Ярилцлага

Залуу удирдаач Т.Юндэн: Оркестр маань хаа хүрч чадах вэ, тэр хүртэл зүтгэнэ

Уншигч та сонгодог хөгжим сонсдог, дурладаг залуус ховордож буй өнөө цагт Nuovo оркестрийг үүсгэн байгуулаад удаагүй байгаа Т.Юндэнгийн ярилцлагыг унших гэж байна. Эрч хүч нь буцалсан идэр залуусаас бүрдсэн эл шинэхэн симфони оркестрийг Монгол улсын хэмжээний гуравдахь симфони оркестр хэмээх боломжтой. Долоодугаар сарын 7-ны өдөр анхны тайлан тоглолтоо толилуулсан энэ хамт олон нийгэм дэх гэрэл гэгээтэй дүр байв.

Nuovo оркестрийн үүсгэн байгуулагч, удирдаач Т.Юндэн 25 настай ч томыг хүсэж, зорьж яваа. Түүний урлагийн амьдралын талаар болон хүсэл мөрөөдлийнх тухай нь сэдвийг бид хөндөв. Мөн хэн хүний ойлгоод байдаггүй оркестрийн удирдаач гэх мэргэжлийн талаар ч товчхон хөөрөлдсөн юм.

-СОНГОДОГ ХӨГЖИМ СОНСДОГ ЗАЛУУСЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БИД ХИЧЭЭЖ БАЙНА-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Төвшинтөгсийн Юндэн гэдэг. 1994 онд төрсөн. 2016 онд Хөгжим бүжгийн коллежийг фагот үлээвэр хөгжмийн мэргэжлээр төгссөн. Саяхан коллеж маань статусын хувьд шинэчлэгдэж, “Монгол улсын консерватори” болсонтой холбоотой магистрын сургалтандаа мэргэжлийн удирдаачийн элсэлт авч эхэлсэн. Ингээд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд МУУГЗ Ч.Чинбатад шавь орон суралцаж байна.

-Шинэ тутам Nuovo симфони оркестрийг үүсгэн байгуулаад удаагүй байгаа гэж сонссон. Дан залуус тоглодгоороо онцогтой байна гэж харлаа. Яагаад Nuovo оркестрийг байгуулах болсон бэ?

-Анх 2016 оны аравдугаар сарын 3-нд болсон нэгэн ярианаас энэ бүхэн үүдэлтэй. Дөнгөж сургууль төгсч байгаа болон өөрийнхөө үеийн залуус, өсвөрийн хөгжимчдөөс бүрдсэн ийм оркестр байгуулах санаа юм. Журмын нөхөр Б.Анхбаяртайгаа энэ тухай маш их ярилцсан. Харин яриагаа ажил хэрэг болгож, оркестрийн хөгжимчдөө бүрдүүлж эхэлсэн нь энэ оны гуравдугаар сарын 14 байлаа.

Монголд УДБЭТ болон Монгол улсын филармони, мөн Дорнод аймагт Дорнодын Их Театр гэсэн гурван байгууллага симфони оркестртой. Үүн дээр Монгол Улсын Консерваторийн симфони оркестрийг нэмж тооцох боломжтой, уран бүтээлийн гэхээс илүү сургалтын шинжтэй юм.

Сургуулиа төгсч, мэргэжлээ эзэмшсэн шинэхэн залуус юу хийх вэ? Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч, шинэ соргог зүйл, зорилго тэмүүлэл байхгүй болох байдал ажиглагддаг шүү дээ. Тийм болохоор өөрөө удирдаачийн мэргэжлээр сурч буйгаа давуу тал болгож, залууст боломж олгосон симфони оркестр байгуулсан. Хүмүүс өндөр модны оройг нь эхэлж хардаг бол бид үндсийг нь чухалчилсан. Үндэс сайн байж мод гайхалтай ургана. Тэр ч утгаараа бүхий л хөгжмийн урсгалуудын эх болсон сонгодог хөгжмөөр анхны тоглолтоо хийгээд удаагүй байна.

-Монголчууд социализмын үетэй харьцуулахад сонгодог хөгжим сонирхохоо байсан гэж ярьдаг. Залуу уран бүтээлчийн хувьд үүнийг яаж хардаг вэ?

-Энэ бол үнэний ортой. Социализмын үед соён гэгээрэл ярьдаг, соёлжиж боловсрохыг илүүд үздэг байсан шүү дээ. Урлагийг ойлгодог, ойлгохгүй байсан ч ойлгохыг хичээдэг байсан цаг үе. Өнөөдөр өөр урсгал жанрын хөгжмүүд ихээр гарч ирсэнтэй, мөн сонгодог хөгжмийн талаар мэдлэг мэдээлэл багатай болсонтой холбоотой залуус сонгодог хөгжим сонирхож сонсох нь цөөрсөн гэж хэлж болно.

Сонгодог хөгжим сонсдог хүмүүсийг нэмэгдүүлэхийн төлөө бид хичээж байгаа.

-Хувь хүний хувьд багаасаа хөгжимд дурлаж өссөн байх. Гэр бүлийн хүрээнд урлагийн хүмүүс бий юу?

-Манай аав МУГЖ Ц.Төвшинтөгс гэж хүн бий. УДБЭТ гэж энэ сайхан ягаан театрын даргаар ажиллаж байна. Миний хоёр эрэгтэй дүү мөн урлагийн боловсрол эзэмшсэн. Эмээ маань Хэнтий аймагтаа алдаршсан уртын дуучин хүн байхад өвөө маань ч бас баргил хоолотой дуучин. Ухаан орсон цагаасаа л урлагийн тогоонд өссөн. Тиймээс урлагт хайртай болсон шалтгаан маань үүнээс үүдэлтэй болов уу.

-Удирдаач болох мөрөөдөлтэй хэрнээ фагот хөгжмийн ангид элсэн суралцах болсон шалтгаан их сонирхолтой байна?

-Учир нь тухайн үед Монголд мэргэжлийн удирдаач бэлтгэдэггүй байсан. Агуу удирдаач, маестро Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Д.Нямдаш, Ч.Чинбат гэх мэт мундаг хүмүүс ОХУ-д төгсч ирсэн байдаг. Түрүүнд хэлсэнчлэн, Монгол Улсын Консерватори саяхнаас л удирдаачийн ангиа нээлээ.

Аав маань залуудаа УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байлаа. Би тавдугаар ангиа төгсөөд, одоо цаашид хөгжмийн боловсрол эзэмшмээр байгаагаа хэлэхэд, аав дотны найз дээрээ намайг аваачсан юм.Тэр бол миний багш, СТА А.Мөнхбат. Ингээд намайг фагот хөгжмийн ангид оруулсан, би ч дуртай суралцсан. Тухайн үед фагот хөгжимчин гэдэг нэн ховордсон мэргэжил байв.

-УДИРДААЧ ХҮН ӨӨРӨӨ ХӨГЖМИЙН ЗОХИОЛ БОЛОН ХУВИРДАГ-

-Удирдаач болох хүсэл, мөрөөдөл хэзээнээс бий болсон юм бэ?

-Аав маань залуудаа партаа гэртээ авчраад дуулах бэлтгэлээ хийдэг байлаа. Тэр үед намайг хоёр ойтой байсан гэж ярьдаг. Ээж, аав хоёр нэг өглөө сэрээд хартал би аавын бэлтгэл хийдэг партыг тавьчхаад, хар чадлаараа дуулан, гараараа удирдаач шиг дохиод зогсч байсан гэсэн. Гэрэл зураг нь үлдсэн байдаг.

Хамт олноо удирдан, манлайлна гэдэг сайхан зүйл. Мөн удирдаачийн мэргэжил Монголд нэн ховордож байгаа юм байна гэдгийг ойлгож, энэ мэргэжлийг эзэмшихийг хүсэж эхэлсэн. Мөрөөдлийнхөө араас тууштай, даруй 15 жил явж байна. Хэзээ ч энэ мөрөөдлөө хаяагүй, үргэлж дотор минь амьдарч байсан. Одоо ийнхүү зах зухад нь хүрч ирсэндээ маш их баяртай яваа.

-Мэргэжлийн биш хүмүүсийн хувьд удирдаачийн мэргэжил ойлгомжгүй харагдах тал бий. Симфони оркестрт удирдаач хүн яг ямар үүргийг гүйцэтгэдэг тухай ярилцъя.

-Хэрвээ В.А.Моцартын уран бүтээлийг тоглох боллоо гэхэд, оркестрийн өмнө удирдахаар гарч ирсэн удирдаач би өөрөө Моцарт, өөрөө тэр уран бүтээл нь болох ёстой гэж ойлгодог. Тухайн зохиолын характер, шинж чанарыг хүмүүст хүргэх замыг удирдаач тавьж өгдөг гэсэн үг. Зохиол хэр чанга, сул, удаан эсвэл хурц тоглогдох ёстойг удирдаачийн гарын хөдөлгөөн, биеийн өгүүлэмж илэрхийлж байдаг. Харин урд нь гараад зөвхөн хэмнэлийг нь өгөөд зогсвол энэ цэргийн хөгжмийн удирдаач. Симфони хөгжмийн удирдаач гэдэг тусдаа. Хаашаа ч зайлах аргагүй, ягштал биелүүлэх онолзүйн дүрмүүдтэй.

-Симфони оркестр удирдаачгүйгээр хөгжим тоглох боломжтой юу?

-Одоог хүртэл судлахдаа тийм зүйл тохиолдсон гэж сонсоогүй. Удирдаачгүй тоглодог оркестр гэвэл 4-5, 7-9 хүнтэй ансамблиуд байдаг. Симфони найрал хөгжмүүдийн хувьд боломжгүй зүйл.

-Ихэнхи нэртэй удирдаачид маэстро цолтой байдаг. Ер нь удирдаач байхын хажуугаар хэд хэдэн хөгжим гаргууд тоглодог байх шаардлага байна уу?

-Байна. Гэхдээ гадны зарим улс орнуудад, ямар ч хөгжмийн боловсролгүй хүнд хувь хүнийх нь хүсэл сонирхлынх нь үүднээс удирдаачийн мэргэжил эзэмшүүлдэг сургалт байгааг саяхан олж мэдсэн.

Ерөнхийдөө дэлхийн түүхэндэх агуу удирдаачид бүгдээр дор хаяж нэгээс хоёр хөгжмийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байдаг. Хөгжимчин байна гэдэг өөрөө удирдаачийн хувьд давуу тал. Оркестрийн хөгжимчдийнхөө зовлон, жаргалыг ядахнаа сайн ойлгоно шүү дээ.

Удирдаач байхын тулд юун түрүүнд дотоод ритм хэрэгтэй. Бусдаасаа тохой илүү сонсголын чадвартай байх ёстой. Үүнийг хөгжүүлэхийн тулд л бид хар багаасаа өглөө наймаас, орой найман цаг хүртэл бэлтгэгддэг байсан.

-Удирдаач хүний сонсголын чадвар хөгжимчдийнхөөс ялгаатай юу? Оркестрийн хөгжим тус бүрийн дуугаралтыг ялгаж сонсдог байх хэрэгтэй гэсэн төсөөлөл байна.

-Тэр зөв л дөө. Би өөрөө хөгжимчин хүний хувьд, хөгжимчид сонсголоо яаж ажиллуулдаг талаар мэднэ. Миний тоглож байгаа өнгө бусад хөгжимчдийнхтэй таарч байгаа эсэхийг сонсоно, дотроо тоолно. Харин удирдаач хүн бол хөгжмүүд дуугарах ёстой балансдаа дуугарч чадаж байна уу? Энэ хэсэгтээ чанга, сул эсвэл хурц дуугарав уу? гэдгийг үргэлж анзаарч, сонсч байдаг. Удирдаач хүн тоглолтын явцад нэг хүн буруу өнгө дуугаргачихвал түүнийг шууд мэддэг. Хөгжимчин тус бүрийг л нэгэн зэрэг сонсч байна гэсэн үг л дээ. Үүний тулд маш их хөдөлмөрлөх, өндөр түвшний мэдлэг эзэмших хэрэгтэй.

-ХИЙДЭГ АЖЛАА ХИЙГЭЭД, АВДАГ ЦАЛИНГАА АВААД АМЬДРАХ НЬ ЗАЛУУСТ ХЯЛБАР САНАГДАЖ БАЙНА-

-Залуус хүсэл мөрөөдлөө дагахаас илүү ахуйд ойр мэргэжлүүдийг сонгодог болсон энэ цагт залуу хүн удирдаач болохыг мөрөөдөж, хийж бүтээж байна гэдэг өөрөө нийгэмд содон дүр болж байна. Өөр үе тэнгийн удирдаачид хэр олон байна вэ?

-Надтай хамт магистрт гурван хүн суралцаж байгаа. Өвөрмонголоос ирж суралцаж байгаа хөгжмийн зохиолч мэргэжилтэй н.Ванчигдорж байна. Морин хуур чуулгын туслах удирдаач н.Жигжиддорж байна. Нөгөөх нь Урлагийн их театрын туслах удирдаач н.Мөнхбаяр. Ингээд ерөнхийдөө би зах зээлд гурвын гурван өрсөлдөгчтэй. Би цор ганцаараа биш, надтай адил зөндөө залуучууд уран бүтээлээ хийгээд явж байгаа. Харин “Сонгодог” гэдэг алтан боломжийг ашиглаж чадаж байгаа нь би л байна.

-Цаашид энэ чиглэлээс гажихгүй, хийж бүтээсээр явахаар шийдсэн гэж ойлгож байна. Залуу хүний хувьд хэр том амбиц дотроо тээж байна вэ?

-Энэ асуултыг оркестр байгуулах гээд явж байхад надаас олонтаа асууж байсан. “Би залуу байна. Миний чадал чансаа хаа хүрэх вэ, хэзээ намайг хэн ч тоохоо байх вэ, тэр хүртэл зүтгэх болно” гэж би тэдэнд хариулдаг. Энэ бол миний хар багын мөрөөдөл. Дөнгөж эхэлж байна. Үүнийхээ төгсгөлийг үзтэлээ тэмцэнэ гэж би бардам хэлж байгаа.

-Мөрөөдлөө биелүүлэх бодит боломж, орон зай нь хэр байна гэж хардаг вэ?

-Хоёр талтай. Санхүү, эдийн засгийн хувьд бэрхшээлтэй. Харин уран бүтээл туурвих орчин бол манайд чөлөөтэй шүү дээ. Өөрсдөө сэтгэл нийлээд л хамтарч чадаж байвал бидэнд маш том боломж бий. Бас уран бүтээлээрээ мөнгө олоод, амьдраад явдаг болно гэвэл даруй хэдэн жил шаардлагатай.

-Урагшлахад саад, тушаа болдог бэрхшээлүүдээс хуваалцаач?

-Үе тэнгийн залуус маань юм хийхээс маш их цааргалдаг болчихсон байна л даа. Хийдэг ажлаа хийгээд л, хэдэн төгрөгөө аваад л явах нь илүү эвтэйхэн байна. Сая оркестрийнхоо бүрэлдэхүүнийг цуглуулж байхад нэлээд хүндрэлтэй байсан. Залуу хөгжимчид цөөн, төгсөгчид цөөн. Өөрсдийхөө төлөө юм хийе, хөгжиж дэвшье гэдэг залуус бүр ч цөөн байна. Энэ л одоогоор маш хэцүү байна. Санал тавихад, “За яах юм бэ хөгшөөн, ингээд явж байх минь л надад амар байна” гэж хариулдаг.

Бусдаар сайхан байна шүү дээ. Санаа нийлсэн залуучуудтайгаа нийлээд уран бүтээл хийхэд тэнд хэрүүл гарахгүй, үл ойлголцол гарахгүй. Надад юм хийхэд хамгийн амар байгаа.

-Сонгодог урлаг бол элит соёл л доо. Гэхдээ сонгодог симфони оркестр уран бүтээл хийхэд хүлээж авах сонсогчид ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Нэг үеэ бодвол хавьгүй дээрдчихсэн. Сонгодог урлагийг сүүлийн 10 жилд хүмүүс их сонирхож эхэлж байх шиг байна. ДБЭТ байнгын дүүрэн үзэгчидтэй байдаг болж байна. Дуурь, балет, гадаад, монгол гэж ялгахгүй, сонгодог урлагаас шинэ зүйлийг эрж хайдаг хүмүүс олширсон гэж хардаг. Энэ бид бүхэнд давуу тал болох мэт санагдаад байгаа. Тэднээс мөнгө авахдаа гол биш ээ. Бидний хийж байгаа уран бүтээлийг ирээд үзчих нь л чухал байгаа юм.

Энэ ташрамд хэлэхэд фэйсбүүк дэх “Сонгодог урлаг сонирхогчдын грүп”-ийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна. Бидний тоглолтыг бөөнөөрөө ирж үзсэн.

-ШАНТАРСАН БИШ, ТАШУУРДУУЛСАН ЦАГ МӨЧ ОЛОН-

-Шинэ орон зайг бий болгох гээд зүтгэж байхад тань урам өгсөн, сэтгэлийн дэм болсон хүмүүсээ дурьдаач?

-Хамгийн түрүүнд ДБЭТ-ын хамт олноо дурьдана. Намайг залуу гэж гололгүй, маш том итгэл хүлээлгэсэн. “Уран бүтээлээ л хий, өөр юунд ч битгий санаа зов” гэж угтаж авсан. Тийм ч учраас ДБЭТ-ын дэргэдэх залуучуудын Nuovo оркестр гэж гарч ирсэн. Энэ том ягаан театр биднийг ингэж хүлээж авна гэдэг миний хувьд маш том хүндэтгэл байсан.

Хоёрт мэдээж МУУГЗ Н.Туулайхүү маэстрог хэлнэ. Манай оркестрийн зөвлөх удирдаач, найруулагчаар ажиллаж байгаа. Гуравдахь хүн бол миний багш Ч.Чинбат. Анх багштайгаа оркестр байгуулах талаар ярилцахад, “Одоо та нарын л цаг үе. Та нар л одоо юм хийнэ” гэж дэмжиж, урам өгч байлаа.

Мөн нэг хүнийг дурьдаж хэлэхгүй бол болохгүй. Миний мэргэжил нэгт гэж хэлж болох, журмын анд, миний найз Б.Анхбаяр. Одоо 23-хан настай, ДБЭТ-ын нэгдүгээр вольтарнистаар ажилладаг. Би дан ганцаараа биш, түүнтэй хамтарч энэхүү оркестроо байгуулсан. Б.Анхбаярын маань гэр бүл хүртэл маш их тус дэм болсон. “Ямар хүмүүс сэтгэлийн дэм өгсөн бэ” гэж асуусан учраас би найзынхаа гэр бүлийг заавал дурьдмаар байна. Энэ ташрамд баярлалаа гэж хэлье.

-Урлагийн хүмүүсийн амьдрал гэдэг тэс өөр ертөнц. Нэгэнт урлагийн амьдралаар амьдрахаар шийдэж өнөөдрийг хүрэхэд шантарч, ухарч буцмаар санагдаж байсан үе бий юу?

-Өөр мэргэжилтэй хүмүүс өглөө 8 цагаас ажилдаа ирээд л, орой 5 гучаас тараад харина. Найз нөхөдтэйгөө уулзана, гэр бүлийнхэнтэйгээ аялж зугаална. Бид нар бол өөр. Хүмүүсийн амарч байдаг цагт бид ажиллаж байдаг. Тиймээс ар гэрт маань асуудал үүсэх нь бий. Ойлгох үе байна, ойлгохгүй үе байна. Харин ч манай аав, ээж хоёр намайг маш их дэмждэг. Тэр тулдаа би өдий зэрэгтэй яваа. Тэр тулдаа би оркестроо байгуулж чадлаа.

Шантрах үе гэвэл байна аа. Хэн нэгнээс өөрийгөө дутуу гэдгээ мэдрэх үед их хэцүү байдаг. Жаахан гомдмоор ч юм шиг. Миний чадах гээд зүтгэж байхад хэн нэгэн аль хэдийнэ чадчихсан байхад шар хөдөлнө. Энэ бүгд шантрах гэхээс илүү уран бүтээл хийхэд маань ташуур болж өгдөг. Шантарч байсан биш, ташуурдуулж байсан цаг мөч олон байна гэж хэлвэл онох юм шиг.

-Өөрийнхөө амьдралд тохиолдож байсан хамгийн баярт мөчүүдээс хуваалцаач?

-Саяхан манай оркестрийн бие даасан тоглолт сайхан болж өндөрлөлөө. Энэ бол баярт мөч байсан. Бас би саяхан аав болсон. Сар гаруйхны өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөж авлаа. Энэ миний өдийг хүртэлх амьдралд маань хамгийн баярт мөч болсон. Аав хүн болно гэдэг юугаар ч сольшгүй, орлуулж боломгүй аз жаргал, сэтгэлийн амар амгалан байдаг юм байна. Ханьдаа маш их баярладаг.

-Сүүлийн асуултаа тавья. Хамгийн ойрын зорилгодоо юуг төлөвлөөд байна вэ?

-Цуврал гурван тоглолтоо амжилттай тавьсныхаа дараа долоодугаар сард Сүхбаатарын талбайд гала тоглолт хийхийг зорьж байгаа. Бидэнд боломж байна, орон зай байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хуху
хуху
2019-07-20 18:57

юндэн гэдэг нэртэй байхдаа яах вэ дээ хахаха

Зочин
Зочин
2019-07-25 13:47
Reply to  хуху

чи ѳѳрѳѳ ямарч нэргүй юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button