Азийн нислэгийн удирдагчид Улаанбаатарт чуулж байна

Азийн орнуудын нислэгийн байгууллагуудын удирдагчид Улаанбаатар хотод чуулж байна.
Энэ сарын 14-17-ны хооронд үргэлжлэх чуулганд ОХУ, БНХАУ, Тайланд, Япон, Хонгконг, Монголын нислэгийн удирдагч, 100 төлөөлөгч оролцож, олон улсын нислэгийн удирдагчдад тулгамдаж буй зүйлийн талаар ярилцаж, санал, туршлагаа солилцож байна. Чуулганы үеэр төлөөлөгчид Монгол ахуй, ёс заншил соёлтой танилцан, хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийжээ.
Чуулганд Япон, Тайланд, Хонгконгийн төлөөлөгчид ажиглагчаар оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн чуулган ОХУ-ын Эрхүү хотноо болсон талаар ИНЕГ-аас мэдээллээ.

Түүнчлэн БНСУ-ын Асиана эйрлайнс компани Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдсэнтэй холбогдуулан манай улсад БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Ёо Мионг Со болон “Асиана эйрлайнс” компанийн захирал Хан Чанг-Соо тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан юм. Эрхэм хүндэт төлөөлөгчдийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн долдугаар сарын 10-нд Шангри-Ла зочид буудалд хүлээн авч уулзан хоёр орны иргэний агаарын тээвэрт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.Энэ үеэр ИНЕГ-ын удирдлага, дэлхийн иргэний агаарын тээврийн шилдэг компанийн нэг Асиана эйрлайнс Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэнд талархал илэрхийлээд, энэ нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэллээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.