Нийгмийн

Э.Сумъяабазар: П.Бүрэнтөгс аварга “Чамайг дахиад уйлуулахгүйн тулд улам хичээгээд түрүүллээ” гэсэн

“Аваргын цолны найр хурдан болоосой. Дахиад уулзах юм сан” гээд инээмсэглэх түүнийг Энхболдын Сумъяабазар гэдэг. Энэ жил найман настай, хоёрдугаар анги төгссөн тэрбээр ганцхан бөхийг чин сэтгэлээсээ дэмждэг нь улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс. Яагаа вэ нөгөө, отгон аваргыг өнгөрсөн жил улсын наадамд өвдөг шороодоход өмнөөс нь харамсан, ихэр татан уйлсан хүү шүү дээ. Түүний бичлэгийг үзээгүй хүн ховор биз ээ.

https://www.facebook.com/muogii/videos/337000260544458

П.Бүрэнтөгс аваргыг улсын наадамд анх түрүүлдэг жил буюу 2012 онд мэндэлсэн Б.Сумъяабазар өнөө жил тун ч баяртай сууна. Учир нь дэмждэг бөх нь төрийн наадамд түрүүлж, аварга цол хүртсэн. Үүний сацуу гэрт нь зочилж очин, уулзах хүслийг нь биелүүлж, баяр дээр нь баяр нэмсэн юм. П.Бүрэнтөгс аваргын фэн, үндэсний бөхийн хорхойтон хүүтэй ярилцлаа.

АВАРГЫН БЭЛЭГЛЭСЭН ДЭЭЛИЙГ НААДАМ, ЦАГААН САРААР Л ӨМСӨНӨ

П.Бүрэнтөгс аварга Э.Сумъяабазарт дээл, зодог, шуудаг бэлэглэж байгаа нь

-Өнөөдөр “Нарантуул” захаас гутал авахаар яваа гэж дуулсан. Дээлэн дээрээ өмсөх гутал сонирхож яваа юм уу?

-Тийм ээ. П.Бүрэнтөгс аварга надад ийм гоё улаан дээл, зодог, шуудаг бэлэглэсэн. Аав, ээж хоёр энэ дээл, зодог, шуудган дээр өмсөх гутал надад авч өгнө гэсэн. Одоо нэг гоё монгол гуталтай болчихвол тэгээд сак болчих гээд л байна. Ёстой догь харагдах байх даа, тийм ээ.

-Ёстой тэгнэ. Аваргын бэлэглэсэн дээл Сумъяабазарт яг таарчээ.

-Харин тийм байгаа биз. Манайд ирэхээсээ өмнө ээжээс миний хэмжээг авсан гэсэн. Тэгээд хүнээр хийлгэсэн гэнэ лээ.

-Чи хэр олон дээлтэй вэ. Үүнээс өөр улаан өнгийн дээл бий юү?

-Надад нэлээд хэдэн дээл бий. Гэхдээ улаан өнгөтэй нь ганцхан энэ. Хөнгөн, яг таарч байгаа болохоор өмсөхөд их эвтэйхэн. Би аваргын бэлэглэсэн дээлийг өмсөх их дуртай. Энэ дээлийг аварга надад өгсөн гэж бодохоор гоё санагддаг. Надад нэг цэнхэр дээл бий. Аймаар зузаан. Хөвөнтэй дээл байхгүй юу, өвөл өмсдөг. Энэнээс хойш аваргын дээлийг байнга өмсөхгүй. Тэгэхгүй бол элэгдчихнэ. Тийм болохоор наадам, цагаан сараар л өмсөх бодолтой байгаа.

Энэ үеэр манай зурагчин Э.Сумъяабазарын зургийг авахаар өрөөнд орж ирэв. Хэвлүүхэн гэгч нь ярьж байсан тэрбээр гэнэт дуугаа хураан, томоотой суулаа.

-Зурагчнаар зургаа даруулна гэж бодохоор эвгүй санагдаж байна уу?

-Харин тийм ээ. Өмнө нь ийм том камераар зураг даруулж үзээгүй. Утсаар л зургаа авхуулдаг байсан юм.

ТАВАН НАСТАЙГААСАА ХОЙШ П.БҮРЭНТӨГС АВАРГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА

-Ахын дүү хэдэн настайгаасаа хойш бөх сонирхон, П.Бүрэнтөгс аваргыг дэмжиж байгаа вэ?

-Таван настайгаасаа хойш. П.Бүрэнтөгс аваргыг түрүүлдэг жил би мэндэлсэн гэж аав хэлсэн. Тэр нь надад гоё санагдсан. Тэгээд л аваргыг дэмжих болсон юм. Би аавтай хамт Бөхийн өргөөнд очин бөх үзэх дуртай. Тэнд очингуутаа олон бөхийн дундаас хамгийн түрүүнд аваргыг хайдаг. Одоо хаанаас нь ч хараад П.Бүрэнтөгс аваргыг шууд танина. Очиж үзсэн барилдаанд аваргыг түрүүлэхэд нь их баярладаг. Доогуур даваанд уначихаар нь их харамсдаг, муухай санагддаг. Аварга надад хүнлэг сайхан сэтгэлтэй, жудагтай, хөдөлмөрч хүн шиг санагддаг. Номноос, интернетээс П.Бүрэнтөгс аваргын тухай унших дуртай.

ТЭР БИЧЛЭГЭЭ ОДОО ҮЗЭХЭЭР ИНЭЭДТЭЙ САНАГДДАГ

-Аваргыг уначихлаа гээд уйлж буй бичлэгээ одоо үзэхээр ямар санагддаг вэ?

-Инээдтэй санагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар би гэрийнхэнтэйгээ хамт Биокомбинатад ахындаа зурагтаар бөх үзсэн юм. П.Бүрэнтөгс аваргыг түрүүлнэ гэж бодсон. Гэтэл уначихсан. Надад үнэхээр муухай санагдсан. Аваргыг унангуут нь би гэрээс гараад уйлаад гүйсэн юм. Хашаан дээр уйлсаар сууж байхад араас аавын дүү нь ирснээ бичлэг хийсэн. Миний бичлэгийг фэйсбүүктээ тавьсныг нь тухайн үед мэдээгүй. Уйлсны маргааш нүд аймар хавдчихсан байсан. Тэр бичлэгээ одоо ч үзэх дуртай.

АВАРГЫГ ТҮРҮҮЛСЭНД НЬ БАЯРЛАСАНДАА АЙЛЫН ГЭР “НУРААХ” ШАХСАН

-Энэ жил дэмждэг бөх нь түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Баярласандаа уйлсан уу?

-Уйлаагүй. Гэхдээ үнэхээр их баярласан. Би жил бүр наадмаар аавтай хамт Төв цэнгэлдэхэд очиж бөх үздэг. Даанч энэ коронавирусийн улмаас тэгж чадаагүй. Тийм болохоор эмээтэйгээ хамт Өвөрхангай руу явсан юм. Тэнд очоод зурагтаар бөх үзсэн. Хажуу айлын хүүхдүүд хамт тоглоё гэхэд нь би гараагүй. Бөхөө л үзээд суусан. П.Бүрэнтөгс аваргыг түрүүлэхэд баярласандаа айлын гэр “нураах” шахсан. Аварга түрүүлсэн болохоор би уйлаагүй.

АВАРГА МАНАЙД ГЭНЭТ ИРЭХ ГЭЖ БАЙГААГ НЬ БИ ГАДАРЛАСАН

-Уржигдар (өнгөрсөн баасан гаригт) аварга танайд очин, чамд гэнэтийн бэлэг барьсан. П.Бүрэнтөгс аварга аав, ээжтэй нь ярьж байгаад, чамд мэдэгдэлгүйгээр гэнэт очсон юм билээ.

-Би гэхдээ аваргыг манайд ирж байгааг гадарласан.

-Яаж гадарласан юм бэ?

-Аварга хэд хоногийн өмнө намайг хайж буйгаа цахим хуудсандаа нийтэлсэн тухай аав надад хэлсэн. Тэгээд аварга надтай уулзаж магадгүй гэж бодсон юм. Аавыг гуйж байгаад аварга очих юм сан гэж бодож байлаа. Уржигдар ээж их сандраад, юм бэлдээд байсан. Тэгэхэд нь би аварга “Манайд ирж байгаа юм болов уу” гэж бодсон. Тэгсэн чинь яг тийм байж.

-Аваргыг танайд гэнэт ороод ирэхэд юу бодогдов?

https://www.facebook.com/1553039831425330/videos/381151246205409

-Гоё санагдсан, гайхсан. “П.Бүрэнтөгс аварга мөн үү” гэж бодсон. Их сандардаг юм билээ. Манайд орж ирээд нэлээд удсаных нь дараа тайвширсан. Аварга надад “Чамайг дахиж уйлуулахгүйн тулд улам хичээгээд түрүүллээ шүү” гэсэн. Тэгж хэлэхэд нь надад гоё санагдсан. Аварга манайд ирээд, надтай уулзсан бичлэгийг үзсэн. Утсан дээрээ хадгална аа.

БИ БӨХИЙН БҮХ ЦОЛЫГ МЭДНЭ

Аав, ээж хоёрынхоо хамт.

-Бөхийн тухай дуу мэдэх үү?

-Зөндөөг мэднэ. Манай аавын нутгийн бөхчүүд улсын наадамд түрүүлхээрээ дуулдаг дуу (“Увс нуур”)-нд дуртай.

-Бүтнээр нь мэдэх үү?

-Бараг л бүтэн мэднэ.

-Хэр олон бөх таних вэ?

-Бүрэнтөгс аварга, Батсуурь аварга, Санжаадамба аварга, улсын харцага Бямбажав, улсын начин Насандэлгэр гээд олон бөхийн нэрийг мэднэ. Би бас бөхчүүдийн цолыг мэднэ. Танд нэрлээд өгөх үү?

-Тэг ээ тэг.

-Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин. Бүгд улсын цолууд. Тав давсан бөхөд улсын начин цол олгодог. Улсын наадамд ес даван түрүүлбэл улсын арслан цол өгдөг. Тийм болохоор л намайг мэндэлсэн жил П.Бүрэнтөгс аварга анх түрүүлэхдээ  улсын цол хүртсэн. Би сайн мэдэж байгаа биз.

-Тийм байна. Ёстой мундаг юм аа. Аав нь зааж өгсөн юм уу?

-Тэгсэн. Аав надад үндэсний бөхтэй холбоотой зөндөө олон үлгэр, домог ярьж өгдөг.

ХУРДАН 15 НАС ХҮРЭЭСЭЙ, БАРИЛДАХ ЮМ САН

-Ахын дүү барилддаг уу?

-Одоохондоо үндэсний бөхөөр хичээллээгүй байгаа. “Хуурнин шуугигч”-д нэг удаа барилдсан. П.Бүрэнтөгс аварга “15 нас хүрэхээрээ барилдаарай. Одоохондоо балчирдана” гэж захьсан. Аав ч бас тийм бодолтой. “Багад нь барилдуулахаар зүрх нь үхдэг” гэсэн. Анх тэгж хэлэхэд нь би их гайхсан. Хүний зүрх яагаад үхдэг юм бол гээд (инээв). Өөр утгатайг дараа нь ойлгосон л доо. Аав надад мэх зааж өгдөг. Хурдан л 15 нас хүрэх юм сан. Үндэсний бөхийн хамгийн том цолтой бөх болохыг хүсдэг.

-Тэгэхээр дархан аварга цолтой бөх болохыг хүсдэг байх нь ээ.

-Тийм ээ.

-Ямар мэх хийх дуртай вэ?

-Дэгээдэх мэх хийх дуртай.

АВАРГА ЦОЛНЫХОО НАЙРАНД ААВ, БИД ХОЁРЫГ УРЬСАН

-Ангийнхныгаа давдаг уу?

-Давдаг. Бас бяртайдаа ордог. Харцага нь л гэсэн үг.

-Чамаас бяртай хүүхэд бий юү?

-Хоёр хүчтэй хүүхэд бий. Надаас аймар том биетэй, нэг нь бүр есөн настай. Нэгийг нь аргаар давдаг. Уг нь би тэр хоёрын сул талыг нь сайн мэднэ. Нээрэн аварга цолныхоо найранд аав, бид хоёрыг урьсан. Гоё байгаа биз.

-Ямар гоё юм бэ. Очно биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Заавал очно. П.Бүрэнтөгс аварга цолныхоо найрыг аравдугаар сард хийнэ гэнэ лээ. Хичээл орчихсон үе таарах нь. Хичээлээсээ чөлөө авч байгаад ч болтугай заавал очно. Аваргын цолны найр хурдан болоосой. Дахиад уулзах юм сан.

-Аваргын бэлэглэсэн дээлийг өмсөөд очих уу?

-Тэгнэ. Угаасаа аваргын цолны найранд бэлэглэсэн дээлийг нь өмсөөд очвол гоё шүү дээ.

ЭНХБОЛД: ХҮҮГ МИНЬ ХҮНДЛЭЭД УУЛЗСАН АВАРГАД ИХ БАЯРЛАЛАА

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөв. Э.Сумъяабазарын аав, үндэсний бөхөд үнэнхүү дуртай хорхойтой Энхболд П.Бүрэнтөгс аваргад их баярлаж буйгаа уламжилсан.

Увс аймгийн Сагил сумын харьяат тэрбээр “П.Бүрэнтөгс аварга улсын наадамд түрүүлээд удаагүй байхдаа хүүтэй маань уулзахаар манайд ирсэнд их баярлаж байна. “Намайг дэмждэг ийм хүүхэд байдаг юм байна” гээд өнгөрч болох л байсан. Өөрийг нь дэмждэгийг хүндлээд хүүтэй минь уулзан, дээл, зодог, шуудаг бэлэглэлээ. Хүү минь их урамшсан, баярласан. Том болоод үндэсний бөхөөр барилдана гэдэгтээ улам итгэлтэй болсон гэнэ лээ.

Би үндэсний бөхөд дуртай, хорхойтой. Хүүгийнхээ буянаар хүндэлж явдаг аваргатай уулзлаа, танилцлаа. Хүүгийн минь буянаар отгон аварга манайд зочиллоо. Улсын наадмын түрүү бөх манайд зочилсон нь хийморьтой, бэлгэшээлтэй үйл явдал боллоо” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-28 11:34

Аварга хүний ухамсар нүнжиг жудаг Бүрнээ аваргад бүгд бгаа бна. Бусад аварга арслангууд фенүүддээ яг ингэж хандаж бв�##� бөхийн нэр хүнд сэргэх бишүү. Хүн үзэхгүй бол бид хэн бэ юу вэ гэдгээ ойлгож ухамсарлаж явмаар бгаа юм. Батсуурь бол хаха

Зочин
Зочин
2020-07-28 13:11

БҮРЭНТӨГС МӨНХБАТ НАР ЖУДАГТАЙ САЙН ХҮҮХДҮҮД.МӨНХ-ЭРДЭНЭ ГЭЖ САЙН БРИЛДАХ ХҮҮ ГАРЧЭЭ.ЭВДЭРЧИХГҮЙ БОЛ

мал сэтгүүлч
мал сэтгүүлч
2020-07-29 09:38

Мэдээгээ зөв оруул м�##�нуудаа. 2019 онд уначихаар нь уйлсан юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button