Сурвалжилга, Нийтлэл

Эрчим хүчний шугамыг шувуудад ээлтэй болговол 64 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхрын овгоос манай улсад нийт 10 зүйл шонхор зуны улиралд нутагшдаг.  Монгол Улсын Засгийн газар 1993 оноос эхлэн эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Арабын орнуудын дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан, гэрээний дагуу тодорхой тооны идлэг шонхрыг гадаадад гаргасан юм.

ШОНХОР ШУВУУГ ГАДАГШ ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН Ч ГАРГАСААР БАЙСАН

1993 онд зургаа, 1995 онд 14 шонхор шувуу гадаадад гаргаж байсан бол 2009 оноос энэ тоо огцом өсөж 300-380 болжээ. Сүүлийн жилүүдэд идлэг шонхрыг мөнгөний төлөө их хэмжээгээр барьж, хамгаалалт сул байгаагаас болж үхэж үрэгдэх тоо толгой нь цөөрөх эрсдэлтэй нүүр тулаад байгаа юм.

2012 оны аравдугаар сард Засгийн газрын гаргасан 101 дүгээр тогтоолын дагуу шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгон үндэсний бахархалт шувуу болгох шийд гаргажээ. Харин дараагийн жилд тус шувууг арилжааны зориулалтаар худалдахыг таван жилээр хориглосон шийдвэрийг тухайн үеийн салбарын сайд С.Оюун гаргасан байдаг. Гэсэн хэдий ч түүний хориг үргэлжилж байх хугацаанд Арабын орнуудад "Бэлэглэл, соёл судалгаа”  нэрийн дор хэдэн мянган шонхор өгсөн байдаг аж.  

 Ан амьтан агнах болон  барих төлбөрийн тухай асуудлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар, хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тус тус зохицуулдаг журамтай. Тухайлбал,

1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.6 -д “гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заажээ.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.35-д “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар тогтооно” гэж заасан байна. Жишиг үнэ гэдэг нь аливаа ан амьтныг агнах, барих төлбөр, хураамжийн хэмжээг тогтооход ашигладаг Засгийн газрын тогтоолоор баталсан нийтлэг суурь үнэлгээ юм.

Идлэг шонхор шувууг гадаадад гаргаж эхэлснээс хойш хамгийн сүүлд Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны 112 дугаар тогтоолын 2-т “Амьдаар барих нэг толгой шонхор шувууны жишиг үнийг 12.000 ам.доллар, төлбөрийг 10.800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай”  гэж заасан нь  өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр  байгаа юм.

ХУДАЛДААЛСАН ҮНИЙН 50 ХУВИЙГ ТУС АМЬТНЫГ ХАМГААЛАХАД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ

Энэ жил Засгийн газраас 395 толгой шонхор шувууг соёлын зориулалтаар гадаадад гаргах шийдвэр гаргасан байна. Энэ нь шонхор шувууны тоо толгой, экологийн тэнцвэрт байдлыг алдагдахад хүргэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолжээ. Шонхор шувууг соёлын зориулалтаар гаргахдаа орон нутгийн төсөвт экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын төсөвт тодорхой хэмжээний хураамжийг төвлөрүүлдэг байна.  Өнөөдрийн байдлаар нэг шонхор шувуу эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөгөөр хэмжигдэж байна.

Гэхдээ зэрлэг амьтныг хамгаалахдаа түүнийг худалдаалсан үнийг 50 хувийг тус амьтнаа хамгаалах ажилд эргүүлэн зарцуулах хуулийн зохицуулалт байдаг. Засгийн газраас идлэг шонхрын үүрлэх нөхцөлийг сайжруулж, байгаль дахь хорогдлыг бууруулж, тоо толгойг өсгөх зорилгоор таван аймгийн 26 сумын нутагт “Хиймэл үүр” зэрэг төслийг хэрэгжүүлж байсан юм. Гэхдээ эдгээр хөтөлбөр нь хэрэгжилт муутай байгаагаас болж жил бүр манай улсад 64 тэрбум төгрөгтэй дүйцэх идлэг шонхор шувуу эрчим хүчний шугамд хүчдэлд цохиулж үхсээр байна. Энэ тоо зарим жил бараг хоёр дахин нэмэгддэг. Бүр тодорхой хэлбэл цахилгааны хүчдэлд цохиулж, үрэгдсэн идлэг шонхрын тоо дунджаар 4000 гаруй, идэш тэжээл ихтэй жилд 8000 дөхдөг аж.

Манай улсад хэдэн тоо толгой идлэг шонхор байгааг тооцох боломж бага. Харин үүрээ орхиод нисэж чадах ангаахайнуудын тоогоор тухайн жилийн үржлийн амжилт бүтээмж тодорхойлогддог байна. Залуу шувуудын бие гүйцэж үржлийн насанд хүртэлх үхэл хорогдол хэчнээн байгааг тогтоох боломжийг бөгж, микрочип ашиглан судалж байна. Засгийн газрын тогтоолоор экологи-эдийн засгийн үнэлгээг нь 16 сая төгрөгөөр тогтоосон идлэг шонхроо аврахын тулд 4000 км үргэлжлэх эрчим хүчний 15 кВ-ийн шугамыг шувуудад ээлтэй болгож, холбогдох хууль журам, стандартыг яаралтай шинэчлэх шаардлагатай байна.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-17 20:25

өндөр хүчдэлийн шугамаа шонхорт ээлтэй болгох төсөл арабуудын хөрөнгөөр эхлүүлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button