Нийгмийн

Бог, бодын арьсыг эсгэлтгүй хуулах төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

ХХААХҮ-ийн яам НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн аймагт төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг төсөл болох Ховд аймагт хэрэгжүүлж байгаа Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнэгүйдлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцүүлэх төслийн ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцлаа.

Энэ төслийн хүрээнд хонины ноосыг машинаар хяргах, бог, бодын арьсыг эсгэлтгүй хуулах төхөөрөмжийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын зураг төслөөр монгол инженерүүд зохион бүтээжээ.

Малын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь арьсаа өвчихдөө цоолдог, эсгэлт, зүсэлт ихтэй байх юм. Үүнээс болж, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанарын шаардлага хангадаггүй, гологддог. Иймд төслийн шугамаар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн төхөөрөмжийн тусламжтайгаар бог малын арьсыг 15-20 секунд, бодын арьсыг өөхгүй бол 30 секунд, өөхтэй бол 1-2 минутын хугацаанд мэсгүйгээр ямар нэг эсгэлт, зүсэлтгүйгээр хуулах боломжтой болжээ.

ХХААХҮ-ийн яам дэргэдээ Судалгаа хөгжлийн төв байгуулсан. Энэ ажлын хүрээнд инновац шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, олон улсын стандартад нийцсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж сайд З.Мэндсайхан онцоллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button