ОУ-ын Физикийн олимпиадын хүрэл медальт Д.Хонгор: Эх оронд маань инженерүүд ховордсон байна

Олон улсын 50-р Физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж, орон орны аваргуудаа шалгаруулаад байна. Тэдний дундаас монгол сурагчид маань урд жилүүдтэй харьцуулахад үнэмлэхүй амжилт үзүүлж, хоёр хүрэл медаль хүрсэн билээ. Бид хүрэл медалийн эзэн, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн төгсөгч Д.Хонгортой ярилцаж, ОУ-ын олимпиадыг сонин хачны тухай болон физик хэмээх сонирхолтой шинжлэх ухааны талаар дэлгэрэнгүй хуучилсан юм.

-ЯМАР Ч ЗАВСАРЛАГАГҮЙГЭЭР ТАВАН ЦАГИЙН ДОТОР ГУРВАН БОДЛОГО БОДДОГ-
-ОУ-ын Физикийн олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. ОУ-ын шинжтэй олимпиадын бэлтгэлд үүнээс өмнөх жилүүдэд гарч байв уу?
-Гарч байсан шүү. Энэ жил ОУ-ын Физикийн олимпиадад хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Үүний өмнө 11-р ангид байхдаа буюу ноднин мөн шалгарч, Португаль улсад зохион байгуулагдсан 49-р олимпиадад оролцож, шагналт байранд шалгарч байсан. Маш их туршлага суусны үндсэн дээр энэ жилийн олимпиадад амжилтаа ахиулсан.
-Энэ жилийн олимпиад Израиль улсад зохион байгуулагдсан. Монголоос оролцсон багийнхнаа танилцуулаач?
-Таван хүний бүрэлдэхүүнтэй оролцдог. Ноднингийн багт би ганцаараа 11-р анги байсан учраас тэд бүгдээр энэ жил төгсчихсөн. Хоёр жил дараалж оролцож байгаа надаас өөр хүн байхгүй гэсэн үг. Энэ жилийн багийнхнаа танилцуулбал, Сант сургуулийн сурагч Д.Итгэл, С.Бат-Оргил нар болон, 1-р сургуулийн сурагч Б.Цолмон, 11-р сургуулийн сурагч С.Сайханбилэг бид тавуул оролцсон.
-Өөрөө хоёр жил дараалж оролцсоноороо онцлог байна. Энэ жилийн олимпиад ямар онцлогтой зохион байгуулагдсан гэж харсан бэ?
-50-р олимпиад гэдэг утгаар нь маш чухалчилж, хоёр гурван жилийн өмнөөс бэлдсэн гэж хэлж байсан. Тийм болохоор бодлогуудаа харьцангуй хүндрүүлж зохиосон. Ялангуяа онолын бодлогууд маш шинэлэг, сонирхолтой бөгөөд хэцүү хийгдсэн байсан. Үүнтэй бусад орны хүүхдүүд ч мөн санал нийлэх байх.
Онолын бодлогуудын хувьд хэдийгээр хүүхэд сайн бэлдсэн байлаа ч мэддэггүй сэдвээр нь ирэх магадлал бий. Бодлогын эхэнд байдаг зохиогчийнх нь тайлбарыг сайн уншиж ойлгоод, дараачийн асуултууд руугаа орох хэрэгтэй.
-ОУ-ын олимпиадууд онолын болон практикийн гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулагддаг. Шалгалтын үйл явцын талаар ярьж, сонирхуулбал?
-Хамгийн эхлээд онол бодлогын хэсэг явагддаг. Таван цагийн дотор гурван бодлого бодно. Нэг бодлого тус бүр нь дотроо 10-20 асуулттай. Энэ жилийн бодлогын хувьд унаж буй пүршний ер бусын үзэгдлийг судлах, бичил долгионы зуухны ажиллагааг судлах, өндөр температуртай орчинд дууны долгион хэрхэн тархдагийг судлах гэсэн гурван бодлого орж ирсэн. Сурагч бүр аль ч бодлогоосоо эхэлж болно, миний хувьд сүүлчийн бодлогоосоо эхэлж бодсон. Ямар ч завсарлагагүйгээр таван цагийн турш гурван бодлогын 60 орчим асуултад хариулдаг гэсэн үг.
Харин практик хэсгийн хувьд мөн адил таван цагийн хугацаанд гүйцэтгэдэг. Хоёр тусдаа туршилтат ажил өгөгдөнө. Энэ жил лазер туяа ашиглаж олон янз дээжийн шинж чанарыг судлах болон цахилгаан, дулааны хамаарлыг судлах практик ажлууд орж ирсэн. Онол, практикийн хэсэг нь дундаа нэг өдрийн зайтай явагдсан.
-Зөвхөн шалгалтын үйл явцаас гадна өөр сонирхолтой арга хэмжээнүүдийг явуулдаг гэж сонссон?
-Шалгалт маань хоёр өдөрт нь л явагдаж байгаа учраас үлдсэн өдрүүдэд нь аялал, зугаалгаар их явуулсан. Миний хувьд биднийг Сөнөсөн тэнгист аваачихад маш их догдолсон санагдаж байна. Живэх боломжгүй, үргэлж хөвдөг, маш их давстай тэнгис юм билээ. Мэдээж өөр орны оролцогчидтой танилцаж, санал бодлоо хуваалцана. Өмнө жил хамт оролцож байсан гадны хүүхдүүдтэйгээ энэ жил таарсандаа баяртай байсан. Өөрөө орос сургуульд сурдаг болохоор, орос хүүхдүүдтэй нэлээд дотносч амжсан.
-Хоёр дахь удаагаа оролцоод хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуудуулахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Ер нь дүнгээ сонсоод бага зэрэг гайхсан. Би өөрөө алдаа гаргадаг хүн л дээ. Энэ жил тодорхой алдаанууд гаргаснаа бат мэдэж байсан. Тийм болохоор жаахан сэтгэлээр унасан байсан ч, дүнгээ сонсоод тайвширсан гэж хэлж болно. Биднийг Израйльд буумагц гар утас, цахим хэрэгслүүдийг хурааж, мөн багш нараас маань тусгаарласан. Шалгалтын үйл явц болж өнгөрсний дараа утсаа хүлээж аваад, багш нараасаа дүнгээ мэдчихсэн байсан.
Өмнө жил тусгай байр авч байхдаа, “Медаль зүүж үзэх ямар байх бол?” гэж бодож байсан. Гэтэл яг медалиа хүртсэнийхээ дараа мэдээж баярлаж догдолсон хэдий ч, яагаад ч юм санаа амарч, тайвшрах шиг болсон. Гэхдээ медаль зүүх хамгийн сайхан мөч биш, харин бэлтгэл хийж сонирхолтой бодлогууд бодож байсан процессууд л хамгийн дурсамжтай, аз жаргалтай байсан.
-Амжилтаа чамласан уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Гэхдээ өөрийгөө ямар алдаанууд гаргаснаа сайн мэдэж байсан учир бага зэрэг сэтгэл дундуур байх нь байсан. Чадсан гэж бодсон зүйлс дээрээ хүртэл алдсан байсан. Тэдгээрийгээ ядаж хийсэн бол мөнгөн медаль руу орох боломжтой байсан юм билээ.
Төгс хүн гэж байдаггүй, хүн бүр алддаг болохоор сэтгэл хангалуун байгаа.

-ГАДНЫ ХҮҮХДҮҮД ХОЁР, ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨӨС СОНГОГДОЖ БЭЛТГЭЛДЭЭ ГАРДАГ-
-Монгол хүүхдүүд онолын хэсгээ сайн гүйцэтгэдэг ч, практик хэсэг дээрээ оноо алддаг гэх яриа бий.
-Тэгж ойлгох боломж бий. Томоохон гүрнүүд техник технологийн хөгжил сайтайгаа дагаад сурагчдаа олон улсын стандарт хангасан тоног төхөөрөмжүүд дээр сургаж, практик хэсгийн бэлтгэл хийлгэдэг. Бидний хувьд ч мөн дутахгүй янз бүрийн багажуудаар туршилт хийж дадаад явдаг. Ер нь тухайн жил ямар практик даалгавар тавигдсанаас л бүх зүйл шалтгаалдаг. Бас тухайн цаг мөчийн нөхцөл байдлаас хамаарна шүү дээ.
-Шалгалт үргэлжлэх хугацаанд ямар зүйлс хүндрэлтэй байсан бэ?
-Хамгийн чухал зүйл бол сэтгэлзүй. Шалгалт эхэлмэгц хонх цохиж, хүүхэд тус бүрийг тусгаарлан, хаалттай кабинд оруулдаг юм. Тэндээсээ таван цагийн турш гарахгүй. Нэг цаг өнгөрөх бүрт хонх цохин мэдээлнэ. Шалгалтын материал дор хаяж 20-30 хуудас цаас ирдэг учраас тэр бүгдтэй эмх цэгцтэй харьцах маш асуудал болдог. Сандарсан хүүхэд материалаа энд тэнд нь оруулж тарааж байрлуулаад, дараа нь хэрэгтэй цаасаа олохгүй төөрөх гэх мэт хүндрэлтэй зүйлс тохиолдох нь бий.
-Нийт есөн хоногийн Израиль улсад өнгөрүүлсэн гэлээ. Эдгээр өдрүүдээс хамгийн сэтгэлд хоногшсон дурсамжаа хуваалцаач?
-Сөнөсөн тэнгист очиж үзсэн тухайгаа сая ярьсан. Үүн дээр нэмээд завиар хийсэн аяллаа дурьдмаар байна. Өөр орны хүүхдүүдтэй завиар аялал хийж, хоорондоо уралдсан гэж хэлж болно.
Бид хамтдаа Иерусалим гэх мэт Израиль улсын бусад хотуудаар зочилж үзсэн. Энэ улс орны түүхэн замналын талаар багагүй зүйл мэдэж авлаа. Автобусаар явах бүртээ түүхэн мэдээллүүдтэй танилцаж явсан, их баялаг түүхтэй сайхан улс байна лээ.
-Ерөнхийдөө Хятад, Өмнөд Солонгос гэх мэт Азийн орнууд шинжлэх ухааны олимпиадуудад амжилттай оролцож байгаа нь ажиглагддаг. Амжилтын нууц нь юунд байдаг юм бол?
-Ихэвчлэн Хятад, Өмнөд Солонгос болон ОХУ-ын сурагчид их сайн оролцдог. Тэд тооны хувьд маш олон хүүхдүүд дундаас шилэгдэж гарч ирж байгаа. Миний мэдэхийн орос сурагчид бол хоёр, гурван жилийн өмнөөс шилэгдэж тодроод, бэлтгэлдээ гарч эхэлдэг. Хятад хүүхдүүд бүр ч өмнө сонгогддог гэж сонссон. Урт хугацааны туршид өндөр бэлтгэл хийсний дүнд амжилттай оролцдог гэж бодож байна.
-Манай монгол сурагчдын хувьд хэдий хэр хугацааны өмнөөс сонгогдож, бэлтгэлдээ гардаг юм бэ? Бэлтгэлийг ямар багш нарын баг бүрэлдэхүүн удирдаж явуулдаг вэ?
-Оролцох жилдээ сонгогддог. Сонгогдохоосоо өмнө тухайн хүүхэд багагүй тооны олимпиадуудад оролцож, физикийн шаардлага хангахуйц мэдлэг хангасан байх нь ойлгомжтой. Тэгээд дүүрэг, нийслэл, улсын олимпиадаас шалгарсан сурагчид дундаас ОУ-ын олимпиадад оролцох таван сурагчийг сонгодог юм.
Бидний хувьд Монгол улсын их сургууль ОУ-ын олимпиадын бэлтгэлийг хариуцаж авдаг. М.Ганбат, Г.Мөнхбаяр тэргүүтэй багш нар бэлтгэдэг.
-Энэ жилийн бэлтгэл хэр хангагдав, ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
-Гурав, дөрвөн сар орчим болов уу гэж бодож байна. Мөн урд жилийн ОУ-ын олимпиадын бэлтгэлд сууж байсан сурагчид энэ жил дахин суугаад шалгарч оролцсон нь бий. Тиймээс бэлтгэлийг урт хугацаанд хийгдсэн гэж хэлэх боломжтой. ОУ-ын шинжтэй олимпиадад явахаас өмнө хүүхдүүд улсын чанартай нэрэмжит олимпиадуудад өөрсдийгөө сорьж, маш их бэлтгэл хийсэн байдаг. Ялангуяа гавьяат багш нарын нэрэмжит олимпиадуудад оролцсон байдал нь ОУ-ын олимпиадад шалгарах гол үзүүлэлтүүдийн нэг болж өгдөг.

-ЖИЛ ГАРУЙН ХУГАЦААНД БЭЛДЭЭД ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВСАН-
-Ер өөрийн тань хувьд голчлон физикийн олимпиадуудад бэлдэж, оролцоход юу нөлөөлсөн бэ?
-Би багадаа өөрийгөө физикээр явна гэж бодож байгаагүй. Монгол-Оросын хамтарсан сургууль учраас гадаад хэлний олимпиадуудад оролцдог байсан. Харин үүний зэрэгцээ физикийн сурах бичгээ сонирхон уншиж, телевизээр гардаг сонирхолтой нэвтрүүлгүүдийг үзэх дуртай байлаа. 9-р ангиа төгсөх үедээ математикт их дурлаж эхэлсэн юм. Үүний дараа 10-р ангидаа анх физикийн олимпиад гэдэг зүйлийн талаар ойлголт авсан. Маш их урам зориг орж, ОУ-ын физикийн олимпиадад орох хүслийг тэр үеэс тээж, тодорхой хэмжээнд бэлдэж эхэлсэн дээ. Тэгээд хамгийн анхны орсон физикийн олимпиаддаа хамгийн сүүлд л орсон байх.
Ингээд маш их бэлдэх хэрэгтэй гэдгээ ойлгож, чармайж бэлдээд 11-р ангидаа ОУ-ын олимпиадын болзлыг хангаж, оролцоод ирсэн.
-Ердөө нэг жил гаруй бэлдээд ОУ-ын олимпиадад явахуйц хэмжээнд очсон байна гэж харагдаж байна. Итгэл үнэмшил, хувийн зохион байгуулалт хүчтэй байсан болов уу.
-Зуны цагт зав чөлөөтэй бэлддэг. Харин хичээлийн үед бол би өөртөө цагийн хуваарь гаргасан. Давхар Орос хэлний шалгалтдаа бэлдэх, англи хэлний олимпиадад бэлдэх гэх мэт ажлууд байсан ч өдөрт заавал 2-3 цагийг физикт тогтмол зориулж байсан. Хамгийн гол нь тууштай байсан маань амжилт гаргахын үндэс болсон болов уу. Мөн гадаад хэлний мэдлэг маань их тус болсон гэж боддог. Монгол хэл дээрх сурах бичгүүдэд хязгаарлагдаад байлгүй, орос, англи номуудыг их уншдаг байсан.
-Жил ирэх бүр ОУ-ын хэмжээний олимпиадад оролцох хүсэлтэй хүүхэд, залуус нэмэгдсээр байгаа шүү дээ. Тэдэнд хандаж бяцхан зөвлөгөө өгвөл?
-Дараа дараачийн оролцогчид маань улам мундаг байна гэдэгт би итгэдэг. Бэлтгэлийн тухайд, онолын мэдлэгээ сайтар тэлэх хэрэгтэй. Онол бодлогыг бодохын тулд дандаа гадаад орны эрдэмтдийн зохиосон бодлогуудыг бодож байвал зүгээр. /Krotov’s aptitude problems in physics, 159 classical problems in electromagnetism, Jaan Kaida’s articles and guides in physics olympiad/
Ер нь физикийн ямар ч сэдвийг алгасч болохгүй. “Энэ сэдэвтээ л сайжирчихвал ер нь болох юм байна” гэж ханаж, орхигдуулсан хандлага гаргах дэмий.
Би монгол хүүхдүүдийн потенциалд итгэдэг. Ялангуяа 9, 10-р ангийн сурагчид үнэхээр хүчтэй гарч ирж байгаа. Уйгагуй тууштай байж, сэтгэл санаагаа бэлтгээд эх орныхоо нэрийг гаргаарай гэж хэлмээр байна.

-МОНГОЛ ХҮҮХДҮҮД МААНЬ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛД ДУРЛААСАЙ-
-Физик яагаад сонирхолтой вэ?
-Ер нь физик бол байгалийн үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан. Дотроо цахилгаан соронзон, оптик, механик, астрофизик гэх мэт олон төрөлд хуваагддаг. Сүүлийн үед “орчин үеийн физик” гэсэн шинэ төрөл нэмэгдээд байгаа. Энэ бүрт тохирсон математик аргачлалууд, сэтгэлгээний олон янз хэлбэрүүдэд суралцах хэрэгтэй болдог учраас маш өргөн хүрээний шинжлэх ухаан. Үүний дээр бусад шинжлэх ухаануудтай зайлшгүй холбогдох болдог. Урд жилүүдийн олимпиадуудад биологи, химийн сэдэвтэй бодлогууд орж ирж байсан бол сүүлийн үед астрофизик түлхүү ирдэг болоод байгаа.
-Ирээдүйн мэргэжил, зорилгоо юу гэж тодорхойлсон бэ? Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Физик, математиктай холбоотой инженерийн чиглэлээр явна гэж бодож байгаа. Гадны оронд сурах төлөвлөгөө байна. Мөрөөдөл гэвэл, олон улсын хэмжээнд нэрээ дуурсгасан мундаг эрдэмтэн, инженер хүн болох. Дэвшилтэт технологиудыг Монголдоо нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчин, хэв маягийг сайжруулахын төлөө зорино гэж боддог.
Эх оронд маань инженерүүд ховордчихоод байгааг би гэлтгүй хүн болгон л мэдэж байгаа. Хүүхдүүд эдийн засагч, хуульч гэх мэт мэргэжлүүдийг сонгох болсонтой холбоотой байх. Олноороо инженер болж, Монгол улсынхаа хөгжлийг бүтээлцээсэй гэж бодож явдаг.
-Энэ амжилтыг гаргахад тус дэм болсон хүмүүстээ талархал илэрхийлээд ярилцлагаа дуусгая.
-Мэдээж хамгийн түрүүнд сургуулийнхаа багш н.Намжилдоржид талархлаа илэрхийлмээр байна. Физикийн олимпиадын талаар хамгийн анхны дэлгэрэнгүй мэдээллийг өгч байсан н.Батсүх багш, н.Бат-Эрдэнэ багш болон МУИС-ийн бүх багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүлийнхэн маань намайг үргэлж тусалж, дэмжиж ирсэн. Сэтгэлзүйн болон ахуйн маш том туслалцааг үзүүлдэг. Та бүхэндээ маш их баярладаг шүү. Дараачийн жилүүдэд илүү том амжилтыг гаргана аа.
-Ярилцсанд баярлалаа.
М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.