Ярилцлага

Н.Мягмарнаран: Хамрын дусаалга байнга хэрэглэснээс самалдаг тайрах мэс засалд орохоос өөр аргагүй болж байна

Харшлын улиралтай золгоод ханиад томуугийн улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор бид уншигчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эм, бүтээгдэхүүний хэрэглээ, хамрын дусаалгын зүй зохистой хэрэглээний тухай ЭМЖЖ эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч Н.Мягмарнарантай ярилцлаа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/333313844690243/?extid=2rh6Qg61PYQpRYTG&d=null&vh=e

Тэрбээр 2013 онд Анагаах ухааны их сургуулийн төгсөж, Сөүлийн Үндэсний Их сургуулийн Толгой, хүзүүний хавдрын мэс заслын мэргэжлээр мэргэжил дээшлүүлж ирээд, 2015 оноос хойш тус эмнэлэгт тасралтгүй ажиллаж буй.

-ХАМАР БИТҮҮРЛИЙГ ДУР МЭДЭЖ ЭМЧИЛГЭЭ ХИЙСНЭЭР ХҮНДРҮҮЛЖ БАЙНА-

-Таны хувьд сүүлийн таван жилийн турш чих, хамар, хоолойн эмчээр ажилласан байна. Тэгэхээр энэ хугацаанд ихэвчлэн ямар эмгэг, өвчин зовлонтой үйлчлүүлэгчид хандаж байв?

-Манай эмнэлэг нь чих, хамар, хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг. Тиймээс амьсгалын дээд замын өвчлөл их байдагтай холбоотойгоор хамар, залгиурын өвчлөл дийлэнх шалтгааныг эзэлж байдаг. Түүн дотроо хамрын өвчлөлүүд байна. Үүнд хамар битүүрэх гэдэг шинж тэмдэг дор хамрын олон төрлийн эмгэг, өвчлөлүүд багтдаг. Хоёрдугаарт хоолой залгиурын өвчлөл буюу ангина орно. Хамгийн сүүлд чихний өвчлөл /гадна, дунд чихний өвчин/ ордог. Гэвч сүүлийн үед гадна чихний өвчлөл дотроо гадна чихний үрэвсэл, гадна чихний хатиг түгээмэл тохиолдож байгаа.

-Хүмүүс ихэвчлэн харшил, ханиаднаас болж хамар битүүрдэг гэж ойлгодог. Тэгвэл өөр ноцтой шалтгааны улмаас хамар битүүрч болох уу?

-Хамрын битүүрлийг насны хувьд, илэрч буй цаг хугацаа түүнчлэн улирлын онцлогтой холбоотойгоор хэд хэд ангилдаг. Хамар битүүрлийг дотор нь нярай бага насны, хүүхэд, насанд хүрэгчдийн, өндөр настны гэж ангилна. Нярайн хамар битүүрлийн дийлэнх шалтгаан нь нярайн жин бага байх, дутуу төрөх, төрөх үеийн тархины гэмтэл зэргээс хамаараад түгээмэл тохиолддог. Мөн төрөөд удаагүй нярайн хамрын самалдагт байгаа салстын "симпатик”, "парасимпатик” мэдрэлийн зохицуулга нь алдагдаад эхлэхээр хамар битүүрч болно.

Нярай толгойгоо дааж эхэлсэн сараас хойш энэ нь аажим эдгэрч, шинж тэмдэг буурна. Насанд хүрэгчдийн хамар битүүрэл нь олон шалтгаантай. Харшил, хамрын "синусит” буюу "гайморит” гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Гайморын хөндийн үрэвслийн шалтгаан, гэмтлээс /хамрын гадна болон дотор талын таславч муруйх/ болоод хамар битүүрэх нь элбэг. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь амьсгалын дээд замын өвчлөл, вирус, томуу, томуу төст өвчин, хамрын хөндийн нянгийн гаралтай эмгэгүүдийн үед хамрын битүүрэл явагддаг. Тэгэхээр энэ бүгдийг үзлэг, оношилгоо хийлгэсний дараа оношилно. Тэрчлэн эмчилгээ хийлгэхгүй байх, дур мэдэж эмчилгээг эхлүүлснээр тухайн үрэвслийг цааш архагшуулж, хүндрүүлэх нөхцөл рүү оруулах эрсдэлтэй.

-ХАМРЫН ЦАЦЛАГЫН ГАРАЛТАЙ БИТҮҮРЭЛ БАЙДАГ-

-Иргэд аптекаас дур мэдэж олон төрлийн хамрын дусаалгануудаас сонгож, удаан хугацаагаар хэрэглэж байгаа ажиглагддаг. Тэдгээр дусаалгыг удаан хугацаагаар хэрэглэснээр гарах эрсдэл, сөрөг үр дагавар байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ерөнхийдөө хамрын дусаалганы тухай эмч нь тайлбарлая л даа. Хамрын дусаалга нь дотроо хоёр төрөл байдаг. Эхнийх “деконденсант” буюу хамрын судсыг салст дотор байгаа судсыг хүчтэй агшааж онгойлгодог цацлага, дусаалга гэж байгаа. Харин нөгөө нь хамрын эмчилгээний буюу “эстройд”-ны буюу бага зэргийн даавар агуулсан хамрын цацлага. Тэгэхээр бидний аптекаас авангуутаа  шууд цацаж хамрыг онгойлгодог цацлага нь судсыг хүчтэй агшаадаг “деконденсант” гэдэг нэртэй цацлагууд байдаг. Энэ цацлага яаж үйлчилдэг вэ гэхээр хамрын дотор байгаа “симпатик”, “парасимпатик” мэдрэлийн зохицуулгыг алдагдуулдаг. Ингэснээр хамрын дотор байгаа салст, цацлага цацсаны дараа хүчтэй агшсанаар хамар руу орох агаар сайжраад ирж байгаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ үед “симпатик” мэдрэлийн зохицуулга буурч, “парасимпатик” мэдрэлийн зохицуулга ихэссэнээр хамрын битүүрэл үүсгэдэг. Манайхан хэлдэг шүү дээ, хамрын цацлагадаа дасна, донтоно гэж яриад байдаг нь тэр мэдрэлийн зохицуулга нь алдагдаад, “парасимпатик” нь ихсэж, хамрын самалдаг хөөснөөр хамар онгойхоо больчихдог. “Парасимпатик” нь давамгайлаад ирэхээр эмийн эмчилгээ үр дүнгүй гэж үзээд “ээнэгшилгүй” гэсэн хэлбэрт ордог. Энэ үед хамрын самалдгийг тайрч, багасгах мэс заслын арга руу орохоос өөр аргагүй гэсэн үг. 

“Эстройд”-ны цацлагын хувьд, цэвэр харшил, хамрын хөндийн үрэвсэл, синусит үрэвслийн эмийн эмчилгээний заалтаар хэрэглэдэг. Улирлын гаралтай харшлын үед тухайн улиралдаа цацлагаа цацсанаар харшил буурч, шинж тэмдэг арилснаар эмчлэгддэг. Эс бөгөөс харшлын үед “деконденсант” цацлагыг цацаж болохгүй. Эмчийн заавраар аль болох цацлагыг хэрэглэх ёстой. Хамар онгойлгох цацлагыг 7-10 хоногоос хэтрүүлж хэрэглэж болохгүй. Түүнээс удаан хугацаанд хэрэглэвэл дасна, донтоно гэдэг зүйл мэдрэлийн зохицуулгыг алдуулдаг. Хамрын цацлагын гаралтай хамар битүүрэл гэж байдаг. Энэ үед дусаалгаа хэрэглэхээ зогсоосны дараа эргээд хэвийн байдалдаа ордог.

-Иргэд мэдлэл мэдээлэл хомс байдлаас өөрсдийгөө зохиомлоор өвчлүүлж болно гэсэн үг үү?

-Тийм. Яг зөв.

-Дусаалганд донтсон, таны хэлснээр “ээнэгшилгүй” болсон хүний өвчлөл хүндэрч, мэс засалд ордог гэж ойлгож болох уу?

-Тийм. Мэс заслын аргаар хамрын битүүрлийг арилгана гэсэн үг. Хамар битүү удаан явснаар хамрын дайвар хөндийнүүд /хацар, дух, нүдний хоёр талын ухархайн, тархины доор суурийн/ агааржихгүй болоод ирэхээр салст хөөж хавагнасаар нянгийн халдварт өртөөд синутит буюу гайморит болдог. Тэгэхээр хамрын битүүрэлтэй удаан явснаас болоод гайморын хөндий үрэвсэх зэрэг асуудлууд үүсдэг.

-Хамрын дусаалга гэлтгүй, зөвхөн мэс заслын аргаар хамрын битүүрлийг арилгах, бусад шинж тэмдэг, эмгэгийг арилгах заалттай хүмүүс хэр олон тохиолдож байна вэ?

-Нэлээдгүй олон байдаг. Манай монголчууд хамар битүүрээд, цацлага хэрэглээд онгойхгүй болоод ирэхээрээ л эмчид ханддаг. Үзүүлсний дараа мэс заслын заалттай болчихсон байх нь бий. Тухайн үед өвчтөнд “та зайлшгүй мэс засал хийлгэх хэрэгтэй” гэхээр “юм л бол хагалгаа гэх юм, өөр арга байхгүй юу” гэж асуудаг. Энэ нь тухайн өвчтөн хүндэрсэн үед нь орж ирж байна гэсэн үг. Зарим үйлчлүүлэгчид шинж тэмдэг илрээд удаагүй үед буюу “миний хамар битүүрээд 3-4 хонож байна, хамрын дусаалга хэрэглэмээргүй байна” гээд орж ирдэг. Тэдгээрийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, эмчилгээ болон эдгэрэх цаг хугацааны хувьд ч харьцангуй хурдан явагддаг. Харамсалтай нь тэдгээр үйлчлүүлэгчид нь харьцангуй цөөхөн байдаг. Ихэвчлэн мэс заслын заалттай болсон үед эмнэлэгт ханддаг.

-Дотоодын үйлдвэрийн болон гаднаас орж ирсэн дусаалганы хувьд чанар, үйлчилгээний хувьд ялгаа байдаг уу?

-Яах вэ, дотоодын үйлдвэрийн дусаалгын хувьд үнэ харьцангуй хямд байдаг. Хэдий тийм ч үзүүлэх үйлчилгээ, дотор найрлагын хувьд ижил. Түүнээс энэ нь сайн, муу гэж хэлэх боломжгүй.

-НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХАМРЫН ДУСААЛГЫГ ХҮҮХЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ-

-Тэдгээр дусаалгыг хэрэглэснээр, тухайн хүний биед таарахгүй байх зүйл байдаг уу?

-Байлгүй яах вэ. Насанд хүрсэн хүний хэрэглэдэг дусаалгыг хүүхдэд хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл, дотор агуулж буй бодисын тун нь хүүхдэд, том хүнд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг. Иймд “за яах вэ, адилхан л хамар онгойлгох цацлага юм чинь” гэсэн хандлагаар хэзээ ч дур мэдэж хэрэглэж болохгүй.

-Таны туршлагаас харахад, хамрын битүүрэл, дусаалга гэх мэт зүйлсийн тухай иргэдийн мэдлэг хэр байна вэ?

-Харьцангуй хомс байдаг нь ажиглагдсан. Тэгэхээр хамар битүүрсэн гэж үзвэл, битүүрлийн шалтгаан бүрийг ижил гэж үзэлгүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлж, өөрт таарсан эмчилгээг хийлгэх нь чухал. Хамар битүүрлийн үед хамар руу орж буй агаарын хэмжээг хүртэл хэмждэг багаж байдаг шүү дээ. Иргэдэд шалтгаан, эмнэл зүйн оношийг хэлээд тайлбарлаад өгөхөөр сайн ойлгодог. Иймд дур мэдэж эмчилгээ битгий хийлгээрэй л гэж эмч нь зөвлөх байна.   

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zj
zj
2020-08-29 15:04

zj

Холбоотой мэдээ

Back to top button