ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Монголын зээлжих зэрэглэл буурсан нь их өрийг дахин санхүүжүүлэх, эргэн төлөлтөд хүндрэл учруулна

Олон улсын үнэлгээний байгууллага болох Moody’s Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээг энэ сарын 8-нд өөрчилж, манай улсын төлөвийг “тогтвортой” гэснийг “сөрөг” болгон бууруулсан. Манай улсыг богино хугацаандаа “ерөнхий биш” гэж үзсэн ч В3 үнэлгээг хэвээр үлдээсэн юм.

ЭНЭ ОНЫ СҮҮЛЧЭЭР ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДНБ-ИЙ 8.5 ХУВЬД ХҮРЧ ӨСНӨ

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын экспорт 2020 онд огцом унаж, урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь хүртэл өсөх төлөвтэй гэж дүгнэсэнтэй холбоотой аж. Үүнийг дагаад гадаад валютын нөөц 2020 оны төгсгөл гэхэд 3 тэрбум ам.долларт хүрч буурна хэмээн Moody's агентлаг дүгнэсэн байна. Оны эхний улирлын байдлаар урсгал дансны алдагдал өмнөх оноос бараг хоёр дахин өсөж, 767 сая ам.доллар хүрээд байна. Түүнчлэн цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор оны эхэнд ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдал 2020 оны сүүлч гэхэд ДНБ-ий 8.5 хувьд хүрч өснө хэмээн тооцоолжээ.

Энэ оны эхээр “Moody's” агентлаг төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувь орчим байна гэж төсөөлж байсан юм. Мөн гадаад валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллароос гурван тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцоолжээ. Үүнээс өмнө гадаад өр төлбөрүүд хүлээгдэж байгаатай холбоотойгоор зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх нь чухал гэж Монголбанк онцолж байсан юм.

Ийнхүү манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь 2021 оноос төлөгдөх их өрийг дахин санхүүжүүлэх, эргэн төлөлтөд томоохон хүндрэл, сорилт үүсгэхийг анхааруулсан байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоох тайланд сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн сахилга баттай бодлогын үр дүнд ДНБ-ийн өндөр өсөлт гарч, гадаад өрийн дарамт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан болохыг онцолжээ.

ГАДНААС ЭХ ҮҮСВЭР ТАТАХАД ӨНДӨР ХҮҮТЭЙ, БОГИНО БАЙХ ЭРСДЭЛТЭЙ

Коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ-ын эдийн засаг унаж буй. Үүнийг дагаад Монгол Улсын гол экспорт болох уул уурхайн түүхий эдийн орлого буурч байгаа нь цаашид өрийн дарамт нэмэгдэх, төсвийн сахилга алдагдах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын бодлогын үр ашиггүй байдал, түүхий эдийн үнээс хамааралтай эдийн засгийн тогтворгүй байдал нь Засгийн газрын чадавхад саад учруулж байгааг онцолсон байна.

Зээлжих зэрэглэл буурснаар гаднаас эх үүсвэр татахад өндөр хүүтэй, богино байх эрсдэл үүсэх юм. Энэ нь эргээд Засгийн газрын бонд, арилжааны банкны зээлийн хүү өсөх, тэр хэрээрээ бизнесүүдийн үйл ажиллагаанд өртөг нэмэгдэх эрсдэл болдог. 

Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд цар тахалтай холбоотойгоор дэлхийн хэмжээнд улс орнууд болон бизнесүүдийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ эрс буурах хандлагатай гэж үзсэн. Учир нь коронавирусийн тархалт нэмэгдэх тусам дэлхийн эдийн засаг хямарч байгаа нь зах зээлд ноцтой зээлийн эрсдэлийг бий болгосон байна. Дэлхийн эдийн засаг түүхэндээ анх удаа энэ хэмжээний хохирол амсаж буйг Moody’s агентлаг онцолжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: moodys.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-12 21:57

Хийж байгаа хийсэн бүхнийг нь үзэж уншиж байдаг дэмждэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button