Сурвалжилга, Нийтлэл

“Ял эдэлж байсан этгээдүүд зуслангийн байшингуудыг тонох нь ихэслээ”

https://www.facebook.com/eguur.mn2/videos/614364716138909

Амралт, аялал зугаалга дуусаж хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль эхэлснээр иргэдийн нийслэлийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж, нөгөөтээгүүр зуслангийн байр, байшин эль хуль эзгүйрдэг. Яг энэ эгзэгтэй мөчийг ажилдаа амташсан хулгайчид андахгүй. Чоно борооноор гэгчээр сайхан мөчийг алдахгүйгээр, хамгаалалт сул, хотоос зайдуу, бидний хэлдгээр бөглүү хэр нь боломжийн байр байдалтай байшинг онилж, тухтай гэгч нь тоноод явдаг байна.

Тоносон эд зүйлсээ хуучин барааны зах, ломбард, аль эсвэл танил ченждээ овоо хэдэн төгрөг илүү унагаад борлуулна. Ийн олсон мөнгөөрөө хэсэг хугацаанд амьжиргаа хийж, удалгүй ахиад л хулгай хийж эхэлнэ. Энэ мэт хэд хэдэн айлыг тонож сурамгай болсон хулгайчид цоож, цуургыг нь хүртэл төвөггүйхэн онгойлгоод сурчихдаг аж. Тэр тусмаа хүмүүсийн сэрэмжилж хийсэн төмөр том цоож нь хулгайчид, “гэр эзгүй” гэх мессежийг өгчихдөг. Ингээд л урьдаас зэхэж бэлдсэн төмрийн хөрөө, багажны тусламжтай тоочиглосон айлынхаа цоожыг төвөггүйхэн онгойлгоод, ажлаа амжуулаад буцдаг аж.

-ӨГЛӨӨНИЙ 08.00 ЦАГААС ОРОЙН 17.00 ЦАГИЙН ХООРОНД ХУЛГАЙ ЯВАГДДАГ-

Сонирхолтой нь энэ мэт гаршсан хулгайчид тонох айлаа урьдаас бэлдэж, тодруулбал, багахан судалгааны ажил хүртэл хийчихсэн байдаг. Гэр бүлийн гишүүдийн сошиал хуудсаар мэдээлэл авах, тэдний гэртээ байрлах цаг болон гэр эзгүй байх торгон агшинг тоочиглоод хоцорно. Ялангуяа өглөөний 08:00 цагаас оройн 17.00 цаг нь хулгай хийхэд яг сайхан тохирдог цаг гэнэ. Иймд зуслангийн байр сууцаа энэ мэт эл хуль, аль эсвэл хэт анзаарагдах хэмжээний том цоожоор ил цоожилсноор, иймэрхүү эрсдэлд өртөх нь элбэг аж. Хэдэн статистик тоо баримтыг дурдвал,

Өнгөрөгч долдугаар сарын байдлаар орон байрны хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 3856 бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1106 нэгжээр буюу 22.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод үйлдэгддэг. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд оны эхний хагас жилд 9064 гэмт хэрэг бүртгэгдсэний 2795 буюу 30.8 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Урьд оны мөн үеийнхээс 854 хэргээр буюу 23.4 хувиар буурсан үзүүлэлттэй. Гэвч эдгээр тоо баримт нь зөвхөн хулгайч нь илэрсэн, хохирсон иргэдийн тоо гэдгийг санах нь зүйтэй. Хулгайлах гэмт хэргийн 2463 буюу 88.1 хувийг хувийн өмчийн хулгай, 225 буюу 8.1 хувийг халаасны хулгай, 46 буюу 1.6 хувийг мал хулгайлах, 69 буюу 2.5 хувийг авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргүүд тус тус эзэлдэг байна.  

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс авсан мэдээ мэдээллээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ЯГ ЯМАР ХҮЧИН ЗҮЙЛ ИРГЭДИЙГ ХУЛГАЙН ГЭМТ ЭТГЭЭДИЙН ЗОЛИОС БОЛОХОД ХӨТӨЛЖ БАЙНА ВЭ?-

НЭГ. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлүүд болон нэгдсэн зохион байгуулалтгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдлийг дагуулдаг байна.

Түүнчлэн оршин сууж буй байр, гэр, гудамжны ойролцоо камер эсхүл дохиоллын систем хангалтгүй байдгаас орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл нэмэгддэг. Нэн ялангуяа баяр наадам болж иргэд хөдөө гадаа аяллаар явах, аль эсвэл тодорхой хугацаанд орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос хулгайд өртөх тэргүүн шалтгаан болдог аж.

ХОЁР. Цахим сүлжээ их хөгжсөн өнөө үед иргэд маань сошиалд энд явж байна, тэнд явж байна, ийм газар, тийм зүйл үзээд явж байна гэх мэтээр өөрсдийнхөө хаана байгааг олон нийтэд дэлгэж нийтлэх үзэгдэл их болсон. Энэ нь заримдаа гэмт этгээдүүдэд өгөөш болж өгдөг гэв. Одоо үед хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нарийн зохион байгуулалтад орж, хулгай хийх айлуудаа тоочиглож, нарийн судалсны үндсэн дээр эл гэмт хэргээ үйлддэг. Жишээлбэл, 2019 онд цагдаагийн байгууллагаас орон байрны гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг барьсан байдаг. Тэдний ярьж буйгаар тэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ “цахим олон нийтийн сүлжээг ашигласан” байдаг. Бүгд хийж гүйцэтгэх үүргээ тодорхойлж, нарийн зохион байгуулалтад орсноо хэлж байжээ.

ГУРАВ. Гэрээ эзгүй байгааг мэдэгдэж хөшгөө нээлттэй орхих, хаалга болон цонхондоо хамгаалалтын тор хийхгүй байх, аль эсвэл хэт хүний анхаарал татах том цоож цуургаар хаалгаа цоожлох зэрэг нь хулгайчдад өгөөш өгч байдаг.

Хулгайчийг илрүүлэхэд саад болдог зүйл буюу хүндрэлтэй зүйлс: Ямарваа гэмт хэргийг гарсан даруйд нь буюу хугацаа алдахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь хэрэгтнийг илрүүлэхэд давуу тал болдог байна. Гэвч иргэд хэт хожуу дуудлага өгөх буюу хэрэгтэн этгээдийн хурууны хээ, бусад шаардлагатай ул мөр баларч, бүдгэрсэн үед цагдаагийн байгууллагад ханддаг аж. Нөгөөтэйгүүр хулгайчид хүний хөл хөдөлгөөн бага үед, дохиололгүй, камержуулалтгүй орчинг сонгож гэмт хэрэг үйлддэг тул сэжигтэн этгээдийг харсан гэрчгүй, хяналтын камерын бичлэг байхгүйгээс илрүүлэхэд цаг хугацаа, илүү их хөдөлмөр ордог гэв.

Ямар хүмүүс хулгайн гэмт хэрэг үйлддэг вэ: Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн дийлэнх хувийг 14-30 насныхан эзэлдэг байна. Боловсрол мэргэжлийн хувьд бага, бүрэн бус дунд, тусгай дунд, боловсролгүй, тодорхой эзэмшсэн мэргэжилгүй этгээдүүд байдаг. Ихэвчлэн давтан үйлдэлтэй, урт удаан хугацаагаар ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг аж.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

  • Орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй, орхиж явахгүй байх. Эзэнгүй орхиж явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш айл, саахалт айлдаа сайн захиж явах, эргэж тойрч байхыг захих
  • Айл өрхүүд хөршийн холбоогоо сайжруулах,
  • Оршин сууж байгаа газартаа аль болох камержуулалт, дохиоллын системийг бий болгох талаар санал санаачилга гаргах. Байгаа бол чанарыг нь сайжруулах, тоог нь нэмэгдүүлэх.
  • Цахим орчинг зөв хэрэглэж сурах. Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явахаар бол түүнийг олон нийтийн сүлжээнд мэдэгдүүлэхгүй байх,
  • Орон байр, гэрийн доторх байдлаа гэрэл зураг эсхүл видео хэлбэрээр аль болох цахим ертөнцөд дэлгэж тавихаас зайлсхийх. Гэртээ байдаг эдэлж хэрэглэж буй алт мөнгөн эдлэл, хөөрөг, үнэт эдлэлээ харуулсан гэрэл зургийг нийтлэхгүй байх
  • Төмөр тор, хаалга, бэхэлгээ хамгаалалтыг сайн хийх. Хүний нүдэнд өртөх том, ил цоожоор түгжихгүй байх

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-04 09:21

Хулгайч нарыг юунд нь өрөвдөөд байгаа юм бэ бариад гар хуруунуудыг нь тас цавичаад өгөөчээ!!! Яахаараа эзгүй айлын эд зүйлсийг хулгайлдаг бнаа!!! Цагдаагийн байгууллага Хулгайчдыг барилаа гэдэг ша�##� худлаа, хэрвээ барисан юм бол наад новшнуудаа зурагтаар эцэг эхийн нэртэй нь хамт 7 хоног гаргах хэрэгтэй, зурагтаар гаргаж чадахгүй бол ажлаа өгөөд 200 уулын цаагуур орцгоо!!! Тэгэхгүй бол наад новшнууд чинь дахиад л хулгай хийнэ!!

Зочин
Зочин
2020-09-04 15:23

ХУЛГАЙЧийн зургийг нуух хэрэг байхгүй. ХУЛГАЙ хийсэн бол ШУУД зургийг ИЛ тавьж байх хэрэгтэй.

Болор
Болор
2020-09-06 10:35

Нийтэд зургийн ил тавих хэрэгтэй элдэв хууль гаргаж байхаар...

таамаг
таамаг
2020-09-06 15:05

хулгайчгүй болчвол энэ с�##�бараас хоол олж иддэг хүмүүс бүгд ажилгүй болно гэж айгаад хулгайч нарын зургийг нуудаг юм байлнгүй дээ. Алсуураа дэмждэг гэсэн үг

Хит Буха
Хит Буха
2020-09-18 11:14

Даварчихсан ажилгүй,арчаагүй, сэтгэлгүй хулгайч нарыг шоронд нь хийж хүчээр ажил хийлгээд олсон орлогоор нь хохирсон хүний хохирлыг барагдуулах хэрэгтэй. Эцсийн дүгнэлт гэвэл хүний эрх гэж хэт их ярихаа больж, үүрэг хариуцлагын тухай ярих хэрэгтэй байна. Энэ золбин ардчиллаас татг�##�заж, хариуцлагатай нийгэм байгуулцгаая.

Холбоотой мэдээ

Back to top button