоотой аливаа гүйлгээг шууд Юнивишний төлбөр дээр гаргахаар сонгож болдог. Скаймедиагийн “SkyGo” үйлчилгээ ч мөн адил. Тэгэхээр төлбөрийн гэдэг ч юм уу асуудал бага тулгардаг нь ойлгомжтой. Ер нь Монголд хэрэглэгдэж байгаа аппликейшны дийлэнх нь өргөн хэрэглээний аль эсвэл мэдээллийн шинж чанартай аппууд байгаа санагддаг.

-Манай улсад аппликейшн хийдэг байгууллага хэр олон байдаг вэ?

-Захиалгаар хөгжүүлдэг газар бол цөөхөн болчихсон анзаарагдсан. Харин үйлчилгээгээ дотооддоо “Inhouse” байдлаар хөгжүүлж, аппликейшн хэлбэрээр хүргэдэг компани бол олон байгаа. Цаашдаа ч илүү олон болох нь ойлгомжтой.

-Манай улсад интернэт банк, "Ebarimt” зэргээс гадна тоглоом, хөгжим гэх мэтчилэн энтертайнмент аппликейшнууд хөгжүүлэх боломж нь хэр бүрдсэн бэ?

-Хөгжмийн ч юм уу энтертайнмент аппликейшнууд зөвхөн хөгжүүлэлтээс гадна маш их нөөц бололцоо шаардана. Аппликейшн дээр оруулах контентуудтай холбоотой гэрээ байгуулахаас эхлээд ажил мундахгүй. Монголд “M Plus”, “W Plus” гээд ийм төрлийн гэж болох аппликейшнууд байгаа. Тухайлбал, “М Plus” дээр ном, сэтгүүл, подкастуудыг нэгтгэсэн байгаагаас гадна саяхан Монгол дуунуудыг албан ёсны эрхтэйгээр оруулж эхэлсэн байна лээ. “W Plus” нь дэлхий руу чиглэсэн цахим сэтгүүлийн платформ шүү дээ. Өнгөрсөн онд Сингапурт дэлхийн нээлтээ хийж байсан. Ер нь манай улсад боломж нь байгаа.

-Монгол аппликейшныг гадаад зах зээлд гаргах боломж хэр байгаа бол?

--Болохгүй зүйл огт байхгүй. Монголд “Nomadic bear” гээд гар утасны тоглоом хөгжүүлж “Appstore” болон “Playstore” дээр дээгүүр жагсаж байсан компани бий. Түрүүн “W Plus”-ийг дурдсан. Реппер Rokit Bay ч гэсэн “Fragile” гээд тоглоом санаачлан хөгжүүлж “Steam” платформ дээр байрлуулсан явж байгаа шүү дээ. "Lend.mn” гэхэд Филлиппинд “LendPinoy” гээд үйлчилгээ болон салбараа нээчихсэн байгаа. Гадаадын аах зээлд гаргаж байгаа газрууд олон бий. Тийм алсын хараатай байх нь ч зөв. Ер нь Монгол аппликейшныг гадаадын зах зээлд гаргах боломж, бололцоо бүрэн бий.

-Та хэрэглэгчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Одоо үндсэндээ бүх зүйл технологи дээр суурилсан хэлбэртэй болж байна. Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст ойрхон болгож буй хэлбэрүүдийн нэг нь аппликейшн юм. Цаашдаа улам л хөгжих нь ойлгомжтой. Тиймээс хөгшин залуу гэлтгүй энэ талын мэдлэгээ хөгжүүлээсэй, алсдаа бүх зүйл технологи суурьтай болох учраас дор бүрнээ технологийн мэдлэгтэй болж, технологийн шийдлүүдийг хэрэглээрэй гэж уриалах байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 7, 2020 10:24

батзаяа та Су-57болон С-400 загварын пуужин гэдэг шиг Б Батзаяа 57 загварийн Б Батяая 400 гэх мэт сүүлийн үеийн онгоц өөрийн гараар бүтээгээд байх таны хувьд тэр жижг апплекшн энэ тэр бол зүгээр л хүүхдийн тоглоом биз дээ айн

Иргэн
Иргэн
3 сар 8, 2020 07:53

Тэгээд гаршаач

Холбоотой мэдээ

Back to top button