ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Америкт нүүрсний олборлолт БУУРЧ байгаа ч газрын тосны үйлдвэрлэл СЭРГЭЖ байна

-НҮҮРС ОЛБОРЛОГЧДЫН АШИГ 50-ИАС ИЛҮҮ ХУВИАР БУУРНА-

АНУ болон Хойд Америкийн нүүрс олборлогч компаниудын ашиг энэ онд 50-иас илүү хувиар буурч магадгүй байгааг “Moody’s” агентлаг онцоллоо.

Нүүрсний салбарын нийлүүлэлт сул байсны сацуу “COVID-19” цар тахал дэгдсэн нь байдлыг улам бүр дордуулж байна гэж үзжээ.

Эдийн засаг хумигдсантай холбоотойгоор нүүрсний хэрэглээ 2020 онд буурна гэсэн таамгийг тайланд тусгажээ. Мөн нүүрсний олборлолт 25 хувиар буураад буйг тэмдэглэсэн байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид байгальд хамгийн их хортой түлшний эх үүсвэр болох нүүрснээс татгалзах бодлоготой байгаа нь хэрэглээ буурах гол шалтгаан болжээ. Түүнчлэн байгалийн хийн үнэ буурч байгаа нь нүүрсний өрсөлдөх чадварыг улам бүр бууруулж байгаа юм.

АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлийн зах зээлд нүүрстэй өрсөлддөг гол эх үүсвэр байгалийн хийн үнэ 2020-иод оны эхний жилүүдэд сул байгааг тайланд онцолжээ.

-ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ЭРЭЛТ ТОГТВОРЖЛОО-

Харин энэ үед АНУ-д газрын тосны үнэ мягмар гаргийн /2020.06.02/ байдлаар өссөн үзүүлэлт гарчээ.

“ОПЕК” газрын тосны олборлолтоо сүүлийн хорин жилд байгаагүйгээр бууруулж, улс орнууд эдийн засгаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор тавдугаар сард газрын тосны үнэ ихээхэн өсөлт үзүүлсэн юм. Тавдугаар сард АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн дөрвөн сард анх удаа өсөлттэй гарснаар “COVID-19” цар тахлын улмаас хумигдсан эрэлт эргэн тогтворжих дохиог өгч байна.

Түүнчлэн "ОПЕК”-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард тохиролцсон гарц танах хэлэлцээрийн хэрэгжилтийг дахин нэг сараар сунгах асуудлаар хуралдахаар төлөвлөж байгаа аж. Ням гарагт /2020.05.31/ цахим уулзалтын товыг наашлуулж, зургаадугаар сарын дөрөвний өдөр болгохоор санал оруулсан ч одоогоор шийдэгдээгүй байна.

Ялангуяа энэ оны эхээр газрын тосны үнийн дайн өдөөсөн ОХУ, Саудын Арабын байр суурь энэхүү хэлэлцээрт чухал нөлөөтэй байгаа ажээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: moody's, bloomberg

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button