НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Сахил хүртсэн, Дарамсалад сурсан анхны монгол эмэгтэйчүүдийн нэг, IX Богдын гарын шавь Ч.Гүнзээтэй ярилцлаа

Монголын бурхны шашны түүхэнд сахил хүртсэн, Энэтхэгийн хойт хэсэг дэх Дарамсала хотод бурхны шашны чиглэлээр номын дуу сонссон анхны эмэгтэйчүүдийн нэг Ч.Гүнзээтэй ярилцлаа. Дээрхийн гэгээн Далай лам, Энэтхэгийн элчин асан Бакула ринбүүчи, Есдүгээр Богд Жавзандамбын шавь тэрбээр бурхны шашныг эх орондоо хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж явна. Олноо “Есдүгээр богдын шавь, лүйжин тавьдаг эмэгтэй” гэдгээрээ илүү танигдсан Ч.Гүнзээ Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн юм.

-Хаврын адаг сарын шинийн 15-ны өдөр (тавдугаар сарын 8) тантай уулзан, ярилцаж буйдаа бэлгэшээж байна. Та өнөөдөр буян хэрхэн үйлдэж, ном хурав?

-Монголчууд жил бүр Цагаан сар, наадам тэмдэглэдэг уламжлалтай. Яг түүн шиг сар бүрт буян үйлдвэл зохилтой өдрүүд байдаг. Тэдгээрийг дүйчин өдөр гэдэг. Эдгээр өдрүүдэд хүн бүхэн бие, хэл, сэтгэлээ зөв дадуулж, шүтээн, бурхандаа тахил өргөн, мацаг барих учиртай. Би өнөөдөр Дарь-Эхэд ном хуран, буян үйлдэн өнгөрүүлж байна.

-Энэ өдрийг онцлон буян үйлдэж, ном хурдаг хүн олон. Ойшоож, тоодоггүй нь ч бий. Түүнийгээ “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гээд цайруулдаг. Ер нь ёс мэдэхгүй хүнд ёр халддаг уу?

-Тэр бүхэн буруу гэсэн юм байхгүй. Тухайн хүний итгэл үнэмшил, хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. Одоо тэгээд эмх цэгцтэй, журамтай л байх хэрэгтэйг дэлхий ертөнц сануулж байна шүү дээ. Бид байгаль дэлхийгээ аргадаж, шүтдэг Чингисийн монголчууд гэдгийг дэлхий мэдэрч байна. Тэгэхэд хэтэрхий их замбараагүй, эрх чөлөөг өмнөө далайлгасан орнуудад юу болж байна вэ. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Байгаль дэлхийтэйгээ ойр амьдардаг, шүтдэг, хайрладаг. Ил, далдын ертөнцийн хорлол, нөлөөг ч бас мэдэрдэг тул огт ойшоохгүй бол биш байгаа байх аа.

-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдахгүй байгааг бусад орнууд их сонирхож байна. Бурхны шашин талаас нь харахад үүнд юу нөлөөлж байгаа вэ?

-Монголчуудыг вирус тусахгүй байна, тийм учраас бүгдээрээ их хүчтэй буянтай ард түмэн гэж хэлж мэдэхгүй. Ер нь дэлхийн үндэстэн хүн бүхэн өөр, өөр хувь тавилантай, дахин давтагдашгүй. Харин нийтийн буян, нийтээрээ хүртэх үйлийн үр гэж ярьдаг. Тийм учраас зөвхөн монголчууд л хүчтэй халдвар авсангүй  гэж дүгнэх боломжгүй. Өөр олон янзын шалтгаанаар өвчин, халдвар тусаж зовж л байна. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг буян хийдэг, нүгэл үйлддэг хүмүүс сүлэлдэн байгаа. Буддын лам, хуврагууд байгаль дэлхийгээ аргадан, ард түмнээ даатган ном үргэлж хурдаг. Монгол ээж, эмэгтэйчүүд ч мөн ялгаагүй байгаль дэлхийдээ үргэлж цай сүүний дээж  өргөн, залбирсаар байна. Монголчуудын гени ондоо гэдэгтэй би санал нийлнэ. Монгол Улсад коронавирусийн халдвар тархахгүй байгаа нь байгаль, цаг уурын  онцлог тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа.

-“Коронавирус бол өвчин. Юу гэж шашин, номын хүч нөлөөлөх вэ дээ” гээд гайхах, үгүйсгэх хүн байж магадгүй.

-Тийм шүү. Монгол Улсад халдвар тархах шалтгаан, нөхцөл бүрдээгүй байж болно. Авах, гээхийн ухаанаар л хандаж, ойлгох хэрэгтэй.

СҮМД ӨРГӨДӨЛ БИЧИХДЭЭ “ҮЛДСЭН АМЬДРАЛАА БУЯНД ЗОРИУЛНА” ГЭЖ ТАНГАРАГЛАЖ БАЙЛАА

-Монголын анхны сахил хүртсэн эмэгтэйчүүдийн нэг нь та. Эмэгтэй хүн бурхны шашинтай амьдралаа холбон, өнөөг хүртэл зүтгэж яваа тань сонирхол татаж байна. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Өвөө дээрээ, моринд жороо оруулдаг, адуучдын дунд өссөн юм. Намайг гурван настай байхад Улаанбаатар хотод нүүж ирсэн. Би Нийслэлийн 76 дугаар сургуульд сурдаг байлаа. 1992 онд нэг удаа Дарь-Эхийн сүмд эмэгтэйчүүд бурхны ном хурдаг, сайхан уншдаг тухай сонсов. Маргааш нь очиход миний үеийн охидууд жигд дуугаар ном аялгуулан уншиж байлаа. Тэгэхэд би буддын сүмд үнэхээр татагдсан. Сүмд өргөдөл бичихдээ “Үлдсэн хэдэн насаа бурхны номд зориулна” гэж бичсэнээ тод санадаг. Тэгэхэд хандмаа нар “Чамд хэдэн нас үлдсэн юм бэ” гээд шоолж билээ. Тэр үеэ дурсахад сайхан байдаг. Тухайн үед би 17 настай байлаа.

Хүн зовж, шаналсан үедээ бурхны шашинтай амьдралаа холбодог гэдгийг би үгүйсгэдэг. Урьд хойт төрөл, сүнс байдаг гэдгийг шашнаас гадна шинжлэх ухаанд ч хүлээн зөвшөөрдөг. Миний урьд төрлийн хүн буянтай, их олон зүйлийн суурийг тавьсан байж. Тэр чадвар үйлийн үргэлжлэл тул би бурхны шашинтай амьдралаа холбосон болов уу. Урьд төрлийн хүний хийж дуусгаагүй үйлийн үргэлжлэл нь би байж мэднэ. Би бүхий л амьдралаа бурхны шашинд зориулсаар өдий хүрсэн. Гэхдээ би өөрийгөө буддын номыг судалсан ч амьдралын бүх зарчим шашин гэдэг үгээр холбож боддоггүй.

БИ ӨӨРИЙГӨӨ ШАШИНТАН ГЭЖ БОДДОГГҮЙ

-Таныг би шашинтан гэж бодож байлаа. Өөрийгөө үгүйсгэснийг тань гайхаж байна. Яагаад та шашинтан биш гэж?

-Буддын шашин миний сэтгэл оюуны багана мөн ч би өөрийнхөө бүхий л  ертөнцийг шашинтай холбож үздэггүй. Өдөр бүрийн бодол сэтгэлээс гарах үйлийн зөв бурууг хянаад сурсан тул бүхий л зүйлийг шашнаар гох дэгээ болгон амьдрах учиргүй мэт санагддаг. Буддын номд өөрийн сэтгэлээ зөв удирдах ухамсарлах чадварыг заасан байдаг ч төрөлхийн билиг ухаан бий. Өөрийн дотоод ухаан, дотоод хүчийг ашиглавал бүхий л зүйлийг шашинтай холбох учиргүй мэт санагддаг.

Буддын номыг анх сурахдаа би юу ч мэддэггүй байсан. Дараа нь буддын олон зуун жилийн турш бусдын сэтгэл оюуны боловсролыг яаж хөгжүүлэх тэр их ухааныг сонсоод анх эхлүүлж байсан үеэ харьцуулж боддог. Буддын номыг анх үзэн судлахдаа би өөрийгөө сохроор дагалаа гэж ер бодож байгаагүй. Хэрэв буддын гүн ухаан, учир шалтгааны ухааныг суралгүй, засал гүрэм төдийхнөөр л сурсан бол миний хувь заяа арай өөр байх байсан биз ээ.

-Монгол Улс хутагт, хувилгаадын өлгий нутаг. Танд төрөлхийн увидас, мэдрэмж байсан уу. Танай удамд лам, хуврага хүн бий юү?

-Манай ойрын удамд лам хуврага хүн байдаггүй. Бурхны шашинтай дөнгөж амьдралаа холбон, төвд үг, үсэг сураагүй байхад аманд маш олон төвөд үг орж ирдэг байсан. Тэр үгнүүдийг одоо хүртэл тод санадаг. Буддын гүн ухааны номыг үзэн судлахдаа ямар утгатай үгс байсныг сүүлд тайлж мэдсэн. Өөр олон ч зүйл бий. Тухайн үед  бие, сэтгэл машид ариун байсан болохоор харагдаж буй бүхэн ариун байсан л даа.

САХИЛ ХҮРТСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХАМГИЙН ЗАЛУУ НЬ БИ

-Та Далай багш, Бакула ринбүүчи, Есдүгээр Богдын шавь. Сахил хүртсэн Монголын анхны эмэгтэй лам нарын нэг. Тухайн үед та бүхнийг ямар шалгуураар сонгон, сахил хүртээж байв?

-Тухайн үед Монголд сүм хийдүүдийг дөнгөж сэргээн, нээж байлаа. 10 гаруй эмэгтэй хүнд сахил хүртээсний нэг нь би. Хамгийн залуу нь. Бакула Ринбүүчи багш таалал баясаж байсныг тод санадаг. Сахил хүртэх болсныгоо ээждээ хэлэхэд “Тэг, тэг, миний охин. 25 нас хүрээд л хүнтэй суу” гэж билээ. Гадуур явж байхад хүмүүс их гайхна. “Ирээдүйд яана даа” гээд толгой сэгсэрнэ, ил, далд хэлнэ.  Тэр үед “Яана аа,  хүнтэй суух боломжгүй боллоо” гэх мэт элдэв бодол надад огт төрөөгүй. “Бурхны шашныг илүү гүн судалъя, эрдэм номын мөр хөөх л үлдлээ” гэж бодсон.

-Та түүндээ хүрэхийн тулд 1994-2008 онд Энэтхэгт сурсан. Дхарамсалад очин, бурхны шашныг судалсан Монголын анхны дөрвөн эмэгтэйн нэг нь та. Есдүгээр Богдын, Бакула ринбүүчи багшийнхаа шавь болох, Энэтхэгт сурах гарцыг хэрхэн олов?

-“Чи чадна, чи яв” гэж сонгоогүй. Сахил хүртээсэн эмэгтэйчүүдээс бүгдээс нь асуун, саналыг нь харгалзаад сонгосон юм билээ. Тэгээд Монголоос дөрвөн ани сонгогдон, Энэтхэгийг зорьсон. Тэнд сахилтай эмэгтэйчүүдийн дээд сургуульд гурван жил сурав. Дараа нь Далай багшийн дэргэдэх Чойрын сургуульд дэвшин, эрэгтэй лам нартай хамт суралцсан. Тэнд хэдхэн эмэгтэй лам сурдаг байлаа. Монголоос Дулмаа эгч бид хоёр сурсан.

ЕСДҮГЭЭР БОГДООС  ЖОД ЛҮЙЖИНГИЙН ОНОЛ ЭРДМИЙГ СУРСАН

-Монголын дөрвөн эмэгтэй бурхны ном сурахаар очиход Есдүгээр богд, Энэтхэгийн лам нар хэрхэн хүлээж авсан бэ?

-Монгол төрхтэй хүмүүс угтахад их сайхан санагдсан. Тухайн үед төвөд хэл сураагүй байсан болохоор юу гэж хэлээд угтсаныг нь мэдэхгүй. “Монголоос ани нар эрдэм сурахаар ирлээ” гэж бодсон байх.

-Есдүгээр Богд багш тань танд Лүйжингийн зан үйлийг зааж өгсөн үү. Өөр буддын ямар мэргэжлийн чиглэлээр суралцав?

-Тэгсэн. Багшаасаа бид  Лүйжингийн ном, Очир хөлгөний номыг сонссон. Монголын түүхэнд эмэгтэйчүүд буддын гүн ухаан Чойрын номоор дагнаж сурсан гэж түүх бичвэрээс олж уншиж байгаагүй. Харин надтай хамт сурсан Дулмаа эгч бид хоёр энэ чиглэлээр гаршиж маш сайн суралцсан. Бид энэ чиглэлээр дагнаж сурсныгаа их хувь гэж боддог. Чойрын таван боть номын гурвыг нь сурахад цаг хугацаа их шаардсан. Ер нь буддын сургаал ном олон янзын ухааны чиглэл байдаг ч зөвхөн Чойрын номоор дагнан суралцахад 30 жил зарцуулах хэрэгтэй. Мөн Энэтхэгт сурч байхдаа Богд гэгээний лавранд хурлын би умзад нь байсан. Орой бүр ном хурна. Монгол төдийгүй маш олон орны хүмүүс багшаас ном сонсоно.  Анхны суралцагч байсан тул багш хурлаа надаар удирдуулдаг байсан юм.

ЭРТНИЙ АДИСЛАГДСАН БУРХАН НАДАД АДИС ӨГСӨН ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ

-Есдүгээр богд таныг ихэд үнэлж, итгэл хүлээлгэдэг байсны илрэл байх.

-Тийм ээ. Багш минь надад эрдэм, чадлаа харамгүй заасан.

-Энэтхэг Төвөд бол бурханы орон. Тэнд та ямар нэгэн ид шидтэй гэмээр зүйл харж, мэдэрч байсан уу?

-Дарамсала хот бол цаст Гималайн нурууны өвөрт оршдог. Анх очсон даруйдаа бид  Далай багштай уулзах завшаан олдоод алд цэнхэр хадаг өргөөд царай руу нь харах гэтэл сүрдээд чадаагүй. Дуу хоолой нь цуурайтаад надад маш гайхамшигтай тийм сэтгэгдэл төрж билээ. Тэгээд удалгүй Богд гэгээнд бараалхахад дун цагаан үстэй, толгойн хэсгээс нь гэрэл цацарсан мэт, царай нүд болон дуу хоолойн өнгө нь энэрч хайрлаж байгаа мэт санагдсан. Багш нарын төрх байдал бүгд нинжин сэтгэлийн туйл болж харагдсан нь миний амьдралд гайхамшгийг мэдрүүлсэн нь тэр агшин гэж боддог.

Энэтхэг орон бол дээдсүүд ихтэй дагшин газар. Сурч байх үед олон гайхамшигтай бүтээлч бясалгаач хүмүүстэй уулзсан. Мөн цөөн хэдэн монгол лам нар эмэгтэйчүүд, төвөдийн бясалгаачидтай нийлээд Гималай уулсаар зургаан сарын турш жод лүйжин уншиж даяанчилж явсан. Тэр бүхний ард Далай багш болоод IX Богд багш маань ивээж бид бүхэн гайхамшигт номын аялал хийснээ хаяа дурсан санах дуртай.

Оюутан цагт Далай багш хаана ном хурна, тийшээ нь бид ном сонсохоор дагаад явдаг байлаа. 1996 оны эхэн сард  Гималайн нурууны төв хэсэг дэх Спити гэх газар Далай багш Дүйнхэрийн ван тавьсан.  Ван тавьсан газар нь 1000 жилийн түүхтэй сүм хийд. Бурхадын хийц нь хийдийн хананаас шууд товойлгож барьсан өвөрмөц барилгатай байсан. Номоо сонсонгоо цайны цагаар бид  сүмд мөргөв. Гэтэл толгойд хүчтэй нэг зүйл хүрэх шиг болов. Гайхаад сүмд  байсан бурхан руу харахад яг л амьд юм шиг санагдсан. Хажуугийнхаа хүнээс “Та миний толгойд хүрсэн үү” гэхэд толгой сэгсэрсэн. Үнэхээр сэтгэл ариун, итгэл үнэмшилтэй байх юм бол эртний адислагдсан бурхдаас адис авдаг юм билээ. Далд ертөнц, дээд тэнгэр, бурхадтай холбогдох боломжтойг тэгэхэд би өөрийн биеэр мэдэрсэн. Энэ мэтчилэн гайхаад баршгүй гайхамшигтай зүйлс олныг харсан.

-Таныг тэгж адисласан бурхан нь ямар нэртэй вэ?

-1000 жилийн түүхтэй сүмийн нэг бурхан байсан. Нэрийг нь би мэдэхгүй. Тэнд дахиад очвол олж чадна.

-Аравдугаар Богд аль улсаас тодрох нь олны анхаарлыг татаж буй. Есдүгээр богд амьд сэрүүн байхдаа Монгол оронд мэндэлнэ гэж айлдсан. Танд энэ талаар юм хэлж, захьсан уу?

-Би мэдээж Богд гэгээн монгол оронд эргэн төрнө гэдэгт итгэдэг. Өөрөө ч жанч халахаасаа өмнө лүндэн хайрласан. Далай багшийн захиас сургаал ч тухайн үед сонин хэвлэлээр их бичигдсэн. Жанч халах үеийн мэдээ мэдээлэл нь Монгол төдийгүй дэлхий даяар нийтлэгдсэн. Тийм учир би нэмж хэлэх шаардлагагүй байх. Надад тусгайлан захиас айлдаагүй. Харин өөрийн захиж сургасан очир хөлгөний ном сургаалийг цаашид дэлгэрүүлээрэй гэж олон дахин айлддаг байсан. Тэр захиас сургаалийг нь гүйцэлдүүлэх гэж өнөөг хүртэл хичээн, санаж явна.

Монголчууд бид X Богд гэгээнийг зөвхөн монголд л нөлөөлөх дээдэс гэж бодож, эндүүрээд байна. Богд гэгээн бол Монгол төдийгүй олон оронд хамааралтай бас нөлөө бүхий хүн. IX дүрийн Богд гэгээн гадаадын олон орны шавь нартай байсан. Тэд бүгд дараагийн дүрийг хүлээсээр байна. Богд тодруулах ёс уламжлалыг судлаагүй8 суралцаагүй байж эн тэргүүнд улс төр, хувийн ашиг сонирхол одоо ч явагдсаар байгааг бид сонссоор байна. Үүнийг бодоод үзэхэд хувийн ганц томоохон хийд, эсвэл төрийн хэдэн түшээдийн хувийн лам болгочих гээд тогоон дотроо тэмцээд байгаа мэт санагддаг.  X Богдоор хэний ч хүүхдийг тодруулан, хувь заяаг нь шийдэж болох ч сайн хүн, сайн дээдэс болоосой л би хүсэж залбирч байна. Иймд дэргэд нь шадарлах эрдэм төгөлдөр, ёс суртахуунтай, хүн чанартай монгол хүнийг ёнзон багшаар сонгоосой гэж залбирч байгаа.

“ЭРГЭЖ ЗААВАЛ ИРЭЭРЭЙ” ГЭСЭН БАГШИЙНХАА ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЭНЭТХЭГТ БУЦАЖ ОЧСОН

-Энэтхэгт очихдоо анхнаасаа 2008 он хүртэл сурна гэж төлөвлөсөн үү?

-Үгүй ээ, гурван жил л сурна гэж бодсон. Гурван жил сураад нутаг буцах болоход Далай багш, есдүгээр Богд багш “Эргэж заавал ирээрэй” гэж захьсан юм. Тиймээс би эх орондоо ирчихээд төд удалгүй буцсан. Ээж маань ч гэсэн “Чи боловсрох болоогүй байна. Олон жил суралц” гэж захисан юм.

Энэтхэгт сурч байхад Төвөдийн жагсаал цуглаан, элдэв үйл ажиллагаанд огт оролцдоггүй байлаа. Төвөд багш нар, сургуулийн захиргаа хэзээ ч ийм зүйлд тулган шаардаж байгаагүй. Сүмд номоо үзэн, судлах бүх боломж, нөхцлөөр хангадаг байв. Монголд ирэхэд зарим хүн “Чи одоо бараг Төвөд хүн болсон уу” гэж их  сэжиглэнгүй ханддаг байсан. Учир нь эх хэлээрээ сайн ярьж чаддаггүй байсан. Гэхдээ би өөрөө хэнэггүй, хэр баргийн юмыг тоодоггүй тулдаа тэр бүр хэл амны ард гарса

-Энэтхэгт тантай хамт сурсан гурван монгол эмэгтэй одоо бурхны шашинтайгаа амьдралаа холбож яваа юу?

-Нэг нь эмч, нөгөө нь бизнесмен, гурав дахь номын багш болсон. Бид дөрөв үргэлж холбоотой байдаг.

ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ, САХИЛАА ӨРГӨСӨНДӨӨ ХАРАМСДАГГҮЙ

-Таныг  2008 онд эх орондоо ирэхэд монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдсөн байсан уу. Эмэгтэй лам ном уншина, засал хийнэ гэхэд ямар хандлагатай байв?

-Монголдоо ирэхэд Дарь-Эхийг сүмийг гадны байгууллага авч, үйл ажиллагаа нь өөрчлөгдөн, таних хүнгүй болсон байлаа. Тэр үед би гэр оронгүй, сүм хийдгүй, хаана очихоо мэдэхгүй, нэлээд хүнд байдалд орсон. Намайг хамгийн анх хүлээж авсан сүм бол Чойжин ламын сүм музей. Тэнд хааяа очин, гороо эргэдэг байлаа. “Очих гандангүй болсон” гэж заримдаа өөртэйгөө ярина.

Нэг удаа Гандан тэгчилэн хийдийн Гунгаачойлин дацанд номын дуутай CD-нийхээ нээлтийг хийсэн юм. Тэгэх үедээ лүйжин уншсан юм. Тэр үеэс хойш намайг дацанд хаяа хуралд суухыг зөвшөөрч, миний ур чадварыг лам нар үнэлж, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Хүмүүс ч надаар ном уншуулах дуртай байлаа.

-Дараа жил нь та хүүхэдтэй болсон бил үү?

-Тэгсэн. Эмэгтэй хүн 30 нас гараад ирэхээр хүүхэд бүхэн хөөрхөн харагдаад, хүүхэдтэй болох хүсэл улам их төрдөг юм билээ. Амьдралын жамаар л би үрийн зулай үнэрлэсэн. Хүүхэдтэй болоод би эмэгтэй хүний сэтгэлийн хүч, эх хүнийг улам их ойлгосон.

ТЭР МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГОМДОЛТОЙ ҮЕ

-Тэгж их хөдөлмөрлөн, олон жил уйгагүй зүтгэсний эцэст бий болгосон орон зайгаа үгүй болгох эрсдэлтэй алхам хийн, сахилгүй байх амаргүй байсан нь мэдээж. Тэр үеийг давах эрч хүчийг юунаас авав?

- Хүүхэд төрүүлснээс хойш хэсэгхэн хугацаанд амьдралын сорил тулгарсан.  Бас тэр үед бас бусдад их гомдсон цаг мөч.  Сахилтай байсан үеэс илүү их доромжлол, шүүмжлэл ирсэн л дээ. Хүмүүс намайг тэгж их шүүмжилж, сөргөөр хүлээж авна гэж ёстой төсөөлөөгүй. Дөнгөж төрсөн, нялх биетэй би бүр ч эмзэгээр хүлээж авсан, хүндээр тусгасан.. Тэгээд би бүтэн жил шахам гэрээсээ гараагүй, нам гүм амьдарсан. Багш нартаа дуулгаж холбоо барихад тэд маань үгүйсгээгүй, яг өмнөх шигээ намайг хайрласан хэвээр байсан. Гэтэл эргэн тойрны танил найз, номын анд бүгд намайг элдвээр хэлж нууцаар хүртэл танддаг байсан.

Би тэр бүхнийг давах эрч хүч, гарцыг гаднаас хайгаагүй. Хүүхдээ харахын хажуугаар ном бичиж, тарни номоо аялгуулан дуулж эхэлсэн. Сурсан бүх зүйлээ өөртөө хадгалах бус бусдад мэдүүлэх, соён гэгээрүүлэхийг хүссэн. Маш олон зүйлд шинэчлэл хийсэн юм. Багш нар маань надад маш олон жил зарцуулж, бүхий зориулсан. Тэгснийх нь ачийг хариулж, үргэлжлэл нь болох учиртайгаа ухаарсан юм. Би өөрийгөө шашны чимэг гэж боддог. Учир нь шашины эмэгтэй бодьгал талаасаа бусдад зөв үлгэрлэж, үлгэр дууриалал болохын төлөө хичээж эхэлсэн. Ном бичин, гадаад, дотоодод олон удаа шашин урлагийн тоглолт хийж, урилгаар лекц уншлаа.

-Та сахил хүртсэн, бурхны шашны чиглэлээр Энэтхэгт сурсан Монголын анхны эмэгтэй. Монголын бурхны шашинд өөр ямар, ямар зүйлээр анхдагч вэ?

-Яг тийм, ийм зүйлийн анхдагч гээд хэлэхээр өөрийгөө магтсан болчих гээд байна. Ер нь олон зүйл бий. Хүмүүс намайг есдүгээр богдын шавь, лүйжин тавьдаг гэдгээр минь илүү сайн мэддэг юм билээ.

“БУМАН ХАНД” ХОЛБООГ 2016 ОНД БАЙГУУЛСАН

-Та Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн. Холбоогоо байгуулах санаа танд хэрхэн төрөв?

-2014 онд Төв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Монголын бурхны шашинт эмэгтэйчүүдийн анхны хурлыг зохион байгуулсан юм. Гадаадын судлаач эмэгтэйчүүд оролцсон. Гурав дахь удаагийн хурлын дараа холбоо байгуулах шийдэлд хүрэв. Тэгэхэд “Энэ хурлыг санаачлан, зохион байгуулсан таныг тэргүүн болгоё” гэдэг санал тавьсан юм. Би зөвшөөрсөн. Тэгээд 2016 онд “Буман ханд” холбооны гэрчилгээг авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Монголд хэдэн ани, хандмаа байдаг вэ?

-Сахил хүртсэн ани 20 гаруй, хандмаа 100 гаруй бий.

-Та бурхны номыг дуулж олонд хүргэсээр удаж буй. Одоогоор хэдэн уран бүтээлтэй бол?

-Зургаан CD гаргасан. Тэгэхээр 30-аад уран бүтээлтэй гэсэн үг. Бурхны ном сонсон, сэтгэлийн амар амгалан мэдрээсэй гэсэндээ монгол түмэндээ үнэ төлбөргүй сонсгодог. 2003 онд анхны клипээ, 2006, 2014 онд тоглолтуудаа  хийж байлаа. Мөн Америк, Хонгконг, ОХУ, Япон зэрэг орнуудад тоглолтоо хийсэн.

МОНГОЛ УЛС БУДДИСТ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТӨДИЙЛӨН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ, УЛСААС ДЭМЖДЭГГҮЙ

-Монголчууд охин хүүхдээ лам болгох дургүй. Эмэгтэй лам гэхээр гайхдаг, бүрэн хүлээн зөвшөөрдөггүй нь өнөө ч хэвээрээ. Үүнийг дагууд эмэгтэй лам нарын нийгмийн асуудал яалт ч үгүй сөхөгдөнө. Та бүхэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу байна вэ?

-Ер нь ийм, тийм гээд тоочвол маш их бий. Буддын эмэгтэй хуврагуудад энгийн хүмүүс зовлон бэрхшээлээ бидэнд ирж ярьдаг. Тийм болохоор ани, хандмаа нар тэр бүр зовлонгоо яриад, ийм тийм бэрхшээлээ тулгарснаа хэлэхээсээ нэрэлхдэг. Бие биендээ л ярьдаг. Хүмүүс сахилтай эмэгтэйчүүдийн амьдралд их оролцдог. Ялангуяа Монголд.  Бусад орны эмэгтэй лам нар бол эрх чөлөөтэй ард түмэнд хүндлэгддэг. Буддын шашинтай бусад орны төр шашны зохицуулалт дээр эмэгтэй хуврагуудын орчин нөхцлийг улсаас тусгайлан хангаж, бүхнийг бүрдүүлсэн байдаг. Ихэнх оронд тэгж ажиглагддаг.

Монголын буддын шашинд орхигдуулж буй томоохон зүйл бол эмэгтэй хуврагуудын ёс уламжлал юм. Монгол Улсад бурхны шашин 1000 гаруй жилийн арвин түүхтэй ч номын эмэгтэйчүүдээ төдийлөн анхаарч байгаагүй болов уу. Мэддэг цөөхөн нь биднийг улаан дээл өмссөн, үзмэрч эмэгтэйгээр төсөөлдөг. Гэхдээ эмэгтэй хуврагууд ном эрдэмд сайн боловсорч, нийгэмд зөвөөр таниулан үлгэрлэх хэрэгтэй. Тэгж байж л ард түмэн биднийг дэмжиж, хүлээн зөвшөөрнө. Чулуун бурхан залгиад, бурхнаар бөөлжөөд байвал олны элэг доог л болно шүү дээ.

Нэг удаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны хуралд оролцоход “Эмэгтэй лам нарын амьдралд бэрхшээл байдаг юм уу” гэж гайхаж байна лээ. Тэгэхэд нь би их гайхсан. Бидний амьдралд ямар зовлон, бэрхшээл тулгардаг талаар судалдаг, ярилцдаг сэтгүүлч ховор. Эмэгтэй лам нар санаачлаад нэг юм хийх гэхээр улсаас дэмждэггүй. “За, судалж байгаа” гээд таг чиг болдог. Гэтэл эрэгтэй лам нарын төсөл, санаачлагыг ногоон гэрлээр дэмждэг. Нэг сүм барья гэхэд маш хурдан баригддаг. Гэтэл бид өнөөдрийг хүртэл нэгэн урсгалаараа л яваад байна. Бэрхшээлүүд маш их бий. Шашин соёлоор мэргэшсэн хүмүүст хандаж үзсэн. Бүгд ойшоохгүй хэвээр байна. Угтаа буддын номын эмэгтэйчүүд бол бас л соёлын өвийн тээгч, хадгалан дамжуулагч шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 09:06

Эмэгтэй лам нарын үзэл бодол, ертөнц их өвөрмөц сайхан. Тэднийг нээж, ойлгуулах тухайд сайхан ярилцлага хийжээ. Күнзээдээ амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-05-11 20:50

энэ хүнийг олон хүн үнэлдэг. Би лав пэйж хуудсыг нь дагадаг. дандаа эерэг зүйл постолдог. та�##�агдсан. юмтай гэж юу ч гэсэн үг юм

Лам
Лам
2020-05-12 08:54

Ийм эмэгтэйчүүд ярилцлага өгсөнийн бараг уншаагүй. Доор нь бичиж байгаа хүмүүс юу ч бодож бичдийн..... ярилцлага зүгээр өнгөрөөж чададгүй мглчууд шүү

Зочин
Зочин
2020-05-15 09:45

Одоо цагт муу хүн ил гарч сайн хүн дарагддаг үе ирж дээ.

Baigalmaa
Baigalmaa
2020-05-17 16:04

Ene emegteied yuni umnu talarhal ilerhiilye ulam ih amjiltaar duuren byalhaj buteel n devjin delgerch baih boltugai! Burhan urshuu! Deedes iveege! Nomin hun! Emegtei hun! Huuhed gargalgui yahav! Amjilt husie!

Зочин
Зочин
2020-05-25 10:34

mash goy yriltslaga bolson bn

Шашингүй үзэлтэн
Шашингүй үзэлтэн
2022-06-13 13:43

Монгол гэлтгүй дэлхийд шашины хэрэг �##�гө

Холбоотой мэдээ

Back to top button