Сурвалжилга, Нийтлэл

РЭВЬЮ: Тэд ЗЭРЛЭГҮҮД БИШ, харин сүр хүч, ирж буй цагийн ээлж, халаа

Наймдугаар сарын 20-нд “Зэрлэгүүдийг хүлээхүй” нээлээ. Үүний өмнө “Black Stallion” продакшны найруулагч Б.Гарамханд, МУГЖ Д.Гүрсэд нартай уг киноны талаар ярилцсанаа уншигчдад хүргэсэн. Энд эхнээсээ, зэрлэг омог отгын хүмүүст монголчууд, монгол хэлээр тоглосон нь асуудал дагуулж буй. Монголчууд үнэхээр зэрлэг харанхуй төрхөөр Холливүүдийн дэлгэцэнд мөнхрөв үү, эсвэл...

1.

“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” УСК 2019 онд Венецийн кино наадамд оролцож, анх үзэгчдийн хүртээл болжээ. Тухайн үед киноны танилцуулга хэсэгт, “Хэл: Англи, монгол” гэж бичигдсэн нь манай талын кино багийнхны сэтгэлийг хөдөлгөсөн гэдэг.

Одоо ид ярианы сэдэв болж буй жүжигчин Б.Ганчимэг тус киноны шалгаруулалтад орж, тэнцсэн. Ийн үргэлжлүүлээд зэрлэг гэгдэж буй уугуул иргэдийн хэлийг монгол байлгая, цаашлаад зарим туслах дүрүүд дээр монгол жүжигчдээ оруулъя гэдэг санаа Б.Ганчимэг, түүний ах Б.Гантулгын үүсгэн байгуулсан “Black Stallion” продакшнаас төрсөн. Тэдний санаа бүтэж, АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, “Солиот эх” киноны том Бороод тоглодог залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар “Зэрлэгүүдийг хүлээхүй”-д дүр бүтээх завшаан тохиосон байна.

Киноны зургийг Африкийн Морокко улсад авсан, 100 хувь. Харин найруулагч Чиро Гера /Ciro Guerra/ одоо 39 настай, залууд тооцогдох уран бүтээлч. Олны мэдэх кинон дээр ажиллаж байгаагүй ч Канны кино наадмын шагнал хүртсэн удаатай. Хамгийн чухал хүн бол продюсер Майкл Фицжеральд. Түүний тухай МУГЖ Д.Гүрсэд, “80 хэдэн настай тэр өвгөн үүнийг кино болгоё гээд 20-иод жил хөөцөлдсөн. Ингэж сая нэг мөнгөө, жүжигчдээ өөрөө олж, ажил болголоо” хэмээн дурссан юм.

Кинонд хоёр чухал зүйл байгаагийн нэг нь өнгө талаасаа Холливүүдийн алдартай жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нар тоглосон явдал. Хоёрт, кино зохиолч Ж.Көтцэгийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэсэн. Энэ нь утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн роман тул зүгээр ч нэг зохиол биш. Ж.Көтцэ өөрөө романаа кино зохиол болгон бичсэн.

Нийт 85 мянган ам.долларын ашиг олсон гэхээр тийм ч өндөр өртгөөр /гадны зах зээлд шүү дээ/ хийгдсэн кино биш. Гэхдээ гол зүйл рүүгээ орохын өмнө анхааруулахад, энэ бол арилжааны кино угаас биш. Ашиг олох зорилго урьтан агуулаагүй, санаа сэдэв хөндөхийг зорьсон, нөгөөтээгүүр Нобелийн шагналт романыг дэлгэцээр амилуулах гэсэн уран бүтээлч ажил юм.

2.

“Зохиолч хэн нь зэрлэгүүд вэ гэдэг асуултыг тавьсан” гэж найруулагч Б.Гарамханд надтай ярилцах үеэрээ хэлж байв. Энэ сэдэв оноо киног үзсэн хүмүүсийн дунд ид хэлэлцэгдэж байна.

Тэгэхээр киноны үйл явдлын талаар цухасхан өгүүлэх хэрэгтэй. Энэ бол он цаг, газар орон, улс үндэстний нэр ЗААГААГҮЙ, цэвэр зохиомжийн агуулгатай кино /зохиол/. Ямартай ч 17-р зууны үеийн гэмээр колоничлогч эзэнт гүрэн энд гарна. Нөгөө талд колончлуулагч ядуу, буурай улс үндэстэн мөн гарч буй. Ингээд тэндхийн уугуул үндэстнүүдийг дарлаж, эзэн суухыг оролдох эзэнт гүрний хилийн боомт дахь нэгэн тосгонд үйл явдал өрнөнө.

Тэндхийг хянаж, зохицуулах үүргийг Магистрат буюу “эзэн” хүлээнэ. Тэр тэтгэвэртээ гарах нас нь дөхөж яваа, хомхой шунал, хахирган сэтгэлгүй нэгэн байна. Түүнд эзэнт гүрний бодлогыг хэрэгжүүлж, уугуул иргэдийг хүн биш мэт үзэн дарлах, мөлжих өчүүхэн ч хүсэл байхгүй. Харин ч тэндхийн иргэдийн соёл, уламжлалыг идэвхийлэн судлагч, соёлд нь уусагч, тэднийг хайрлагч нэгэн байна.

Гэтэл “төвөөс” хурандаа Жолл гэгч ирснээр бүгдийг үймүүлж орхино. Тэр шалгалт явуулахаар ирсэн гэх. Ийн магистратыг эзэнт гүрний бодлогоос гажууд байдлаар ажлаа явуулж буйг олж харах бөгөөд, уугуул иргэдийг яргалах, тарчлаах ажлын эхлэлийг тавина. Олон хүнийг алж, яргалж, заримыг нь тосгон дахь гянданд хорьчхоод болсон явдлыг тайлагнахаар төв рүүгээ буцдаг, тэр. Энэ хооронд магистрат хоригдсон бүх уугуул иргэдийг тавьж явуулах бөгөөд, санаа сэтгэл нь үймж, нутгийн иргэдийг бодож өмөрнө. Ингэхдээ гяндангаас явж чадалгүй үлдсэн хоёр суга таягтай эмэгтэйд дурлаж орхих аж.

Эмэгтэйн шагайн тус газарт хугартал цохиж, хоёр нүдийг нь улайтгасан сэрээгээр сийчин сохолсон байх агаад төрсөн аавыг нь дэргэд нь хөнөөжээ. Түүнийг нэг хэсэг гэртээ асарч, халамжилсан магистрат эцэст нь эмэгтэйн хүсэлтээр түүнийг нутгийг уугуул иргэдэд хүргэж өгдөг. Энэ урт аяллаас эргээд ирэхэд нь төвөөс дахин офицер Мэндел гэгч ирчихсэн, өөрийнх нь бүх авдар сууц, номын санг онгичин төнхчихсөн сууж байх юм. Тэр магистратыг уугуул иргэд рүү яваад ирсэн, цаашлаад энэ бүх хугацаанд үргэлж эзэнт гүрний эсрэг бодлогоор ажиллаж ирсэн зэргээр сэжиглэж, албан тушаалаас нь унаган, эрүүдэн шүүж, тамлан тарчлаана.

Нэг ёсондоо хурандаа Жолл, офицер Мэндел нар магистратыг унаган, уугуул иргэдийг “атгахаар”, “хэв журам”-д нь оруулахаар эзэн суух ч эцэст нь ЗЭРЛЭГҮҮДЭД хөөгдөж, ялагдаж, хэн ч биш болон дуусаж буй тухай өгүүлэх юм аа.

Тэгэхээр үйл явдлаас хэн нь зэрлэг вэ гэдэг асуултад төвөггүй хариулчихна.

3.

Монгол жүжигчид юу хийв ээ?

Энэ бол үзэгчдийн тавьж буй дараагийн асуулт. МУГЖ Д.Гүрсэдийн хувьд хүүгээ эмчлүүлэхээр тосгонд ирээд хилс хэрэгт гүтгэгдэн хоригдсон уугуул өвгөний дүрийг бүтээжээ. Магистрат, хурандаа Жолл хоёртой англи, монгол хэлээр ярьж тоглох хэсэгхэн хэсэг түүнд маань оногджээ. Хурандаа жолл гэгч нь Жонни Депп юм. Энэ хэсгийг хоёрхон дубль явж аваад л болсон гэдэг. Дараа нь Жонни Депп Д.Гүрсэд гуайтай тусгайлан уулзаж тэврээд, “Та ямар гайхалтай нүдтэй хүн бэ. Миний бүх зүйлийг уншчих шиг боллоо” хэмээсэн тухай бид өмнөх ярилцлагуудаараа хүргэсэн. Д.Гүрсэд гуай Жонни Деппийг Монголд урьсан гэнэ лээ. Харин шархадсан хүүгийн дүрд Г.Дөлгөөн-Эрдэнэ.

Харин АЖ П.Цэрэндагва гуай уугуул иргэдийн омгийн ахлагч. Өд сөд, үс яс болсон малгай, хувцастай, сүртэй нөхөр. Мориноосоо бууж ирээд л хүүгсэн дуугаар хүнгэнэнэ. Ганцхан дубль авсан гэсэн. Найруулагч, кино багийнхан нь гайхсандаа инээцгээж, “Яагаад ч юм заавал дахиад нэг авах ёстой юм шиг санагдаад байна” гэцгээжээ.

Харин Б.Ганчимэгийн хувьд магистратын дурладаг суга таягтай эмэгтэй. П.Цэрэндагва, Д.Гүрсэд нартай харьцуулахад давгүй олон сценд үзэгдэнэ. Найруулагч Б.Ганчимэгийг сонгосондоо  100 хувь сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн гэсэн.

Таньдаг царай төрхүүд харагдаж буй болоод ч тэр үү, монгол жүжигчдийн маань нүднээс цаанаа нэг гэрэл цацраад байх шиг санагдсан. Нүдэн илэрхийлэл сайтай, “Ямар сайн жүжиглээ вэ” гэж эрхгүй хэлэм байв даа, тэд маань. Б.Ганчимэгийн хувьд төрөлхийн өгөгдөл гоо сайхан нь өөрөө сүрлэг юм. Дуу хоолой нь чанга. Элдэв жүжилт хийхгүй хэр нь ээ дүрийг аваад явчихдаг тийм нэг байгалийн өгөгдөлтэй жүжигчин юм байна. Гаднаа хүйтэндүү, толгой цэх эмэгтэйн дүртэй боловч амьдрал дээр нэлээд эрх танхилжуу аальтай болов уу гэмээр харагдсан.

Гаднын жүжигчдийн тухай хоёр өгүүлбэр бичихэд, магистратын дүрийг бүтээсэн Майкл Райленс бол үнэнхүү гайхамшиг байв. Тэр угаас Английн Шекспирийн театрын жүжигчин гэнэ лээ. Харин Жонни Депп гаж, этгээд дүр бүрийг тогтсон нэг маневраар зүтгүүлдэг тул нэг их үнэлгээ, хүлээлт үүсгээгүй. Гэхдээ тэр яалт ч үгүй хурандаа Жоллыг биежүүлжээ. Иймд түүнийг дахин сайн жүжигчин гэж үнэлэхээр болов доо. Роберт Паттинсоны хувьд ч цөөн хором үзэгдэхдээ, сайн, тун сайн жүжиглэсэн байлаа.

4.

Одоо шүүмжлэх зүйлсийг нь шүүмжилье.

Нэгт, кино их уйтгартай болжээ. Арилжааны агуулгагүй киноноос адал явдал, алаан хядаан хүлээх нь утгагүй. Гэхдээ л 1 цаг 52 минут үргэлжлэхдээ үйл явдлын хэлхээс үнэхээр зугуухан, нозоором, уйдам болжээ. Гаднын сайтууд дээрх рэвью, сэтгэгдлүүдийг ч харахад “Boring” гэдэг үг нэжгээд харагдаад өнгөрөв.

Хоёрт, тосгонд болж буй үйл явдлын орчны тохижуулалт цаанаа нэг хиймэл байв. Яг зассан тайзан дээр тоглодог теле жүжиг шиг, натур муутай, ер нэг л тийм хиймэл, ҮНЭМШИЛГҮЙ орчин харагдаад байв. Харин уугуул иргэд рүү явах аялалд гардаг элчилгүй уудам цөл, элсэн манхан уулсын тухай энд яриагүй юм шүү.

Гуравт, уугуул иргэд гэж аль зүгийн, ямар цусны нөхдүүдийг үзүүлэх гээд байна вэ гэдэг маш, маш тодорхойгүй. Зохиолд мэдээж “тэр” гэж нэр заагаагүй нь үүний шалтгаан. Түүхийн, антропологийн мэдлэг зузаан хүн үзвэл эрээвэр хураавар соёлын үзэгдэл харсаар дуусах болов уу. Түүнчэн тосгоны иргэд бүгд европ царайтай. Бодвол уугуул иргэдээс л энд ирж суурьсан байх учиртай. Гэтэл уугуул иргэд нь ази царайтай, өөр “сүнс”-тэй харагдаж байсан.

Дөрөв, хэлний асуудал. Тосгоны иргэд англиар дэндүү цэвэрхэн ярьж байв. Энэ яавч боломжгүй. Мөн хэргээр аялга оруулж ярих гэсэн ганц нэг оролдлогууд нь бүгд лингвистик талаас бүтэлгүйтжээ. Б.Ганчимэгийн тухайд ч зарим үгийг хэргээр болхи хэлэх гэж оролдсон нь бодит байдалд нийцээгүй. Жишээ нь, “Anymore” гэдэг үгийг “Энимооррр” гэж дуудсан. Үүнээс бусад үгэн дэх “r” үсгийг яг англи аялгаар нь, үл сонсдом дуудаж байв. Бодит амьдрал дээр тэр уугуул эмэгтэй англиар уншиж, бичиж сурсан байхгүй нь мэдээж. Иймд “Anymore” гэдэг үгэнд “r” үсэг орсныг сонсголоороо мэдэх боломж бага. Иймд “ррр” гэж дуудсан нь алдаа шиг. Гэх мэт хэл, аялга талаас сэтгэл дундуур үлдсэн зүйл олон байлаа.

5.

Харин эцэст нь дүгнэж хэлэхэд, энэ жинхэнэ уран бүтээл л болжээ. Сайн найруулга, сайн сценүүд. Ялангуяа операторууд маш сайн ажилласан. Магистратын эмэгтэйн  хөлийг үнсэж буй, уугуул иргэдийг зорин элчилгүй цөлийг туулж буй, говийн шуурганд цохигдож буй зэрэг хэдэн сайхан хэсэг байлаа. Хөгжмийн хувьд ч нэг тийм монголжуу ч гэмээр, сэтгэл эзэмдэм, нэг л зүйл удахгүй болох гээд байх шиг мэдрэмж төрүүлэм болжээ.

Киноны илэрхийлэх гэсэн утга санаанд задалж, бодох, эргэцүүлэх шаардлага тийм ч их биш юм. Түлхүүр үгс:

  • Колоничлолын бодлого
  • Хэн нь хэн бэ
  • Цаг үе, ээлж халаа
  • Хүний мөн чанар
  • Хайр, дурлал

ОНЦЛОХ: Монголчууд монгол хэлээр зэрлэгүүдийн дүрийг бүтээсэн гэж бухимдах хэрэггүй. Энэ бол зэрлэгүүд биш. Харин эсрэгээр сүр хүч, ирж буй цагийн ээлж, халаа юм. Холливүүдийн кинонд ингэж үлдэх нь өөрөө том амжилт. Үндсэрхэж суух хооронд бид их зүйлээс хоцорч, сугарч үлддэг. Гэхдээ монгол хэлийг ашигласан тухайд монгол хэлний хүмүүс ямар байр суурьтай хандах нь надад сонин хэвээр байгаа.

“Уйтгартай кино байна лээ” гэж үзсэн хүмүүс битгий өөр, зуураа дамжуулж, ярилцаарай. Энэ бол “Avengers” биш шүү. Уран бүтээл гэдэг талаас нь харж, сцен бүрийг мэдрэх гэж оролдвол дээр дурдсанаар сайн кино. Дээрээс нь Холливүүдийн жүжигчдийн хамт элэг нэгтнүүдээ харах сайхан боломж.


"Black Stallion” продакшны найруулагч Б.Гарамхандтай хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

МУГЖ Д.Гүрсэдтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

"Waiting for the Barbarians” УСК-ны нээлтээс хийсэн фото сурвалжилгыг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ирд
Ирд
2020-08-24 09:59

Мэл Гибсоны Апок�##�ипто киног үзсэн байхаа! Түүн дээр Маяа нар Монгол үг хэд хэд хэлдэг! Тэрнээс харахад Индианууд эртний Монгол, Хүннү аймгаас тасарсан гэж үзэх ч үндэстэй.

Зочин
Зочин
2020-08-27 13:30

муу гэж хэлэх амархан харин хийх хэцүү гэдгийг бодож үзэх хэрэгтэй юм шиг

Холбоотой мэдээ

Back to top button