УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Амарч дууссан бол элгээрээ хэвтсэн эдийн засгаа БОСГОЁ

Сонгууль болдгоороо боллоо. Наадам ч дуусдагаараа дууслаа. Сонгуулийн ч, наадмын ч дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Намар ч болох нь. Шинэ парламент, шинэ Засгийн газар нь сайд, дэд сайд, байнгын хороодын дарга нараа томилчхоод таг чиг сураг алдрав. Амарч, наадаж, зугаалж дуусаагүй байгаа бололтой.

Гэтэл манай улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тун таагүй байдлаар гарчээ.

-ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨНГӨРСӨН ОНЫХООС 10 ДАХИН НЭМЭГДЭВ-

Манай төсвийн орлогын 25, экспортын 83 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Манай уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалт ч хил хаахтай зэрэгцэн хаалгаа барьснаар улсын төсөв улайсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосыг БНХАУ-д экспортолж, бүрдүүлэхээр тооцжээ.

Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 4.4 их наяд төгрөг болсон байна.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Энэ үзүүлэлтийг өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр алдагдлыг энэ жил бид хүлээж байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд зарлага зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж, төсвийн алдагдал 192 тэрбум төгрөг байсан бол энэ жил үүнээс даруй 10 дахин өндөр алдагдлыг хүлээгээд байна.

-МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 30.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, НЭГ ХҮН 28 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛОВ-

2020 оны эхний улирлын сүүлээр Монгол улсын гадаад өр нийт 30.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь аюуоын харанга. Энэ нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөртэй буюу 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн буюу нэг хүн тутамд ногдох өр 2300 ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин үүнээс Засгийн газрын өр, Монгол Банкны өр гээд харвал 2020 оны эхний улирлын байдлаар Засгийн газар 7.2 тэрбум, Монгол Банк 2 тэрбум буюу нийт 9.2 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа юм.

-ГАДААД ӨРҮҮД АР АРААСАА ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА-

Монгол Улсын хамгийн ойрын өр нь Монгол банкны БНХАУ-н Ардын Банк-тай хийсэн СВОП хэлцэлийн 2 тэрбум ам.доллар байв. Харин үүнийг дахиад 3 жилээр сунгахаар болж байгаа нь бага ч гэсэн амьсгаа авах боломж өгч байна.

Одоо цаашлаад Засгийн газрын зүгээс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын төлөлт нийтдээ 2.9 тэрбум ам.долларын төтөлөлт 2021-с 2024 оны хооронд хийнэ. Мөн Хөгжлийн Банк-ны “Самурай”, “ДБМ” бондын эргэн төлөлт 780 сая ам.доллар нэмэгдэнэ. 2024 оноос наана төлөх ёстой гэвэл Энержи Ресурс, МИК зэргийн бонд бий.

Улсын хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед эрс буурчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ажилгүйдлийн түвшин огцом өсөж, дотоодын хөрөнгийн зах зээл 300 тэрбум орчим төгрөгөөр агшсан байна. Бизнес ганхаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт хумигдах болов. Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, импортын худалдаанд тасалдал үүсжээ. Оны эхэн үетэй харьцуулахад, эдийн засаг ташраараа унаж, ажлын байр хэдийн хүндэрч эхэллээ. Шинэ Засаг нь амарч, аялж зугаалж дууссан бол одоо ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭДИЙН ЗАСГАА БОСГОЁ.

Нэг удаагийн халамжаар аргацаах төдий бус тэгш бус байдлыг онилсон эдийн засгийн зөв бодлого үгүйлэгдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо хурдан ажил албандаа орж эдийн засгаа авраач.

Холбоотой мэдээ

Back to top button