Ярилцлага

Б.Болдбаатар: 1040 км-ыг гүйж туулсан 34 хоногт бурхан болсон ээж минь элэг зүрхэнд эгшиж явлаа

Говь-Алтай аймгийн уугуул, 54 настай Б.Болдбаатар хэмээх эгэл боргил эр аймгийнхаа төв Алтай хотоос наашаа, Улаанбаатар хүртэлх 1040 км замыг туж гүйсээр туулж ирэв. Наймдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гүйсээр л орж ирэхдээ тэр чилийсэн 34 хоногийг ардаа үджээ.

Харин тэр бурхан болсон ээждээ яг л үүнийг хийнэ хэмээн амлалт өгч байжээ. Ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхээр холын замд гарсан, биелүүлж ч чадсан түүнтэй ярилцлаа. Тэр алдаа, оноотой явсан залуу, халуун насныхаа талаар ч бидэнд нуулгүй дурслаа.


-Таныг хаа хол Алтайгаас гүйсээр Улаанбаатарт хүрч ирснээр нь монголчууд мэддэг боллоо. Харин та хувь хүнээ товчхон танилцуулаач?

-Би 1966 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань аймгийн ЗДТГ-т архивын эрхлэгчээр ажилладаг. Манай том хүү БНСУ-д сурч байгаа. Дунд охин Худалдаа, хөгжлийн банканд ажилладаг. Харин бага охин маань дөрөвдүгээр ангид сурдаг. Өөрийгөө товчхон танилцуулахад ийм байна даа.

-Хотод биш, нутагтаа амьдардаг уу?

-Тийм ээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд гэр бүлээрээ амьдардаг.

-Та ямар үндсэн мэргэжил эзэмшсэн хүн бэ?

-Би мэргэжилгүй л дээ. 1986 онд 10 жилийн сургуулиа төгсөж, цэрэгт явж ирчхээд л манаач, биеийн тамирын багш гэх мэт ажил хийсээр ирсэн юм.

-Гэхдээ спортод бол хачин хайртай хүн гэдэг нь ойлгомжтой?

-Тэгэлгүй яах вэ. Би 1979 онд анх аавыгаа дагаж хөнгөн атлетикын спортоор хичээллэж эхэлсэн юм. Яах вэ, 1990 онд нийгэм солигдсоны дараа ажил төрөлгүй, амьдрал зохиогоогүй, нэлээн задгай явсан. Алтайнхан мэднэ, миний задгай явсныг.

Ер манай үеийнхэн тийм байлаа. Наймаа хийх нь наймаа хийж, бүгд “Баяжихтун” гээд л хөдөлж байв. Энэ үед бор дарсанд хөл алдаж, нэлээд хэсэг яваад эхнэртэйгээ танилцсан. Дараа нь 2006 онд ээж минь намайг аймгийн прокурорын газар харуулын ажилд оруулж байв. Ээж 30 гаруй жил прокурорын байгууллагад ажилласан хүн л дээ.

Ингээд 2008 онд би ээждээ дахиж архи гээч юмыг уухгүй, ажил, амьдралаа цэгцэлнэ гэж амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэх гэж хөнгөн атлетикын спортдоо эргэн хөл тавьсан.

-1990-2008 он хүртэл буюу нийт 20-иод жил спортоос хол, хөндий явсан гэсэн үг үү?

-Тийм. Тийм учраас  буруу, муу зуршлаа дахин давтахгүй гэж спортоороо хичээллэж эхэлсэн. Миний үеийн мэдлэг, боловсолтой залуус архинд автаж амьдралаа балласан, амь насаа алдсан нь ч бий. Энэ бүгдийг хараад л “Больё” гэж шийдэн, ганц чадах юм минь учир хөнгөн атлетикаа дахин “барьж” авсан хэрэг юм.

-Таны аав спортын хүн юм аа?

-Манай аав Говь-Алтай аймагтаа хөнгөн атлетикын спортод анхны гэх бүхнийг авчирсан хүн байгаа юм. Марафоны шорт гэдэг юмыг анх Алтайд өмсөж байлаа. Одоо 87 настай энх, тунх амьдарч байна, миний аав.

-Та эцэг, эхээс хэдүүлээ юм бэ?

-Долуулаа. Би дунд хүү нь. Миний ах бас биеийн тамирын багш, дасгалжуулагч хүн байсан. Манай дүү хөнгөн атлетикын спортын мастер, Улаанбаатар хотод энэ чиглэлээрээ багшилдаг.

-20 жилийн дараа эргээд гүйж эхлэхэд бие махбод нь дасаж өгөхгүй, амаргүй л байсан болов уу?

-Яг голыг нь онож л хэллээ. Би хүүхэд байхдаа олимпод оролцоно, мундаг тамирчин болно гэж л хүсэж, мөрөөдөж явлаа. Ингээд эргээд харахад миний хамгийн сайхан нас 1990-ээд оны залуу, халуун үе байж. Яг эндээс 2007 он хүртэл өөрийн зорьсон зорилго, тэмүүлэл гээд хэлчих зүйлгүй л амьдарч ирсэн байгаа юм. Харин аав минь миний хүүхэд насанд ганц зөв зүйл өвлүүлэн үлдээсэн нь хөнгөн атлетикын спорт байлаа. Ээждээ амлалт өгчхөөд дахин гүйж эхлэхэд хүнд байсан...

-Ээждээ өгсөн амлалтынхаа талаар та дурсахгүй юу?

-2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд би архи ууж, маргааш нь төрсөн өдөр гээд бас л архидлаа. Ингээд 13-ны өдөр ээждээ амлалт өгсөн юм. “Би дахиж архи уухгүй. Өнөөдрөөс эхлээд гүйнэ ээ” гэж. Ингээд хүүхэд байхдаа аавтайгаа бэлтгэл хийдэг байсан газраа, бэлтгэлийн өмд, цамц ч байхгүй очсон. 200 метр газар гүйгээд л бөөлжиж, ёстой нөгөө амьтан болно гээч л болсон. Тэгээд л тэр өдрөөс хойш гүйж эхэлсэн дээ. Дахин архи, дарс хэрэглээгүй. Хамгийн гол нь, аав минь намайг хөнгөн атлетикын спортод хөтөлж оруулаагүй байсан сан бол надад тэр хүнд амьдралаас түшиж босох тулгуур байхгүй, ер бэрх санагддаг юм.

-Хөдлөлгүй удсан биеэ хэрхэн өнөөдрийн зэрэгт хүртэл сэрээж, дасгалжуулсан бэ?

-Анх бахардан барин гүйсэн 300 орчим метр замаараа зургаа, долоон ч сарын турш гүйсэн. Аажим бие хөнгөрөөд ч ирсэн, түүний хэрээр зайгаа бага багаар ахиулаад л явсан. Харин жилийн дараа гэхэд миний найзууд хот явж, УАШТ-д орохыг зөвлөлөө. Ингээд Улсын аваргад орж, хүрэл медаль хүртсэн.

-Медаль хүртсэн нь танд их урам зориг болсон байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Түүнээс хойш олон чиг тэмцээнд уйгагүй орсон доо.

-Гэхдээ шантрах үе таарсан уу. Миний эргээд тамирчин болно гэж худлаа юм байна гэх мэт бодлууд..?

-Би ямар нэг багш, дасгалжуулагчгүй, өөрөө өөрийгөө дайчилж буй учраас больчихъё, “Бүтэхгүй юм байна” гэж бодож байсан удаагүй. Ерөөс гүйж эхэлснээс хойш миний амьдрал эргээд аз жаргалаар дүүрсэн. Гүйж л байвал тэр миний аз жаргал. Хүнтэй маргасны дараа ч юм уу, сэтгэл санаа тавгүйтсэн үед би бэлтгэлийн хувцсаа өмсөөд л гараад гүйчихдэг. 10-с дээш, 15, 20 км гүйж ирээд л нойтон хувцсаа тайлахад уур, бухимдал элдэв юм хийсэх шиг оргүй арилчихна. Ер нь тэгээд хээр, хөдөө ганцаар гүйгээд явж байх шиг жаргал байхгүй дээ.

-Дахин гүйж эхэлснээр ер шинээр амьдрах болсон гэж болох нь ээ?

-Тийм, яг үнэн. Ёстой л шинээр амьдарч эхэлсэн.

-Ээж тань хэдэн онд бурхан болсон юм бол?

-Ээж минь 2016 онд өөд болсон. Миний ээж Говь-Алтай аймгийн прокурорын газар 30 гаруй жил ажилласан хүн. Буянтай, бурханлаг, хойгуур урдуур гарсныг хооллож, ундалдаг. Хүүхдийг хүнийх гэж голдоггүй. Дарга гэж тал засаж, ажилчин гэж дорд үздэггүй. Манайх ер айлчин, гийчний хөл тасардаггүй айл байлаа. Миний ээж тийм л сайхан хүн байсан.

2015 онд прокурорын байгууллагын 85 жилийн ой боллоо. Тэр үед би ээжийгээ үүрээд баярын арга хэмжээнд оролцож явсан юм. Тэгэхдээ ээжээсээ асуусан, “Би аймгаасаа Улаанбаатар хүртэл гүйгээд хүрчихвэл яах вэ?” гэж. Ээж, “Миний хүү чадвал ч чадна л даа. Гэхдээ л 1000 км хэцүү шүү дээ” хэмээж байв. Дараа жил нь ээж бурхны оронд одсон. Тэгээд л ээждээ өгсөн амлалтаа биелүүлье гэж бэлтгэлдээ шалавхийлэн орсон доо.

2019 оны аравдугаар сарын 1-нээс ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, яг үүнд чиглэсэн нарийн системт бэлтгэлүүдээ хийж эхэлсэн. Ноднин халуун говьд 20-иод хоног бэлтгэл хийсэн. 35-40 хэмийн халуунд, элсэн дээр. 2020 он гаруут цасан дээр бэлтгэл хийх болсон. Харин гуравдугаар сараас эхлэн жинхэнэ холын зайн гүйлтийнхээ бэлтгэлд орсон. Ийн тавдугаар сараас бэлтгэлээ зогсоож, сэтгэл зүйгээ төвшитгөх, биеийн жингээ нэмэх гэхчлэн суурь бэлтгэлээ базаасаар замд гарсан даа.

-Таны ээждээ өгсөн эхний амлалт Үүнээс хойш дахиж архи уухгүйбайжээ. Үүндээ та хүрч, хүрсэн гэдгээ амьд ахуйд нь харуулж, баталж чаджээ. Ээжийгээ та хэр сэтгэл амгалан бурхны оронд нь явуулсан гэж боддог вэ?

-Ээж минь амьд ахуйдаа маш их баярлаж, бахархдаг байсан. “Миний хүү овоо доо. Архи дарс уухгүй гэхэд нь ээж нь итгэсэн. Тэмцээн уралдаандаа улам сайн оролцож, тамирчин болоорой. Говь-Алтай аймгийнхаа нэр хүндийг гаргаж яваарай” гэж захидаг байсан. Өнөөдөр би 2015 онд ээждээ өгсөн амлалтаа биелүүлж, 1040 км замыг 34 хоногийн турш гүйж бараад ирлээ. Энэ 34 хоногийн турш миний ээж бурхны орноос намайг харж байсан. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, хүмүүс “Аадар бороо орж байна, аянга цахилгаан цахиж байна. Болгоомжтой яваарай” гэхчлэн олонтаа захиж, анхааруулж байхад намайг ер дайраагүй. Өглөө сэрэхэд л шөнөжин орсон бороо цэлмэчихсэн, нар гийчихсэн байх. Хөнгөн салхи шуурга, шиврээ бороо байлгүй л яах вэ. Өгсүүр замтай, нар салхитай бүх л үед ээжийгээ бодон хөглөгдөж явсан. Бурхан болсон ээж минь элэг зүрхэнд эгшиж явлаа.

Түүнчлэн замд машинтай зөрсөн хүн бүр надад баяр хүргэж, алга ташиж байлаа. Хоноглосон аймаг сумдын малчид сүү, цагаан идээ бариад л ирэх. Ийм хүн явж байгаа гэнэ лээ гээд зорьж ирээд л надтай уулзах. Баянхонгор, Өмнөговь аймгуудын ЗДТГ, прокурорын газар намайг маш сайхан угтаж, хүлээн авсан. Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон 200 гаруй км газраас намайг зорьж ирэн нутгийн брэнд айрагтайгаа, мах шөлтэйгөө ирж уулзсан. Ийм байдлаар монголынхоо ард түмний хайрыг мэдэрсээр ирсэн дээ.

-24 цагийн хэдэд нь гүйгээд, хэдэд нь амарч явсан гэсэн үг вэ?

-Өглөө 8-10 цаг хүртэл 15 км. Ингээд өдөр амарч байгаад 17-19 цаг хүртэл 15 км гүйгээд л бусад үед нь амарна.

-Таныг Алтайгаас гарлаа гэдгээс Улаанбаатарт орж ирлээ хүртэл л монголчууд анзаарч, чих тавьж суулаа. Ингэж олон нийтийн хараанд өртөнө гэж төсөөлж байсан уу, та?

-Ер төсөөлөөгүй. Бурхны оронд буй ээждээ өгсөн амлалтаа биелүүлэх гэж гүйснээс “Олонд танигдъя, хараанд нь өртье” гэсэн санаа байгаагүй.

Би “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” гэсэн уриатайгаар гүйсэн. Залуус суурь төлөвшлөө зөв тавьж, тэмүүлэх сайхан зорилготой, инээд хөөр, аз жаргалаар дүүрэн амьдраасай гэж. Хэдий томоохон гүйлт маань өндөрлөсөн ч цаашид нийгэмд ийм мессеж өгье, эерэг энерги түгээе гэсэн санаа өвөрлөж яваа.

-Таныг дагаад машин дотор эмч, тогооч нарын хүмүүс явсан гэсэн. Энэ хугацаанд гарах зардал мөнгөний асуудлыг ивээн тэтгэгч байгууллагуудын тусламжтай шийдсэн юм билээ?

-Тийм ээ. Намайг анх үүнийг санаачлахад миний багын найз н.Нямдорж хамгийн түрүүнд дэмжиж, дэмжигч байгууллага олж өгөхөд их тус болсон. Говь-Алтай аймгийн ЗДТГ, “Мобиком” Корпораци, МҮОНРТ гээд цөөнгүй байгууллага дэмжсэн. Зөвхөн санхүү гэлтгүй сэтгэл зүйгээр ч дэмжсэн олон байгууллага, хувь хүн байна.

Багийн гишүүд гэвэл, багш дасгалжуулагчаар миний дүү Б.Батбаатар явсан. Жолоочоор төрсөн дүүгийн маань хүү, хүргэн хоёр маань ээлжилж явлаа. Харин тогоочоор миний хань М.Мандаххүү дагалдсан. Миний хань хоол унд, хувцас хунар гээд ер бүх л зүйлийг минь зохицуулж, хариуцаж явсан. Эмчээр мөн миний багын найз Л.Гантөмөр ажилласан. Тэд минь надад урам зориг өгч, миний өмнөөс шантрах үедээ шантарч, зовох үедээ зовж, баярлах үедээ баярлаж явлаа.

-Машиндаа сууж газар хороосон удаа бий юу?

-Ганц л бий. Баянхонгор аймагт буудаллаад байх үед ходоод, гэдсэнд сайн рашаан бий гэхээр нь тийш машинаар хүргүүлж нэг очоод ирсэн. Бусдаар ер машинд сууж яваагүй. Би багийнхандаа хэлдэг байсан, “Би хэзээ ч буцаж алхахгүй, машиндаа суухгүй” гэж.

Шөнө би майханд, манайхан машиндаа хоноглодог. Яг хоноглох болоход тал газар, бороо шороо, салхи шуургатай таарчихвал нөмөр газар, айлын өвөлжөө хайж хэдэн км илүү гүйдэг ч байлаа. Бид бүгдээрээ машинд багтахгүй. Тийм учраас ямар сайндаа үйл ажиллагаа дуусаад машинд суутал нэг их сонин мэдрэмж төрж байх билээ.

-Бүтэн сар яваад дасчихсан байгаа шүү дээ.

-Харин тийм. Би одоо ирээд гурав хонож байна. Өглөө яг 07.00 цагт “Гүйнэ” гэж сэрээд л “Өө нээрэн гүйлт дуусчихсан ш дээ” гэж бодоод, буцаад унтаж байна. Ер дасчихсан болохоор өглөө болгон төв аймгийн замаар гүйж л байгаа.

-Энэ хугацаанд эрүүл мэндийн асуудал хэр тулгарсан бэ?

-Булчин, шөрмөс бол ядралгүй яах вэ. Миний энэ хумснууд бүгд хөхөрчихсөн байгаа биз. Энэ хумс хугарч унасан. Энэ хуруу ор хумсгүй байгаа. Халуунд хөөгөөд, цэврүүтээд л. Тэгүүт цэврүүг нь хуу татаж аваад, иод тавиад боочихож байгаа юм.

Манай аав дөнгөж аймгаас гарсан дор намайг эргэж очсон юм. Ингэхдээ “Чиний биеийн эсэргүүцэл их сайн байна, цэврүү ингэж амархан эдгэж байна гэдэг чинь” гэж хэлж байсан. Дараа нь өглөө, оройн нэг удаагийн гүйлтийг дагаж яваад, “Хөл чинь сайн чангарчээ. Одоо ер айлтгүй болсон байна” гэж байсан.

-Төв талбай руу орж ирээд та нулимс унагаж зогсох шиг харагдсан. Ээждээ өгсөн амлалтаа биелүүллээ, чилийсэн нэг сарын ард гарлаа гэж баярласан л байх. Таны сэтгэл хэр хөдөлсөн бэ?

-Тийм ээ. Бурханд очсон ээжийгээ бодож, тосож авсан аавыгаа хараад л... Аймгийн төвийнхөө Жанчив баатрын талбайгаас энд, жанжин Сүхбаатарын талбай хүртэл гүйгээд ирлээ гэж бодоход л огшсон, тэгээд биеэ барьж чадалгүй уйлсан. Үнэнхүү сайхан юм билээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл байна уу?

-Эерэг байцгаая, бие биенээ, байгаль дэлхийгээ хайрлая гэж л монголын ард түмнээ уриалмаар байна даа. Хайртай бүхнээ хайрлаж, үргэлж эерэг уур амьсгалыг орчин тойрондоо түгээж байя. Ярилцлага авсан та бүхэнд ч мөн баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2020-08-12 09:26

Баяр хүргэе, тэвчээр шүү

sara
sara
2020-08-12 10:59

tasatchihjee yeiinheneesee.mundag yumoo.az jargal husii.husii

sara
sara
2020-08-12 10:59

tasatchihjee yeiinheneesee.mundag yumoo.az jargal husii.husii

sara
sara
2020-08-12 11:00

tasatchihjee yeiinheneesee.mundag yumoo.az jargal husii.husii

Доогий
Доогий
2020-08-12 11:10

Баяр хүргэе.Хүнд эцэг эхийн ген гэж агуу зүйл байдаг түүнийгээ зөвөөр үргэлжлүүлж яваа мундаг хүн юмаа.Миний багын л Буриад гуай гэж мундаг гүйдэг хүн Алтайн нэрийг мандуулж явдаг байлаа

Зочин
Зочин
2020-08-12 14:15

Жинхэнэ эр хүн.

Зочин
Зочин
2020-08-12 15:55

Ямар сайхан ах бэ?огшлоо .Зорилго тэмүүлэл амл�##�тндаа хүрчээ.Бурханы орноос ижийн хүүгээ харан ерөөж суусан байхаа

Зочин
Зочин
2020-08-12 20:49

mongolchuud iim goy shdee. Mundag bnaa

Зочин
Зочин
2020-08-13 07:01

Баяр хүргээ Аижилт

D. MEDBAYAR
D. MEDBAYAR
2020-08-14 00:43

Er hvn

Зочин
Зочин
2020-08-15 14:22

Сайн гүйдэг юм байна. 2 цагт 15 км гэдэг чинь. Би ч гэсэн өдөр бүр шахуу гүйдэг �##�хдаг. Гэхдээ 2 цагт 5-6 км л явдаг. Хүмүүс архи уухаар гүйлтийн замын дэргэд цугларсан байдаг ч намайг удаан тэнд гүйгээд байхаар бүгд санаа зовоод холддог.

Зочин
Зочин
2020-08-15 14:26
Reply to  Зочин

Холдохгүй байсан 1 л тохиолдол байдаг. Бусад нь яаж ч байсан гүйж байгаа хүн хараад холддог бас ухамсартай. Хүмүүс зэвхий царайлаад гадаа архи уугаад суухын оронд зүгээр сайхан �##�хаасай ! Биенд сайн хөдөлгөөний дутагд�##�д орохгүй.

Зочин
Зочин
2020-08-15 14:32

Тэгш бус гадаргуу дээр �##�хах гүйх үед пүүзээ сайн чанга үдэхгүй бол уруу газар сул үдсэн пүүзэнд хөл гулсаад гутлын урд хэсгээ мөргөж судас хагарч хумс хөхөрч ойчих нь ойчдог. Би үүнийг мэдэлгүй бас анхандаа нэг хумсаа хөх болгож байсан.

Холбоотой мэдээ

Back to top button