НИЙГЭМ

Монголчуудын назгай байдал коронавируст мад тавиулж мэдэх нь

Коронавирусийн халдвар дэлхий даяар аюулын харанга дэлдэн, халдварыг хэрхэн дарах, намжаах талаар тархиа гашилгаж суухад монголчууд харин эсрэгээрээ тун ч тоосон шинжгүй, назгайрсаар. Гадуур, хүнсний захуудаар, банкинд гээд ер нь хаана л бол хаана амны хаалт зүүж яваа хүн нүдний гэм болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эс тооцвол шүү дээ. Зунжингаа аялж, зугаалсан иргэд өндөржүүлсэн бэлэн байдалд амьдарч буйгаа харин ч нэг мартаж орхилоо. Монголчууд назгайрч, хуумгай хандаж байгаа нь өөрөө эрсдэл дагуулсаар. Коронавирусийн халдвар энэ л мөчийг отож суугаа бол яана. Гадаадаас халдвартай ирсэн нэгэн тусгаарлалтын байрнаас оргоход, тусгаарлалтын хугацаа дууссаны дараа тухайн иргэнээс халдвар илрэхэд л Монгол Улс дотооддоо “Ковид-19”-ийг алдана. Аюул, эрсдэл үргэлж биднийг отож байхад монголчууд бид дор бүрнээ сэрэмжтэй байж, амны хаалт зүүн, ариутгал, хамгаалал үргэлж хийх нь юу юунаас илүү чухал.

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийг анхааралтай суун, сонирхдог иргэдийн тоо ч цөөрч, тэр хэрээр иргэд коронавирусийн халдварт анхаарал хандуулахаа больсоор. Мэргэжлийн байгууллагуудаас “Амны хаалтаа тогтмол зүү, хоёр метрээс хол зайнаас хоорондоо харилц” гэж сануулж буйг тоож байгаа хүн алга. Тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэд “Тусгаарлалтын хугацааг 14 хоног болго” гэж цамнах. Гэтэл нэгэн иргэнийг тусгаарлалтаас гарахаас ганцхан хоногийн өмнө, дөрөв дэх давтан шинжилгээнээс нь халдвар илэрснийг дахин сануулъя. Гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан юм чинь гээд тухайн иргэнийг тусгаарлалтаас гаргачихсан бол юу болох вэ. Төсөөлөөд нэг үзээрэй. Энэ бүхэн монголчууд биднийг хаана, хаана сонор сэрэмжтэй байж, харьяа байгууллагуудын өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөхийг сануулж буй хэрэг.

ДЭМБ-аас коронавирусийн халдварын тохиолдлуудын 80 хувь хөнгөн буюу ямар нэгэн шинж тэмдэггүй өвчилж буйг, Монгол Улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж буйг дахин дахин сануулъя.

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа. Гэхдээ энэ нь халдвар Монголд тархахгүй гэсэн үг биш. Тийм баталгаа хаана ч байхгүй. Маргааш юу болохыг хэн ч урьдчилан таах аргагүй.  Манай улсад коронавирусийн халдвар тархвал ямар эрсдэл гарахыг уншигч та тооцож үзсэн үү. Энэ талаар АНУ-ын дата шинжээч Роберт Ритц статистик загварчлалын аргаар судалжээ.

Судлагаагаар манай улс халдварыг тусгаарлалтаас алдах магадлал 2.8 хувь. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын хугацаанд коронавирусийн 97.2 хувийг илрүүлэх боломжтой. Тэгэхээр тусгаарлалтаас халдвар алдах 2.8 хувийн эрсдэл монголчууд биднийг отож байна гэсэн үг. Тусгаарлалтын хугацаанд тухайн иргэнээс хоёр удаа шинжилгээ авахад PCR оношилгооны хариу буруу гарах магадлал 0.1 хувь. Шинжилгээ авах тоог нэмэх тусам энэ эрсдэл багасна. Мэргэжлийн байгууллагууд тусгаарлалтын хугацааг багасгахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Иргэдийн шаардлагын дагуу 14 хоног болговол тэр хэрээр тусгаарлалтын хугацаанд халдвар илрэхгүй байх магадлал нэмэгдэнэ.

Судалгаагаар халдвартай нэг иргэн хөл хорионоос зугтсан тохиолдолд 10 өдрийн дотор дангаараа 12 хүнд халдаана. Түүнээс халдвар авсан бусад хүн цааш халдвар тараах замаар 56 өдрийн дотор 229887 иргэн коронавирус тусах магадлалтайг тогтоожээ. Тэгэхээр нэгхэн хүн буруу алхам хийн, нэг л алдаа гаргахад бүх зүйл орвонгоороо эргэнэ гэсэн үг. Хоёр сар хүрэхгүй хугацаанд Монгол Улсын хүн амын 7, нийслэлийн иргэдийн 15.3 хувь коронавирусийн халдвар авах эрсдэл дунд амьдарч байгаа юм. Халдвар авах хугацааг хамгийн багаар тооцсоныг нь тодотгоё. Ийм өндөр эрсдэл дунд монголчууд бид амьдарч байна.

Коронавирусийн халдварын дараагийн давалгаа болохыг цөөнгүй орон сануулж буй. Үүний сацуу аравдугаар сараас их, дээд  сургуулиудын хичээл орно, хүйтний улирал наашилж яваа. Тиймээс өөрийнхөө төдийгүй өрөөл бусдын төлөө хаана хаанаа халдвар, хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалъя.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button