НИЙГЭМ

МЗХ-ын Ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Од сонгогджээ

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ны VI Их хурал “Шинэчлэл-Шийдэл” уриан дор энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо анх удаа цахимаар зохион байгуулагдаж, удирдлага, дүрмээ шинэчлэн баталлаа.

Хуралдаанд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын залуучуудын нийт 300 орчим төлөөлөгч оролцсон байна. Дэлхий даяар дэгдэж, өндөр эрсдэл дагуулж буй Ковид-19 цар тахлын энэ үед, тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс амны хаалт, бээлий, гар ариутгагч шингэн зэргийг бэлтгэн, танхим тус бүрт суух хүн хоорондын зайг харгалзан үзэж, Онцгой комиссын шийдвэрийн дагуу зохицуулалт хийн ажиллажээ.

Мөн энэ хуралдаанаар МЗХ-ны Үндсэн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээс гадна дотоод сонгууль явуулахаар төлөвлөсөн аж.

МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, МЗХ-ны Хариуцлагын хорооны дарга, МЗХ-ны Хариуцлагын хорооны гишүүн М.Эрдэнэжаргал нар өмнөх V Их хурлаар холбооны Үндсэн дүрмийг боловсруулжээ. Улмаар Үндсэн дүрэмтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч ажиллаад, тодорхой хэмжээгээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ талаар “Арга билэг” хууль зүйн фирмийн хуульч, өмгөөлөгч н.Бат-Эрдэнэ тайлбарлахдаа “Дүрэмд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, МЗХ-нд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ээлжит болон ээлжит бус чуулган хуралдалгүй багагүй хугацаа өнгөрснөөс үүсч байгаа юм. Хоёрдугаарт, МЗХ-ны Үндсэн дүрмийн дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг Хариуцлагын хороо болон Ерөнхийлөгч Үндэсний залуучуудын зөвлөл /ҮЗЗ/-д оруулах процесс байгаа ч хэрэгжих боломжгүй болсон. Яагаад гэвэл, Их хурлын дараагийн шатны байгууллага болох ҮЗЗ сүүлийн дөрвөн жилд багадаа найман удаа хуралдсан байх ёстой. Гэтэл ҮЗЗ дөрвөн жил хуралдаагүй учраас шийдвэрлэх асуудал маш их болсон. Хариуцлагын хороо ҮЗЗ-д болон МЗХ-ны Ерөнхийлөгчид удаа дараа санал оруулсан ч ҮЗЗ-ийг хуралдуулахгүй, мөн ээлжит бус Их хурлыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байсан учраас Үндсэн дүрэмд болон Хариуцлагын хорооны тогтоолдоо нийцүүлээд 4-р сарын 24-ний өдрийн тогтоол болон Үндсэн дүрэм тайлбарласан тухай 2019 оны 12-р сарын 7-ны өдрийн шийдвэрүүдэд үндэслэн Хариуцлагын хороо өөрөө ээлжит бус Их хурлаа зарлан хуралдуулж байгаа юм. Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус хурлаар дүрмийн өөрчлөлтийг оруулах шаардлагатай болж байна” гэв.

Ийнхүү Үндсэн дүрмийн таван зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хариуцлагын хорооноос санал гаргасныг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар баталсан юм. Мөн МЗХ-ын Ерөнхийлөгчид нэг хүн нэр дэвшсэн учраас илээр санал хурааж, 100 хувийн саналаар О.Гэрэлт-Од МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул МЗХ-ны ээлжит бус VI Их хурлын 006 дугаар тогтоолыг батлав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button