Сурвалжилга, Нийтлэл

Япон айлд 10 хоног амьдарсан ТЭМДЭГЛЭЛ

2020.08.10-ны материалыг сэргээн нийтлэв.

Япон улс, Япон хүмүүсийг хэдхэн тэмдэг нэрээр тодорхойлоод орхиход тун чиг хайран. Хүнлэг, соёлтой, хөдөлмөрч.... Эдгээр үгс Япон хүмүүсийг хамгийн сайн тодорхойлдог гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэд яг яагаад хүнлэг гэж, ямар учраас соёлтой гэж, яагаад тэднийг хөдөлмөрч гэдэг юм бэ? Энэ л асуултад хариулт өгөх гэж би Япон хүмүүсийн талаарх цуврал нийтлэлүүдээ бэлтгэн хүргэж байгаа билээ.

Өмнө удаад Монгол хүүхэд Япон цэцэрлэгт суралцсан тэмдэглэл -ээрээ гурван настай Ананд хүүгийн адал явдалд тулгуурлан Япон багш нар, япон цэцэрлэгийн талаар мэдээлэл хүргэж байсан. Харин энэ удаа манай гэр бүл коронавирусийн улмаас Япон айлд хэрхэн 10 хоног амьдарч, юу суралцаж, юу мэдэрсэн тухайгаа өгүүлнэ.

ЯАГААД ЯПОН АЙЛД АМЬДРАХ БОЛЧИХОВ ОО?

Японд очсоноос хойш гурван сарын дараа нөхрийн 1.5 жил хийсэн ажлын  гэрээ дуусаж, энэ удаа гэрээгээ сунгалгүй ажлаа солихоор шийдлээ. Энд ковид19-ийн халдвар ид нэмэгдэж, онцгой дэглэм тогтоон, олны хөлийн газрууд хаалгаа барьж, сургуулиуд амраад байсан үе л дээ. Гэхдээ бидний амьдарч байсан хотод нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй байсан учир нь хүний хөлөөс тийм зайдуу, алслагдсан гэж хэлж болохоор “хөдөө хот” байв. Нөхөр ажил руугаа дугуйгаар хоёр ч уул давж байж очих бөгөөд цайны цагаар гэртээ ирээд буцахыг тооцвол өдөртөө өгсүүр зам өөд дөрвөн удаа дугуйтай жийсээр бие хаа нь тамирчных шиг болсон байв. Өдөр тутамд ийм хүнд “бэлтгэлтэй” байхын зэрэгцээ, өглөө 06 гэж эхлээд орой 20, 21 цаг хүртэл ажилладаг учир бидэнд хамт байх цаг ч тун бага. Энэ л бидний ажлаа солих гол шалтгаан болж байв. Гэтэл вирусийн халдвараас шалтгаалан эргэн тойрныхон бүгд л аюулгүй газраа үлдэхийг зөвлөж байсан ч бид хоёр  вирусийн энэ үеийг эсрэгээр нь давуу талаа болгон ашиглахаар шийдсэн юм. 

Аялагч, жуулчид багасч, энгийн үед гишгэх газар ч олддоггүй Токио өнөөдөр эл хуль, энд тэнд маск зүүсэн ганц нэг хүн яарч яваа нь мэдээгээр харагдана. Ийм л үед Токио орчмын байруудын түрээс арай хямдарч, толгой мөнгөгүй (байранд ороход түрээсийн мөнгөнөөс гадна зайлшгүй өгдөг бэлэн мөнгө, барьцаатай адил боловч буцаан олгодоггүй) байрууд элбэг олдож эхэлсэн нь бидний хувьд олз болох байв. Ганц дутагдал нь алслагдсан энэ хотоосоо Токио явж байраа үзэж сонгоод, эргээд нааш ирээд буцаад Токио явах уу? эсвэл эндээсээ “сохроор” нэг байр сонгож, төлбөрөө төлөөд шууд яваад орох уу? гэдэг хэцүүхэн сонголтын өмнө ирлээ. Хүүхэдгүй бол ямар байр байсан ч болох л юм. Аав ээжүүд хүүхдэдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй учир бидний шаналж байсан зүйл энэ л байлаа. Чийг хөгцөнд идэгдчихсэн байранд орвол хүүхдийн уушгинд тун муу, хэтэрхий бохир байвал байж сууж чадахгүй… Токио руу явъя гэвэл багадаа хоёр өдөр нэмээд бөөн зардал гарна. Гурвуулаа явбал нэг талдаа л 500-600 орчим мянган төгрөг зөвхөн унааны зардалд зарцуулагдана. Нэмээд вирусийн ид тархалтын үед гурвын гурвуулаа явах нь эрсдэлтэй… Гэтэл “очиж үзэхгүй бол адаглаад л сүнстэй байранд орчихвол яах юм бэ” гэсэн айдас хүртэл нэрмээс болох нь инээдэмтэй… Байрнаас гадна төв суурин газруудад гадаад иргэд байтугай дотоодын иргэд нь ч ажилгүйдэж, Засгийн газраас иргэн бүрд 10 ман ээн буюу 2.6 сая орчим төгрөг олгохоор шийдвэрлээд байсан үе. Тиймээс “сохроор” байрандаа орлоо ч очоод ажил яах бол гэх эргэлзээ ч байлаа. Гэсэн ч бид хоёр угаас бүхнийг болгосоор, бүтээсээр ирсэн учир энэ удаа ч бас “чадна” гэж итгэн, адал явдлынхаа зах зух руу хөтлөлцөн орохоор бүрэн шийдсэн юм. 

Энэ л үед Такүми Асаи (сан) бидэнд татгалзахын аргагүй санал, санал гэхээсээ илүүтэй тус хүргэхээр болсон билээ. 

*Япончууд хүний нэрийн араас (сан, чан, күн) гэх мэт дагавруудыг нас, хүйсийнх нь онцлогоос хамааран нэмж дууддаг. Энэ нь хүндлэлийн нэг хэлбэр бөгөөд надаас ах хүний нэрийг би сан дагаврын хамт дуудсанаар ахаа гэх шаардлагагүй болно. Энэ нийтлэлд би тэднийг хүндэтгэсэн хэвээр тул сан, чан дагавруудыг орхилгүй бичиж явав.

Тэр орой оффисоосоо видео коол хийж, танилцсан нүдэнд дулаахан залуу эр Такүми Асаи (сан) бол анх нөхрийг Японд ирэхэд тосон авч, өмнөх ажилд нь хүргэж өгөөд, байр сууцыг хүлээлцэж өгч байсан ажил зуучлалын компанийн ажилтан юм. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд тэрбээр ажлаасаа гарч, өөрийн гэсэн IT чиглэлийн компаниа байгуулжээ. 

Такүми (сан) бидний нөхцөл байдлыг сонссон даруйд Сайтама дүүрэг дэх өөрийн гэртээ ирж амьдрах санал тавив. Энэ саналыг тавихаасаа өмнө тэрээр өөрийн эхнэртэйгээ ярилцан, зөвшөөрөл авсан байсан бөгөөд дөрвөн настай хүүтэй учир байр олох хүртлээ гэрийнх нь илүү нэг өрөөнд байвал хөл хорионы үед хоёр хүүхэд маань ч хоорондоо тоглоод дэмтэй юм гэлээ. Удалгүй чат ахиад дуугарч, Такүми (сан) гэрээ танилцуулсан бичлэг хийн мессэнжэрт илгээсэн байх нь тэр…

Зургийн тайлбар: Бидний амьдрах өрөө

Түүгээр зогсохгүй Такүми (сан) өөрийн компанидаа Төгсөөг (нөхрийн нэрийг ийн товчлов) ажиллуулах санал тавьж, одоо байгаа цалинг нь хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээнд өсгөхөө илэрхийлэв. Энэ нь тийм ч амархан шийдвэр байгаагүй бөгөөд компанид багагүй эрсдэл, хариуцлагыг нэмж байгаа хэрэг. Хамгийн гол нь Төгсөө өмнө нь IT чиглэлд ажилласан туршлага огт байхгүйн дээр, тэр чиглэлд сургууль байтугай сургалт ч төгсөөгүй байдаг. Харин Япон хэлийг Япон хүн шиг эзэмшсэн чадвар, англи хэлээр IELTS-ийн өндөр оноотойн дээр техникийн “авьяастай” нь түүнийг цаашид чадна гэх итгэлийг Такүми (сан)-д өгсөн байх. Ингээд гэнэт л бидний хамгийн хүнд асуудлууд бүгд нэг дор ид шидийн гэмээр арга замаар шийдэгдчих нь тэр. 

Харин одоо ааш нь ид “бадарч” яваа гурван настан маань айлд очоод ямар ааш аяг гаргах бол гэхээс яс хавталзаж, хөлс чийхарна. Угаас хүнд түвэг удах дургүй миний араншин, үл итгэх байдал, болгоомжлол минь энэ удаа аргагүйдээ дарагдаж, “Тохирох байраа олтол хамгийн сайнаараа хичээнэ дээ” гэхээс өөр зүйл дотор үл бодогдоно. 

-ТАКҮМИ (САН) БА ТҮҮНИЙ ГЭР БҮЛ-

Арал хотоосоо гарч, Токиотой нуруу залгаа Сайтама дүүрэг рүү хурдан галт тэргээр довтолгож байна. Ачаа бараагаа хүргэлтийн компанид даатгаад, өөрсдөө ганц өдрийн хэрэглээгээ багтаасан чемодантай л явдаг аж. Гадаа бороо уйлж, болиод л, ерөөс огт мэдэхгүй, танихгүй газар руу, “танихгүй хүмүүс рүү”, “танихгүй айл руу” зорино. Айдастай боловч баяр жаргалтай нөхөр бид хоёр хэсэг байгаад л бие бие рүүгээ харж, юу ч ярихгүй инээмсэглэнэ. “Юу л хийгээд байна даа, бид хоёр, за зүгээр дээ, хоёулаа ийм адал явдалд дуртай шүү дээ” гээд харцаараа ярилцаж байгаа нь тэр… Хорь, гучин хүний суудалтай нэг галт тэргэнд хоёр, гуравхан хүн л сууж явна. Байсхийгээд л нэг өртөөн дээр зогсох ч очсон газар бүр давтагдаад байх шиг нэг хэвийн саарал, шаргал, цагаан өнгийн байшингууд эрээлжлэн өнгөрнө… тэгж тэгж нэг ирлээ. 

Хурдан галт тэрэг өглөөний 10 цагаас хөдлөөд орой 17 цаг өнгөрч байхад Такүми (сан)-ы гэрийн ойролцоох өртөөн дээр ирж зогсох нь тэр. Японд өртөө болгон 24 цагийн дэлгүүр, худалдааны төв аятай элдэв эд хогшил бүхий шилэн хоргон дэлгүүрүүд, номын худалдаа, үргэлжид олон хүн бужигнаж байдаг хоолны газар, ундаа шүүс эрээлжлүүлэн өрсөн автомат машинуудтай. Нэг бүрчлэн ороод явчихвал галт тэрэгнээсээ хоцрох нь дамжиггүй. Гэхдээ сайн анзаарвал дандаа л галт тэргэнд суух гэж буй эсвэл яарч буй хүмүүст зориулсан эдлэлүүд байна…

Бороо орсоор л байв… Төгсөө Такүми (сан) хоёр байсхийгээд л утсаар ярьж, би энд зогсож байна, та хаана байна, тэрний хажууд уу, энд тийм юм харагдаж байна гэх мэт үгс Японоор урсгана. Тэгж тэгж, хүүхдийн суудал ардаа бэхэлж, дээгүүр нь борооны хамгаалалт бэхэлсэн унадаг дугуй түрсэн залуу эр инээмсэглэсээр тэрхэн тэндээс ирлээ. Төгсөө бид хоёртой харьцуулахад арай жижиг биетэй ч, оффисийн ажил хийдэг гэхэд ямар ч илүүдэл жингүй, алаг нүдтэй энэ залуу уулзсан даруйдаа л өөртөө тун чиг итгэлтэйгээр нэрээ тод хэлэн танилцуулчхаад, гэрээсээ шүхэр авч гараагүйдээ надаас уучлалт гуйгаад цааш алхав. Төгсөө тэр хоёр өчигдөрхөн уулзаад салсан мэт чанга чанга инээлдэн явах нь сонихон… 

Зургийн тайлбар: Анх тэднийх рүү алхсан зам

Хүн, машин, унадаг дугуйчид нь хэлэлцсэн юм шиг эвтэй найртай сүлжилдэн зөрдөг, төгсгөлд нь ихээ том солонгын зурагтай замын эцэст Такүми (сан)-ийн байр байлаа. Нэлээд орчин үеийн энэ байрны хоёр давхарт тэднийх байна. Хаалга онгойход нүүр дүүрэн инээмсэглэж, гэрийн шаахай бэлдэж зогссон тэр эмэгтэй бол миний хамгийн хайртай Япон хүн Мика (чан) юм. Тэр бүсгүйг анх харсан мөч энэ байв. Есөн сар гаруйтай, тулгар биетэй энэ эмэгтэй ирэх 10 хоногт надад ахуйн болоод сэтгэлийн “ажлуудад” тунчиг ихийг өөрийн биеэр үлгэрлэж, сургах билээ… Биднийг орж ширээний ард тухлахад аавынхаа өвөр дээр нүүрээ гараараа тагласаар ирж суугаад, 30 минут орчим тэр л чигээр ичимхийрсээр суусан хүү бол тун удахгүй айлын ганцаас айлын том гэх статуст шилжих гэж буй, дөрвөн настай Тамаки хүү байв. Тамаки цэцэрлэгт явдаг ч онцгой дэглэмийн үед гэртээ байгаа нь энэ. 

-ТЭДНИЙ БИДЭНД БЭЛДСЭН БЭЛГҮҮД-

Өдөржин холын замд явсан бид гуравт хоол идэх ямар ч боломж байсангүй. Үнэндээ Японы галт тэргэнд хоол үнэртүүлэн идэх, утсаар ярих нь тун бүдүүлэг. Бусдын орон зайд халдаж байгаа хэрэг л дээ. Иймд өлсөж алжаасан бид гурав орж ирсэн даруйдаа ширээний ард тухалцгаав. 

Ингээд тэд бидэнд зориулсан бэлгүүдээ нэг нэгээр өгч эхэллээ. Би л бэлэг гэж байгаа болохоос тэд үүнийгээ бэлэг гэж огт хэлээгүй юм шүү. Мисо шөлний болон будааны аяга, цайны аяга, таваг зэргийг юун түрүүнд нэг бүрчлэн худалдаж авчээ. Хүүд хүртэл хагардаггүй, хөнгөн цайны аяга сонгож, амсар томтойхон будааны аяга авсан нь сэтгэл гаргасныг илтгэнэ. Үгүй ер нь бэлдээд тавьчихсан байна гэдэг л сэтгэл… 

Дараа нь бидэнд хөнжил, гудас, дэр шинээр худалдан авснаа өгөв. Бага насны хүүхэдтэй гэж сонсоод гудсан дээр нь шээс нэвтрүүлдэггүй бүтээлэг тавьж, гадуур нь углааг нь хийжээ. Бас бороотой өдөр чийгтэй байж магадгүй гээд халуун үлээгчээр чийгийг нь сорон, хуурайлж байв. 

Оройн хоолны дараа Такүми (сан) өрөө рүүгээ явчхаад ирэхдээ Төгсөөд цоо шинэ, алтан ягаан өнгөтэй “Mac book” барьчихсан ирэв. Шинэ ажилд орж байгаа юм чинь шинэ компьютер бэлэглэж байгаа юм гэж тэр хэлэв. 

Үгүй, ер нь бид хаана ирчихэв ээ, яагаад ийм зүйл бидэнд тохиолдоод байна аа гэж бодохоос инээд хүрээд, итгэж өгөхгүй байснаа оройхон нь яриа жаахан халж эхлэх үед Такүми (сан) утасныхаа “Google translate” хэсэг дээр “Нөхөр чинь их сайн хүн учраас би дэмжихийг хүссэн юм” гэж бичээд зөвхөн надад харуулсан учир, ахин цаашаа шалгаахыг хүссэнгүй…

Бүх Япон хүн ийм гэж үү? гэвэл “үгүй л болов уу”. Хүнд төвөг удахгүй гэдэг шигээ хүнийг ч өөрт нь бүү төвөг болоосой гэж боддог орчин үеийн Япон хүмүүс нэг талаараа их “хүйтэн” гэж Такүми (сан) хэлсэн нь энэ асуултын минь хариулт болмоор…

-ХАМТРАН АМЬДРАХ ДҮРЭМ-

Тэр оройноо бид хамтран амьдрах дүрмүүдээ ярилцав. Дүрэм нь дүрэмгүй л байх. Яг л гэртээ байгаа юм шиг, өөрийнхөөрөө байх. Тус тусын өрөөндөө ороод хаалгаа хаагаад алга болчихвол хөндий учраас аль болох хамтдаа байлцаж, бие биедээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй бол болох нь тэр гэж Такүми (сан) хэлэв. Нээрэн л тийм. Манайд айлчилсан гийчин ч хаалгаа хаагаад үхсэн амьд нь мэдэгдэхгүй, өдөржин унтаад эсвэл таг алга болчихвол надад таатай байх билүү… Ер нь “Хэрвээ би гэртээ хүн байлгасан бол юу хүсэх байсан бол гэж бодон цаашдын өдрүүдийг өнгөрүүлэх нь зөв юм байна” гэж тэр үед шийдсэн юм. 

Гал тогооны хэсгийг ч ашиглахад дүрэм байхгүй, хүссэн үедээ, хүссэнээрээ ашиглаж болно. Гэхдээ оройн хоолыг Мика (чан) хийнэ. Өдөр өлсөөд, яахаа мэдэхгүй байвал Мика (чан)-д хэлж болно. Такүми (сан) амралтын өдрүүдэд бууз, банш, бифштекс, будаатай хуурга зэргийг өөрөө хийгээд хөлдөөчихдөг учраас өдрийн цагаар түүнийг халаагаад идэхэд л болчихно. Түүнийг идмээргүй, зөвхөн өөрөө л хийж идмээр байвал хүссэнээрээ хөдөлнө 

Угаалгын өрөөнд хоёр сагс байна. Нэгэнд нь хуурай угаалга хийлгэх, нөгөөд нь энгийн угаалга хийлгэх хувцасаа хуваагаад хийнэ. Угаасаа л угаалгын машинаараа угааж байгаа юм чинь санаа зоволтгүй хийж байгаарай гэж Мика (чан) инээмсэглэн хэллээ. Бидэнд гоо сайхны хэрэглэлүүдээ хийх сагс мөн л бэлдэж өгсөн бөгөөд хажууд нь цасан цагаан гарын алчуурууд өрж тавьжээ. Хүсвэл энэ цагаан алчууруудаас авч арчих, хүсэхгүй бол хагас боловсруулсан энэ цаасаар арчаарай гэлээ. Вирусийн үед гараа арчсан алчуураар нүүрээ арчих нь зохимжгүйн дээр, хэт цэвэрч хүн байвал нүүрээ алчуураар арчдаггүй гэдгийг Мика (чан) тооцоолжээ. Харин Тамаки, Ананд хоёрын алчуурыг тусад нь байрлуулж, тус бүрийнх нь дээр нэрийг нь гараар бичиж наасан нь өхөөрдмөөр. 

Гэр бүлийн гишүүд орой бүр усанд орох бөгөөд шүршүүрт орохын хажуугаар халуун устай ваннд хэсэг зуур хэвтэн алжаал ядаргаагаа тайлна. Халуун устай ванныг гал тогооны өрөөнөөс автоматаар удирдаж болдог учраас Мика (чан) хоол хийж дуусах үеэрээ автомат удирдлагаараа ваннд ус тосож, хоолоо хийж дууссаныхаа дараа хоолны үнэрээсээ салаад ширээний ард сууна. Нэг удаа дүүргэсэн халуун устай ваннд гэр бүлийн бүх гишүүд ээлжлэн ордог уламжлалтай бөгөөд өдөр бүр усанд ордог улсад угаас хир гэж байхгүйн дээр шүршүүрт орсны дараа ваннд ордог учир санаа зовох зүйлгүй. Ваннтай усанд долоо найман хүн ээлжлээд орно гэхээр миний санаанд бууж өгөхгүй байсан ч Такүми (сан) сайтар тайлбарлаж өгсний дараа их зөв шийдэл шиг санагдах болов. Ваннд сүүлийн хүн орох үед ус хөрчихсөн байдаг учир тусгай товчлуур дээр дарж халаадаг аж. 

Шүршүүрт орж байх хугацаанд харин ванныг тусгай тагаар таглан биеэ угааж буй бохир ус орохоос хамгаалдаг. Хэрэв хүсвэл ваннтай усанд алжаал тайлах ургамал бодис, хөөс зэргийг уусгадаг юм билээ… Мика (чан) усанд орсны дараа үсээ заавал сэнсдэж хатаадаг бөгөөд намайг ч бас хэрэглэж байхыг санал болгов. Гэвч би нөхрийг ажлаасаа ирсний дараа биеийн чилээгээ гаргахаар хүрээлэнд гарч, багадаа 30-40 минут гүйсний дараа, ихэвчлэн оройтож усанд орно. Энэ үед сэнс ашиглавал хэдийнэ унтчихсан Мика (чан)-ыг сэрээх вий гэхээс эмээнэ. 

Үсээ хатаахгүй гарч ирээд байгаа намайг анзаарсан Такүми (сан) Мика (чан)-тай ярилцсан бололтой, тэд нэг өглөөний цайн дээр “Мика (чан) газар хөдөлсөн ч сэрдэггүй учир унтсаны дараа чимээ гаргачихна гэж огт санаа зовж болохгүй, өөрийнхөөрөө бай. Хүүгээ ч гэсэн чимээгүй бай гэж их загнаад хэрэггүй шүү” гэж инээлдэн ярив. Мика (чан) газар хөдөлсөн ч сэрэхгүй, тийм бат бөх унтдаг нь сайн хэрэг ч удахгүй нярайлж, олон шөнө нойргүй хонох бүсгүйг сэрээчих вий гэх айдас арилсангүй, хэвээр л үлдсэн юм. 

Оройн хоолыг Мика (чан) хийж байх учир би оройн хоолны аяга тавгийг угааж, тэр хавийн цэвэрлэгээг хариуцан хийж байхаар тогтлоо. Аяга угаах гэдэг хоол хийхийн хажууд юухан билээ дээ.  Тэгээд ч энэ гэрт хийх ажил олдож л байвал надад баяр баясгалан юм.  

-МИКА ЧАН- 

Мика (чан) 14 хоногийн дараа эмнэлэгт хэвтэж, амаржихаар товлосон байв. Гэсэн ч тэр гэдэс нь л том болчихсон болохоос бие давхар гэх ямар шинжгүй. Өглөө 06.30-07.00 цаг гэхэд босоод ухаалаг эко угаалгын машиныхаа шөнөжин угаасан хувцас хэрэглэлүүдийг нэг бүрчлэн татаж, сэгсэрч хатаана. Мика (чан)-ы хатаасан ямар ч хувцасыг индүүдэх шаардлага гардаггүй. Бидний угаалгасан хувцасыг эгээ л дэлгүүрийн лангуун дээр тавих гэж буй мэт нямбайлан эвхээд сагсанд хийж, өглөө сэрэхэд өрөөний үүдэнд тавьчихсан байна.  

Мика (чан) өглөө гэр бүлийн бүх гишүүд (бид ч мөн орно)-ийг боссоны дараа “Арекса” гэж “Alexa”-г дуудан гэрийнхээ хөгжмөөр хөнгөн хэмнэлтэй эсвэл сонгодог аяз тавин бидний өглөөг эхлүүлнэ.

Зургийн тайлбар: Өглөөнөөс орой болтол энэ хөгжмөөр бид орчноо бүрдүүлдэг байв

Тэдний хоёр өрөө наран талдаа учир өглөөний нар бүх гэрийг гэрэлтүүлнэ. Тоос шороогүй, нарны гэрлээр дулаацсан, тайван, цэвэр агаар үнэртсэн гэрт өглөөгөө эхлүүлэхэд тэр өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж, эхлүүлэлгүй азнасан бүх төлөвлөгөөгөө яг одоо суугаад эхлүүлэхэд ч бэлэн тийм их эрчмээр цэнэглэгддэг билээ. 

Ингээд бид өглөөний цайгаа уусны дараа Мика (чан) ойрхон байх цэцэрлэгт хүрээлэнд Тамакиг салхилуулахын зэрэгцээ өөрөө ч хөдөлгөөн хийх зорилгоор алхахаар явна. Энэ хооронд би хэдхэн хоноод амаржих гэж буй ч бидний төлөө өөрийн орон зайгаас хуваалцаж байгаа Мика (чан)-ыг илүү цэвэрхэн орчинд байлгах, өөрийн амьдарч буй орчинг ч цэвэрлэх зорилгоор гэрийн цэвэрлэгээг амжуулна. Цэвэрхэн гэрийг л цэвэрлэж байгаа хэрэг. Үүн дээр нэмээд тоос сорох, шал угаахыг хүний гарын оролцоогүй хийчихдэг автомат машинууд нь бий учраас бүр ч хийх ажил олдохгүй. Нэг удаа сайн хүн болж гэрийнхээ өнцөг булангуудыг тоос сорогчоор соруултал Такүми (сан) тоос сорогчны чанга дуунд дургүй гэдэг санаагаа далдхан илэрхийлж, түүнээс хойш тоос сорогчинд нь гар хүрэлгүй, автомат машинд нь даатгах болсон билээ. Ингэж тоос арчсан өдрүүдэд Такүми (сан), Мика (чан) хоёр өнөөдөр гэрээ цэвэрлэсэнд маш их баярлалаа, маш том дэм болсон шүү гэж ёс юм шиг хэлнэ. Ийм талархлын үгний дараа юу ч хийгээгүй шахуу би ичнэ гэж жигтэйхэн.

Зургийн тайлбар: Бидний амьдарч байсан өрөө
Зургийн тайлбар: Ананд, Тамаки хоёр хөшигний ард нуугдаж байна

Мика (чан) жижиг биетэй, хөнгөн алхаатай, нүүрэнд нь үргэлж инээмсэглэл тодрон гэрэлтэх бөгөөд гэр бүлийн гишүүдийг гэрээс гарах, гэртээ ирэх бүрд цовоо дуугаар “Гэртээ тавтай морил, сайн яваад ирээрэй” хэмээн үдэж, угтана. Эсрэгээрээ гэрээс гарч байгаа хүн “Явчихаад ирье”, ирж байгаа хүн “Би ирлээ” хэмээн хүндэтгэлийн үгээр мэнд мэдэх нь Япон хүмүүсийн бас нэгэн нийтлэг соёл ажээ. 

Мика (чан) өдрийн цагийг хүү Тамакидаа зориулна. Хамтдаа ном унших, оригами хийх, зураг зурах, хичээлийг нь давтуулах зэрэг “чанартай цаг”-ийг зарцуулж, зочны өрөөний ширээн дээр багаар бодоход 1.30 цаг орчим тухлана. Одоо нэг өөрт зориулах завтай болсон Мика (чан) үргэлжлүүлэн өрхийн тооцооны дэвтрээ хөтлөх, баримтууд устгах эсвэл дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөх, компьтероо асаан аниргүй суух аж. Үүнийхээ дараа тэрээр буйдан дээр бяцхан дэр байрлуулан хагас хэвтээд нүдээ анин хэсэг амсхийх нь тун чиг эмэгтэйлэг бөгөөд хүчирхэг харагддаг юм. 

Оройн 16 цаг болоход хоолны бэлтгэл хийж эхлэнэ. Мика (чан) хоолоо ихэвчлэн интернэтээс эсвэл хоолны номон дээрээс харж хийх нь харагдана. Хоол хийхдээ үсээ шарсан хуурсан хоолны үнэрээс хамгаалах төдийгүй хоолонд үс орох вий гэж болгоомжлон шууж алчуураар боон, бүх биеэ халхалсан ханцуйтай хормогч өмсөнө. Энэ хоёроо өдөр бүр угааж, ариутгаад нямбайлан эвхэж хураана. Дөрвөн том хүн, хоёр хүүхдийн хоол багагүй. Ингэхдээ хоолонд үндсэн хэсэг буюу мах, банш зэргээс гадна заавал ямар нэгэн ногооны салат, будаа, мисо шөл зэрэг багтана. Заримдаа хоёр ч үндсэн хоолыг оройн хоолныхоо менюд төлөвлөсөн байдаг. Бүгд маш бага бага боловч бүгдийг нь идсэний дараа ямар их идсэнээ гайхаж суусан өдөр олон. Хоол хийх үеэр Мика (чан) бид хоёр “google translate” ашиглаж эсвэл Мика (чан)-ы англи хэлний номын тусламжтайгаар ойлголцон, би хоол хийх явцад чадлын хэрээр хуруу нэмэрлэж, хагас дутуухан боловч халуун дулаан яриатай цаг хугацааг өнгөрүүлдэг байв. Би Японоор харин Мика (чан) Англи хэлээр ярьж сурах хүсэлтэй тул аль алийг нь хольж солин, ичих санаа зовохыг мэдэхгүй хоорондоо ярилцсаар бид хоёр бие биенийхээ ажил мэргэжил, нөхрүүдийнхээ тухай, өөрсдийн хайрын түүхээ ярилцаж амжсан билээ. Бид хоёрын яриаг хэрэв нөхрүүд хөндлөнгөөс сонссон бол “хөх инээд” нь хүрэх л байсан байх даа…  “Ваташива монголиа дэсү” гэх нь холгүй яриа өрнөх ч бид хоёр хоорондоо ойлголцож байгаа нь хөгжилтэй…

Ийм ярилцлагын үед л би Мика (чан)-ыг жирэмсэний амралтаа авахаасаа өмнө хорт хавдартай хүмүүсийг асардаг сувилагч байсныг, өглөөний 08.00 цагаас орой 20, 21 цаг хүртэл ажиллаад, заримдаа хүнд өвчтөнүүдээс шалтгаалан хүүхдээ ч цэцэрлэгээс нь авч чадахгүй оройтуулдаг, бусдын төлөө өөрийн амьдралыг хойш тавин явдаг байсныг мэдэж билээ. Түүний маш цэвэрч, хөдөлмөрч зан түүний мэргэжилтэй нь нэг талаар холбоотой юм байна шүү дээ гэж бяцхан нээлт тэгэхэд хийв. Мөн Мика (чан) Такүми (сан) хоёр Төгсөө бид хоёрын адил дунд сургуулийн нэг ангийн сурагчид төдийгүй сургуулиа төгссөнөөс хойш олон жилийн дараах ангийн уулзалтын үеэр бие биедээ татагдах болж, гэр бүлж болж, үр хүүхэдтэй болсон гээд олон түүх минь яг адил гэдгийг мэдэж авсан юм. Сонин учрал шүү…

…Орой бүр ийм олон төрлийн хоолыг гар хуруу нь бүжиглэх мэт урлагтай, урамтай бөгөөд төвөггүйхэн бэлдэх Мика (чан)-ыг би хараад бахархана. Тэгэхээр л “Үгүй ээ, энэ чинь “аймаар” амархан” гээд нүдээ бүлтийлгэнэ. Надад хоол зааж өгөх тоолондоо “Ийм амархан, амархан байгаа биз, ингээд л болоо шүү дээ” гэж үнэн сэтгэлээсээ хэлнэ. Надад тэр хоолнууд нь үнэндээ амархан санагдахгүй. Хоол хийхэд угаасаа л хэзээ ч ялархдаггүй. Харин хийсэн хоолоо урлагтай таваглаад ширээгээ засах дуртай. Ширээ дүүрэн төрөл бүрийн хоолыг Мика (чан) маш хурдан, маш цэвэрхэн, маш амарханаар хийгээд дуусгачихдаг. Яг л хэн нэгэн үл үзэгдэх туслах хажуудаа зогсоочихсон юм шиг санагддаг байж билээ. 

Хоолоо хийж дууссан Мика (чан) хүүгээ аваад өдрийн алжаалаа тайлахаар усандаа орно. Шүршүүрт орохын хажуугаар халуун ваннд хэвтэж, үсээ хатаадаг учраас багагүй хугацааг угаалгын өрөөнд өнгөрүүлнэ. Мика (чан) ингээд өдрийн бүх ажлаа амжуулж, хоолоо хийж, гэрээ цэмцийлгэж, хувцас хунараа угааж, хүүхдээ салхилуулж, хичээлийг нь давтуулж, орой усанд нь оруулахдаа аль нэгийг нь нөхөр минь хийж надад туслах ёстой гэж огт бодохгүй. Такүми (сан)-ыг гэртээ ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн, ажилсаг үзэсгэлэнтэй эхнэр нь, хөөрхөн үр нь хүлээнэ. Гол нь Мика (чан) маань төрөхөд долоохон хоног үлдээд байдаг. “Ёо” гэж ганц ч хэлэлгүй энэ бүхнийг инээмсэглэн амжуулна гэдэг аргагүй хайрлам билээ. 

Оройн хоолоо нөхрүүд ажлаасаа ирсэн эсэхээс үл хамааран 19 цагт иднэ. Хоолны ширээний ард хоолны нарийн амт, түүний түүх, өдөр болж өнгөрсөн үйл явдлууд, хүүхдүүдийн талаар ярилцан, мөн илүү сайн танилцахаар бие биенээсээ элдэв асуултууд асуун өнгөрүүлнэ. Үндсэн хоол, салат нь ихэвчлэн том тавганд ширээний голд, тусдаа савхтай байж, гишүүд тус савхаар өөрийн тавганд хоолыг шилжүүлж аваад буцаан тавих ёстой. Гэвч Гэрэлмаа нэг л мэдэхэд бүх л хоол, салатны савхуудыг “түүсээр” хоёр, гурван савхтай болчихсон суух бөгөөд хэн нэгэн хоол нэмэхээр савх хайх үед үүнийг анзаарч, бид бүгд бөөн инээдэм болдог байлаа. Удалгүй би энэ алдаагаа засаж, заримдаа л ганцхан илүү савхтай суудаг болсон байв. 

Зургийн тайлбар: Нэг удаа хоолны дараа миний тавган дээр...

Хоолны дараа би аяга тавгаа угаахаар босох бол тэр гурав яриагаа үргэлжлүүлэн дэлгэх нь олонтаа. Такүми (сан) Мика (чан) хоёр хүүгийнхээ “Газрын зурган ном” дээрээс Монголыг олж, дээр нь байгаа сонирхолтой зургуудыг зааж, тайлбарлуулна. Монголын талаар юм асуух тоолонд Төгсөөгийн нүд нь сэргэн, нэг их урт тайлбар хэлнэ. Тэгэх бүрд тэд үнэн сэтгэлээсээ  гайхаж, бодлогширно. 

Зургийн тайлбар: Япон айлд байсан ном дээр Монголын тухай... Баруун дээд буланд байгаа хоолны зургуудаас тэд хуушуурыг нь идэж үзэхийг хүссэн тул бид нэгэн амралтын өдрөөр хийж өгсөн билээ.

Оройн хоолны дараах цэвэрлэгээ дууссаны дараа Мика (чан) талархал илэрхийлээд унтахаар хэвтэх үед 21 цаг болсон байна. Унтахдаа хүүгээ заавал өрөө рүүгээ авч орох бөгөөд эрт унтаж, эрт босдог тэдний энэ зуршлыг ч мөн өөртөө авч хэрэгжүүлэхийг их хүссэн ч одоогоороо чадаагүй хэвээр л байна. 

-ТАКҮМИ (САН)-

Мика (чан) Тамаки хоёрыг өрөө рүүгээ орсны дараа Такүми (сан) ч мөн өрөө рүүгээ явж, тэд гэр бүлийн “алтан цаг”-аа өнгөрүүлдэг бололтой, хэсэг хугацааны дараа Такүми (сан) өрөөнийхөө гэрлийг унтраагаад гарч ирнэ. Тэр хоёрыгоо унтах хүртэл нь хань болчхоод ажлаа хийхээр гарч ирж буй нь тэр… 

Такүми (сан) тун эрч хүчтэй, идэвхтэй, догь, өөртөө тун итгэлтэй бас зоригтой нэгэн. Өөрийн бизнесийг дөнгөж шинээр эхлүүлээд байгаа тул энгийнээс илүү их хугацааг ажилдаа зарцуулах шаардлагатай үе нь ирээд байгаа. Такүми (сан) хүүхэдтэй учраа сайн олдог бөгөөд Анандтай анх уулзахдаа л нүд рүү нь харж байгаад нэрийг нь хэлэхэд бүрэг даруу Ананд маань баахан инээж, түүнээс хойш их л “талтай” байх болов. Чөлөөтэй зогсох зав олдох л юм бол Анандтай эсвэл Тамакитай “ноцолдож” байгаа харагдана. Биднийг ирсэн анхны өдөр шууд л Ананд, Тамаки хоёрыг аваад усанд орохоор угаалгын өрөөний хаалгыг хаачихаж билээ. Тэгснээ бид хоёрыг дэлгүүр явж, гарч салхилж, өөрсдөдөө цаг гаргаж болно шүү, би Анандыг хариуцаад үлдье гэхэд нь өнөөх гайхшрал улам лавширч байсныг санадаг юм. 

Мика (чан) гэрийн бүх ажлыг амжуулж Такүми (сан) яг л зочид буудалд байрлаж байгаа мэт санагдаж болох ч, бас “үгүй ээ”. Такүми (сан) амралтын өдрийн өглөө хүүгээ аваад явж явж ирнэ, дэлгүүр хоршоо, цэцэрлэгт хүрээлэн зэргээр салхилуулж байгаад ирэх хооронд Мика (чан) цагийг өөртөө зориулан хүссэн бүхнээ хийнэ. Дэлгүүр явж ирэхдээ ирэх долоо хоногийн хүнсний гол материалуудыг цуглуулж, банш, бифштекс, будаатай хуурга, төмсөн шаржигнуур зэргийг хийн хөлдөөж, эхнэрийнхээ ажлыг хөнгөвчилнө. Мика (чан) ажлын өдрүүдэд заримдаа эдгээр хоолыг хөргөгчнөөс шарх шүүгээнд хийн гэсгээж, шууд шарж хэрэглэнэ. Мэдээж намайг ч хүссэн үедээ үүнийг хэрэглээрэй, та нарт зориулж ийм ч юм бэлдлээ, тийм ч зүйлийг авлаа хэмээн ярина. 

Амралтын өдрийн өдөр, оройн хоолыг Такүми (сан) бүгдийг нь хийнэ. Тэр хоол хийхдээ тун чадварлаг. Аав нь хоолны газар ажиллуулдаг, тогооч мэргэжилтэй хүн учраас багаасаа л хоол хийх урлагт суралцжээ. Тиймээс хоолыг Мика (чан)-аас дутахгүй, хөнгөн, хурдан хийнэ. “Та хоёрын хэн нь сайн хоол хийдэг вэ” гэж асуухад Такүми (сан) “Сүүлийн үед Мика (чан) сайн болоод байгаа” гэж хариулсан. 

Мөн Такүми (сан) амралтын өдөр хүүгээ усанд оруулах, хамт тоглох гээд бүх ажлыг хариуцан, угаалгын ажлыг л “Мика (чан) өөрийн тусгай аргаар угаадаг юм” гээд хойш сууна. Мика (чан) үнэхээр л угаалгыг өөр өөр жороор, өөр өөр хугацаагаар “тусгайлан” хийдэг билээ. 

Харин манай гэр бүлийнхэн амралтын өдрөөр өдөржин байр үзэхээр гарна. Японы байр зуучлалын компаниуд зуучлалын хөлсөнд өндөр төлбөр авах бөгөөд түүнийхээ хэрээр сайн үйлчилгээ үзүүлнэ. Зуучлалын компани дээрээ мөлхөөд ч болтугай очсон л бол цаашаа унах унаа, уух усыг хариуцаад өдөржин дагуулаад явчихна. Ингээд байраа тогтож, гэрээгээ хийхээр болвол бид алба юм шиг зуучлалын компанийн ажилтанг Такүми (сан)-тай утсаар яриулна.

Такүми (сан) өөрөө “Яриулаарай” гэсэн учир тэр л дээ. Япон хүмүүс л хоорондоо ойлголцох “хэл”-ээр хэсэг ярилцсаны дараа бидний зуучлалын хөлсийг 50 орчим хувиар бууруулсан байв. Монголчилбол, “Хөгшөөн, хөөрхий гадаад хүмүүс короновирусийн үед хэцүү байгаа, жаахан яриад өгөөч” гэсэн юм болов уу.

Такүми (сан)-ы тусыг нэг бүрчлэн бичвэл дуусахгүй. Ажлын эхний сар гэр орноо тохижуулах, бичиг баримтуудаа дүүрэгт бүртгүүлж, цэгцлэхээс эхлээд олон ажлуудыг амжуулах цалинтай чөлөө өгч, бид гурвыг нүүхээр явахад өөрийн болон компанийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж, өөрсдөд илүү байгаа цасан цагаан өнгийн хөшигнүүд, тогоо, хоолны саваас эхлээд мөнгө үрэхийн оронд хэрэглэж болно гэсээр баахан туслалцаа үзүүлэв. Бид хоёр ч аав ээжийн гэрээс л тусдаа гарах гэж буй хүүхдүүд шиг юм боллоо. Түрээсийн байранд анх удаа ороход нийт Монгол мөнгөөр 7-8 сая орчим төгрөг, түүнээс гадна хов хоосон байранд орох тул ойр зуурын тавилга хэрэгсэл, наанадаж л угаалгын нунтаг, саван бок, хүнс гэсээр багадаа л 10 гаруй сая  шаардагдаж байсан учир эхний ээлжинд байгаа зүйлсээрээ болго гэсэн Такүми (сан)-ы санаа зөв байлаа. 

Арван хоног хамтдаа амьдарч, маргааш өглөө бид гурав шинэ байр руугаа нүүхээр боллоо. Нүүхийн өмнөх орой, Мика (чан), Тамаки, Ананд гурвыг унтсаны дараа Такүми (сан) Төгсөө бид хоёрыг дуудаад цаас харандаа гарган нэгэн асуудлыг нухацтай ярихаар суулаа. Тэр нь өрхийн тооцоо байв.

Одоо бид хоёр хэдэн төгрөгийн авлагатай вэ, хэдэн төгрөгийн өглөгтэй вэ, хэдэн төгрөгийн хадгаламжтай вэ, хэдэн төгрөгийг сард зарцуулах вэ, эхний саруудад юунд мөнгөө үрж болох бас үрэхгүй вэ гэх мэт тооцооллыг бид хоёртой хамт хийж, хамгийн сүүлд нь нэг сая “ээн” (японы мөнгөн тэмдэгт)-ий хадгаламжтай болж байж, хэрэггүй зүйлсэд мөнгө үрэх эрхтэй болно шүү гэж хэлээд өөрийн туршлагыг илэн далангуй ярив. Хүний нутагт өвдвөл, зовбол, гэнэтийн асуудал гарвал багадаа л нэг сая ээн буюу монгол мөнгөөр 25-26 сая төгрөг бэлэн байх ёстой гэв.  Мөн Мика (чан) манай шинэ байрны ойролцоох газрын зургийг нэг бүрчлэн шүүж, бидэнд хямдрал зарладаг болон чанартай бараатай ч арай хямд үнэтэй дэлгүүрүүдийг зааж, цохож өгөх нь тэр.

Оффисийн өрөөнөөсөө анх утсаар ярьж, гэрийнхээ бичлэгийг хийн явуулж байсан танихгүй хүн, Такүми (сан) харин өнөөдөр төрсөн ах шиг минь элэгсэг дотно санагдах болжээ. Такүми (сан) одоо бидний хамтран амьдрагч биш, нөхрийн ажлын захирал. Тийм хэдий ч бидний хамтдаа өнгөрүүлсэн 10 хоног хүний амьдралд тэр бүр тохиогоод байхгүй сонихон мэдрэмжүүдээр дүүрэн байсан тул ажлаас гадна, өөр нэгэн нандин сэжим биднийг холбосоор байгаа билээ.

ТАМАКИ – МИКА (ЧАН) МИНЬ ЯДАРСАН БАЙХ ДАА

Нийтлэлийн төгсгөлд бидний 10 хоногийн “аялал”-ын хамгийн хэцүү хэсгийг цөөн үгээр дурдъя. Хөл хорионы үед ганцхан насны зөрүүтэй хөвгүүд ашгүй ханьтай болж, хоорондоо тоглоод сайхан байх нь ээ гэсэн бидний таамаг буруу байлаа. Тамаки Ананд хоёр учраа олохгүй байсаар 10 хоног өнгөрөв. Хэн хэн нь айлын ганц хүү, цэцэрлэгт яваад удаагүй, сайн нийгэмшээгүй байхад нь хөл хорио тогтоож, ахиад л гэртээ сууцгаачихсан, ид дураараа, ид ааштай, ид өөрийнхөөрөө зөрүүдэлдэг насны хоёр жаал. Хэн хэндээ бууж өгсөнгүй, хэн хэндээ найр тавьсангүй. Нэмээд хэлд хараахан ороогүй ч англиар өөрийгөө ойлгуулдаг Ананд, японоор ярьдаг Тамаки хоёрт хэлний бэрхшээл нь хамгийн том асуудал байв. 

Тэд хамтдаа 10 минут тогловол их хугацаа. Үгүй бол Тамаки арай томоороо тоглоомыг нь булааж, Ананд уур нь хүрэхдээ Тамакиг цохих, хэн хэн нь бачимдахдаа ээж ээжрүүгээ гүйх, орилж, хашгирах, тоглоомоо булаацалдах нь хэцүү. Энэ бүрд Мика (чан) Тамакиг хөтлөн ирж Анандаас надаас уучлалт гуйж, уучлалт гуйлгана. Хэзээ ч хүүхэд шүү дээ гэж Тамакиг өмөөрөхгүй. Ингэх тоолонд нь би “Үгүй харин ч бидний буруу” гэж ээжүүд нь хүүхдийнхээ өмнөөс уучлалт гуйсаар өндөрлөнө. Би тэдний гэрт амьдарч байгаа билүү, тэд миний гэрт амьдарч байгаа билүү гэж бодогдтол найр тавина. 

Нэг орой Мика (чан) өрөө рүүгээ унтахаар орохынхоо өмнө дугтуйтай захиа гарт минь бариулчхаад яваад өгөв. Япон хэл дээр, цэвэр гаргацтайгаар эрийлгэн бичсэн тэр захиаг нөхрөөрөө уншуулбал “Жаахан хүүхэдтэйгээ айлын гэрт хэцүү байгаа байх даа. Гэр орон цэвэрлэнэ гэж битгий өөрийгөө хүчлээрэй. Би гэр цэвэрлэж, угаалга хийх дуртай учраас л байнга хийж байдаг юм. Өөрийнхөө дураараа байгаарай, бид хамтдаа амьдарч, энэ гэрийг хуваан хэрэглэж байгаа шүү дээ. Дүүтэй байж үзээгүй Тамаки өөрөөсөө бага насны хүүхдийг дээрэлхээд байх шиг санагдаад байна. Үнэхээр уучлаарай” гэх мэтээр сэтгэлийн үгсээ бичсэн байв. 

Мика (чан) одоо дөрөвхөн хоногийн дараа төрнө. Гэтэл бусдын тав тухыг, бусдын сэтгэлийг л амар амгалан байлгах гэж хичээсээр л. Илүү их сэтгэл хөдөлгөм үгстэй түүний захидлыг сонсоод дэмий л нулимс цийлэгнүүлэв. Зовлоноо ил гаргаж, бусдын жаргал баяр баясалд саад болохгүй гэдэг Япон философийг Мика (чан)-аас яг мэдэрч билээ. Унтаж буй муурыг сэрээхгүй гэж кимоногоо тасдаж буй зураг огтхон ч хэтрүүлэг биш гэдгийг эдгээр өдрүүдэд үгээр хэлж тайлбарламгүйгээр дотооддоо ойлгож, сэрсэн нь энэ байв…

Зураг: 2020.08.09

…өнөөдөр 2020.08.09. Такүми Асай (сан)-ы гэр бүлд бяцхан охин мэндлээд хоёр сар болсон байна… Бид өнгөрсөн амралтын нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх үеэр уг нийтлэл, зургуудыг олон нийтэд хүргэх зөвшөөрөл гэр бүлээс нь албан ёсоор авсан гэдгийг энд цохон тэмдэглэв. Энэ өдөр миний төрсөн өдөр таарсан тул тэд бас л надад бэлэг боон бэлдсэн байх нь тэр... Ахин уулзахад таатай байлаа...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
orgil
orgil
8 сар 10, 2020 10:28

yamar ch mundag zaluus yum yasan ch goe bichdeg yum

Зочин
Зочин
8 сар 10, 2020 17:07
Reply to  orgil

Харин тиймээ.Ямар гоё уран сайхан бичдэг юм бэ???????

Зочин
Зочин
8 сар 10, 2020 11:48

Япон хүний зарчим, ухаан, соёл ч гайхамшигтай юм даа

Зочин
Зочин
8 сар 10, 2020 12:41

Yostoi unshuustai sonirholtoi saihan niitlel bolsn bn

Zochin
Zochin
8 сар 10, 2020 13:50

Ypon humuus ch yostoi iim l baidag baihdaa gej bodogdchihloo. Aihtar ajilsag tseverch.

IrgenЗочин
IrgenЗочин
8 сар 10, 2020 17:42

Mongol hev shinj dastalaa hetsuu l yum b.a

Зочин
Зочин
8 сар 12, 2020 10:32

Япончууд нээрэн өөр шүү!

Зочин
Зочин
8 сар 10, 2020 18:44

Ийм сайхан, хүнд ухаар�##� бэлэглэсэн, үлгэр жишээ авах сайхан нийтлэлүүд олныг нийтлээрэй.

Зочин
Зочин
8 сар 10, 2020 20:04

Япон хүмүүжил мундаг байна шүү

Намаэ
Намаэ
8 сар 11, 2020 00:30

Бид арай дэндүү биеийнхээ амарыг харж, биеэ оторлодог. Гэтэл эд нар маш ухаантай, бүгдийг хойргошоолгүй нарийн тооцоолж хийдэг.

Зочин
Зочин
8 сар 11, 2020 01:59

Gaixaltai tuuxig urnaar siljee!!!

ухаан
ухаан
8 сар 11, 2020 06:25

aj jargal husii ta nart

Зураач ах
Зураач ах
8 сар 11, 2020 07:48

Маш сайхан сэтгэгдэл төрлөө. Япон хүмүүс хүйтэн л гэдэг худлаа юм байна !

Суугий
Суугий
8 сар 11, 2020 08:59

Зөв замаар явахад зөв л хүнтэйгээ учирдаг бололтой. Үнэхээр гоё бичсэн бна. Дараа Япон гэр бүл манайд 10 хонолоо гээд бичих өдөр ирнэ байхдаа Аз жарг�##� хүсье сайхан гэр бүлд нь ????????????

zochin
zochin
8 сар 11, 2020 15:28

Upon hvmvvs vnench setgel saitai saihanhvmvvs shvv vneheer ard tvmnee gesen setgeltei saihan tortei

Unshigch
Unshigch
8 сар 11, 2020 20:02

Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh sain saihan byhniig hysen erooe

Марал
Марал
8 сар 11, 2020 21:04

Бидэнд х�##�уун дулаан чин сэтгэлээсээ ханддаг багшийгаа саначихлаа.

Зочин
Зочин
8 сар 12, 2020 11:25

сайхан бичжээ гэхдээ сан чан гэдгээ ха�##�танд хийж тэр болгонд түр зогсож дахин унших нь холбоо үгийн хувьд маш түвэгтэй юмаа дараа бичихдээ хамдаа бичээрй

Жагаа
Жагаа
8 сар 12, 2020 13:49

Сайхан нийтлэл уншлаа.

luna
luna
8 сар 12, 2020 14:24

saihan niitlel bichsend bayarlalaa amidraliin hev mayag dree bodoj tungaah ih zuiltei uldlee

Solongo
Solongo
8 сар 13, 2020 22:40

Ee zaluus mini hunii gazar ingej humuunii sain saihnyg suraad ireerei gej husie...mundag mash sain niitlel boljee

Зочин
Зочин
8 сар 14, 2020 02:01

Uilah gej bna. Bayarlalaa japanuudaa

Mika chanii fan.
Mika chanii fan.
8 сар 16, 2020 01:59

Mika chan ohintoi bolsond bayar hurgej, mongol zaluust maani sain handaj,olon zuiliig uhaaruulj,oilguulj, medruulsend ni talarhlaa ilerhiilj,setgeliin ugee heleh yumsan. eur ni jp uud iim setgeltei ard tumen shu.hundlehgui baihiin argagui

Зочин
Зочин
8 сар 16, 2020 17:27

Ваав охинтой болсон юмуу. Баяр хүргэе!
Нийтлэл уншаад Микачанд бүр хайр хүрчихлээ

Зочин
Зочин
8 сар 16, 2020 17:25

Япон эмэгтэйчүүдийг үнэлдэг шүү. Ёстой ёо гэхгүй, сэтгэлийн тэнхээ ихтэй

уншигч
уншигч
8 сар 17, 2020 12:49

Wow, мундаг бна аа, энэ япон гэр бүл.Мнай 3 маань ч гэсэн хүний ач тусыг сэтгэлийг сайн ойлгож, хичээжээ, сн бна.

Зочин
Зочин
8 сар 18, 2020 18:48

eej maani ene yapon emegtei shig hunii tuluu buhniig yas beldej beleg uguh durtai hun bj bilee

зочин
зочин
5 сар 9, 2021 09:43

өглөө босоод сайхан энергитэй өгүүлэл уншсан тул сэтгэл өөдрөг болчихлоо .дандаа хар бараан зүйл өшөө хорсол сонссоор байгаад сэтгэл гутр�##� ирээдүй бүрхэг санагдаж байсан юм япон хүмүүсийн амьдр�##�ын ухаан баялаг юмаа

Гайхалтай
Гайхалтай
5 сар 9, 2021 11:08

Сайхан хумуусийн сайхан харилцаа ийм ажээ. Гайх�##�тай бичжээ. Япон, монгол ялг�##�гуй сайхан з�##�уусын 10 хоногийн нэг гэр, нэг тогооны учр�##� улам дэлгэрэх нь гарцаагуй ээ. Ийм тохиол элбэг бус ховор нь даанч харамсмаар. Арьсны онго, торсон, оссон орчин, хэл, шашин, уламжл�##� оор болохоос дэлхийн хумуус ялгаа тун бага, дайсагн�##�цаад, тэрсэлдээд байхааргуй дээ. Гэтэл гаднаа тодийгуй гэртээ дайсагн�##�цан амьдрах нь дийлэнх байсаар...

зочин
зочин
5 сар 9, 2021 18:09

монголчууд гэлтгүй нийт хүмүүст ухаар�##� төрүүлсэн сайхан нийтлэл бичжээ. Уншаад байхад нэг тийм жирийн сайхан з�##�уусын амьдр�##�ыг өгүүлсэн зохиол уншаад байгаа юм шиг тийм сайхан сэтгэгдэл төрлөө. гэхдээ энэ зохиол биш өнөөгийн з�##�уусын бодит амьдр�##� юм. илүү олон хүн уншаасай

Маяк
Маяк
5 сар 9, 2021 22:31

Эдгээр сэтгэгдлүүдийг тэдэнд орчуулан уншиж өгөөрэй. Ажил амьдр�##�д нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
5 сар 13, 2021 17:04

Сайхан нийтлэл байна шүү, хэн хэнийх нь гэр бүлд аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэе,

Холбоотой мэдээ

Back to top button