Д.Гүрсэд: Манайд ийм чансааны жүжигчид байдгийг Холливүүд харсан нь бид бүхний хувь заяа

МУГЖ Д.Гүрсэдтэй ярилцлаа. Өнөөдөр /2020.08.20/ “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” уран сайхны кино нээлтээ хийнэ. Тус кинонд манай сувд болсон жүжигчид АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд нараас гадна залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ, одоо ид шуугиан тариад буй Б.Ганчимэг нар дүр бүтээсэн. Монгол жүжигчид Жонни Депп, Марк Райленс, Роберт Паттинсон нарын ододтой хамтарч ажилласнаараа энэ кино ид ярианы сэдэв болж байна.

Харин Д.Гүрсэд гуай “Киногоо ер үзээгүй, нээлтэн дээр л анх үзнэ дээ” хэмээн, ахмад уран бүтээлчийн амирлан зааж сууна. Тэр олон таван үггүй ч шулуун, шударга зүрх сэтгэлийн хэлтэй. Жонни Деппийг гайхшруулсан монгол нүд рүү ширтээд ийн хөөрөлдлөө.
-ТЭР ХЭСЭГТ ХОЁР ДУБЛЬ Л АВСАН-
-Жонни Депп таныг “Ямар гайхалтай нүдтэй жүжигчин бэ. Миний дотор сэтгэлийг бүхэлд нь уншчих мэт л боллоо” хэмээгээд тэвэрсэн гэж сонссон. Холливүүдийн гэгдэх тэдгээр уран бүтээлчид хамтарч ажиллахад чухам хэр жүжигчид байх юм бэ?
-Ер хаа газрын жүжигчид бие биенээ мэдэж амжилгүй нэг уран бүтээлд ордог. Миний хувьд Холливүүдийн нэрт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай тоглох гэж буйдаа сэтгэл хангалуун л зургийн талбар дээр очсон. “Мэргэжлийн” гэж хэлэгдээд, кино багийнханд таалагдаж, “Энэ өвгөнийг авъя” гэж сонгогдсон үеэс хойш ямар хүмүүстэй хамтарч ажиллах гэж буйгаа өөр зуураа бодож л явлаа.

Жонни Депптэй хамт анх тэр нэгэн хэсэгт тоглоход, хоёр дубль авсан. Эхний дублийг нөөцөнд үлдээж авсан байх. Хоёрдугаар дубль аваад “Одоо боллоо, Дахиад хэрэггүй” гэсэн. Үүний дараа Жонни Депп над дээр ирж гар бариад, “Уучлаарай. Би таныг ийм жүжигчин гэж бодсонгүй. Таны харц миний бүх юмыг уншчих шиг боллоо. Би өөрөө тэгж л мэдэрлээ” гэж хэлээд тэврэлдсэн. Ингэж байтал ерөнхий найруулагч орж ирлээ. Тэр, “Баяр хүргэе” гэсэн. Өөр юм яриагүй. Ерөнхий найруулагч гэдэг бол үзэгддэггүй хүн. Ард, мониторын цаана л сууж байдаг. Ингээд кино багийнхан “Эхний өдрийн зураг боллоо, та явж амар” гэсэн.
Тэдний зураг авалт манайхтай л адил явагддаг юм билээ. Гадаадынх гээд л айж эсвэл чичрээд байх зүйл байхгүй. Уран бүтээлчдэд нь ч биднээс ялгарах зүйл тун ховор. Гагц хүлээсэн ажилдаа эзэн шиг байж чаддаг чанартай.
Тухайн өгөгдсөн орон зайд ороод тоглоход олон жилийн туршлага минь л надад их тус болсон доо. Би Жонни Деппийг Монголд урьсан.
-Олон улсын хэмжээний төсөлд оролцохоор явахдаа та ахмад уран бүтээлчийн хувьд өөрөө өөртөө хэр хүлээлт үүсгэсэн бэ. “Хичээх ёстой” гэсэн сорилт маягийн бодол төрж байсан уу?
-Эхэндээ их зүйл бодоогүй. Намайг өөрийгөө танилцуулаад, гэрэл зураг явуулчих гэсэн юм. Ингээд нэг өвгөн харваачид тоглож байсан зургаа явуулсан. “Эдний намайг аваад, тоглуулж байна гэж юу байх вэ” гэсэн шүү юм л бодож суулаа. Хариу 20-иод хоногийн дотор ирсэн. “Таныг авахаар боллоо”.
-Та яаж хүлээж авав?
-Мэргэжлийнхээ үүднээс би айгаагүй. Гол нь хэлний асуудал л санаа зовоож байсан. Харин зургийн талбар дээр очиход хагас үгээ англиар, хагас үгээ монголоор хэлэх учиртай болсон. Нэгэнт бичээд өгчихсөн текстийг цээжлээд ороход асуудал байхгүй. Түүнийг заавал цэвэр анги аялгаар ч хэлэх албагүй. Харин мороккочууд /Киноны зургийг Африк тивд, Морокко улсад авсан, Сурв/ бол гадаад хэлээр ярихдаа дуудлагын хувьд ёстой агуу.
-Нээрэн африкчууд монгол хэлээр анхны удаадаа л гайхмаар цэвэрхэн дууддаг юм билээ. “Сайн байна уу” гэвэл яг “Сайн байна уу” гэж байгаа юм.
-Тийм. “Баяртай” гэхэд “баяртай”. “Сайхан амраарай” гэвэл “сайхан амраарай”.
-МАНАЙД ИЙМ ЖҮЖИГЧИД БАЙДГИЙГ ХОЛЛИВҮҮД ХАРСАН БОЛ БИД БҮХНИЙ Л АЗ-

-Мороккод ер гагц “Зэрлэгүүдийг хүлээхүй” гэлтгүй олон Холливүүдийн кино хийгдэж байсан гэж дуулсан шүү?
-Тийм ээ. Тэдний төр засгийн бодлого нь үүнийг дэмжиж, ийм хэлбэрээр эдийн засгаа босгож байна. Бид кино багийнханд Монголын тал хээр, байгалийн үзэсгэлэнт газар нутгийн гэрэл зургуудтай альбом үзүүлэхэд үнэнхүү дуу алдан толгой сэгсэрч байсан. Хэрэв энэ киноны зураг авалт манайд хийгдсэн бол хэчнээн олон талын нэмэр тустай байж болох вэ. Их л зүйл алдах юм. Яах вэ, хойшдоо манай залуус хөгжих байх, сайхан болох л байх. Харин үзэгчид энэ киног үзээд шүүн тунгаах байлгүй. “Би л ингээд тоглочихсон” гэж өөрийгөө магтах зүйл над алга.
Ер нь манай жүжигчид Холливүүдийн, Европын жүжигчидтэй хамтарч ажиллахад дутах зүйл байхгүй юм билээ. Харин Хятад гэхчлэн дорно дахины уран бүтээлчдэд биднээс арай өөр школ байдаг, ялгардаг. Монголын уран бүтээлчдэд ур чадварын хувьд гаднын зах зээлд гарах боломж бүрэн бүрдчихсэн. Гагцхүү үүнийг соёлын бодлогоор дэлхийн том том төсөл рүү дэмжих, гуядах дутуу байна. Манай Б.Ганчимэг байна. Дэлхийн мисс, загвар өмсөгч. Англи хэлтэй. Эхэлж энэ киноны гол дүрд тэнцсэнээс хойш элэг нэгтнүүдээ тийш зуучлах, холбох гүүр болж өглөө шүү дээ.
-Яг монгол эмэгтэйн дүр төрх дэлхийн дэлгэцэнд харагдаж байна билээ.
-Монгол эмэгтэйн дүр төрх. Агуу гаргасан.
-Манай жүжигчид гадныхны дүүжлүүр шаардлагад гологдож, чамлагдахааргүй болсон нь худал биш байх аа.
-Тийм, харин ч тэднийг дагуулна.
-“Зэрлэгүүдийг хүлээхүй” яг энэ мессежийг олон нийтэд дахин өглөө. “Монголчууд дутахгүй ээ” гэдэг мессеж.
-Тийм ээ, тэгэх учиртай. Нөгөө талаар манайд ийм дутахгүй уран бүтээлчид байдаг гэдгийг Холливүүд ойлгосон бол бид бүхний л аз. Бидэнд хөгжиж дэвших сайхан ерөөл бий байх.
-Харин таны хувьд юуг өөртөө шинээр ойлгож, анзаарч ирсэн бэ?
-Ер нь надад хамгийн их мэдрэгдсэн зүйл бол хэлний боловсрол. Хэлтэй бол хөлтэй гэдэг үгийн утга орой руу орсон. Гадаад хэлийг сайтар эзэмших ямар чухал вэ гэдгийг л дахин дахин ойлгож, анзаарч явлаа. Түүнээс тэдний тавьж буй шаардлага манайх шиг л байгаа хойно доо. Би ч бас тэнд зөвлөх найруулагч хийсэн. Олон жилийн туршлага гэдэг хүнд байдаг юм билээ. Б.Ганчимэгийн дүр хөлгүй. Хоёр хөлийг нь хуга цохиод гудамд хаячихсан. Суга таягтай чүү ай гэж явдаг эмэгтэй. Үүнийг яаж хийх вэ. Шат руу яаж гарах вэ. Суга таягаа салтайндаа хавчуулаад, шат руу хоёр гараараа мац.
-Тэр гэхчлэнгээр та зөвлөжээ?
-Ай даа. Буцаад яаж буух вэ.”Монгол хүн ямар тэвчээртэйг үүгээр харуул”. Суга таягаа тавиад, хоёр гараараа хурдаа хасаад дээгүүр нь гулс. “Миний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зүйлээс ингэж хийсэн нь зөв харагдаж байна. Найруулагчдаа үзүүл” гэж Б.Ганчимэгтээ зөвлөсөн. Үзүүлэхэд “Аа, ёстой мэргэн бодож олсон байна” гээд магтсан л гэсэн. Ийм байдлаар Ганаадаа практик талд нь зааж, зөвлөж явсаар ирлээ.
Би одоо Кино урлагийн дээд сургуульд багшилж байна. Оюутнууд маань энэ жил гуравдугаар ангид орно. Миний хамгийн их хэлдэг үг, “Дотоод сэтгэхүйн хүүрнэл хэчнээн зөв явна, гадаад төрх түүндээ уягдаж, дэлгэцэнд буудаг юм шүү”. Жүжигчин хүн их юм ажигладаг, халаас зузаантай байх хэрэгтэй. Үгийн үйлдэл, сэтгэхүйн үйлдэл, биеийн үйлдэл нийлж байж нэг дүр гардаг.

-АРД ТҮМЭН ДУУГАРААД ОЙШООДОГГҮЙ ЗҮЙЛИЙГ ДЭЛГЭЦЭЭР, ХОЛЛИВҮҮДИЙН ТҮВШИНД ХЭЛЧХЭВ ҮҮ ДЭЭ-
-Хоёул “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны зохиолын талаар яриагаа үргэлжлүүлэх үү. Та их ажил хэрэг болгож, чухалчлан уншсан байх?
-Зохиол 1980-аад оны эхэн үеэр бичигдэж, НҮБ-ын анхаарлыг татаж, Нобелийн шагнал хүртсэн. Бага буурай орнуудын ашигт малтмал, газар нутгийг цөлмөн дээрэмдэх, өөрийн болгох, колоничлох бодлогыг хэн хийж байна вэ. Шар толгойтонгууд. Африкыг цөлмөлөө. Эцэст нь ард түмнийг нь засгийн газартай нь хэрэлдүүлээд гараад явчихдаг. “Бид мөнгөө өгчихсөн шүү дээ. Танай төр засаг чинь юу ч өгөөгүй юм уу?” гэчхээд л, онгорхой хоосон нүх үлдээгээд явчихна. Энэ сэдвийг хөндөж бичигдээд Нобелийн шагнал авсан мундаг зохиол. Үүнийг кино болгоё гэж 80 хэдтэй продюсер өвгөн бүтэн 20 жил хөөцөлдсөн. 20 жил хөөцөлдөөд сая 2018 онд өөрөө мөнгөө, жүжигчдээ олоод хийхээр болж. Ер нь энэ киноны утга санаа манай өнөөгийн төр засгаас явуулж буй бодлоготой, үндэстэн дамнасан корпорациуд ирж манай говийг хэрхэн эзэгнэж байгааг дам харуулах ч шиг болж байгаа юм.
-Монголчууд тоглосон нь түүгээрээ тохирох ч шиг мэдрэмж төрөхийг үгүйсгэхгүй юм.
-Тийм. Ер нь энэ төр засгийнханд нэг цочроо өгөх уран бүтээл болсон болов уу гэж бодож байна.
-Яах вэ, монголчууд зэрлэг бүдүүлэг омог отгын дүрд монголоор ярьж тогложээ гэж бухимдах хүн тааралдах юм. Б.Гарамханд найруулагчтай ярилцахад, “Зохиолч хэн нь зэрлэгүүд вэ гэсэн асуултыг тавьсан” хэмээсэн л дээ. Зэрлэг гэгдэж буй тэр хэсэг ардын дүрд монголчууд монгол хэлээр тоглосонд та ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Өнөөдөр бид яг ийм л болчхоод байна шүү дээ. Юунаас нь ичих юм. Энэ жүжигчид харин очиж тоглосон нь хувь тохиол боллоо. Эх орныг минь ийм болгочих вий гэдэг санааг дэлхийн хэмжээнд өглөө. Түүнээс бид зэрлэгүүд биш. Энэ зэрлэгүүд чинь газар нутгийнхаа төлөө, гаднын этгээдүүдэд алуулах нь алуулж, гинжлүүлэх нь гинжлүүлэн тэмцэж байгаа. Авдраа нээчхээд, “Эндээс юм байвал олоод ав” гэдэг тэнэг хүн байх уу. Манай төр засаг ийм л бодлого явуулдаг шүү дээ. Энийг бүр бичих хэрэгтэй. Ард түмэн гэдэг чинь ард түмэн. Харин засгийн газар бол бага ард түмэн шүү дээ. Ёстой аль нь зэрлэгүүд юм гэдгийг хүмүүс үзээд ойлгох байх. Газар нутгийг нь цөлмөөд буй этгээдүүд зэрлэг юм уу. Уугуул нутгаа хамгаалан тэмцэгчид нь зэрлэг юм уу. Тэгэхээр харин ч аз завшаанаар, ард түмэн дуугараад ойшоодоггүй юм бол дэлгэцээр хэлчхэв үү дээ гэж би бодож байгаа юм.
-Бүр Холливүүдийн түвшинд дуугараад уу?
-Яг тийм. Би нэг дам яриа сонссон, үнэн худлыг мэдэхгүй байна. Соёлын яам БШУЯ-ны хавсарга болж явсан үед энэ киноны зургийг Монголд авъя гэдэг албан бичгийг явуулсан гэх. Манай талаас ямар ч хариу өгөөгүй. Тэгээд өөр газар, Мороккод зургаа авахаар болж. Хэрэв манайд хийгдэхээр болсон бол юу өөрчлөгдөх, ямар боломжууд нээгдэх байсан бэ. Орж ирсэн хөрөнгөөр нь ядаж 4-5 яая даа гэсэн кино бүтээчихнэ биз дээ.

-30 ЖИЛ МОНГОЛ КИНО ШООВДОРЛОГДСОН-
-Манай кино салбарынхан төр засаг гэхгүй, өөрсдөө л мөнчгөрөөрөө зүтгээд байдаг.
-30 жил монгол кино шоовдорлогдсон. Ингэхдээ яг өөрийн мөнчгөрөөр галаа таслалгүй явж ирсэн. Хуучин социализмын үед “Энэ жил дөрвөн кино хий” гэж төсөв мөнгийг нь өгдөг байв. Өнөөдрийн залуусын дөрвөн хананы дунд л хийгээд байгаа кинонуудыг би буруушаахгүй. Дөрвөн улиралтай нь, хөдөө ахуйтай нь, баялаг агуулгатай кино хийх санхүү байхгүй юм чинь. Хоёрдугаарт ийм агуулгаар бичдэг зохиолчид ч байхгүй болчихсон. Төв сууринд шигдсэн, хөдөө ахуйг мэдэхгүй хүүхдүүд зохиол бичихээр дөрвөн хана, мухар гудамжны хэрээр л сэтгэж байна даа. Жаахан хөдөө ахуйтайгаа ойр байвал ядаж л зүг чигээ мэддэг, морь зүсэлдэг болмоор. Амьдрал судалж байж түүнээсээ зохиол бичнэ гэдэг өнөөгийн залууст ховордсон. Би та нарыг, чамайг давхар шүүмжилж байна шүү дээ. Чи хүлээж авах уу /инээв, Сурв/?
-Авна. Би хотод төрсөн, хотын хүүхэд. Энэ зун зориуд сүлжээ ч барьдаггүй хөдөөний айлд хэд хоносон. Гэртээ харих шиг мэдрэмж төрсөн шүү. Хөдөө өссөн бол эрт төлөвших, дотор хүн минь илүү тэлэх байсан ч юм шиг санагдсан.
-Тэгнэ ээ, аргагүй.
-Би урлаг гэдэг дэлхийн хаана ч нэг юм даа л гэж бодож сууна. Ахмад үеийн сайхан хоёр уран бүтээлч маань тэнд гайхагдаж, бишрүүлээд ирснийг дуулах сайхан л байлаа. Тэгэхээр ер нь монголчууд кино урлагийн суурийг тун давгүй цутгаж чаджээ гэмээр?
-Яалт ч байхгүй үнэн. Манай кино урлагийн үүсэн хөгжсөн түүх Оросын уран бүтээлчдээс эхтэй. Тэд манай ахмад үеийнхнийг сургасан. Олон сайхан найруулагч, операторуудыг, жүжигчдийг нэрлэж болно. Бид бол тэдний үлдэц бүтээгдэхүүнүүд шүү дээ.
-Саяхан нэг залуу найруулагч “Дээр үеийн монгол кинонуудын 70 хувь нь нохойн баас” гэж ярилцлага өгсөн нь янз бүрээр л хэлэлцэгдэж байна.
-Тэр ахмад үеийн уран бүтээлчдийн хийснийг шүүмжлэх битгий хэл тайлбарлаж ч чадахгүй хүний үг байна.
-Цаг үеэ мэдэрч уран бүтээл хийхгүй бол амжилт олохгүй гэсэн утгаар хэлж байх шиг санагдсан. “Яаж ч тулгаад миний хүүхэд Цогт тайжийг үзэхгүй л байхгүй юу” гэхчлэн.
-Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил. Урдах явдлаа буугаар буудвал хойч үедээ их буугаар буудуулна гэж үгтэй. Урьд өмнийн бүтээсэн хөрсөн дээр хөгжиж яваагаа ойлгох хэрэгтэй юм.
-Өмнөх үеэ ойлгох гэдэг тань урлагт гэлтгүй бүх л салбарт дутагдах болж дээ.
-Шинэ юм гэж ер нь юуг хэлдэг юм бэ?
-Ер “хуучин” гэж байхгүй бол “шинэ” гэсэн ойлголт үүсэх ч боломжгүй шиг байгаа юм. Шинэ юм заавал хуучнаасаа төрж гарсан л байх гээд байна.
-Шинэ юм гэж байна шүү дээ. Бүр мартагдаад, дахиж гарч ирсэн зүйлийг хэлдэг юм. Урьдах юмаа мэдэхгүйгээр шинэ юм хийнэ гэж хэзээ ч боломжгүй. Тэгэхээр уламжлалгүй шинэчлэл гэж зүйл ертөнцөд ер байхгүй. Хуучны уран бүтээлүүд рүү нулимаад, шинэ уран бүтээл хийнэ гэж байвал ёстой ойд төөрсөн сармагчин л гэж ойлго.
-ЦАГ ХУГАЦАА, “ЗА ХҮҮХДҮҮД МИНЬ БОЛЬ ДОО” ГЭЭД ТОЛГОЙ РУУ НЬ ТОГШООД ЭХЭЛНЭ ШҮҮ ДЭЭ-

-Одоо манай кинонууд магтаал, шүүмжлэл хоёрын дундуур туучин хийгдсээр л байна. Та ер нь “Хийж байгаа нь сайн хэрэг” гээд өнгөрүүлэх нь элбэг үү, эсвэл ил цагаан шүүмжилчихдэг ахмад уран бүтээлчдийн нэг үү?
-Аливаа зүйлд шүүмж, судлал хоёр заавал байх ёстой. Энэ бол муулж буй биш, улам хурцалж буй хэрэг шүү дээ. Өнөөдөр шүүмжлэгчид, судлаачид байхаа больж. Ингэвэл нь энэ уран бүтээлчид өөрсдийнхөө юу болохгүй байгааг, аль талаа хөгжүүлэх хэрэгтэй байгаагаа мэдэхгүй. Одоо худал цаасан малгайг нь өмсөөд л, өөрийнхөө хаана явааг мэдэхээ больчихсон залуу халуун хүмүүс олширч. Хоёрдугаарт манай залуус гаднын киног хэт их даган дуурайж байна. Нэг л их цус нөж, алаан хядаан...
-...зодоон цохион. Үргэлжилсэн их адал явдал, зөрчлүүд. Үзэгчид ч үүнийг дуртай хүлээж авч байна.
-Энэ бол буруу биш. Нийгмийн захиалга гэж юм байдаг. Хийж л байг, цаг хугацаа тэднийг шүүгээд, “За, хүүхдүүд минь боль доо” гээд толгой руу нь тогшоод эхэлнэ шүү дээ. Одоо та нар нэг эргээд бод доо. Хошин шог руу хүмүүс хошуурч байна уу. Хүн үзэхээ байж байна.
-Хийгдэхээ ч байсан даг уу?
-Би хэлдэг байсан юм. “Жаахан учир жанцантай хий л дээ. Доромжлуулчхаад маасайтал инээгээд сууж байх хүн олдох уу” гэж. Шог зохиол бол харин нийгмийг эмчилдэг. Одоо “X Tuts”, “Мөрөөдлийн театр” зэрэг продакшнууд их л бодолтой юм хийх гэж үздэг болсон байна шүү дээ.
Яагаад сонгодог урлаг хамгийн оройд нь байдаг юм бэ. Өнөөдөр Хамлет, Макбетын дайтай бичигдсэн эмгэнэлт жүжиг байна уу. Тэртээ 17-р зуунд бичигдсэн зохиолыг давтаж чадаагүй л байна шүү дээ. Техникийн шинжлэх ухаан бол хөгжөөд л байна. Өнөөдөр хүн төрөлхтөн агаар мандлаа цоолоод хаячихлаа. Озоны давхаргыг яаж нөхөх вэ гээд чадахгүй л байна шүү дээ. Хэт их техникийн хөгжил тань эргээд хүн төрөлхтөнд гай болно гэдгийг хэлчихсэн сонгодог зохиолууд дахиж төрөөгүй л байна. Гэх мэтээр олон талаас нь сэтгэх, бодох хэрэгтэй дээ, залуус. Одоо тэгээд 70 гарчхаж байгаа бидний үгийг ч хэн тоох вэ.
-Та “Зэрлэгүүдийг хүлээхүй”-г үзээд өөрийгөө хэр үнэлэв?
-Би үзээгүй явна.
-Маргааш /Өнөөдөр, Сурв/ л анхлан үзэх гэж буй хэрэг үү?
-Тийм ээ. Уран бүтээлч бүрд нэг тийм түгшүүр байдаг. Кино гараад, дуусаад, үзэгчдийн алга ташилтыг сонссоны дараа л уужуу амьсгаа авдаг. Түүнээс өмнө ямар ч том цолтон бай байнгын түгшүүр шүү дээ.
-Та ч түгшиж байгаа юм байна.
-Тэгэлгүй яах вэ. Кино ямар болсныг, найруулагч яаж найруулсныг харна гэхээр түгшиж л сууна шүү. Том орны кино сайхан болсон байлгүй дээ гэсэн шүү юм бодож байна. Хамгийн гол нь миний бүтээсэн дүр киноны гол санааг гаргахад хэрхэн оролцож вэ гэдэг л сонирхолтой байна даа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол жүжигчиддээ тэр тусмаа Гүрсэд ахдаа баяр хүргэж таныг урлагын бурхан тэнгэр ивээх болтугай гэж ерөөе. 19-р сургуулийн 1965-1971 оны төгсөгчид танаар бахархдаг шүү. Урлагын замдаа дахин хүчтэй орж ирсэнд баяр хүргье.
Сан�##� нэг байна. Манай жүжигчид их чадварлаг. Дээр үеийн кинонууд хэдэн удаа ч үзээд уйддаггүй тийм л агуу бүтээлүүд. Орчин үеийн жүжигчид дүрээ амилуулахын оронд Солонгос Хятад жүжигчдийг дуйрайж нүүр амаа хэт мурийлгаж тахийлгах нь марзан
Дээр үеийн кино ч Цогт тайжаас бусад ухуулгын бүтээлүүд байсан л даа. Зарим ч бүр ш�##� худлаа, мунхруулагын маягтай юмнууд байв даа. Одоогийн чөлөөт сэтгэлгээт з�##�уучуудыг муулах нь эргэлзээтэй. Гэхдээ, 34 дүгээр точек мэт бол урлагийн
бүтээл биш л дээ. Харийг хуулаад хэзээ ч олигтой юм болохгүй. Хуулга эхээсээ ямагт муу болдог. Хийж байгаа юмаа монгол хэлээрээ нэрлэж чаддаг болж байж урлагийн хаяагаар шагайгууштай.
Баяр хүргэе! Олон сайхан дүр бүтээгээрэй!
Сайн байна. Баяр хүргье.
Манай хэсэг жүжигчид Казакийн хоёрхон банди Зүүнгарын хаант улсын армйг ялж байгаа үзэл суртлын кинонд жишим чүгүй тоглосн байдаг Л�##�ын шашинтай хүн өөрсдийгөө доромжилсон кинонд тоглосон бол яах бол Манайхан жаахан бодолтой байгаарай
Ямар эвгүй нэртэй кино вэ? Зэрлэгүүд нь тэгээд хэн юм болоо? Бид нар л юмаа даа. Манай хуучцуул угаасаа мундаг ш дээ. Холивуд ч бай Боливуд ч бай ер нь хаана ч гологдохгүй дээ.
Баяр хүргэе!
Танд баяр хүргэе!
Үзнэ ээ. Монгол жүжигчид дэлхийд гарах, манай кино дэлхийн түвшинд хүрэх цаг ойрхон байгаасай.
Өгөр толгой Гүрсэд гуай мөн үү
Яаж ч тулгаад 70 оны америк киног манай хүүхэд үзэхгүй байна лээ.