Сурвалжилга, Нийтлэл

ХӨНДӨХ СЭДЭВ: Ховор амьтныг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, хадгалсан иргэнийг найм хүртэлх жилээр хорих ялтай

Өнгөрөгч гуравдугаар сард нэн ховор ан амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн арьс, гавлын яс, соёо, болон хүрэн баавгайн сарвуу, тавхай зэргийг өндөр үнээр худалдаалахыг завдсан хэд хэдэн зөрчлүүдийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлснийг бид өмнө мэдээлж байв. Гэтэл энэ гэмт хэрэг хүрээллээ тэлж нэн ховор эмийн ургамал, байгалийн чулуу болон химийн хортой бодис руу чиглэх болсон нь харамсалтай.

-ХУУЛЬ БУСААР БАЙГАЛИЙН ӨНГӨТ ЧУЛУУ БОЛОН ХИМИЙН БОДИС НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИРГЭДИЙГ СААТУУЛЖЭЭ-

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс сүүлийн 5 сарын хугацаанд таван ширхэг бугын чив засаа болон чонын тастсан толгой, 32 янгирын эвэр, долоон хэсэг зэрлэг гахайн мах, Алтайн хойлог шувуу, гурван ширхэг тул загас зэрэг ховор, нэн ховор амьтдын эд эрхтнийг илрүүлж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон “Тул загас”

Зөвхөн нэн ховор ан амьтан, тэдгээрийн эд эрхтэн бус ховор төрлийн эмийн ургамлуудыг ч мөн их хэмжээгээр түүвэрлэн борлуулахыг завдсан нь сонирхол татна. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүс 900 кг хонин арц, 20 тонн Алтайн барагшин, 250 кг Хунчир зэрэг эмийн ургамлуудыг хот руу оруулахаар завдсаныг Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс, илрүүлжээ.

Мөн худалдан борлуулах зорилгоор 10 кг байгалийн өнгөт чулуу, 128.1 кг гөлтгөнө чулуу, 250 кг химийн бодис тээвэрлэж явсан зэрэг нийт 224 гаруй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, тухайн газрын харьяалагдах цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

"Хунчир” ургамал

Иймд тус албаны алба хаагчид авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд Улаанбаатар хот руу нэвтрэн орж буй автомашин бүрийг зогсоон шалгаж  буй аж. Түүгээр ч зогсохгүй, шалгалтын явцад олдохгүй, эрэн сурвалжлагдаж байсан 33 иргэнийг олж, удааширч байсан эрүү болон иргэний хэргүүдийг шийдвэрлэгдэх боломжийг цагдаагийн байгууллагад гаргаж өгчээ.

-ХУУЛЬ БУСААР ХОВОР АН АМЬТДЫГ АГНАХ, ТҮҮНИЙГ ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛСАН БОЛ НАЙМ ХҮРТЭЛ ЖИЛЭЭР ХОРИГДОХ ЯЛТАЙ-

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах

  • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” хэмээн зүйлчилжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэд нэгнээсээ сонссон баталгаагүй дам болон цуу ярианд итгэж, ашиг сонирхлын болон сүсэг бишрэлийн үүднээс ховор ан амьтдыг хууль бусаар агнаж, улмаар тээвэрлэх явцдаа цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаж байгаа гэв.

Мөн эл гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд цагдаагийн алба хаагчид “Энэ гэмт хэргийг хийснээр ийм өндөр ялаар шийтгэгддэг болохыг мэдээгүй, бусдын ятгалгаар хийсэн” аль эсвэл “Би амьтны эд эрхтэнг хаясан байхад нь олсон юм” гэхчлэн зүйлсийг мэдүүлдэг байна. Зөвхөн ховор ан амьтад гэлтгүй, өчигдрийн тухайд тус хэлтсээс түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсан гэх зөрчлийг илрүүлсэн.

-ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ГАЗАР УХАХ БАГАЖТАЙ НЬ ХАМТ ИЛРҮҮЛСЭН-

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Оюунчимэг “Сүүлийн 10-аад жилийн хугацаанд хууль бусаар ан ав хийснээр, нэн ховор болоод ховор ан амьтдын тоо толгой 90 хувь хүртэл буурсан гэдэг статистик тоон мэдээлэл гарсан байсан. Энэ нь иргэдийн хууль бусаар ан ав хийсэнтэй холбоотой юм. Зөвхөн ан ав гэлтгүй, зарим иргэд худалдан борлуулж болох бүхий л зүйлсийг зорилготойгоор, хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдох болсон.

Өчигдөр /2020.06.02/-ийн хувьд л гэхэд манай хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээс хууль бус малтлага хийж, түүхийн дурсгалт эд зүйл байж болзошгүй зүйлсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн. Учир нь тухайн автомашинд газар ухах, малтах багаж техник нь хамт байсан. Ингээд тухайн зөрчлийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн. Тухайн зөрчил нь дөнгөж өчигдөр гарсан хэрэг учир тухайн олдворыг түүхэн дурсгалт эд зүйл мөн эсэхийг шалгуулахад хугацаа хэрэгтэй. Тухайн олдвор түүхэн дурсгалт эд болох нь нотлогдвол эл зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болно” гэсэн юм.

Бид хууль бус ан авын тухай ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мэргэжилтнээс дараах зүйлсийг тодруулсан юм.

-Манай улсад хулгайн ан агнуурын гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэх нь ихэссэн гэж сонссон. Гол шалтгаан нь юу бол?

-Монгол Улсад сүүлийн таван жилд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдсэн. Үүнд хууль бус ан агнуурын гэмт хэрэгт, зөрчил багагүй хувийг эзэлж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хууль бус ан агнуурын зөрчлийг илрүүлэх хяналт шалгалт нь сайжирсан учраас илрүүлэлт нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Нэн ховор амьтдыг хууль бусаар агнасан, эд эрхтнийг тээвэрлэх, хадгалж байсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Монгол Улсын нэн ховор болон ховор амьтдын ангилалд хамаарах амьтдыг агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай. Гэвч иргэдийн хуулийн мэдлэг мэдээлэл хомс байдлаас болоод энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг буурахгүй байх бас нэг шалтгаан болдог юм.

Түүнчлэн ашиг, хонжоо эрсэн хүмүүс нэн ховор зэрлэг амьтдын арьс, түүхий эдийг өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор хууль бус агнуур хийх нь элбэг. Хуулинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд нэгээс найм хүртэлх жилээр хоригдох ял эсхүл, мөнгөн торгууль оногдуулдаг.

-Хууль бус ан ав нь улирлын чанартай байдаг уу. Урин дулаан зуны улиралд хүмүүс ихэвчлэн ямар ховор ан амьтанг авладаг вэ?

-Зуны улирал буюу 6, 7, 8 дугаар саруудад бор гөрөөс, хярс, Монгол тарвага, алтайн тарвага, үнэг, мануул, цагаан ахууна, зэвэг, цагаан загас, тул, алгана, цурхай, булуу цагаан, амарын хэлтэг, шивэр хадран, цагаан амар, шивэр хорхой загас зэрэг Монгол орны ховор, нэн ховор ан амьтад ихэвчлэн агнагддаг.

-Танай хэлтсийн зүгээс хууль бус, хулгайн ан автай хэрхэн тэмцэж, зөрчлийг илрүүлдэг вэ?

-Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амаргүй л дээ. Ядаж л, иймэрхүү гэмт хэргүүд нарийн нууцлалтай, өндөр зохион байгуулалт дор үйлдэгддэг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд энэ гэмт хэргийг багасгах боломжтой юм. Манайхаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүднээс “Загас хамгаалал 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

-ХУЛГАЙН АНГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ БНХАУ БОЛОН БНСУ РУУ ГАРГАХААР ОРОЛДОХ ҮЕДЭЭ СААТУУЛАГДДАГ-

-Ховор амьтныг агнах зорилго нь юу байдаг вэ?

Тухайн амьтны үс, мах болон эд эрхтнийг нь авч худалдаалах, эмчилгээнд хэрэглэх зорилгоор авлах нь элбэг. Мөн хулгайн ангийн түүхий эдийг БНХАУ бөгөөд БНСУ-руу гаргах, худалдаалах зорилго өвөртөлсөн байх нь бий.

Ийнхүү бид та бүхэндээ Монгол Улсад нэн ховор хэмээн бүртгэгдсэн ан амьтдын жагсаалтыг хүргэж байна.

-ТОО ТОЛГОЙ НЬ ЭРС ЦӨӨРСӨН, УСТАХ АЮУЛД ОРСОН АН АМЬТДЫГ "НЭН ХОВОР” ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ-

Хуулинд "нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хэлдэг. Харин "ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн ан амьтдыг хэлнэ.

-НЭН ХОВОР ХӨХТӨН АМЬТАД-

  • Дорны сармаахай                               
  • Ойн булга                                              
  • Говийн шилүүс                                    
  • Суусар булга                                        
  • Эрээн хүрнэ                                          
  • Хүрэн баавгай                                      
  • Хулан адуу                                            
  • Зэгсний зэрлэг гахай                         
  • Халиун буга                                          
  • Хар сүүлтий                                          
  • Аргаль хонь                                          
  • Янгир ямаа                                           
  • Элсний тажигдаахай                          
  • Соотон алагдаахай  

-НЭН ХОВОР ШУВУУ-

  • Одой галуу                                      
  • Байгалийн нугас                                   
  • Ундар шумбуур                                     
  • Хан бүргэд                                             
  • Ооч ёл                                                     
  • Азийн цууцил                                        
  • Монгол хулан жороо                            
  • Хонин тоодог                                         
  • Усны бух                                                          
  • Бичил одой бух                                    
  • Зээрд дэглий                                        
  • Манхин галуу                                       
  • Гэзэгт нугас                                          
  • Хуруут хун                                            
  • Хархираа тогоруу                               
  • Цагаан сүүлт нөмрөг                          
  • Алтайн хойлог                                      
  • Зэрлэг гургуул                                     
  • Загийн бор                                          
  • Ойн шийхнүүхэй                                  
  • Шагшуургын шатан сүүлт                 
  • Өгөөлэй шулганаа                              
  • Наран хөмрөг                                      
  • Шар элэгт хөмрөг

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэр
нэр
2020-06-04 18:54

Арц ганга өвсийг ургуулахгүй түүчих юмаа. Байг�##�ьд ургаж бусад амьтан ургам�##�ыг өвчин мөөгөнцрөөс хамга�##�ж ургадаг гэдгийг ард түмэнд хэлж өгмөөр юм. Юм мэдэхгүй хүмүүс байг�##�ь дэлхийн дайснууд болжээ.

иргэн.
иргэн.
2020-06-05 20:53

Экологийн цагдаагийн �##�ба бол эх орны маш чух�##� �##�ба шүү. Эх орон, байг�##�ь дэлхийгээ дотоодын болон гадаадын дайсануудаас сайн хамга�##�аарай.

Холбоотой мэдээ

Back to top button