ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

Э.Золжаргал: Татварын байцаагч гэдгээ хэлэхэд хүмүүс илт сонирхож, “Ихийг олдог уу” гэж асуудаг

Өнөөдөр уншигчдыг нэгэн сонин зочинтой уулзуулна. Тэр харахад шинэ залуу, үзэсгэлэнтэй эмэгтэй. Мөн татварын байцаагч.

Э.Золжаргал Татварын ерөнхий газрын хамгийн залуу ажилчдын нэг. Нийгэмд, тэр дундаа залуусын татварын тухай эерэг, зөв ойлголт нэн чухал ач холбогдолтой болсон энэ цагт тэр өөрийн итгэл үнэмшилтэйгээр энэ салбарт зургаан жил ажиллажээ. Бидний ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/616732692570018/

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Э.Золжаргал гэдэг. ТЕГ-ын Татварын удирдлага, олон улсын татварын газарт Татварын улсын байцаагчаар ажилладаг. Татварын албанд нийтдээ зургаа гаруй жил ажиллаж байна. Нягтлан бодогч мэргэжилтэй. БНХАУ-д Төрийн санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд татварын салбарт хөл тавьсан.

-Нягтлан бодогч олон салбарт хөрвөж ажиллах боломжтой мэргэжил шүү дээ. Залуу хүний хувьд чухам татварын салбарыг сонирхож, ажиллах болсон шалтгаан тань юу вэ?

-Би өмнө нь нэг компанид нягтлан бодогчоор ажиллаж үзсэн л дээ. Цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан тул цахилгаанчид нь үндсэн ажилчдад багтдаг, баяр ёслолоор шагнаж урамшуулахад тэд нь хамрагддаг байв. Харин ихэнх тохиолдолд нягтлан бодогчид үндсэн хамт олноос гадуур үлдэх гээд байдаг талтай. Ингээд ер үндсэн ажилтны байр сууриар ажиллаж болох салбар хайсан гэх үү дээ. Маш энгийн шалтгаан байгаа биз /инээв. Сурв/.

-Татварын ерөнхий газар ажиллаж эхлэхээсээ өмнө та татвар гээч зүйлийн талаар ямар хэмжээний ойлголттой байсан бэ?

-Дэлхийн хөгжингүй орнууд татварын тухай боловсролыг иргэддээ ЕБС-иас нь эхэлж өгдөг. Жилдээ нэг удаа татварын ойлголт түгээх, сурталчлах олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хувьд тийм зүйл байдаггүй, ихэнх хүүхдүүд багаасаа татварын талаар дорвитой ойлголтгүй явсаар төлөвшдөг.

Миний хувьд их сургуульд санхүүгийн чиглэлээр суралцаж эхэлснээсээ хойш л татварын тухай ойлголттой болж ирсэн. Түүнээс өмнө мөн л энэ талаар дутуу, дулимагхан мэдлэгтэй байлаа. Тэгэхээр ер боловсролын системдээ энэ асуудлыг сайтар тусгаж өгөх, анхаарах шаардлага бий шүү.

Манай албанаас энэ чиглэлээр хуульд заагдсан үүрэг хариуцлагын хүрээнд хандаж, жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, энэ үеэрээ ерөнхий боловсролын сургуулиудад нэг цаг татварын тухай хичээл заадаг.

-Таныг улсын байцаагчаар зургаан жил ажилласан гэж ойлголоо?

-Анх Татварын ерөнхий газарт ажилд ороод, хураагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд жил гаран хугацааны дараа улсын байцаагийн эрх олгох сургалтад сууж, шалгалтаа өгч тэнцээд байцаагч болсон.

-Татварын улсын байцаагч гэж чухам юу хийдэг ажил, мэргэжил юм бэ?

-Манайх УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Нэг үгээр татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг гэсэн үг. Тийм учир татвар төлөгчдийн мэдээллийг бүртгэлжүүлэх, тэд ямар үйл ажиллагаан дээр суурилж татвараа төлдөг вэ гэдэг мэдээллийг ангилж, тодорхой болгох ажлыг юун түрүүнд хийнэ. Мөн мэдээж татвар хураах ажил хийгдэнэ. Түүнчлэн иргэд, ААН татвараа бүрэн зөв төлсөн үү гэдгийг шалгадаг. Монгол Улс татварын тайлангаа өөрөө тайлагнах системтэй. Иймд араас нь хяналт, шалгалт заавал хийгдэх хэрэгтэй болдлог.

Харин хураагч гэдэг нь эрх мэдлийн хувьд ялгаатай ажил гэж ойлгож болно. Жишээлбэл байр агуулахад нэвтэрч орох, хяналт шалгалт хийх гэхчлэн үед улсын байцаагчийн эрх шаардлагатай. Улсын байцаагчийн эрхээ автлаа түр дадлагажих маягаар хийдэг ажил гэж ойлгож болох юм.

-Анх таныг байцаагчдын эгнээнд нэгдэхэд, ихэвчлэн хэдий хэр насны хүмүүс угтаж авсан нь их сонирхолтой санагдлаа?

-Нийслэлийн Татварын газарт ажиллаж, анх татварын салбарт хөл тавьсан. Тэгэхэд миний насны 10-аад ажилчин л байсан даа. Цаашлаад Татварын ерөнхий газарт ороход энэ тоо бүр багассан санагдаж байна. Гэхдээ энэ бол мэргэшсэн хүн ажиллах учиртай хариуцлагатай төрийн алба гэж үнэлэгддэг салбар. Ийм учраас ихэнх хүмүүс анх ороод л тэтгэвэрт гарах хүртлээ ажилладаг байх нь олонтой. Харин одоо харьцангуй шинэ цусаар сэлбэгдэж байна. Намайг анх ажилд орж байсан үеийг бодвол шинэ, залуу хүмүүс ихээр ажиллах болсон.

-Олон нийтийн дунд байдаг хөнгөн, хийсвэр ойлголтоор бол татвар төлөх нь хэрэггүй зүйл, татвараас овжин зугтаж чадвал зол. Тэгэхээр тэдний нүдээр татварын байцаагч гэхээр их л амаргүй ажил хийдэг хүн шиг санагдах байх. Яг ажлын байран дээр та хэр хүндрэлтэй учирдаг вэ?

-Өөрт учирдаг хүндрэлүүдийг тоочихоос урьтаж, ер олон нийтэд татварын тухай зөв ойлголтыг өгөх, сургалт сурталчилгааны ажил л хамгийн чухал байгааг онцолмоор байна. Жишээ нь би ерөнхий боловсролоо улсын сургуульд сурч эзэмшсэн. Тухайн үед үнэгүй сурдаг юм байна л гэж ойлгодог байлаа. Яг үнэндээ тэр бүх багш ажилчдын, үйлчлэгчдийн цалинг улсаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс л бүрдүүлдэг гэдгийг том болсон хойноо ойлгосон. Би өнөөдөр гэртээ тайван, амгалан сууж чадаж байна, хэрэв эрх минь зөрчигдвөл цагдаад хандаж байна.  Энэ гэхчлэн амьдралын наад захын шаардлага, хэрэгцээг ямар ч асуудалгүй, хэвийн голдирлоор урагшлуулахад татварын мөнгө үндэс суурь нь болдог. Тэгэхээр үүнийг л ойлгочихсон байхад татварын байцаагчид нэг их хүндрэлтэй тэр бүр учраад байхгүй.

-Та өөрийнхөө үеийн залуусыг татварын тухай хэр зэргийн ойлголттой явдаг гэж хардаг вэ?

-Миний үеийнхэн ойлголт муутай. Би энэ чиглэлээр сураагүй, ажиллаагүй байхдаа ямар ч ойлголтгүй байсны адилаар. Түүнчлэн дорвитой ойлголт үгүйн дээр сөрөг хандлага тээж явах нь олширсон шиг харагддаг. Татвараа төлөх шаардлагыг тавихад “Тэрбумтнуудаасаа аваарай” ч гэдэг юм уу. Бараг нийтээрээ ийм хандлагатай болчихож. Энэ хандлага ядаж эерэг байгаасай, татвараа төлөх нь иргэний үүрэг, цаашлаад олон нийтийн тусын тулд хийж буй үйлдэл шүү гэдгийг ойлгодог болоосой гэж боддог.

-Сөрөг хандлага нь давамгайлдаг болсон гэдэгт санал нэгдэнэ. Идсэн, уусан хүмүүсээс аваагүй байж хөдөлмөрлөх гэж хичээж буй энгийн ард иргэдээс авлаа, шуллаа гэх байдлаар ханддаг хүн цөөнгүй шүү дээ?

-Тийм. Ер ийм ойлголт бий. Би жишээ нь хүмүүстэй анх танилцаад, татварын байцаагч гэдгээ хэлэхэд “Ихийг олдог уу?” гэж асуудаг. Нэг иймэрхүү л үндсэн ойлголттой. Татварын байцаагчид төрийн албаны цалингаар цалинждаг гэдгийг бодолцдоггүй юм болов уу.

Мөн татварын албыг хурааж, цуглуулсан хөрөнгөө өөрсдөө захиран зарцуулдаг гэж ойлгодог. Манайх зөвхөн татварын орлого цуглуулдаг болохоос мөнгөнд гар хүрдэггүй. Татварын мөнгө цуглараад төрийн сангийн данс руу ордог. Тэгэхээр үүн дээр бас ойлголтын залруулга хиймээр санагддаг юм.

-Ер нь таныг татварын байцаагч гэдгийг сонсоод хүмүүс ямар хандлага үзүүүлдэг вэ?

-Гэр бүл, найз нөхдийн хувьд өөр, ондоо байдлаар ханддагггүй л дээ. Харин шинээр танилцаж байгаа хүнд татварын байцаагч гэдгээ хэлэхэд шуудхан нэг их зүйл хэлэхгүй ч сонирхож байгаа нь илт мэдэгддэг. Ялангуяа олон нийтийн уулзалтад оролцож байх үеэр өөрийгөө танилцуулах болоход нягтлангууд их сонирхдог. Өөрсдийнх нь ажилд тусалж болохуйц гэж үздэг байж магадгүй. Мөн ажил, мэргэжлээ хэлэхэд дагаад маш их асуултад хариулах болдог. Таксины жолоочоос эхлээд л, “Би НӨАТ-аас тэдэн төгрөг хожсон чинь данс руугаа шилжүүлэн авч чаддаггүй ээ” гэхчлэнгээр асууж эхэлдэг. Тэгэхээр татварын байцаагч гэдгээ хэлбэл дагаад зөвлөгөө өгдөг ажлыг заавал хийж таардаг /инээв. Сурв/.

-Та өөрийнхөө залуу үеийг татварын тухай яг ямар ойлголттой яваасай гэж хувьдаа боддог вэ?

-Ерөөс энэ бол хувь хүний бус нийтийн ашиг сонирхлын асуудал юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж хамтдаа амьдарч байна гэсэн ойлголт үүснэ. Энэ бол нэг хүний орлогоос зориуд мөнгөн дүн татаж авч, суутгаад буй гэхээс илүү энэ нийгмийг бүрдүүлж буй эд эс бүр нэгэн адил татвараа төлснөөр энэ нь нийлэн хуримтлагдаж, эргээд өөрсдийнх нь сайн сайханд чиглэн зарцуулагддаг гэдэг талаас нь хараасай. Түүнчлэн үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Улсын чанартай, үнэгүй гэгддэг бүх л үйлчилгээ үнэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүждэг гэдгийг бас ойлгоосой.

-Танай байгууллага яг энэ залуу үед чиглэсэн, үйл ажиллагаагаа шинэчлэх, цахимжуулах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид татвар төлөх үйл явцыг заавал биеэр ирэх шаардлагагүй, яг 100 хувь цахимаар шийдэж болдог системийг бий болгохоор ажиллаж байна. Одоо ер нь цахимаар төлдөг болчихсон. Манай EBarimt аппликейшн идэвхтэй ажиллаж байна. Үүнд зөвхөн НӨАТ-ын баримт уншуулахаас гадна “Татвар” гэсэн цэс рүү орж иргэний үнэмлэхээ уншуулснаар, жилд хэдий хэр хэмжээний татвар төлсөн бэ гэхчлэн мэдээллээ харж болдог. Мөн манай татварын нэгдсэн цахим систем буюу сайт ажиллаж буй. Үүгээр нэвтэрч ороод ямар, ямар төрлийн татвар төлөх хэрэгтэй байна вэ гэдгээ харахаас эхлээд татвар төлсөн гэх тодорхойлолтоо хүртэл гаргуулан авах боломжтой.

-Ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ. Ирээдүйд өөр салбарт, эсхүл өөр байгууллагад хөл тавих хэтийн сонирхол бий юу?

-Миний ажил намайг уншихад, бас дахин уншихад хөтөлдөг. Олон судалгаа, шинжилгээ хийх нөхцөлийг бий болгодог. Эдгээр дээр нэмэгдээд мэдээж олон нийтийн төлөө чиглэсэн ажил учраас энэ нь өөрөө ажилдаа сэтгэл ханамжтай байх нэг өнцөг нь. Одоо долоо дахь жилдээ ороод ажиллаж байна гэхэд би залхаагүй, харин ч улам урамшсан. Өөр газар орно гэхээс илүү эндээ үргэлжлүүлээд ажиллах хүсэлтэй байна даа.

-Магадгүй татварын байцаагч болох мөрөөдөлтэй хүүхэд, залуус байвал та юу гэж зөвлөх вэ?

-Сайн суралцаж, тууштай хөдөлмөрлөн энэ салбарт заавал хөл тавиарай гэж хэлмээр байна. Энэ бол олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага юм шүү. Бусдад тусалдаг салбар. Ер нэг орсон хүн гараад байдаггүй юм даа, хараад байхад. Их тогтвор суурьшилтай ажлын байр болж чаддаг.

-Нийгэмд татварын тухай эерэг ойлголтыг нэмэгдүүлэхэд залуу үеийн оролцоо ямар байх вэ?

-Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг шүү дээ. Залуус л зөв хандлагатай байж чадвал улс орон сайн хөгжихийн эхлэл тэр. Тэгэхээр залуус зүгээр суулгүй аль болох ихийг шинээр сурч мэдье хэмээн зорьж, уншиж судлах хэрэгтэй. Гэхдээ айхавтар том зузаан ном барьж аваад унших бус “Татвар гэж ер нь юуг хэлээд байна вэ?” гэсэн асуултад хариулахын тулд наад захын хэдэн интернэт хайлт хийдэг л болох хэрэгтэй юм. Ингээд эргээд боловсролын системийн сэдвийг хөндөх болох нь. Ерөнхий боловсролын сургуульд нь л эдгээр мэдлэгийг, зөв ойлголт, зөв хандлагыг суулгадаг байх нь хамгийн зөв шийдэл.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 07:58

Манайхан ийм л ойлголттой байдаг даа. Авилга, хээл хахууль дэлгэрсэн манайх шиг улсын иргэдийн үндсэн ойлголт гэж хэлхэд болно доо. Их мөнгө олдог уу? Дээр нь бас ц�##�ин авдаг уу гэх мэтээр асууна

Зочин
Зочин
2020-09-09 11:45

Татварын �##�баны үйлчилгээ илт сайжирч байгаа шүү.

Зочин
Зочин
2020-09-09 13:27

Эмэгтэй хүн аятайхан байх тусам дандаа буруугаар ойлгогддог

Б.Оюунтуяа
Б.Оюунтуяа
2020-09-09 13:34

Ажил мэргэжилдээ эзэн болсон мундаг хөөрхөн бүсгүй шүү цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-09-09 17:47

Ene tatvariihan bolon Mhynaltiihand itgehed hetsuu dee

монгол
монгол
2020-09-15 18:32

гэхдээ худлаа биш биздээ

Зочин
Зочин
2021-02-17 15:13

Татварын байцаагч болохын тулд ямар хичээл сонгох хэрэгтэй бол

Бббб
Бббб
2023-03-20 12:54

Олон хүнд сайнтай муутай уулын мод урттай богинотой бдаг учираас ажмллаж байгаа с�##�барынхаа нэр хүндыг битий унгаарай гэж бусад Татварын байцаагч нартаа хандаж хэлмэр бна

Холбоотой мэдээ

Back to top button