Ярилцлага

М.Батбаяр: Уран бүтээлчийн шаналах, зовних зүйл нь том байх ёстой юм билээ

“Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” романуудын орчуулагч, яруу найрагч М.Батбаяртай ярилцлаа.

-“АМЬДРАХУЙ” НАМАЙГ ГЭЛТГҮЙ ЗОХИОЛЧОО Ч ЗОХИОЛЧ БОЛГОСОН БҮТЭЭЛ-

-Ярилцлага маань айхтар цаг үеийн шинжтэй бус, голч сэдэв хөндсөн агуулгагүй тул энгийн асуултаар эхэлье гэж бодож байна. Өнөөдрийг та хэрхэн эхлүүлэв дээ?

-Мордохын хазгай гэдэг шиг өнөөдрийг жаахан бүтэлгүй эхлүүлчихсэн. Би өнөө өглөө уг нь 08:30 цагаас англи хэлний хичээлтэй байсан юм. Нам унтчихаж. 09.00 цаг өнгөрөөж сэрээд шууд л ажилдаа ирлээ.

-Ер нь хэр нойртой вэ?

-Бага шүү. Багаасаа л нойр багатай, эрт сэрчихдэг хүүхэд байсан. Ойрын өдрүүдэд жаахан ачаалалтай ажиллаж байгаа тул урд шөнө нэлээд оройтож хэвтсэн, тэгээд л өглөө унтчих шиг боллоо.

-Одоо “Тагтаа” хэвлэлийн газарт ажиллаж байгаа. Гэрээт ажилтан уу, эсвэл орон тооны болчихсон уу?

- Анх “Тагтаа”-д гэрээт орчуулагч болсон нь 2017 он хавьцаа юм. Харин саяхнаас албан ёсоор орчуулагч, редактор хийж эхэллээ.

-Та “Тагтаа” нэрийн дор “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” тэргүүтэй хэдэн даацтай бүтээл орчууллаа. Хувь орчуулагчийн карьерт нь “Амьдрахуй” нэлээдгүй нөлөөлөв үү дээ гэж харсан?

-“Амьдрахуй” намайг гэлтгүй зохиолчоо ч зохиолч болгосон бүтээл юм. Үй Хуа “Амьдрахуй”-г бичсэнийхээ дараагаас яг зохиолчийн амьдралаар амьдарч эхэлсэн, зохиолч гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнийгээ тэр “Миний азын ном” гэж нэрлэдэг. Ер нь аливаа уран бүтээл ганцхан зүйлийн хүчин нөлөөгөөр амжилт олдоггүй. Орчуулгын бүтээлийн хувьд нэгдүгээрт, хэний ямар зохиолыг, хоёрдугаарт, хэн хэрхэн орчуулаад, гуравдугаарт, ямар хэвлэлийн газраас эрхлэн, ямар цаг үед, нийгмийн ямар уур амьсгал “дээр” гаргав гэх зэрэг олон хүчин зүйлүүдийн эв ая таарч байж тухайн бүтээл олон хүнийий хүртээл болдог шиг байгаа юм.

-Таны хувьд ч “Азын ном” болчхов уу даа?

-Та тэгж бодож байвал тийм байх. Тун гайгүй, аятайхан номоор орчуулгын ажлаа эхэлж дээ гэж боддог шүү.

-Би уншигчийн хувьд “Амьдрахуй”-гийн орчуулагчийг ийм залуу хүн байна гэж анхандаа бодоогүй л дээ.

-Их олон хүн тэгж хэлсэн.

-Их сургууль төгсөөд удаагүй залуу байсан нь сонирхол татсан хэрэг. Саяхан Твиттер орчинд өөрийн тань зургийг С.Баяр, Баабар тэргүүтэн хүмүүс “магтаж”, хуваалцаж байна лээ. Та харсан уу?

-Харсаан. Нэг тийм биеэ баримаар, түгшүүртэй маягийн мэдрэмж төрсөн. Би өрөөлийг төдийлөн анхаардаггүй, өөрийгөө л илэрхийлж явдаг хүн тул бусдын анхааралд ороод ирэхээр сонин байна билээ. Хүмүүс уншиж байна, дагаад би ч үг, үйлдлээ цэгцлэх ёстой юм байна гэсэн ухаарал маягийн зүйл орж ирсэн. Яг тухайн үедээ сайхан л байна билээ. С.Баяр гуай ямар мундаг сэхээтэн, орчуулагч хүн билээ. Баабар гуай ямар хүн билээ. Хийсэн ажил минь хүмүүст хүрсэн нь энэ юм болов уу даа.

Аав, ээж хоёр надад, “Хүнд юм хийж өгвөл чин сэтгэлээсээ л хийж бай” гэж захидаг. Тийм сэтгэлээр л хийснийх болов уу даа.

-Дээрх асуултаар таны хэр Би томтой хүн бэ гэдгийг сонирхсон юм. Орчуулгын уран бүтээлийн талаар сүүлд ярилцамц. Залуу уран бүтээлч бүр өндөр амбицтай цаг үеийг хүнийхээ хувьд туулдаг шүү дээ?

-Миний авьяас бусад хүнд муулуулаад ховхорч унахгүй, магтуулаад улам нэмэгдэхгүй шүү дээ. Хөндлөнгийн улсаас илүү өөрөөс хамаарах зүйл ихтэй. Харин амбицын тухайд, заавал уран бүтээлч хүнтэй холбож ойлгох нь өрөөсгөл болов уу. Амбицгүй уран бүтээлч байж болно. Мөн амбицтай бөх хүн ч байж болно. Нөгөөтэйгүүр хувь хүний амбиц уу, уран бүтээлчийн амбиц уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй шиг байгаа юм.

Яг үнэнийг хэлэхэд амбиц гэхээр би нэг л ойлгож өгөхгүй байна. Яг юуг ч хэлээд байдаг юм. Надад хийсэн бодит зүйлээрээ л үнэлүүлээд явж байгаа хүмүүс сайхан харагддаг.

-ӨНДРӨӨ БАРИХ ГЭДЭГ ШУВУУНД Ч ХЭЦҮҮ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ-

-Би орчуулга гэлтгүй зарим чөлөөт бичвэрүүдийг тань уншаад, амбиц үнэртлээ гэж өөртөө мунхагласан. Нэг тийм егзөр бичдэг?

-Тийм тал байдаг болоод л тэгж санагдсан байх л даа. Егзөр гэдэг бол муу үг биш байх, магадгүй давуу чанар. Ялангуяа уран бүтээлч хүнд байвал зохистой чанар юм уу гэж бодох юм. Би амбиц гэхээр ойлгохгүй, харин егзөр гэхээр ойлгоод байна. Яагаад гэвэл миний бага нас жинхэнэ егзөр хөгшүүдийн дунд өнгөрсөн учраас егзөр чанар сэтгэлд бууж байна.

Бичвэр бол нэг талдаа тухайн үеийн л сэтгэл санаатай холбоотой  шүү дээ. Тэр үед өөрийгөө шидмээр санагдсан юм байлгүй. Уран бүтээлч хүн байнга нэг янзаараа байна гэж үгүй. Өчигдрийн Батбаяр өнөөдрийн Батбаяр биш байхгүй юу. 18 настай Батбаяр, 25-тай Батбаяр ч биш. Өнгөрсний үр хөврөл, залгамж холбоо байх ч , нэг хүн бол биш.

-Тэгэхээр туурвих уран бүтээл нь ч бас цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж таарах нь.

-Өсөлт байж болно, бууралт ч байж болно. Анхны бүтээлээрээ л цахиур хагалсан, ганцхан яруу найргийн түүвэр гаргасан нь тухайн орныхоо уран зохиолын хөрсийг орвонгоор нь эргүүлчихсэн зохиолчид бий. Ер харахад өндрөө барих гэдэг шувуунд ч хэцүү байдаг шүү дээ. Нэг хэсэг өндөрт ниссэн шувуу доошлоод амардаг. Түүн шиг, уран бүтээлч хүнд өндрөө хадгалах чухал, тэр хэрээр энэ нь хэцүү байдаг бололтой. Нэг талаар оргил, нөгөө талаар төгсгөл.

Гэхдээ дундаж өндөрлөг гэж байна. Түүнийг барих боломжтой. Яг 8848 метрийг барина гэвэл мэдээж боломжгүй.

-Уран бүтээлийн онгод хүнийг насан туршид нь ивээдэггүй байх гэж би боддог юм. Хэсэгхэн хугацаанд өгөгдөөд, буцаад одчихдог гэмээр. Оргил бүтээл яг тэр хэсэг хугацаанд л төрдөг болов уу?

-Онгод гэдгийг хүмүүс өөрсдийнхөөрөө, олон янзаар л тайлбарлаж байна. Надад өөрт мэдрэгдэж буйгаар, бодол ханаад, чинээд, дүүрч байгаа үзэгдэл шиг байгаа юм. Түүнчлэн өөртөө ямар дүүрэлтийг авчрах вэ гэдгээ хувь уран бүтээлч удирдах боломжтой ч юм шиг. Ямар төрлийн хүнс хэрэглэхээ зохицуулж болдог шиг, өөрийгөө ямар төрлийн мэдрэмжээр дүүргэж юу гаргамаар байгаагаа удирдаж болмоор юм шиг. Жишээлбэл хүүрнэл зохиол түлхүү уншаад байхаар яруу найргаас илүү хүүрнэл бичихэд их эвтэй болчихдог гэдэг ч юм уу. Баахан хайрын шүлэг уншчихаар тэдгээр шүлэгт байгаа мэдрэмжээр хөглөгдөөд хайрын шүлэг бичих гээд байдаг ч юм уу. Үүнийг л би өөрөөсөө гаргамаар буй зүйлийнхээ үрийг өөртөө суулгах хэмээгээд байгаа юм. Гэхдээ би тэгж удирддаг гэсэн үг биш шүү.

Хүссэн зүйлээ хүссэн үедээ бичдэг болохын тулд арвин дадал туршлага хэрэгтэй байх.

-Та уран бүтээлч хүн. Оргил бүтээлээ хэрхэн харж байна вэ?

-Юун оргилтой манатай. Дөнгөж эхэлж байна. Надад өөрийн гэхээр олигтой бүтээл ч байхгүй. Хэчнээн “Амьдрахуй” хүмүүст хүрлээ гээд хүний юм гэдэг хүний л юм. Би үүн дээр дамжуулагч төдий, орчуулагч төдий үүрэг гүйцэтгэсэн. Яруу найргийн хоёр түүвэр бий.  Эхлэл л юм даа.

-Гурав дахь түүвэр нь өмнө хоёроо давж гарна гэх итгэл хэр байгаа бол?

-Итгэл бол байна. Харин би юуг ойлгосон гэхээр, хувь уран бүтээлчид өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол суух ёстой юм билээ. Надад гунигийн өнгө аяс бүхий нэг зүйл суучхаад хэсэг явсныг би анзаарсан. Түүний үр хөврөл хаанаас эхтэй байна вэ гээд харахаар, хоёр дахь шүлгийн түүвэр, “Бүгд өөрийн гунигтай”. Гуниг, шаналалын өнгө аяс шингэсэн ном болсон байсан. Харин тэр нь “Өртөөн дээр хэлэгддэг үгс” дээр улам илүү гүнзгий, илүү бодитой болж ирсэн нь над анзаарагдсан. Ер сэтгэл хөдлөл дарагдсаны дараа эргээд харахад маш гутранги өнгө аястай номууд болсон байна лээ л дээ. Нэг барьж авсан үр хөврөлөө илүү сайн таньж, гүнзгий хөгжүүлж чадвал энэ нь дараагийн ном дээрээ илүү чамбайрах, төгөлдөрших боломжтой гэдгийг эндээс ойлгосон.

-ОЛНЫ ӨМНӨ ШҮЛГЭЭ УНШИНА ГЭДЭГ НАДАД ХЭЗЭЭД Л ИЧМЭЭР САНАГДДАГ БАЙСАН-

-Үүгээр ярианы сэдэв яруу найраг руу хазайж байна. Ер хэвлүүлээгүй хэдэн шүлэг байх юм, танд?

-Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх шүлгээ боогоод тавьчихсан. Одоо нэг их гавьтай юм байхгүй ээ.

-Өмнө нь харьяалагдах албан ажилгүй байхдаа илүү чөлөөтэй бичдэг байсан байх. Одоо сэрхийтэл төрдөг яруу найргийн мэдрэмжүүд нь хэр алсарч байна вэ?

-Байнга ном зохиол хардаг, нэг нүүр текст ч бай хянаж л суудаг ажил хийж байгаа болохоор тэр нь гайгүй. Одоогоор нэг их мэдэгдсэн юм алга. Өмнө нь шүлэг бичихгүй л бол үхэх гэж байгаа юм шиг л санагддаг байсан, одоо харьцангуй тийм биш.

-Анхны шүлгээ хэдэн настайдаа бичсэн бэ?

-Долоон настайдаа. Маш эрт шүлэг бичиж эхэлсэн. Үсэг үзэж дуусаад, хавар нь шүлэг бичээд эхэлчихсэн байсан. 12 хуудастай дэвтэр нээгээд, түүндээ шүлэг бичээд явдаг байснаа санадаг юм. Тэр дэвтэр одоо манай бага ангийн багшид байгаа гэнэ лээ.

-Огт шүлэг бичээгүй, алдагдсан цаг хугацаа бий юу?

-Ерөөсөө байхгүй. Долоон настай байсан гэхээр өнөөг хүртэл бараг 20-иод жил өнгөрч. Үргэлж нэг дэвтэртэй, түүн дээрээ ямар нэг зүйл бичээд л явж байдаг байлаа. Түүнийгээ өөрөө шүлэг гээд нэрлэчихсэн.

-Түүвэр хэвлүүлэхээс өмнө шүлгүүд тань хэр үнэлэгддэг байв?

-Мэдэхгүй юм даа. Би үнэлүүлье ч гэж бичдэггүй, бичээд үнэлдэг  ч гэж мэддэггүй байсан. Магадгүй тэр нь зөв байсан болов уу. Хэрэв тэр үед “Шүлэг бичиж байна” гээд намайг хөөргөчихсөн бол хөөрөөд л алга болох байсан биз. Хэн ч миний шүлгийг тоодоггүй байсан, харин ч шоолох маягтай. Дэвтрийг маань булааж аваад анги дотор чанга уншиж өгөөд л. Иймд “Шүлэг бичихээр хүмүүст шоолуулдаг юм байна, үзүүлж болмооргүй юм байна” гэх бодол төрж, нууж өөрөө өөртөө бичдэг байлаа. Дараа нь их сургуульд орсон хойноо л тайзан дээр гарч ганц нэг уншдаг болсон.

-Шүлгээ ил гаргаж эхлэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Ичмээр л мэдрэмж шүү дээ. Ер нь олны өмнө шүлгээ уншина гэдэг надад хэзээд ичмээр л санагддаг байсан. Санаа зовмоор, ичмээр мэдрэмж надаас одоо хэр салдаггүй. Мартагдаж, дарагдсан ч бүр мөсөн эдгэрч аниагүй.

-Таны аав, ээж хоёр ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Малчин. Ер энэ салбарын хүмүүс биш. Харин өвөө маань шүлэг, магтаал зохиож хэлдэг. Мэргэ төлөгч, засалч хүн байлаа.

-Та хөдөөний хүүхэд юм байна?

-Хөдөөний, цэл хөдөөний хүүхэд. Үүндээ нэг их эмзэглэж үзээгүй. Хотын хүний хувьд би хөдөөнийх, тэр нь үнэн. Би хөдөөнийх л юм чинь. Харин ч энэ давуу тал болж, хийж буй ажилд маань тус нэмэр болдог тул баярладаг. Хөдөөний тэр улаан хацартай самгачуудын яриа, мөс чанар, мөн чанар, энэ зүйлүүд надад хэрэг болсон нь их.

-Өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэн дурсамж тань их тод уу?

-Сургуульд ороод өвөөгийнд нэг жил болсон юм. Нэгдүгээр анги төгссөн жилийн хавар өвөө өнгөрсөн. Намайг шүлэг бичихээр их баярладаг байсан. “Тэмээ” гэж гарчиг өгөөд л бид хоёр зэрэг тэмээний тухай шүлэг, өөр өөрсдийнхөөрөө бичдэг байлаа. Миний толгой байн байн өвдөнө. Өвөө тэр бүрийд барьж өгдөг байсан нь ер санаанаас гардаггүй юм. Одоо толгой өвдөх бүрийд өвөөгийнхөө гарыг санадаг. Толгой барихаар гал нь хөлөрнө, хөлсний үнэр үнэртэнэ. Тэр үнэрийг одоо толгой өвдөх бүртээ их тод санадаг.

-Таны ирээдүйн амьдралыг өвөө тань базаж, бөөрөнхийлөөд хэлчхэж байсан удаа бий болов уу?

-Надад өөрт хэлж байсан удаагүй. Ээж, аав хоёрт бол хэлж байсан байж мэднэ. Өвөө яг хэлэх төрлийн хүн л дээ. “Ийм хүн болно, иймэрхүү явна” гээд хэлчих төрлийн. Хэлсэн бол ээж, аав хоёрт л хэлсэн байж.

-Аав, ээж хоёртойгоо хэр дотно хүү вэ?

-Их дотно шүү. Ер монголчууд, нүүдэлчид их гэр бүлсэг шд. Манай улс охинтой нь суулаа гэхэд аав ээж хоёртой нь ч давхар суучихсан юм шиг тийм сонин дотно хүмүүс санагддаг. Нэг талаараа их төвөгтэй. Аав, ээжтэйгээ маш дотно. Ганц эрэгтэй хүүхэд нь дотно байхаас яах вэ, дотно биш байх шалтгаан байхгүй.

-ГАНЦААРАА БАЙХ Ч ГАНЦААРДАЛ ЮМ БИЛЭЭ-

-Зохиол, бүтээлтэй холбогдсон хүнээс ганцаардлын тухай асуухгүй өнгөрч боломгүй. Та хэзээ хамгийн их ганцаардаж үзэв?

-Алив хүн ганцаараа амьдарч сурсан хойноо хүнтэй  амьдарч сурдаг гэж боддог. Яахав, уран бүтээлч хүнд ганцаар байх нь дээр гэх мэт үгс бий. Гэвч хүнгүй гэрт орой ирэхэд, ганцаараа хоолоо идээд суухад ч юм уу, яалт ч үгүй бодит үнэнтэй нүүр тулахаар таатай байдаггүй.

-Өглөө хаалгаа цоожилж гараад л орой түлхүүрдээд орж ирдэг гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Хүмүүсийн дунд байгаа хэр нь ээ ганцаардахыг ганцаардал гэх юм биш үү?

-Би бас тэгж боддог байсан юм аа. Ганцаараа байх нь ганцаардал биш гэж. Ошо тэгж хэлсэн байдаг юм. Тэгээд яг ч тийм биш юм байна гэж бодсон. Ганцаараа байх ч ганцаардал юм билээ.

-Ганцаараа ганцаардах, олны дунд ганцаардах хоёр тэгээд хэр ялгаатай юм байна?

-Ялгаатай мэдрэмж шүү дээ. Ганцаар гэдэг нь илүү биеийн хувьд. Олны дунд гэдэг нь оюун санааны ханьгүй болоод ганцаардаж байгаа хэрэг юм уу даа. Хүнд биеэс гадна оюун санааны ханьтай байх хэрэгцээ байдаг. Тэр нь илүү гоё, хүйс мүйс хамаагүй, хүйсээ давчихсан оюун санааны хань. Харин ганцаараа ганцаардах үед нэг бодит хүн хэрэгтэй болдог. Заавал яруу найраг ойлгодог байх албагүй. Өөд өөдөөсөө харж суугаад шил пиво хувааж уух хань хэрэгтэй байдаг л байхгүй юу.

-Ярианаас тань таныг багадаа нэг их ганцаардаж, шархалж үзээгүй юм уу даа гэж харлаа?

-Ганцаардаж буйгаа мэдэхгүй ганцаардаж байж дээ гэж одоо боддог. Манайх маш олон шагайтай айл байв, харин надтай шагай тоглох хүүхэд байдаггүй. Иймд өдөржин ганцаараа шагай тоглож суудаг хүүхэд байсан. Мөн тухайн гурван хавтастай толь байдаг байлаа. Түүнд дүрсээ харахаар цааш алсраад, олон зуун Батбаяр харагддаг. Толины өмнө тэгж их суудаг байснаа санадаг юм. Хамт дарвиж явах үеийнхэн байгаагүй, би өөрөө тэгэх дургүй. Бүл олонтой айлын хүүхдүүд хурдан морь хөтлөөд, найр наадам хэсэхэд би хониндоо л явна.

Би буруу гэж боддоггүй, харин зөв юм болж дээ гэж хардаг. Д.Батбаяр гуай нэг яриандаа, “Хүүхдийг адуунд явуулаад байвал дээл хөөргөсөн сагсуу нэгэн болно. Хонинд явуулах хэрэгтэй. Хонинд явсан хүүхэд хавь ойроо ажиглана, ятгаж бодно, суугаад шороо чулуугаар тоглоно. Тэр чинь л том хүмүүжил юм” гэсэн нь бий. Миний бага нас тийм маягаар өнгөрч. Хэрвээ намайг адуунд явуулдаг байсан бол одоо нисээд үхчихсэн л байгаа.

-Ганцаардаж сурсан хүнээс л сайн уран бүтээл төрдөг гэж ер нь үнэн юм уу?

-Мэдэхгүй, яадаг юм бол доо. Би бол нэг их ганцаардаад, тэгж гэмээ нь биччихдэг гэж бодохгүй байна. Янз бүрийн л хүчин нөлөө байдаг болов уу. Их даамжирвал өвчин болно уу гэхээс нэг их уран бүтээл болох юм уу.

-БИ ӨӨРИЙГӨӨ ХЯТАД ХЭЛ СУРСАН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА-

-Өөрийнхөө язгуур чанартай тэрсэлддэг хүн цөөнгүй. Та харин хүлээн зөвшөөрдөг аж?

-Алив хүнд өөрөөс үл хамаарсан өгөгдөл бий. Ямар айлд, ямар яс үндэстэй, ямар хүйстэй төрөхөө бид шийдэж чадахгүй. Түүгээр нь хүнийг шоглох, өөрөө гутрах гэдэг маш сонин үзэгдэл. Би таашаадаггүй. Хэрэв намайг тэгвэл би эмзэглэхгүй. Ийм хүн юм байна даа л гэж бодоод өнгөрнө.

-Уран зохиол таны төлөвшилд хэрхэн нөлөөлөв?

-Монголчууд сурган хүмүүжүүлэх ухаанаа хоёр хуваадаг байж. Арга, билэг буюу тархины, зүрхний гэж. Уран зохиол гэдэг салбарыг би тархины болон зүрхний боловсролын тэг дунд буй, энэ хоёрын нийллэг шинж чанартай ухаан юм байна гэж хардаг. Илүү хүмүүнлэг болгодог юм болов уу? Сайн мэдэхгүй байна.

-Та МУИС-ийг төгсөөд ӨМӨЗО-нд суралцсан. Тэндээс өөртөө ямар шинэ бодролуудын үрийг тарив, сонин байна?

-Өвөр Монголд Хятадын орчин үеийн уран зохиол сэдвээр магистр хамгаалах гэсэн боловч ханиад, томуу гараад явж чадсангүй. Уг нь энэ зун хамгаалах ёстой юм. Тэнд суралцсан цаг хугацаанаас би нэг зүйлийг ойлгож авсан. Хувь уран бүтээлчийн шаналах, зовних зүйл нь том байх ёстой юм билээ. Энд байхдаа бичсэн номоо харахаар бороо орох, навч унах, тэгээд л нэг шалдар булдар зүйлс. Дандаа л хувийн сэдвүүд. Өвөр Монголд хэдэн жил суусан нь хувь хүний маань бодох шаналах зүйлс илүү том зүйлс болж эхэлсэн. Эх орон, тусгаар тогтнол, хэл соёл гээд л.

-Та оюутан байх үеэсээ хятад хэл сурч эхэлсэн бил үү?

-Тийм ээ. 2015 онд, дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа. Ямар нэг гадаад хэл сурах хэрэгтэй гэж мэдрээд л яваад байсан юм. Манай удамд Тайвань, Бээжинд гадаад худалдаа хариуцсан консулын алба хашиж байсан хүн бий. Тэднийх хятад хэл дээрх ном товхимолоор дүүрэн байдаг байсан, тэгээд л сонирхож эхэлсэн байх.

-Хүмүүс таныг яаж ийм хурдан хятад хэл сурчхав л гэж гайхаад байгаа?

-Би өөрийгөө сурсан  гэж бодохгүй байна.

-ОРЧУУЛНА ГЭДЭГ ШИРХЭГЧЛЭН МЭДЭРНЭ ГЭСЭН ҮГ-

-Одоо орчуулгын бүтээлийн талаар хэдэн асуулт асуугаад дуусгая . Нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулга хийхэд яг үндсэн утга, мөн чанарыг нь бүрэн хадгалах боломжтой юм уу?

-Боломжтой. Аливаа хэл дээр бичигдсэн зүйлийн цаад ухагдахуун нь бүх үндэстэнд нэгэн адил байгаа тохиолдолд боломжтой. Хайрын тухай гэвэл монгол хүнд ч, англи хүнд ч, хятад хүнд ч хайр бий. Гагцхүү өөр өөр хэл дээр л бичигдсэн байгаа болохоос нэг юмны тухай юм. Тэгэхээр цаад тэр санааг нь буулгах боломжтой л гэсэн үг. Гагцхүү тухайн үндэстэнд л байдаг өвөрмөц соёлын зүйлсийг буулгахад жаахан төвөгтэй байх.

-Гэнэтхэн хятад хэлнээс роман орчуулж эхэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Яахав дээ. Энэ хувь зохиолчийн өсөлтөд ч сайнаар нөлөөлдөг, түүнчлэн амьжиргаа залгуулах нэг боломж ч болж ирсэн байдаг. Чингээд орчуулга хийснээр уран бүтээлчийнхээ хувьд өсөх юм байна, эргээд өөрөө зохиол бичихэд нэмэр болох юм байна гэж харсан.

Тэгээд ч хүний бичсэн зүйлийг унших нэг өөр, орчуулах нэг өөр. Орчуулна гэдэг ширхэгчлэн мэдэрнэ гэсэн үг. “Хамгийн сайн ойлгох арга бол орчуулах” гэж Г.Аюурзана ах хэлсэн бий шүү.

-Анхны орчуулгынхаа ард хэр зовж гарав?

-Зовоогүй ээ, гайгүй.

-Хэвлэгдсэний дараа шүлгийн ном, орчуулгын ном хоёрын тань аль нь сэтгэлд илүү нандин байх юм?

-Ер хэвлүүлсэн ном бүр л сэтгэлд нандин шүү дээ. “Амьдрахуй” тухайн үедээ хамгийн сайхан мэдрэмж байсан, хөөрцөглөж нэг хэсэг явсан. Намайг урд байхад “Амьдрахуй” хэвлэлтээс гарсан юм. Энд хүмүүс уншаад л уйллаа энэ тэр гээд байдаг миний гар дээр ирдэггүй. Бүр хоёр сарын дараа авсан. Тэр хугацаа ч бас л тарчлаантай байсан шүү.

-“Амьдрахуй”-гийн орчуулгаа өөрөө хэр тоож байна вэ?

-Муугүй шүү.

-Бестселлерийн жагсаалтыг одоо хэр тэргүүлсээр л байна. Олончиг хүнд хүрлээ. Орчуулагчийнх нь хувиар асуухад, уншигчид “Амьдрахуй”-гаас юуг ойлгож үлдэх ёстой юм?

-Уран зохиол гэдэг чөлөөт эд шүү дээ. Уншигч ч бас зохиолч. Зохиолын үндэс уншигчийн оюун бодол руу хавж ургаад, үргэлжлээд явдаггүй. Зохиол хэзээ ч бичигдсэн шигээ байдаггүй, хэн нэг уншигчийн бодолд өөрөөр өрнөөд явж байдаг. “Амьдрахуй”-н төгсгөл хэсэг их сонин, гол дүрийн баатар үхрээ хөтлөөд, дуу аялаад яваад өгдөг. Амьдралаас ч яваад өгөх шиг. Үүнийг уншигчид өөр өөрсдийнхөөрөө хүлээж авах нь зүй.

“Амьдрахуй”-н нэг шидлэг зүйл нь, ямар ч хүн уншсан ойлгомжтой байгаа явдал. Тэр энгийн бичлэг нь зохиолыг олон хүнд хүрэхэд нөлөөлсөн байх. Уншигчаас заавал уран зохиолын боловсрол шаардахгүй хэр нь ээ оршихуйн маш сонин сэдвийг хөндсөн. Хүний амьдрал ямар нэгэн зүйл дээр биш, ердөө амь насан дээр л тогтдог. Чи амьд яваа л бол амьдарч байна гэсэн санаа дэвшүүлсэн.

-УГААС ХҮН БҮР ШИНЭЧЛЭГЧ БАЙЖ ЧАДАХГҮЙ-

-Та салбартаа шинэ, залуу уран бүтээлч. Салбар нэгтнүүдээ шүүмжлэлт нүдээр харах тохиолдол байдаг л байх?

-Байхгүй ээ. Би хүн өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ, хамгийн сайнаараа хийгээд явах нь л зөв гэж боддог. Үүнийхээ хэрээр бусдыг шүүмжилж, эсэргүүцэж буй хүмүүсийг ч мөн ийм байгаасай гэж хүсдэг. Та хоол сайхан хийдэг бол хоолоо л сайн хий. Хүн нэг бүр ингэж чадваас сайхан л ирээдүй угтана байх.

-Зарим залуус арилжааны зохиол бичээчдийг шүүмжилж, “Сайн дурын уран сайханчид” гэж цоллон, уран зохиолын тогоонд байх ёсгүй мэтээр хардаг юм билээ?

-Хүн болгон шинэчлэгч байж чадахгүй шүү дээ. 100 зохиолч байлаа гэхэд нэг нь л шинэчлэл хийх боломжтой. 100-гуулаа Маркес, Борхес шиг байх боломжгүй. Үүнийг гурвалжин дүрсээр тайлбарлаж болох юм. Орой хэсэгт нь Борхес, Жойс нар багтана. Харин доошлох тусам талбай нь ихэснэ, олон зохиолч багтана.

Бичиж байгаа хүмүүсийг буруутгаад яах билээ. Шүүмжлэхийн оронд өөрөө илүү сайныг л бич. Хийгээгүйн зовлон, чадахгүйн зовлон шиг хэцүү өрөвдвөөр юм байхгүй шүү дээ. Яаж ч болдоггүй. Харин хийчихсэн юм гэдэг учиртай.

-Дөрөв, таван жилийн дараах амьдралаа хэрхэн зураглаж байна?

-Аан, зураглаж л байна. Гэхдээ хэлмээргүй байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Saihan yriltslaga bnaa duu mine.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Сүрхий хэрсүүжиж яваа з�##�уу уран бүтээлч үү дээ? !Зохиолыг нь уншаагүй болохоор юү хэлэх вэ. Уран зохиолд хэл найруулга, уран дүрийн ялгар�##�, уянга, д�##�д давхар санаа, за тэгээд болж өгвөл философи сэтгэмж гээд олон хицүү юм бий дээ. За

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

тэгээд уран зохиол гэдэг чинь явж явж, хувь хүний сэтгэл л шүү дээ. Өөрийнхөөрөө л бичвэл болж одох болов уу даа. Уран зохиолыг багшлуулж бичиж л хэрэггүй дээ.

viagra reaction time
viagra reaction time

Confronto Viagra Levitra

how to buy cialis
how to buy cialis

Viagra Achat En Suisse En Asnieres

Cialis
Cialis

Cialis V Viagra

Viagra
Viagra

Cialis 5 Mg Posologia

Propecia
Propecia

Viagra Kaufen Rezeptpflichtig

priligy fda approval
priligy fda approval

Cialis Marke

Prednisone
Prednisone

Zithromax Duration

plaquenil eye problems
plaquenil eye problems

Precio Cialis En Farmacia Espana

side effects gabapentin
side effects gabapentin

Canadian Pharmacy 24 Hour Online

мө-д
мө-д

Хавар
Хоёулаа дараа хавар дахин учрая
Хожмоо харин чамтай нүүр бардам уулзах юм шүү би
Тэр үед харин чамаас л болж нулимс урсгахыг үл хүснэ би
Тэрхийн зогсоол дээрх янгир лугаа
Тэртээд чамайг хүлээхээ болино би
Баяртай,
Г�##� шиг асч дүрэлзээд
Гол шиг хажуугаар урсаад өнгөрсөн гэнэн дурл�##� минь
Б�##� бурам амтлуулаад өнгөрсөн
Дарс шиг гашуун сэтгэлтэй ч
Даанч ховорхон з�##�уу хархүү минь

Last edited 2 Он Өмнө by мө-д
мө-д
мө-д

Хавар
Хоёулаа дараа хавар дахин учрая
Хожмоо харин чамтай нүүр бардам уулзах юм шүү би
Тэр үед харин чамаас л болж нулимс урсгахыг үл хүснэ би
Тэрхийн зогсоол дээрх янгир лугаа
Тэртээд чамайг хүлээхээ болино би
Баяртай,
Gal шиг асч дүрэлзээд
Гол шиг хажуугаар урсаад өнгөрсөн гэнэн дурл�##� минь
Bal бурам амтлуулаад өнгөрсөн
Дарс шиг гашуун сэтгэлтэй ч
Даанч ховорхон з�##�уу хархүү минь

Холбоотой мэдээ

Back to top button