Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Сүүлийн хоёр жилд “Эрдэнэс Монгол”-ын бодит хөрөнгө нэмэгджээ

Монголын нутгаар дамжуулан байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд манай талыг төлөөлөн оролцох үүрэг хүлээсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хийн хоолойн төсөл болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд ирэх долоо хоногт нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана” гэдгийг хэллээ.

Хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцид чухал байр суурь эзэлнэ. Умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон “Газпром”-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийн хийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцож буй юм. Тиймээс Монгол Улс хийн хоолойн транзит улсын хувьд шоо метр тутмаас олон улсын жишгийн дагуу төлбөрөө тооцож авна. Урьдчилсан тооцоогоор жилд нэг тэрбум ам.долларын орлого орох аж.

Ирэх оны тавдугаар сард “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгоно

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон. Сонгуулийн үр дүнд төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж, өмнөх Засгийн газрын “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаж, хариуцуулж байсан ажлууд бодитой хэрэгжих нөхцөл бүрдээд буй.

Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн 30 жилд 4-5 удаа хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлжээ. Одоогийн байдлаар өмнө нь малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээс шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буйг компанийн удирдлага онцоллоо.

Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, нийтдээ 1.1 их наяд төгрөг буюу 350 орчим сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлэх ёстой юм байна. Үүнээс 85 сая ам.долларыг нь ирэх оны тавдугаар сард бүрдүүлж, тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгох даалгавартай. “Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялагийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхит”-ын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.

Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.

Багануур, Шивээ-Овоо төсвөөс татаас авахаа больжээ

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэл шувтрах шатандаа оржээ. 2013 оноос хойш тус хоёр уурхайн төрийн мэдлийн хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулснаас уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн шугамын санхүүжилтийг ашиглан 18.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 ширхэг техник худалдан эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд дуусчээ.

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмжийн насжилт хэтэрсэн бөгөөд эдгээрийг үе шаттай шийдвэрлэхэд толгой компанийн зүгээс жил бүр 3-4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж, улсын төсөвт учруулдаг дарамтыг шийдвэрлэж чадсанаа гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлбарлалаа.

Том төслүүдийг цомхон бүтцээр явуулж байна

Олон нийтийн зүгээс хамгийн шүүмжлэлтэй байдаг асуудал нь тус нэгдлийн бүтэц бөгөөд цаашид бүтэц улам данхайгаад байх юм уу гэсэн сэтгүүлчдийн асуултад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2022 хүн ажилладаг. Компанийн бүтэц том гэдэг асуудал зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиргааны хэмжээнд л яригдаж байгаа болохоос биш охин компани тус бүр үнийн дүн, үр өгөөж, хэрэгжилтийн хувьд маш том төсөл хариуцаж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Нэг хэлтэс, охин компанид байгаа мэргэжилтэн нөгөө төсөл хөтөлбөр дээр ч гэсэн шилжиж ажилладаг. Гэхдээ манай компанийн хүний нөөцийн 25 орчим хувь нь гадаадад их дээд сургууль төгссөн, олон улсын түвшний мэргэжилтнүүд байдгаараа бусад төрийн өмчит компаниас ялгаатай. Энэ бол манай үе үеийн захирлуудын бий болгосон хүний нөөцийн чадавх. Би захирлаар томилогдсон 2018 оны зургадугаар сараас хойш бие даасан төслөө хариуцсан зургаан компани нэмж байгуулсан. Эдгээрийн дийлэнх нь бодитой ажил хэрэг болоод явж байгаа. Том төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бүтэц шаардлагатай” хэмээсэн юм. Тус нэгдэл одоогоор 10 охин компани, хоёр төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор компанийн мэдэлд байдаг стратегийн 16 ордоос өдгөө Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит гэсэн зургаан орд л эргэлтэд ороод буй.

Нөгөөтэйгүүр, олон улсад Монгол Улсыг төлөөлөн, бизнесийн том төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байгууллагын хувьд Засгийн газрын дэмжлэггүйгээр үйл ажиллагаа урагшлахгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жилд Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон юм.

Энэ их хөрөнгийг зөв удирдаж, жинхнээсээ олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь баялгийн сан байгуулах явдал. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс баялгийн сантай байна гэж тусгасан. Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангаас ялгаатай нь хөгжлийн сан байх юм. Норвегийн баялгийн сангийн орлого газрын тосны гол компанийн орлогод тулгуурлан бүрддэг. Үүн шиг баялгийн сангийн гол эх үүсвэр нь томоохон орд газрын ногдол ашиг байх юм.

Бид дотооддоо тодорхой хуримтлал бүрдүүлсэн хэдий ч гаднаас эх үүсвэр татах, зээл авах замаар дотоодын төслүүдээ хэрэгжүүлж байгаа” хэмээн П.Ганхүү захирал ярив. 

Гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад компанийн удирдлагууд хариуллаа.

ЗЭСИЙН ТӨЛӨВ ӨӨДРӨГ БАЙГАА НЬ НОГДОЛ АШИГ ХУГАЦААНДАА АВАХАД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

-Хийн хоолойн төсөл дээр өмнөд хөрш ямар байр суурьтай байгаа вэ. Хятадын талаас CNPC корпорац хариуцаж байгаа. Та бүхэн хэр зэрэг холбоотой ажиллаж байгаа вэ?

П.Ганхүү: Хоёр биш гурван талын төсөл. Худалдан авагч тал нь өмнөд хөрш учраас бас шийдлээ гаргах ёстой. Тиймээс худалдагч, худалдан авагчийн хооронд ойлголцол байгаа гэж бид харж байна. Хийн хоолой дамжуулах төслийн хувьд Монголын нутаг дэвсгээрээр байгалийн хий дамжуулах барилга угсралтын болоод бусад ажлын судалгаа эхэлж байгаатай холбогдуулаад гурван талын ажлын хэсэг ажиллана. Харин ТЭЗҮ боловсруулах ажлыг Оросын талтай хийнэ.

-Оюутолгойн далд уурхайн санхүүжилт нэмэгдсэн. Энэ нь Монголын талын өгөөжөө хүртэх хугацаа хойшлоход яаж нөлөөлж байна вэ. Мөн 34 хувийг тусгай роялтигаар солих гэх мэт асуудлууд яригдаж байгаа юу?

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт: Далд уурхайг 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд УИХ дээр Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн биелэлт, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ажлын хэсэг ажилласан. Үүний үр дүнд 2019 оны 11 дүгээр сард УИХ-ын 92 дугаар тогтоол баталж, улмаар анхны хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу 2015 онд байгуулсан Дубайн гэрээнүүдийг эргэж харах, сайжруулах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгсөн. Өгөөжийг сайжруулахын хүрээнд Монголын талын 34 хувийн үнэлгээг тогтоох, 34 хувиа бүтээгдэхүүн хуваах гэрээ болгох эсвэл тусгай роялтигаар солих асуудлуудыг судлах чиглэл өгөгдөж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

34 хувийг цаашид хэрхэх асуудал ордын үнэлгээтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа энэ үед бүрэн гүйцэт үнэлгээ гарах бололцоогүй гэж харж байна. 2022 оноос далд уурхай ашиглалтад орж, орлого ашиг нь нэмэгдэхийн цагт 34 хувийн үнэлгээ тодорхой болох болов уу гэж харж байгаа.

Далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор зардал хэтэрсэн асуудлын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу таван жил тутам олборлогч компани геологийн нөөцийн тайлан, ТЭЗҮ-ийг шинэчлэх үүрэг хүлээдэг. Өмнөх нөөц, ТЭЗҮ-үүд 2015 онд хийгдсэн байдаг. Тиймээс 2020 оны 5-6 дугаар сард геологийн нөөцийн тайлан, ТЭЗҮ-ээ шинэчлээд УУХҮЯ, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Тиймээс УУХҮЯ, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн хүмүүсийн дүгнэлтээр далд уурхайн бүтээн байгуулалт нарийвчилсан үзүүлэлт, зардал болоод хугацааны хэтрэлтүүд тодорхой болно. Шинэчилсэн үзүүлэлтүүдээр далд уурхайн геотехникийн өөрчлөлт, дизайны өөрчлөлттэй холбоотойгоор зардлын хэтрэлт, хугацаа хойшлох зэрэг асуудлыг ярилцахаар “Рио Тинто” компаниас төлөөлөл ирж байгаа.

Ер нь бол зардал хэтэрч, хүлээгдэж буй ногдол ашиг хойшлох хандлагатай байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн төлөв өөдрөг байгаа. Ялангуяа цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл түлхүү хөгжиж буй нь зэсийн хэрэглээ, үнэ өндөр байхад нөлөөлж байгаа тул хөрөнгө оруулалтаа нөхөх, ногдол ашиг авах хугацаа төлөвлөсний дагуу байх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-“Эрдэнэс Монгол” бол дэлхийд Монголын нүүр царай болсон компани. Тиймээс ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэхээр зүтгэж байгаа гэж харж байна. Харин Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд дээрх хэмжээнд ажиллахад боломж бололцоо бүрдүүлж чадаж байна уу. Шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрэлдсэн энэ үед “Эрдэнэс Монгол” тэрхүү зорилт, арга барилаа ойлгуулж ажиллах ёстой болов уу. Та үүнтэй хэр зэрэг санал нийлж байгаа вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар 2018 оноос хойш ажиллаж байна. Тухайн үед Ерөнхий сайд стратегийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцолж байсан. Энэ хүрээнд Засгийн Газраас бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажилласны үр дүнд Эрдэнэс Монголын томоохон төслүүд хөдөлж, тодорхой үр дүнд хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1072
1072
2020-08-31 10:45

Эхлээд 2 сая хүний эрх ашгийг ярь ! Ноогдол ашгаа тараана гэж худ�##� ярьдаг компани. ГЗахир�##� нь үүнийхээ төлөө ОГЦРОХ ЁСТОЙ.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-08-31 12:58

Олон томоохон төслүүд хөдөлж эхэлсэн. Үр шим нь захаасаа гарч байна. Амжилт.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-08-31 13:51

Ажил явах гэхээр тээр саад болох гэсэн хүмүүс мөн ч их дээ. Зүтгээд ажиллаад байдаг юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button