НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Итгэл, сэтгэлийн хүчээр учирсан тэд мөрөөдлийн байшингаа барьж байна

“Боломжгүй, бүтэхгүй гэж бусдад хэлэх нь байтугай тэгж бодохыг хүчдэггүй. Хөөрхөн эмээдээ байшин барьж өгөөд, төвхнүүлчихвэл ёстой башийх гээд байна” хэмээн инээмсэглэх түүнийг Мөнхжаргалын Орхон гэдэг. “Нэр хугарахаар яс хугар”, “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээрээ олны талархлыг хүлээсэн тэрбээр сайн үйлсийн аян санаачлан, монгол түмний итгэл, сэтгэлийн гүүр болж яваа нэгэн. Боломжийнхоо хэрээр бусдад туслахыг эрхэмлэж явдаг тэрбээр нэгэн эмээд байшин барьж өгөхийн төлөө уйгагүй зүтгэж явна.

https://www.facebook.com/munkhjargal.orkhon/videos/2800082106691498/

Завхан аймгийн Сонгино сумын уугуул Халтарын Цэвээнжав гуайг монголчууд “Хөөрхөн эмээ” гэдгээр нь андахгүй. 87 настай тэрбээр хандивын аяны хүрээнд монгол түмний эчнээ танил болсон юм. Тэд мөрөөдлийн байшингаа барьж эхэлжээ.

Биднийг очиход барилгын ажил ид үргэлжилж, суурийг нь тавьж байв. Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас гэр бүлийн хоёр болох Ганбаатар, Оюунгэрэл нар ирж, эмээгийн байшинг нь барьж өгч байгаа юм билээ. Хаа холоос зорьж ирээд, тэгээд бүр үнэгүй барьж өгч байгаа гээд бод доо. Ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд илгээсний нэгээхэн жишээ нь тэд.

Мөн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хошууч Х.Ууганбаатар, ахлагч Э.Батбаяр, Э.Хос-Эрдэнэ нар барилгынх нь ажилд туслахаар сайн дураараа иржээ. Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлээ базааж буй тэд М.Орхоны лайвыг үзээд эмээд туслахаар шийдсэн гэнэ.

Энэ талаар Х.Ууганбаатар “Ер нь эмээд байшин барьж өгөх аяны талаар эртнээс мэднэ. Туслая гээд зав, боломж гарахгүй явсаар өдий хүрсэн юм. Бид гурав удахгүй Афганистан явах гэж байгаа. Коронавирусийн халдварын улмаас түр хойшилчихоод байгаа юм. Өнөөдөр (өчигдөр) яг сайхан амарч таарлаа. Лайв үзээд барилгынх нь ажилд туслахаар шийдээд ирсэн. Бидний суурийг нь тавилцсан байшинд эмээ амьдарна гэж бодохоор сайхан байна. Афганистан руу явахаас өмнө барилгын ажил дуусвал заавал ирнэ. Олны хандиваар бүтэж буй буянтай ажилд туслаж буйдаа их баяртай байна. Энд ирж туслаарай гэж залуустаа уриалъя” гэлээ.

Биднийг ийн ярилцах үеэр Хонгор гэдэг нэртэй нэгэн залуу 20 шуудай цемент хандивлав. Түүний хөлсөлж ирсэн “Портер”-ын залуу “Ийм буянтай үйл хийж явааг нь мэдсэнгүй. Хөлс авахгүй ээ” гээд инээнэ лээ.

Бид мөрөөдлийн байшингаа барьж, ашиглалтанд орохыг нь хоног тоолон хүлээж суугаа Х.Цэвээнжав гуай, М.Орхон нартай ярилцлаа.

ХӨӨРХӨН ЭМЭЭД ДАХИН ТУСЛАХ ГЭЭД БҮТЭН ЖИЛ ХАЙСНЫ ЭЦЭСТ ОЛСОН

-М.Орхон сайн үйлсийн аян хийж явахдаа Халтарын Цэвээнжав гуайтай анх танилцсан юм билээ. Тухайн үеийн дурсамжаар тань ярилцлагаа эхлүүлье?

Х.Цэвээнжав (Х.Ц)-: За байз, хэдэн онд билээ. Би ямар ч байсан “Хүчит шонхор” захаас ногоо авах гээд явж байсан юм.

М.Орхон (М.О):- 2018 оны аравдугаар сард, эмээ.

Х.Ц:- Нээрэн тийм шүү дээ. Тэгж явахдаа энэ хүүтэй таарсан юм. “Сайн байна уу, эмээ. Танд эдгээр зүйлийг хандивлая” гээд хоёр тор дүүрэн юм, 10 000 төгрөгийн хамт өгсөн. Би их баярласан. Бид хоёр тэгж анх танилцаж байлаа.

М.О:- Би ер нь дулааны улиралд эх орон, байгаль дэлхийнхээ төлөө “Үнэн худлын дэнс”-ээрээ хууль бус уул уурхайтай тэмцдэг. Хүйтний улиралд сайн үйлсийн аян хийж, “Өгөх нь авахаас илүү ерөөлтэй” гэдэг контент бэлтгэдэг юм. Олноос цугларсан хандиваар долоо хоног бүр иргэдэд хандив өгдөг. Нэг удаадаа 100 мянган төгрөгөөр 7-8 иргэнийг баярлуулдаг юм. Долоо хоног бүр тэгж бусдыг баярлуулдаг уламжлалтай. Нэг удаа “Хүчит шонхор” захад явж байхдаа нэг хөөрхөн эмээтэй таарсан юм. Би учир байдлаа хэлээд хоёр тортой юм бэлэглэсэн.

Х.Ц:- Тэгэхэд М.Орхон олон тортой юм бариад явж байсан. Хүмүүст өгөх гэж байгаа бололтой гэж л бодсон. Надад хандивлана гэж үнэндээ бодоогүй ээ.

М.О:- “Төрийн минь сүлд өршөө. Түмэн олондоо гялайлаа” гээд эмээ их баярласан. Эмээг баярлуулсандаа бид ч бас баярласан. Тухайн үед тэгээд л өнгөрсөн юм. Тэр нэвтрүүлгийг давхардсан тоогоор сая гаруй хүн үзсан. Дараа нь “Ядруу амьдралтай бололтой. Тусламжийн аян эхлүүлээч” гэдэг санал иргэдээс их ирж, хандсан. Тухайн үед ажил үнэндээ амжаагүй. 

-Анх танилцсанаасаа хойш жилийн дараа уулзсан юм билээ. Тухайн үед сургийг нь гаргах гээд удсан уу?

М.О:- Тэгсэн. Үнэндээ тухайн үед хандив өгөөд л өнгөрсөн болохоор хаяг, утасны дугаарыг нь асуугаагүй. Сураг ажиг тавин, хайсаар байлаа. Тэгж явсаар Анх танилцсанаасаа хойш яг нэг жилийн дараа уулзсан. Нэг таньдаг хүн маань сураг гаргаж өгсөн юм. Эмээгээ олсондоо бөөн баяр. Маргааш нь хандиваар нэг сая төгрөг цуглуулаад гэрт нь ирсэн.

БААХАН ЮМ БАРЬСААР ИРЭХЭД НЬ МАГНАЙГАА ХАГАРТАЛ БАЯРЛАСАН

Х.Ц:- Баахан юм аваад ороод ирэхэд нь ёстой магнайгаа хагартал баярласан. Орчлонд ёстой ийм сайн хүүхэд байдаг юм аа.

М.О:- Тэр бүхнийг би хувиасаа авч өгөөгүй. Одоо ч өөрийнхөө мөнгөөр эмээд байшин барьж өгөх гээд байгаа юм биш шүү. Хамгийн гол нь ард түмний хандиваар энэ бүхэн бий болж, бүтэж яваа юм шүү. Би бол ард түмэн, хөөрхөн эмээ хоёрыг холбох гүүр болж яваа төдий.

Х.Ц:- Орхон ёстой буянтай хүүхэд. Ажил үйлс нь бүтэмжтэй, юу санасан бүхэн нь бүтэж явах болтугай гэж үргэлж залбирдаг.

М.О:- Та тэгж залбирдгийнх нь хүчээр хүүгийнх нь ажил үргэлж саад, тотгоргүй бүтдэг шүү дээ.

ҮНЭНДЭЭ ТЭР ҮЕД ХАНДИВЫН АЯНАА ЗОГСООХООС ӨӨР АРГА БАЙГААГҮЙ

-Эмээд байшин бариад өгье гээд ханцуйгаа шамлаад орсон нь хэзээ вэ?

 -Бид хоёр 2019 оны аравдугаар сард хоёр дахиа уулзсан. Энд ирээд эмээгийн амьдарч буй орчин, нөхцөл байдлыг харсан. Үнэндээ надад өрөвдмөөр санагдсан. Дөрвөн хүүхэд нь бүгд тэтгэвэрт гарсан, эмээг асраад явах боломжтой хүн байхгүй. Тиймээс би дахиж уулзангуутаа шууд хандив зарласан юм. Анхандаа бид эмээд нэг өрөө байр авч өгөхийг зорив. Хандиваар өдөрт дунджаар 2 сая төгрөг цугларч байлаа. Нэг удаа лайвын үеэр эмээ санамсаргүй юм хэлээд.

Х.Ц:- Тэгэхэд хүмүүсийг тэгж дургүйцнэ гэж ёстой бодоогүй. Эмээ нь бусдаас юм нуухгүй, шударга амьдрахыг хүсдэг. Тийм болохоор тэгээд хэлчихсэн юм.

-Та юу гэж хэлээд буруудав?

-Би өнчин зээтэйгээ хамт амьдардаг. Бага охины минь хүүхэд юм л даа. Ээж нь өөд болсон, надтай 20 гаруй жил амьдарч байгаа. Багаасаа эрх өссөн, ажил хийдэггүй. Миний тэтгэврийн хэдэн төгрөгөөр л бид хоёр амьдардаг. Лайвын үеэр би “Намайг байранд орвол манай зээ энэ хашаа, байшинг зараад машин авна” гээд хэлчихсэн юм.

БАЙШИНГИЙНХ НЬ МӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД “3 САЯЫН ИНЭЭД”-д ХҮРТЭЛ ОРОЛЦСОН

М.О:- Тухайн лайвыг хоёр мянга гаруй хүн үзэж байсан юм. “Залуу хүнийг тэгж давраахгүй. Энэ эмээ хэчнээн жил амьдраа билээ. Бурхан болсных нь дараа тэр зээгийнх нь болох юм байна” гээд хүмүүс их дургүйцсэн. Үнэндээ тухайн үед хандивын аянаа түр зогсоохоос өөр арга байгаагүй. Нэг өрөө байр хамгийн хямдхандаа 20 гаруй сая төгрөг. Хандиваа дахиж явуулах гээд олны дэмжлэг аваагүй. Тухайн үед олны хандиваар 12 сая төгрөг цуглараад байсан юм. Тэгэхээр нь байшин судалж эхэлсэн. Тэгж явахад Хөвсгөл аймгийн Угтахбаяр гэдэг залуу надтай утсаар холбогдоод “Аяных нь талаар дууллаа. Эмээд туслахыг хүсэж байна. Хөвсгөлөөс торх бэлтгээд, байшин бариад өгье. Үндсэн үнэ нь 25 сая төгрөг. Эмээд 18 сая төгрөгөөр бариад, шууд ороход бэлэн болгоод өгье” гэсэн.  Тэгэхээр зургаан сая төгрөг дутлаа. Өө, тэгээд 18 сая төгрөг бүрдүүлэхийн тулд ёстой юм, юм хийлээ. “Боловсрол” телевизийн “3 саяын инээд” нэвтрүүлэгт хүртэл оролцсон. Хоёрдугаар шатанд хасагдаад (инээв). Ашгүй Баярмагнай, Батаа, Анхаа гурав хувиасаа тус бүр 100 мянган төгрөг хандивлая гэсэн.

-Гурвуулаа хандиваа өгсөн үү?

-Баярмагнай, Батаа хоёр өгсөн. Анхаа өгөөгүй байгаа, үнэнийг хэлэхэд. За, тэгээд байшингаа барья гэтэл өвөл болчихсон. Дулаарахыг хүлээхээс өөр арга байгаагүй. Цугларсан мөнгөө банкинд хадгалуулав. Би боломжоороо хэдэн төгрөг нэмсээр байгаад 14 сая төгрөг болголоо. Тэгж байтад эмээгийн хүүхдүүд нь дөрвөн сая төгрөг уржигдар нэмэрлэв. Ингээд яг 18 сая босгочихоод сууж байна.

-Хандивын аянг зогсоогоод, барилгын ажил хавар хүртэл хүлээлгэлээ. Энэ хооронд зарим иргэн нэлээд шүүмжилсэн, “Нөгөө залуу чинь эмээгийн нэрээр баахан мөнгө цуглуулаад ор сураггүй болчихлоо” гэж хардсан. Тэгэхэд нь эмзэглэсэн үү?

М.О:- Тэгж шүүмжилж, хардах нь аргагүй ээ. Би ч гэсэн хэн нэгэнд хандив өргөсөн бол тэгэх л байсан. Буруутгах аргагүй. Би уг нь хандивын аяны явцыг цахим хуудсандаа тогтмол мэдээлсээр өдий хүрсэн. “Луйварчин минь чи настай хүнээр шоу хийлээ” гээд л шүүмжилж байлаа. Өвлийн хүйтэнд байшин барих боломжгүй тул би яалтай.

Х.Ц:- Хүүг минь хүмүүс тэгж шүүмжилж, хардахаар их эмзэглэдэг. Бусдын төлөө явж байгаад адлуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ.

М.О:- Эмээ минь намайг сураглаж явсан сураг байсан. Энэ өвөл эмээг үргэлж эргэж, тойрох зав гараагүй. “Удахгүй байшинтай болно” гээд хүлээж суугаа хүнд улам хүлээлт үүсгэхийн нэмэр гээд санаа зовсон юм л даа. Тэгээд хоёр сар орчим холбоо бариагүй. Гэхдээ үе үе энэ хавиар ирж, эмээгээ хардаг байлаа. Тэр үеэр эмээ “Нөгөө хүү минь байшин барьж өгнө гээд алга болчихлоо. Хаагуур яваа юм бол” гэж бусдаас сурж явсан сураг байна лээ. Нэг хүн надад тэгж хэлсэн шүү, эмээ (инээв).

Х.Ц:- Пөөх, тийм үү. Ямар муухай худалч хүн бэ. Эмээ нь юу гэж тэгэх вэ. Захаар явж байхад “Нөгөө байшин нь юу болж байна вэ” гэж асуудаг юм. Тэгэхээр нь “Мөнгө нь жаахан дутаад байна” гэдэг. Би нэг удаа хороон дээрээ очтол эмч нь гайхсанаа “Таныг нас барчихлаа гэж дуулдсан. Амьд байна шүү дээ” гэсэн шүү дээ.

-Хандиваар цугларсан бүх мэдээлэл, дансныхаа хуулгыг олон нийтэд зарладаг уу?

М.О:- Эмээд хандив цуглуулах лайвын үеэр бүх мэдээллийг ил тод хэлдэг. Хэрвээ энэ аянд эргэлзсэн хэн нэгэн дансны хуулга шалгахыг хүсвэл нээлттэй, татгалзах юм ер байхгүй. Яг одоогийн байдлаар дансны хуулга энэ гээд үзүүлж байгаагүй. За, ингээд хэлэхээр “Энэ яагаад үзүүлдэггүй юм бэ. Нотой юм биш үү” гэх хардлага хүмүүст төрж магадгүй. Хүссэн хүн бүхэн надаас энэ аянаас цугларсан мөнгөний хуулгыг авч болно. Эмээд байшин барьж өгөх хандивт ойролцоогоор 1500-гаад хүн хандив өргөсөн. Би өөрийгөө “Ард түмний нүд, чих” гэж хэлэх дуртай. Үйлийн үр гэж айхавтар зүйл бий. Тиймээс би бусдын итгэлийг алдахгүй, аль болох боломжоороо туслаж, дэмжиж амьдрахыг хичээдэг. Ямар нэгэн зүй бус, буруу зүйл хийвэл түүнийх нь горыг үр хүүхэд нь амсдаг. Үүнд би итгэдэг. Тиймээс хазгай гишгэх эрх надад байхгүй.

ХҮҮДЭЭ ГАНЦ Ч УДАА ИТГЭЛ АЛДАРЧ БАЙГААГҮЙ

Х.Ц:- Хүүдээ би үнэхээр их итгэдэг. Ганц ч удаа итгэл алдарч байгаагүй.

М.О:- Би эмээгээ “Хөөрхөн эмээ” гэдэг. Эмээг маань гадуур явж байхад хүмүүс андахгүй.

Х.Ц:-Хэд хоногийн өмнө Хорооны эмнэлэгт үзүүлтэл “Эмнэлэгт хэвтэх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь би “Үгүй ээ, би хэвтэхгүй” гэв. Тэгсэн чинь “Хөөрхөн эмээ маань зөрүүд эмээ болох нь ээ” гээд инээнэ лээ.

-Та хоёр байшин барих ажлаа эхлүүлж. Хэзээ дуусгахаар төлөвлөв?

М.О:- Уржигдар Хөвсгөлөөс аймгаас торх авч ирлээ. Өнөөдөр суурийг нь цутгаж байна. Ойролцоогоор 10 хоногийн дараа байшингаа бариад дуусчих байх. Тэгээд эмээгээ байшинд оруулна даа. Эмээд байшин барьж өгөх ажил маань олны хүчээр сайхан бүтэж байна. Уржигдар торхоо буулгахад олон залуус ирж тусласан. Афганистан руу энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох гэж буй гурван залуу өнөөдөр ирж, бидэнд туслаж байна. Лайваар мэдээлэл аваад туслахаар ирсэн гэнэ лээ.

Х.Ц:- Сэтгэл хөдлөөд байх юм. Хүүхдүүд маань цангаж байгаа байх. Би гялс хярам чанаадахъя.

-Байшин барихдаа хүн хөлсөлж байгаа юу?

М.О:- Үгүй ээ. Энэ байгаа хүмүүс бүгд сайн дураараа ажиллаж байгаа. Яг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй 18 сая төгрөг цугларчихсан. Бусдад хөлс өгөөд ажиллуулах боломжгүй. Дахиж хандив гуйхыг хүсэхгүй байна.

-Одоо ер нь дутуу, хэрэгтэй зүйл юу байна вэ?

М.О:- Одоо ер нь дутуу юм байхгүй дээ. Эмээгийн хашааны хаалгыг нэг залуу янзлаад өгье гээд сая хэмжээг нь аваад явлаа. Гүйдэг хаалга хийж өгье гэсэн.

-Одоо эмээд байшингаас өөр хүсэх юм алга. Шунаад яах вэ. Хүүдээ л их баярлаж байна.

БУРХАН БОЛСОН ААВ, ЭЭЖИЙН МИНЬ ОРОН ЗАЙГ ХӨӨРХӨН ЭМЭЭ ОРЛОЖ, НӨХСӨН

М.О:- Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хань минь намайг үнэхээр сайн ойлгодог, дэмждэг.  Миний аав, ээж, эмээ, өвөө бурхан болсон, хоёр дүүтэй. Энэ орон зайг хөөрхөн эмээ маань нөхөж, орлож байгаа. Хандивын аян дуусаж, байшинг нь барьж өгсний дараа ч эмээгээ төрсөн ээж шигээ хүндэлж, хайрлаж явна.

Х.Ц:- Би таван хүүхэдтэй байсан юм. Даанч харамсалтай нь бага охин минь өөд болсон. Энэ хүү минь үнэхээр буянтай. Төрсөн хүү шигээ л хайрлаж явна. Надад байшин барьж өгөх аяныг нь дэмжин, сайн үйлсийн аянд нэгдсэн монгол түмэндээ үнэхээр их баярлалаа. Хариуд нь өгөх юм надад байдаггүй, одоо яана аа.

М.О:- Хариуд нь ганцхан юм авья, эмээ.

Х.Ц:- За.

М.О:- Урт наслаад, удаан жаргаж, надтай, монгол түмэнтэйгээ олон жил амьдраарай.

Х.Ц:- За, эмээ нь хичээнэ ээ.

М.О:- Хөөрхөн эмээд байшин барьж өгөхөд хандив өргөсөн монгол түмэндээ үнэхээр их баярлалаа. Мөн “Eguur.mn” сайтын хамт олонд маш их баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-06 09:31

Энэ аян бараг 2 жил үргэлжилжээ.

Ийм ахмад өндөр настнууд зөндөө байгаа.Төр засгаас Өндөр тэтгэвэртэй хүмүүсийн зээлийг тэглэж долигнож байхаар ядахдаа ийм ахмадуудад 6 сая төгрөгөө өгчихгүй дээ.Энэ з�##�уус шиг хүмүүс төрд ажилладаг бол

Monitor
Monitor
2020-05-06 09:57

Dunduuk min, naad zaluuchuud chin Turiin l humuus bna shuu dee! Kkk. Ardyn Army huviinh yum uu? Hundii tolgoit min! Mongol Turiin esreg burdag hen be chi?!

Зочин
Зочин
2020-05-06 10:01

Сайн з�##�уу байна Амжилт хүсье

Зочин
Зочин
2020-05-06 15:14

87 настай хүнд хүүхдүүд, ач зээ гуч нар хүртэл баймаар юм! Ээжийгээ эмээгээ ингэж явуулж байгаа хүүхдүүд ач зээ нар нь ичмээр юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button