НИЙГЭМ

Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тонн нөөцтэй, жилд 600 мян тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Энэ онд тус уурхай мөнгөний хүдрийн ил овоолгоос нийт 200,000 тонн хүдэр борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 110 мян.тн мөнгөний хүдрийг 31.7 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Ингэснээр толгой компани болох “Эрдэнэс Монгол”-оос санхүүжүүлсэн зээлийн төлбөрийг барагдуулан, “Эрдэнэс силвер ресурс” ХХК өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Салхитын ордын анх батлагдсан нөөц нэмэгдэх тооцоолол гарчээ. Нийт 2890 орчим га талбайг хамрах тус ордод уурхайчид дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөц 2-3 дахин өсөхөөр тооцоолол гарсныг “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр танилцуулсан. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийг өргөтгөж, хүдэр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 600 мян.тонн-д хүргэхээр ажиллаж эхэлжээ. Үүнийг дагаад чанар хяналтын лабораторийг өргөтгөхөөс гадна үйлдвэрийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Мандалговь хотоос ЦДАШ татах аж. Мөн 300 орчим хүн байрлах боломжтой 6 хэсэг ажилчдын кемпийг нэмж барих ажил 60 хувьтай байна.

Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц болон одоо хийгдэж буй өрөмдлөгөөр нэмэгдэх нөөцийн тооцоог нарийвчлан шалгаж ЭБМЗ-өөр батлуулах, нэмэгдсэн нөөцөөр ТЭЗҮ боловсруулах, баяжуулах фабрикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажилд яамны мэргэжилтнүүдийн зөвлөлгөө, дэмжлэг чухал шаардлагатай байгааг салбарын сайд Г.Ёндон анхаарууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нөөцийн талаар нэг тоо өгдөг, гэтэл төсөл хэрэгжүүлэгч компани бас нэг зөрүүтэй тоо өгдөг байж болохгүй. Тиймээс ордын нөөц болон ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдээ нэг мөр болгож цаашдын амжилт бүтээлийн төлөө нягт хамтран ажиллах хэрэгтэй. Мөн шинэ баяжуулах үйлдэрийн тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийж, нарийн мэргэжлийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг бүрэн гүйцэд ашиглах шаардлагатай” гэдгийг салбар яам болон компанийн удирдлагуудад сайдын зүгээс чиглэл болголоо.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button