Ярилцлага

Ч.Ундрал: Би "унаагүй”, харин түр зогссон

Энэ удаагийн ярилцлагын зочин “Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундрал. Тус продакшны анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “The Woman” нээлтээ хийгээд удаагүй байхад нь бид ярилцаж таарав. Уран бүтээлийн талаар хөөрөлдсөн бидний яриа урт үргэлжилсэн өнөөх сенсацыг ч тойрсонгүй. Элдэв дүр эсгэлтгүй, яг өөрийнхөөрөө тэр ярилцлаа.

-НӨГӨӨ Л НЭГ БИЗНЕСИЙН ХҮРЭЭНИЙХЭН, ҮЛДЭЦГҮЙ-

-Шинэ тутам гарсан кинонуудыг үзэж, хувь дүгнэлт, шүүмж сэтгэгдлээ илэрхийлэн сошиалд байршуулдаг хүмүүс цөөнгүй болж. Тэдний ихэнх нь “The Woman” киног барьж авч байна билээ. Ер нь кино сонирхогчдын хувьд эрэлт үүсгэчихлээ. Харин яг салбарынхан нь үзээд танд ямар үг хэлж байна вэ?

-Манай салбарынхны дийлэнх нь арай үзэж амжаагүй байна л даа. Наадам болоод хөдөө гадаа явцгаасан уран бүтээлчид олон байна. Харин үзсэн 3-4 хүн надад яг чин сэтгэлээсээ баяр хүргэсэн. Баяр хүргэх гэдэг өөр, өөр шүү дээ. Таньдаг төдий болохоор л баяр хүргэж байна уу, эсвэл чин сэтгэлээсээ хүргэж байна уу. “Хүргэхээс өөр аргагүй юм даа” гэх үүднээс хандвал таагүй шүү дээ. Би тэднээс чин сэтгэл мэдэрсэн болохоор өөртөө хангалуун байна. “Энэ бол арилжааны кино биш юм байна аа. Бүтээл болжээ” гэдэг үгийг хоёр, гурван хүнээс сонссон. Тэр үг л хангалттай юм даа, уран бүтээлч хүнд.

-Та ноднин жил найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Түүнээс өмнө АНУ-д суралцаж буй гэх шуум явсан санагдана?

-Тийм ээ. Телевиз, кино театрын маркетинг менежментийн ангийг сонгоод Лос-Анжелес хотыг зорьсон. Төгсөж чадаагүй л дээ, жил хагас сурч байгаад орхиод хүрээд ирсэн.

-Гэхдээ таны хувь хүнд их зүйл өгсөн цаг хугацаа байсан болов уу?

-Мэдээж дан ганц Монголдоо боловсрох, гадагшаа яваад ирэх гэдэг ондоо тусна. Лос-Анжелес өөрөө урлаг, энтертайнмент ертөнцийн хот шүү дээ. Тэнд амьдрах, суралцах... “Юм үзэж, нүд тайлна” гэдэг шиг л үйл явдал болсон.

-Би чамд хайртай - 2 дээрх дүр тань миний санаанаас ер гардаггүй. Удалгүй урт үргэлжилсэн сенсацад өртөж, нэг хэсэг дэлгэцийн салбараар хөндийрөв шиг. Үзэгчдийн хувьд та энэ киногоороо эргэн ирлээ.  Хэзээнээс “The Woman” киног бүтээх санаа таны дотор төрж, явсаар ийн ажил хэрэг болов?

-Би 12, 13 настайдаа Ш.Гүрбазар гуайн хийсэн “Говийн ганц айл” гэдэг нэвтрүүлгийг үзэж байлаа. Тэр миний ой тойнд бүр шингэж үлдсэн юм. Одоо ч нэвтрүүлгийн гол дүрийн эмэгтэй байдаг юм билээ, сүүлд Ш.Гүрбазар гуай дахин уулзсан гэсэн. Говьд хоёр, гурван шар хүүтэйгээ л амьдардаг. Маш олон тэмээтэй. Ер “Яаж болдог юм бэ” гэж бодогдтол амьдарч чадаж байсан, тэр эмэгтэй. Энэ тээш бодол маань яваад л байсан. Хожим уран бүтээлч болсны хойно үүгээр уран бүтээл хийж болох юм байна гэх санаа төрсөн л дөө. Ингээд бид энэ ажил руу хоёр, гурван жилийн өмнө ханцуй шамлаж орсон. Нэлээд урт хугацаанд дотроо тээсэн уран бүтээл минь гэсэн үг.

-Та “Choi Hainzan” фильм продакшныхаа үүсгэн байгуулагч нь, тийм үү?

-Тийм ээ. Өмнө нь “U Art Academy” нэртэй жүжигчин, хөтлөгч нэвтрүүлэгч бэлтгэх сургалт ажиллуулж байсан. Мөн видео студийн ажил ч явуулж байлаа. 2013 оноос хойш нэг ийм байдлаар ажилласан, миний хувьд таашаалгүй байсан. Нөгөө л нэг бизнесийн хүрээнийхэн, үлдэцгүй. Ингээд дан ганц бизнес хийгээд баймааргүй санагдаад, маш удаан бодсон бүтээлээ ажил хэрэг болгоё гэж шулуудсан. 2018 онд “Choi Hainzan” продакшнаа үүсгэн байгуулсан.

-Уран бүтээл хийх хүсэл дотроос нь хатгажээ?

-Энэ бол үнэхээр бүх л уран бүтээлчийг дотроос нь хатгадаг хүсэл. Боломж, мөнгө санхүүгийн тохироо нь бүрдэж өгдөггүй учраас тэр бүр ажил хэрэг болгоод байж чаддаггүй.

-ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БИД ХҮЧЭЭР ХӨДӨЛГӨСӨН-

-Монгол кино шинэ түвшинд гарч чадахгүй байна гэдэгт олон хүн санал нэгддэг. Үзэгчдээс өндөр хүлээлт авчихсан, авьяастай сайн уран бүтээлчид өөрсдөө арилжааны уран бүтээлүүд хооронд үсэрдэг. Харин танай кино арилжааны агуулгагүй гэдэг нь илт харагдсан. Өөр салхи үлээх шиг боллоо?

-Надад олон жил тээсэн санаагаа гялс 50 цаасаар хийгээд, 100 цаас олох сонирхол огт байгаагүй. Кино маань үндсэн ямар хүмүүс дээр тогтож байгаа вэ гэвэл, мэдээж анхлан санаачлагч. Үүний дээр хамгийн чухал хүн бол зохиолч. Дараа нь мэдээж найруулагч. Киноны тулгын гурван чулуу нь энэ хүмүүс. Энэ гурван чулуу ямар зорилготой байсан бэ гэхээр, киногоо олон улсын наадмуудад сойж, “Монгол кино ийм түвшинд хийгдэж байгаа шүү” гэдгийг харуулах. Тийм ч учраас зохиолоосоо эхлээд л маш нухацтай, нарийн төлөвлөгөөтэй хандсан.

Бид өнөөдөр продакшн болгоны хэрэглэдэг түгээмэл камерыг ашиглачхаж болох л байсан, жишээлбэл. Тэртэй тэргүй ингэж хийсэн кино хэдэн арваараа гарч байхад, “Монгол кино ийм түвшинд хийгдэж болдог юм” гэдгийг харуулахыг хүссэн. Тийм ч учраас Монголд хэдхэн ширхэг байдаг “Arri” брэндийн камер ашиглан “Mongol HD” телевизтэй хамтарч ажилласан. Уран бүтээлч бүрийн хамтрахыг хүсдэг “Nomadic Pictures”-тэй ажилласан. Ивээн тэтгэгч байгууллагаар “Эвсэг Кашмер” ХХК ажиллалаа. Өөрөөр хэлбэл бид хүсэл сонирхлоо маш олон газарт илэрхийлж, хүчээр хөдөлгөсөн. Чадалтай хүмүүсийг нэгтгэн хөдөлгөж байж л сая нэг жаахан салхи сэвэлзэх төдий болж байгаа хэрэг юм. 

-Үнэхээр даацтай хөдөлье гэж зорьсон нь Ким Ду Ханд тоглодог солонгос жүжигчнийг авчирсан явдал. Продюсертэй нь хэлэлцээр хийх шат бараг хагас жил үргэлжилсэн гэж сонссон. Харин тэр жүжигчнээ ер ашиглаагүй нь алдаа гэлцэж байна. Жүжигчин оноогдсон дүрийнхээ үүргийг л гүйцэтгэх ёстой. Гэтэл бараг гол дүрээ болгох ёстой байсан гэхчлэн ярьцгааж байна?

-Тийм ээ. Ан Жи Мү бол угтаа яг гол дүр юм. Тэр 50 хувьтай, эмэгтэй маань мөн 50 хувьтай гол дүрүүд. Магадгүй би ингэж анзаарч байна. Сүүлийн үеийн хүмүүс, залуус арилжааны кинонууд үзээд сурчхаж ээ. Маш олон үйл явдал ар араасаа өрнөсөн, их чимээтэй, үхэл хагацал, аз жаргал сүлэлдсэн, маш их зөрчлүүдтэй.

Уран бүтээлч бидний хувьд өөр кино хийхийг зорьсон. Дээр үеийн монгол кинонуудыг үзэхэд цаанаа нэг тайвширдаг, уужирдаг. Дараа нь бодолд үлддэг. Түүн шиг үзэгчдийн тархинд нь үлдээсэй л гэж хүссэн юм. Заавал бид тэр солонгос жүжигчнийг үхүүлэх, дурлуулах байсан уу. Эсвэл өөр яах ёстой вэ, хооронд нь сексдүүлэх байсан уу. Тийм зүйлийг манай киноноос хүлээгээд хэрэггүй. Зүгээр л оюуны хоол идэхийг хүссэн хүмүүст зориулж хийсэн.

-АН ЖИ МҮД ШАНТРАХ, “ОРХИОД ЯВЧИХЪЯ” ГЭХ ҮЕ Ч ТААРСАН-

-Тэр жүжигчин өөртөө хэр сэтгэл ханамжтай буцсан бол гэдэг бас сонин шүү?

-Гаднын уран бүтээлчидтэй ажиллахад заавал продюсертэй нь харьцдаг. Гол дүрийнхээ жүжигчнийг Ан Жи Мүгээр сонгосноос хойш Солонгос талын продюсерүүдтэй харьцах ажлыг жүжигчин Б.Энхтүвшин хариуцсан. Өөрөө БНСУ-ын Урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн учраас бидэнд тэр тал дээр ямар ч бэрхшээл учраагүй. Ингээд кинонд тоглох буюу энд ирэх хүртэлх процесс бараг хагас жил үргэлжилсэн дээ. Онлайнаар ярина, нааш нь цааш нь гэрээ шидэлцэнэ. Үнэ тохирно. Бид нарыг жаахан зовоосон л доо /инээв. Сурв/. Гэхдээ бид авчирч чадсан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, мань эр үнэхээр л гайхсан байх. Хаа байсан Ховдод, далайн түвшнээс 3000 метр өндөрт, ууланд бид зураг авсан шүү дээ. Тэр хүнд шантрах үе ч байсан. За больё, орхиод явчихъя, яасан хэцүү юм бэ гэж дуугарч байсан үе ч таарсан. Тэр бүрийг зохицуулах, аргалах, аргадах гээд л бүх аргыг хэрэглэж байж зураг авалтаа дуусгаж чадсан. Мэдээж түүнийг Монголын хамгийн үзэсгэлэнтэй газарт, монгол кинонд байж болох нөөц бололцооны дээд түвшинд  тоглуулаад буцаасан учраас сэтгэл хангалуун л байгаа байх гэж бодож байна.

-Кинондоо та өөрөө хэр сэтгэл ханамжтай байна вэ. Голсон уу?

-Тайзны бүтээл бол давтах тусмаа, олон тоглох тусмаа засаад л, чангалаад л, усаа шүүгээд л явдаг эд шүү дээ. Кино болон видео урлаг бол нэг авлаа, бандан тас. Тиймээс маш сайн төлөвлөж хийхгүй бол болохгүй байсан. Гэхдээ түүн дээр тэгчихгүй яав даа, эсвэл ингэчих л байсан юм даа гэсэн бодол бидэнд мэдээж төрж байгаа л даа. Уран бүтээлч хүн бүрийн дотор л болдог бол ингээд засчих юм сан гэсэн зүйл шаналгаад салдаггүй. Ханадаггүй шүү дээ.

-Тэр ханаагүй, дутуу үлдсэн зүйлийг ханаснаас нь илүү яриулах хэрэгтэй шиг санагддаг юм.

-Яах вэ, зохиол дээр байсан зарим сценүүд хасагдсан. Түүн дээр ялангуяа манай зохиолч маш их харамсаж байгаа. Би ч их харамсаж байгаа. Гэхдээ тэр нь манай Ан Жи Мүгийн ч хэсэг биш, миний ч хэсэг биш л дээ. Тийм хоёр, гурван хэсгүүд бий.

-Ундрал гэдэг хүн өөрөө сонин дүр. Нэг удаа хутгалдсан сенсац нь орхиж өгдөггүй, саяны сонгуулиар ч дахин сөхөгдөж харагдлаа. Энэ дундуур туучиж, тэсэж, өөрийнхөөрөө байж, том уран бүтээлийн ард гарах хэр хэцүү байсан бэ. Эсвэл хэр амар байв ч юм уу?

-Сүүлийн хэдэн жилд энэ надад ер асуудал байхаа больсон. Би эхэлж өдөөгөөгүй ч гэдэг юм уу, тийм үйл явдлаас болж одоо хэр сонин яриа явсаар л байна. Надад одоо ямар ч нөлөө үзүүлэхээ больсон. Бүх л уран бүтээлчид, улс төрчид, бизнесмэнүүд сошиалын байнд өртдөг шүү дээ. Сүүлдээ бараг тоохоо ч байдаг байх. Би бас өөрийнхөө уран бүтээлийг тийм зүйлтэй холимооргүй байна. Яах вэ, ярьж л байг. Цаг хугацаа бүхнийг харуулдаг, харуулсан ч юм чинь. Тийм болохоор эмзэглэх, ядрах, туйлдах, тийм зүйл байхгүй. Харин ч энэ олон хар сөрөг зүйлийн араас ийм гоё бүтээл гаргаж байгаадаа баяртай байна.

-Яагаад ч юм сэтгэлд нэг тийм эерэг буугаад байгаа.

-Би муу, муухай ярианы сэдвээр биш эерэг зүйлээр, уран бүтээлээр хүмүүст ил байхыг хүсдэг. Би мэргэжлийн хүн шүү дээ, сонирхогч биш.

-ЭЛ ЭМЭГТЭЙН БАЙГАЛИА АРГАДАН АМЬДАРЧ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ХӨГЖИЛ-

-Киноны трейлэр хэсэгт багтсан, таны уйлаад сууж буй хэсэг надад сонин бодол төрүүлсэн л дээ. Та өөрөө л уйлаад суух шиг харагдсан юм.

-Би өөрөө л уйлаад сууж байгаа юм чинь тэгж харагдах байх л даа /инээв. Сурв/.

-Нэлээд хэд давтаж үзэхэд тэгж санагдсан шүү. Жүжигчид тоймгүй олон дүр бүтээдэг учраас ажил, амьдрал хоёроо тусгаарлаж сурсан байдаг. Гэхдээ энэ дүрийг бүтээхэд таныг хувь хүн талаас нь хатгаж, эмзэглүүлж байсан мөч тохиолдсон болов уу?

-Үгүй ээ, энэ бол надаас бүр шал өөр дүр. Маш хол дүр байхгүй юу. Би яг үнэндээ хааяа л нэг зугаалгаар хотоос гардаг, хөдөө ахуйгаас алс хүн. Зөвхөн хүйсээрээ л ижил, бусдаар надтай адилхан өчүүхэн ч зүйл байгаагүй.

Яг зураг авалтаа хийхээр Ховдод очиход маш олон эмэгтэйчүүд тийм амьдрал туулж байсан. Зохиол дээрээ шингээчихсэн, зохиолоосоо мэдэрчихсэн байсан ч гол дүрийн баатраа натур дээрээс дахин дахин олж харсан. Хөдөө, говийн эмэгтэйчүүдээр үнэнхүү бахархах сэтгэл төрсөн. Яаж тэд чадаад байна вэ. Бид энд халуун устай, бэлэн хангалуун байхад л ажил амждаггүй шүү дээ. Амждаггүй, чаддаггүй, ялархаад сууж байдаг, хотын бүсгүйчүүд.

Нөгөөтээгүүр бидний цусанд нүүдэлчин чанар явж л байдаг юм билээ. Тийм учир дасан зохицох, хөрвөх чадвар өндөр байгаа нь шууд ажиглагдсан. Ганц би биш манай найруулагчид, туслах ажилчид дээлээ өмсөөд ирэхээрээ яг л нөгөө ахуйдаа уусаад ирж байгаа юм л даа.

-Киноны гол амин судас нь хөдөө, нүүдэлчин ахуй, тэндэх эмэгтэй хүний мөн чанар дээр тогтож байна уу?

-Зохиолын хувьд тийм. Үүний дээр хөгжилтэй улсын хөгжил хэмээж буй зүйл нь хөгжил юм уу, байгалиа аргадаад амьдарч байгаа энэ амьдралын хэв маяг хөгжил юм уу... Гэдэг зүйлийг л хэлэх гэсэн юм. Яг энэ санааг л нүүдэлчин, малчин эмэгтэйгээр үзүүлж байгаа юм.

-Би сул дорой эмэгтэй нэгийг ч хараагүй. Тэдний хүчирхэг байдал зүгээр л өөр, ондоо байдлаар илэрдэг. Харин сул дорой эрчүүдийг мянга, түмээр нь харсан гэж нэг үг бий. Түүн шиг, хөдөө ахуйн эмэгтэйн дүрээр ганцаардуу хэр нь ээ хүчирхэг, орчлонгоос өгсөн болгоныг хүлээж аваад даван туулдаг ерөнхий эмэгтэй хүний дотоод ертөнцийг илэрхийлэхийг зорио юу гэж би хувьдаа харсан юм.

-Бид дэлхий ээж гэж ярьдаг, дэлхийгээ ээж хүнтэй, бүсгүй хүнтэй зүйрлэдэг. Гэтэл өнөөдөр дэлхийгээ сөнөөгөөд л байж байна шүү дээ, хүн төрөлхтөн. Хэт их хөгжил маань дэлхийгээ, ээжийгээ сөнөөж байна. Харин кинон дээрх эл эмэгтэйн байгалиа аргадаад л, асар минималист амьдарч болж буй нь өөрөө хөгжил юм. Энэ санааг л олж харвал бидний хэрэг бүтэх юм.  

-Та хэр аз жаргалтай байна вэ?

-Хэзээ гэсэн бэ?

-Кино үзэгчдэд хүрснээс хойш та хэр аз жаргалтай байна вэ?

-Би одоо аз жаргалгүй байж болохгүй насан дээрээ яваа гэж боддог. Манай үеийнхний ихэнх нь ээж болчихсон, тийм ч учраас давхар хариуцлагатай байх ёстой. Нөгөө талд би хийх дуртай зүйлээ олчихсон учраас өдөр бүр жаргалтай амьдардаг. Кино хийх гээд зүтгэж байхад болохгүй, бүтэхгүй үе таарна, тэр мөч хүртэл жаргалтай байдаг. Тийм болохоор л яаж ийж байгаад бүтээдэг, босгодог.

-Цаашид өөрөө найруулагчаар ажиллах амбиц байгаа юу?

-Ажиллахаас өөр аргагүй юм байна гэж би бодсон. Мэдээж продюсерээ хийнэ. Яг амлахгүй ч... Гэхдээ найруулагч гэдэг их хэцүү ажил. Тийм бодол бол бий.

-Сүүлийн жилүүдэд та өөрөөсөө цоо шинэ нөөц бололцоог хэр олж, нээж байгаа вэ?

-Цоо шинэ зүйлс бол олж нээгээгүй. Өөрт байсныгаа дахин сөхсөн гэх юм уу. Түүнээс айхтар шинэ авьяас чадвар, дур сонирхол олж нээсэн зүйл байхгүй ээ.

-Өөртэйгөө, хувь хүнтэйгээ илүү ажилласан гэсэн үг байх нь.

-Яах вэ, продюсерын ажлыг хорин хэдэн насандаа хийгээд л явж байлаа. Одоо арай туршлагажсан л хэрэг. Гэнэт хийгээд эхэлсэн зүйл байхгүй. Хүн мэдээж цаг хугацааны эрхэнд зөв эсвэл буруу замаар явдаг. Миний хувьд ч бас аль аль талаараа яваад байсан байх л даа. Хүн тэгж байж л туршлагаждаг шүү дээ. 18-тай байхдаа том болчихлоо гэж, 28-тай байхдаа амьдралыг үзчихлээ гэж, 38 хүрээд арай болоогүй юм байна гэж боддог. Магадгүй 48-тай байхад одоо л эхэлж байна гэж бодох ч юм билүү. Тэгэхээр амьдрал өөрөө цаг хугацааны эрхэнд чангалж, цэгцэлж өгдөг юм билээ.

-Уран бүтээлч хүн бүрийн дотор унтардаггүй, эртнээс эхтэй туйлын хүслэн гэж байдаг. Таны хувьд бүтээхийг хүсэж явдаг тийм дүр бий юу. Магадгүй одоо бүтээх цаг нь болоогүй гэж мэдэрдэг тийм дүр?

-Үгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд надад тийм бодол байдаггүй. Дүрээс илүү сэдэв дээр ажиллах юм сан л гэж боддог. Хувь уран бүтээлчдэд эмзэглэж явдаг сэдэв байдаг шүү дээ.

-Эргээд харахад та том амбицыг түүртэлгүй биежүүлж ирсэн хүчтэй эмэгтэй шиг. Гэхдээ эмэгтэй хүн бүрд дотогшоо нурах, унах үе тохиодог болов уу. Та тийм үед юун дээр дөрөөлж босдог вэ. Эсвэл чимээгүй ганцаардаж, өөрөө өөртэйгөө л ажилладаг уу?

-Надад тэгж унасан үе байхгүй. Зүгээр зогссон үе бий. Чагнасан. “Одоо би яаж босож ирнэ ээ” гэсэн үе ер байгаагүй. Хэсэг хугацаанд амрах, боловсрох хэрэгтэй үе л таарсан. “Болчихлоо” гэж явтал би болоогүй, боловсроогүй байсан. Дахиад цааш үзэх, сурах зүйл зөндөө байсан. Тэгэхгүй бол тэр цаг хугацаандаа л зогсчих, үлдчих юм шиг санагдсан.

-Гэхдээ юу танд сэтгэлийн дэм болдог, ивж түшиж өгдөг юм бэ?

-Хүн зүгээр л шинээр суралцах, цааш урагшлах хэрэгтэй. Байсан байрандаа уйлж суугаад яах юм бэ. Нэмж сурч, дадлагажиж л байх хэрэгтэй. Тэгвэл аяндаа “цэцэглэнэ”. Угаас аливаа бүх зүйл үлдэх үр дүнтэй байдаг. Тархи л хоосорвол хүн хоосорно шүү дээ.

-ТЭР БИЧЛЭГИЙГ БИ Ч ЦАЦЧИХСАН ХЭРЭГ БИШ-

-Нэгэнт тантай ярилцаж буйнх, дутуу орхимооргүй сэдэв байна. Хов, жив хөөцөлдсөн яриа бол хиймээргүй л байна.

-Хийхгүй л байхгүй юу /инээв. Сурв/.

-Гэхдээ уншигчид энэ ярианаас юу сонирхох вэ гэдгийг та бид хоёр мэдэж байгаа.

-Одоо нэг их сонирхолтой сэдэв биш шүү дээ.

-Тунг нь тааруулаад л.

-Ерөөсөө нууж, хаагаад байх зүйл байхгүй дээ. Хэвлэлийнхний дэгдээсэн шиг тийм сүртэй зүйл бодит амьдрал дээр болоогүй шүү дээ. Танай хэвлэлийнхэн л хүнийг яриа шуумны эзэн, шар сонины баатар болгодог. Бодит амьдрал их энгийн.

Бид хоёроос гарсан хүү маань байна. Хүүгийнхээ аавтай би долоо хоног бүр уулзаж, хүүхдийнхээ талаар ярилцдаг. Заримдаа ажил ярьдаг.

-Сонирхолтой байсаар байдаг асуулт нь, Тэр бичлэгийг Ундрал үнэхээр нууцаар хийгээд цацчихсан юм уу? шүү дээ.

-Одоо би нэг зүйл дуугарчихвал дахиад л эхэлнэ. Тийм учраас үүнийг зүгээр л дарчих. Би ч цацчихсан хэрэг биш, ер нь.

-Дүр гэхээс илүү сэдэв дээр ажиллахыг л хүсдэг гэж та хэллээ. Жинхэнэ уран бүтээлч хүн тухайн цаг үеэ бусдаас илүү мэдэрч, ойлгож, түүнийгээ бүтээлээр илэрхийлж байдаг. Таны эмзэглэдэг сэдвүүдийн талаар ярилцвал сонирхолтой юм.

-Энэ асуултад хариулбал би дараагийн төслүүдээ ил хэлэх болчихно. Тэгэхээр одоохондоо нууц байж байг /инээв, Сурв/. Энэ кинон дээр бол бид арай глобал сэдвийг хөндсөн. С.Дулам багш маань маш гоё хэлсэн. Хүн төрөлхтөн дэлхийн хог новшийг бий болгож, түүндээ өөрөө дийлдээд байгаа байхгүй юу. Харин бид минималист, жижиг ахуйгаараа дэлхийг аварч ирсэн. Гэдэг шиг дараагийн бүтээлүүд маань асуудлыг, тэр дундаа монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөнө.

-Танд ярилцлагаар дамжуулж хэлмээр зүйл байгаа болов уу?

-Кино маань маш олон хүний хүчээр босож ирсэн учраас, бидний уран бүтээлийн ажилд хуруугаа ч болов хөдөлгөсөн бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2020-07-28 10:08

Киног нь үзмээр санагдлаа #баярл�##�аа

Зочин
Зочин
2020-07-28 10:39

Jinhene cool woman

Зочин
Зочин
2020-07-28 12:31

Saihan ger bul salsan, haramsaltai.

ganaa
ganaa
2020-07-28 14:43

хайран сайхан гэр бүл.....шинэ з�##�уухан нөхөртэй....Ундак 43 настай...хадам ээж нь 47той..Ай хорвоо юм да.

Зочин
Зочин
2020-08-23 12:16
Reply to  ganaa

40 tei, medehgui baij amaa tat

Зочин
Зочин
2020-07-28 15:12
Reply to  ganaa

Ундр�##� 1980 оных шүү

Winner
Winner
2020-07-28 14:51

Buur goy zaluutai suusan bnalee. Bolohgui zuil tgd duusna. Harin urgeljluuleed Az jargaltaigaar amidrah l heregtei

Зочин
Зочин
2020-07-28 15:09

Баатар нь муу з�##�уу. Өөрийнхөө эхнэрийн хөтлөгчийн ур чадварыг дэмжиж, Монгол тулгатнаа хөтлүүлж, өөрөө найруулж, гэр бүлээрээ энэ нэвтрүүлгээрээ гангарч явсан бол аштай юу,..Анужинд толгойгоогоо мэдүүлж, ашиглуулаад хаягдсан хүн.

Зочин
Зочин
2020-07-28 15:51
Reply to  Зочин

Tiim, archaagui zaluu. Anujin ch gesen oorool bolvol orool busad hamaagui ym chig chadvargui huuhen,

Зочин
Зочин
2020-07-28 15:42

kinon deeree uuriinhuu dotor baigaa duriig gargasan sanagdsan shuu.

хүн
хүн
2020-07-28 16:54

Ийглд ажиллаж байхын мэднэ,элдэв ааш авир байхгүй сайн бүсгүй байсан

Зочин
Зочин
2020-07-30 15:14

Ундр�##� гэдэг чинь нөгөө Би чамд хайртай-2 киноны охины дүрд тоглосон хөгшин хүүхэн мөн шивдээ. Овоо юм хийсэн юм болов уу болждээ

Зочин
Зочин
2020-07-31 13:11

Mundag

Зочин
Зочин
2020-08-01 10:52

Нүүрээ хэтэрхий цагаанаар кремдээд нүүр хүзүү нь өөр өнгөтэй харагдаж бна...

Холбоотой мэдээ

Back to top button