УЛС ТӨР

Н.Батсүмбэрэл: Чингэлтэйн төвийг Дэнжийн мянга руу нүүлгэвэл, төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

-ҮЙЛДВЭРЛЭГЧ 120 ГАРУЙ ИРГЭНИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН-

-Та дүүргийн Засаг даргаар гэнэт томилогдоод тодорхой маргаан дундуур ажлаа эхлүүлсэн. Ажлаа аваад долоон сар болсон байна. Энэ хугацаанд хэр их ажил амжуулав. Хувь хүний потенциалаа хэр шавхаж ажиллаж чадсан гэж дүгнэх вэ?

-Засаг даргаар томилогдох шийдвэр маш богино хугацаанд гарсан. Долоон сар гаруй хугацаа өнгөрч байна. Намайг томилогдох үетэй зэрэгцээд Монгол Улсад хөл хорио тогтоон, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хаасан. Дүүргийн ажил гэдэг чамгүй ачаалалтай. Өдөр бүр иргэдтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхээс гадна, УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлуудыг хийлээ. Мөн ажлаа авч байх үетэй зэрэгцээд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, түлш түлээний хангамжийн асуудалтай тулгарсан. Мөн дотооддоо коронавирусийн халдвар алдчихгүй юм сан гэсэн эмзэг, амаргүй цаг үе таарсан. Энэ үеүдийг өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн хамтын туршлага, дүүргийн төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны хүчээр давлаа.

-Танай дүүргийг бүсчилж харвал худалдаа эрхлэгч ихтэй. Эдийн засгийн эмзэг, хэцүү үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд энэ хүмүүсийг бодлогын хувьд хэрхэн анхаарч ажиллав. Худалдаа эрхлэгчдээ анхаарч байж л гол ажлууд чирэгдэж явах учир ярилцлагынхаа эхэнд энэхүү асуултыг асууж байна л даа?

-Худалдаа эрхлэгчидтэйгээ байнга уулзаж байгаа. Сая хоёр ч хэсэг уулзалт хийлээ. Чингэлтэй дүүргийн эдийн засгийн бүтэц бусад дүүргийнхээс харьцангуй гайгүй. Гэхдээ манай дүүрэгт том хэмжээний үйлдвэр байхгүй. ЖДҮ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид дээр тулгуурладаг. Энэ утгаараа эднийгээ дэмжих, ажлын байрыг анхаарч ажиллах илүү шаардлагатай. Хил хааж, эдийн засаг амаргүй байгаа энэ нөхцөлд худалдаачдын ажил тасалдах, хүндрэх байдал бий болсон. Ийм цаг үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн татвараас хөнгөвчлөх бодлого байгаа оносон.  Манай дүүрэгт 900 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 4000 гаруй байнгын ажлын байр бий. Жилд 300-гаас доошгүй ажлын байр нэмэгдэж ирсэн судлагаа байдаг. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад энэ байдал энэ жил хумигдсан. Гэсэн ч өмнө нь дүүргээс явуулж байсан бодлогуудыг тасалдуулахгүй байх чиглэлд нилээдгүй анхаарч байгаа. Тухайлбал, үйлдвэр эрхлэгчиддээ ажлын байр гаргаж өгсөн. Энэ хүрээнд 120 гаруй үйлдвэрлэгч иргэнийг түр ажлын байраар хангасан. Түр ажлын байр гэдэг нь дүүргийн төсвөөс зөөврийн ажлын байр буюу ТҮЦ шиг жижигхэн байрыг өөрсдийнх нь хашаанд нь аваачин өгч, ажил эрхлэх бололцоогоор хангасан. Хоёр жилийн дараа дараагийн хүн рүү шилжүүлэх маягаар ажлын байраар хангадаг. Мөн гар урлал, эсгий оёмол, модон эдлэл, нэхмэл хийдэг хүмүүст “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээсэлж өгөх замаар ажлын байрыг нь тасалдуулахгүй, орлогыг нь нэмэгдүүлэх боломжоор хангаж ажилладаг. Долоохон хоногийн өмнө ахмадуудынхаа дунд үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Гэртээ ач, зээгээ харж буй ахмадуудын оёдол, наамал, арьс ширээр хийсэн эдлэлүүдээр нь “Ялалт”-ын талбайд үзэсгэлэн гарган сурталчилж, худалдаа эрхлүүллээ. Энэ ажлыг цаашид тасралтгүй үргэлжлүүлнэ. Хил хаасантай холбогдуулан гаднаас авч чадахгүй байгаа зүйлээ дотоодоосоо авах боломжийг нь бүрдүүлэх нэг хэлбэр юм даа. Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбохын тулд үзэсгэлэн худалдаа, экспог тогтмол зохион байгуулах хэрэгтэй юм.  Өндөржүүлсэн бэлэн байдлыг бууруулсантай холбогдуулан заалны үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулахаар судалгаа хийж байна.

-БОЛОВСРОЛЫН ЯЛГААГ АРИЛГАХ ҮҮДНЭЭС “Е СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУРШИЖ ЭХЭЛСЭН-

-Танай дүүрэг татвар сайн төвлөрүүлдэг, эдийн засгийн хувьд боломжийн юм шиг хэрнээ хүн ам ихтэй зарим хороондоо цэцэрлэг, сургуульгүй гэх асуудалтай явж ирсэн. Энэ асуудлуудаа хэрхэн шийдвэрлэв?

-Чингэлтэй дүүрэг байгуулагдаад 28 жил болоод буй. Энэ хугацаанд огт сургуульгүй хороод нэлээдгүй байсныг шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, 20 гаруй мянган хүн амтай долдугаар хороонд Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр 720 хүүхдийн сургууль барилаа. Гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглах боломжтой сургууль юм. Энэхүү 149 дүгээр сургуульд одоогоор 500 гаруй хүүхэд суралцаж байна. Мөн наймдугаар хороонд нийслэлийн төсвийн 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 640 хүүхдийн сургууль барихаар ажлаа эхлүүллээ. Сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх ажлууд сүүлийн жилүүдэд гайгүй сайн хийгдэж байгаа гэж дүгнэж байгаа. Энэ жил таван шинэ цэцэрлэг ашиглалтад орсон. Нөгөө талаар боловсролын ялгааг арилгая гэдэг том асуудлыг дэвшүүлэн ажиллаж байна. Ялангуяа сүүлийн арван жил боловсролын ялгаа асар их нэмэгдчихлээ. Үүний ард нийгмийн талцал, хуваагдал, нэгнийгээ үзэн ядах сэтгэлгээ асар ихээр үүсдэг. Энэ нь цаашлаад улс орны тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх эрсдэлтэй. 23 дугаар сургууль мундаг сайн, түүний хажуу талын 24 дүгээр сургууль муу гэсэн ойлголттой байж болохгүй. Манай нийгэм сургуулиудыг улсын, хувийн, лаборатори, Кембриджийн гэхчлэн хуваачихдаг. Үүнээс хамааран хүүхдүүдийн эдэлж хэрэглэж байгаа зүйлээс эхлээд хандлага нь өөр өөр болчхож. Иймд энэ ялгааг бид өөрчилье. Чингэлтэй дүүргийн энэ нь сайн, тэр нь муу сургууль гэсэн хандлагыг өөрчлөхийг зорьж байна. Энэ хүрээнд “e-сургууль” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

-“Е-сургууль” хөтөлбөрийнхөө талаар жаахан дэлгэрүүлж ярьбал?

-Суралцагчаас гадна багш, эцэг эхчүүд нь цахимаар хүүхдийнхээ сурлага, ирц, идэвхийг хянах бүрэн боломжтой. Энэхүү хөтөлбөрийг одоогийн байдлаар 23 дугаар сургуульд туршаад эхэлчихсэн, үргэлжилж байна. Энэ жилдээ гэр хорооллын нэг, байшин хорооллын нэг сургуульд тус тус туршина. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагч хоорондын ялгарал, сургууль хоорондын ялгаа арилна гэж үзэж байна.  

-ДҮҮРГИЙН АЖИЛТАН 940 ИРГЭНИЙ ГАЗРЫН ӨРГӨДЛИЙГ ГУРВАН ЖИЛ ШУРГУУЛГАДАА ХАВ ДАРЖ, АХ ЭГЧДЭЭ ГАЗАР ОЛГОСОН АСУУДАЛ ГАРСАН-

-Дараагийн асуулт руу шууд шилжихэд, танай дүүрэгт газрын маргаан нэлээдгүй гарч байсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн газрын албаны ажилтнууд Чингэлтэй дүүрэгт газар зарах гэж байгаад баригдсан гэх дуулиан ч хөвөрсөн. Өнгөрсөн долоон сарын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх, цэгцлэх боломж хэр байв?

-Ер нь цэгцэлж байгаа гэж хэлж болно. Намайг ажлаа авахтай зэрэгцээд Хан-Уулын газрын албаны нөхдүүд Чингэлтэй дүүргийн газар нутгаас зарах гэж байгаад баригдлаа гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ асуудал АТГ-т шалгагдаж байна. Зарах гэж буй газрынх нь тал нь манай цагдаагийн байгууллагынх. Нөгөө дүүргийн нөхөр ирээд дураараа газрыг нь зарчихдаг ийм эзэнгүй дүүрэг байж болохгүй л дээ. Мөн газартай холбоотой маргаан, асуудал маш их байсан тул ажлын хэсэг гаргаж шалгасан. Нийт 940 гаруй иргэний өргөдөл гомдол манай нэг төрийн албан хаагчийн ширээний шургуулгад гурван жил хадгалагдсан асуудал гарсан. Бодит үнэн. Үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж, хариуцлага тооцоод зогсохгүй, хуулийн байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. 100 гаруй газрын нэгж дээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргын захирамжид хууль бусаар өөрчлөлт оруулчихсан байгаа юм. Ингээд зогсохгүй 940 хүний өргөдлийг ширээн доороо дарах нь хүнд суртал байтугай үйлдэл мөн биз дээ. Ингээд Засаг даргын ажлыг авснаасаа хойш 1600 гаруй хүний газрын асуудлыг шийдвэрлээд байна.

-Өмнө нь тэдгээр олон иргэний газрын асуудлыг удаашруулан хав дараад байсан гэсэн үг үү?

-Засаг дарга, газрын алба буруутай гэхээс илүү дунд нь холболт хийж ажиллах үүрэгтэй төрийн албан хаагчийн хувь хандлага дээр энэ асуудал гацдаг байсан. Өөрөөр хэлбэл иргэн газрын албанд өргөдлөө өгч, түүнийг нь газрын алба хуулийн хэлтэст шалгуулдаг. Хуулийн хэлтэс нь түүнийг хав дарж Засаг даргадаа ч оруулдаггүй, газрын албандаа ч өгдөггүй түгжчихдэг байсан байгаа юм. Тэгсэн хэрнээ өөрийн төрсөн ах, эгчдээ газар олгоод захирамж гаргаад байж л дээ. Түүнийг нь хууль бус гэж үзэж, цуцалсан.

Мөн газрын асуудлын байнгын зөвлөл байгуулсан. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт Хуулийн хэлтсийн даргаар удирдуулсан энэхүү зөвлөл хуралдаж, иргэдийн газрын хүсэлтийг авч хэлэлцдэг. Ингэхдээ ойн, усны, барилгын хууль зөрчсөн эсэхийг нягталж дүгнээд газрынх нь асуудлыг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, зуслангийн газар хөөцөлдөхийн тулд тухайн иргэн заавал Чингэлтэй дүүргийн Засаг даргыг таньдаг байх, үүдэнд нь ирж суух, хэн нэгэн хүнээр яриулах, авилга өгөх шаардлагагүй гэсэн үг. Харин хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн байх шаардлагатай. Түүнийг нь Засаг дарга үзэмжээр шийдвэрлэхгүй. Хурлаар оруулсны эцэст хуульд нийцэж байвал олгочихно. Дүүргийн Засаг дарга ганцаараа бүх шийдвэрийг гаргахаас илүү хамтын оролцоо, хамтын ажиллагааг эрмэлзэн ажиллаж байна.

-Төрийн байгууллагуудын хүнд суртал, иргэдийг чирэгдүүлэх байдал нь төрийн албан хаагчид хэтэрхий их ачаалал төвлөрсөнтэй холбоотой. Үүнээс үүдэж маш их ялархсан төрийн албан хаагчийн хэцүү үйлчилгээн дор  ажил явагддаг хэцүү тогтолцоо бий. Энэ байдлыг хэрхэн сайжруулах вэ, энэхүү тогтсон жишгийг өөрчлөх боломж хэр байна вэ?

-Засаг захиргааны нэгжийн шинэ хууль одоо УИХ-аар яригдахаар хүлээгдэж байна. Үүнд нэлээдгүй анхаарал хандуулсан, хүлээлттэй байгаа. Дээрээс нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх төлөвтэй. Энэ гурван том хуулийг өөрчлөх бололцоотой. Манай дүүрэг гэхэд л гурван Булган аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 157.000 иргэнтэй. 19 хороотой гэхээр нэг төрийн албан хаагчид ногдох ачаалал эрс өндөр.

Орлогоо хэрхэн олох, түүнийгээ хэрхэн зарцуулах, бүтээн байгуулалтаа хэрхэн хийх вэ гэх мэтчилсэн эдийн засгийн мэдэл нь маш хязгаарлагдмал байна. Засаглалын мэдэл нь хязгаарлагдмал байна. Байшин хорооллын газруудыг Хотын дарга шийдвэрлэдэг. Дүүргийн дарга гэр хороолол болон зуслангийн газруудыг шийдвэрлэдэг. Тэгсэн хэрнээ дүүргийн газрын алба Засаг даргаасаа үл хамаарсан босоо тогтолцоотой. Нэгдэж ажиллах боломж хязгаарлагдмал. Нэг мөр хотын дарга нь газрынхаа зохион байгуулалтыг хийдэг байвал дээр юм гэж хараад байна.

Ийм учраас төрийн зохион байгуулалтын хувьд, эдийн засгийн хувьд, засаглалын хувьд дүүргийг өөрчлөхгүй бол болохгүй. Энэ үүднээс дээрх гурван хуульд тусгах санаануудаа илэрхийлсэн. Яваандаа нийслэл нь хотуудын нэгдмэл зохион байгуулалтад орж дүүргүүд Чингэлтэй хот, Налайх хот, Майдар хот гэхчлэн хотын статустай болчихвол зүгээр юм шиг санагддаг. Ингэснээр өөрсдөө бие дааж дэд бүтэц, зохион байгуулалтаа хийдэг болчихвол илүү хөгжинө. Одоо дүүргийн статусаар босоо шугаманд хэтэрхий хатуу барьчхаад байгаа юм. Дүүрэг нь өөрөө газраа төлөвлөдөг, дэд бүтэц дахин төлөвлөлтөө хийдэг болчихвол бид Дэнжийн мянгад Чингэлтэй дүүргийнхээ төвийг байгуулна. Ингэх юм бол манай дүүргийн иргэн заавал “Ялалт”-ын талбайд ирж төрийн үйлчилгээ авдаг байх шаардлагагүй болох юм. Нэг талаасаа төвлөрлийг сааруулна, нөгөө талаас төрийн үйлчилгээний нэгдмэл зохион байгуулалтад орох гэхчлэн олон давуу талтай. Харамсалтай нь үүнийг шийдэх эрх нь бидэнд алга.

-ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАХИРГААГ “ДЭНЖИЙН МЯНГА” РУУ НҮҮЛГЭЧИХВЭЛ 13 ХОРООНЫ ИРГЭНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОЙРТОНО-

-Дорноговь гэх мэт хэдхэн аймаг өөрийгөө тэжээдэг гэх тодорхойлолт бий. Түүн шиг Чингэлтэй дүүрэг өөрийгөө тэжээдэг хэмжээний дүүрэг байж чадах уу. Мөн “Дэнжийн мянга” руу нүүлгэнэ гэж дурдсанаа жаахан тодруулбал?

-Чингэлтэй дүүрэг орлогын хувьд харьцангуй гайгүй. Ихэвчлэн давсан орлого биелүүлж ирсэн түүхтэй. Давсан орлогоос хотын төсөв рүү төвлөрүүлж, орлого багатай дүүрэг рүү хуваарилдаг. Дүүргийн захиргааг нүүлгэх ажлыг судалж байна. Юм л бол яармаг, нисэх рүү нүүлгэнэ гээд байдаг. Хойшоо гэр хороолол, зуслан руу төрийн үйлчилгээг хүргэвэл ямар вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа. Дэнжийн мянга, Хайлааст нь гэр хороолол хэвээрээ байна. Тэнд шугам сүлжээ, дэд бүтэц алга. Иймд Чингэлтэй дүүргийн захиргааг нүүлгэж, төрийн байгууллагуудыг тэнд нь нэгдсэн зохион байгуулалт оруулах, төрийн албан хаагчдын орон сууцыг барих, сургууль, цэцэрлэгийн асуудлыг нэмэх зэрэг олон асуудал яригдаж байна. Гагцхүү өөрсдөө шийдвэр гаргах хууль эрх зүйн орчин алга.

-Дахин төлөвлөлт хийхэд эдийн засгийн болон газрын боломж нь хэр байгаа вэ?

-Чингэлтэй дүүргийн газар тултлаа тэлчихсэн. Иймд дахин төлөвлөлт хийж байж л газар чөлөөлж авах боломжтой. Дээрээс нь хууль эрх зүйн боломжийг нээгээд өгчихвөл гэсэн хүлээлт бий. Сэлбэ дэд төв удахгүй ашиглалтад орно. Мөн Дэнжийн мянга дэд төв ойрын хэдэн жилдээ ашиглалтад орно. Энэ хоёр дээр түшиглэн дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдчихэж байгаа юм. Эрх зүй талаасаа удахгүй боломж нээгдэнэ гэж итгэж байна.

-Тогтчихсон том гажуудлыг эвдэж, дахин төлөвлөлт гээд баахан нүүдэл суудал хийх нь биелэхэд хэцүү биш үү?

-Сууриар нь аваад үзье л дээ. Чингэлтэй дүүрэг 19 хороотой. Үүний 13 нь гэр хороолол. Гэр хороололд дулааны шугам хэрэгтэй юү, байшин барих шаардлагатай юу. 13 гэр хорооллын иргэн түгжирч ирээд “Ялалт”-ын талбайгаас үйлчилгээгээ авсан нь дээр үү, “Дэнжийн мянга”-аас үйлчилгээгээ авсан нь дээр үү. Хэрэгцээ байгаа юу гэвэл байгаа. Бололцоо байгаа юу, байгаа. Гагцхүү үүнийг хийх эр зориг, хууль эрх зүйн үндэслэл, эдийн засгийн нөөц бололцоо хэрэгтэй.

-2000 ИРГЭНЭЭС ЗАХИДАЛ ИРСЭН. БҮГДЭД НЬ ХАРИУ БИЧИЖ БАЙГАА-

-Та цар тахлын онцгой нөхцөлд, сонгуулийн өмнө ажлаа авсан. Засаг даргын шийдвэр өрх бүрд хүрч, бодит үр өгөөж өгч болохоор байна уу?   

-Дүүргийн Засаг даргын хувиар би иргэдтэйгээ харьцангуй ойр. Иргэд үүдэнд хүлээж байхаас ажлын өглөө эхэлдэг. Иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсоно. Хороодоор явсан ч иргэдийн санал бодлыг сонсоно. ААН-үүдтэй харилцана. Хог хаягдал, хороо гудамжны гэрэлтүүлэг, зам талбайн тохижилт, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэргийг анхаарна. Зарим өдөр ажлын цаг хүрэлцэхгүй байгааг хангалттай сайн мэдэрч байна. Иргэдэд тулгамдаж буй асуудлыг илүү сайн сонсох үүднээс саяхан “Дүүргийн засаг даргадаа захидал бичье” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд 2000 гаруй захидал ирлээ. Бүгдэд нь хариу бичиж байна. Иргэн надад цаг зав гарган санаа бодлоо хэлж байгаа тул би бүх хүнд хариуг нь бичиж байгаа. Явуулаад эхэлчихсэн.

-Таслахгүйгээр зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай ямар ажлуудаа нэрлэх вэ?  

-Хамгийн эхэнд дээр дурсан газрын асуудал бий. Газрын асуудлаар шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Хууль бусаар газар аваад хашаа хатгачихсан байршил олон. Зуслангийн бүсүүдэд эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй баахан хоосон хашаа бий. Иймээс дан ганц Чингэлтэй дүүрэг гэлтгүй нийслэл даяараа газрын асуудлыг цэгцлэх цаг нь болсон. Зарим дүүрэгт эмнэлэг ч барих газар алга. Буруу бүхний эхлэл газар болчхоод байна. Хэрэв энэ асуудлыг зөв зохион байгуулбал “Газар бол сайн суурь”.

Дараагийнх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал. Сүүлийн үед манай дүүрэг ЖДҮ эрхлэгчдээ дэмжих бодлогыг түлхүү баримталж байна. Мөн хүүхэд, хөгшдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, агаарлах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг олноор барих шаардлагатай. Хамгийн сүүлд манай дүүргийн дөрвөн хүүхэд Хан-Уулын цэцэрлэгт хүрээлэнд очиж тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, тоглох талбай хомс байгаатай л холбоотой. Тиймээс гэр хороололд хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Түүнчлэн боловсролын асуудал. Барилга байгууламжийн гаднах үзэмжээс илүү агуулга руу харах цаг болсон. Ярилцлагын эхэнд хэлсэн дээ. Боловсролын ялгааг арилгая гэдэг зүйлийг ярьж байгаа.

-Гэр хорооллоор нэлээдгүй явсан тухайгаа та ярилаа. Төр, иргэн хоёрын хоорондох зай хэр их байна вэ?

-Төр, иргэн хоёрын хоорондын зай гэхээсээ илүү төрийн ямар үйлчилгээ иргэнд хүрэхгүй байна вэ гэх нь илүү оновчтой. Төрөөс иргэнд өгч буй халамжийн үйлчилгээ хүрч байна. Харин иргэний төрдөө өгч буй хүсэлт, санал очих ёстой эзэндээ хүрч байна уу, үгүй юу гэдэг асуудалд зарим нь бухимдаж байх шиг. Иргэн хорооны дарга, ажилчдад зовлонгоо ярьж, санал хүсэлтээ өгөхөд түүнийг нь дүүргийн, хотын гэх мэт дээд шатны удирдлагуудад уламжлах ажил орхигдчихдог. Санаатай болон санамсаргүй байдлаар. Үүнээс үүдэж иргэдийн дунд бухимдал үүсдэг. Энэ нь иргэн, төр хоёрын хоорондын зайг бий болгодог.

УОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй дүүрэгт дадлага сургуулилт хийгдсэн. Бүтэн хөл хорио тогтоосон. Энэхүү дадлага сургуулилтад хоёр долоо хоног бэлдсэн. Амаргүй байсан. Сүүлийн гурван хоног бид унтаагүй. Дадлага сургуулилт хэрхэн болох вэ гээд улс орон даяар анхааралт тавьж байсан үе. Өглөө 8.00 цагаас оройны 18.00 цаг хүртэл гэрээс нь гаргахгүй, байгууллагын ажлыг хийлгэхгүй хорино гэдэг амаргүй асуудал байсан. Нэг худалдаачин иргэн “Миний нэг өдрийн орлого хаагдлаа” гэж бухимдах, төрийн байгууллага ажил тасалдаа гэж гомдоллож болох л байсан. Азаар тийм асуудал гараагүй. Энэхүү дадлага сургуулилтад 2900 гаруй төрийн албан хаагч оролцож ажилласан. Сургуулилтын үеэр нэг ч нохой шувуу явсан зөрчил гараагүй, сайхан болсон. Өөрөөр хэлбэл цар тахлын үед дадлага сургуулилт хийсэн цорын ганц улс манайх болсон байдаг юм билээ. 157 мянган иргэнийг гэрт нь, байгууллагад нь хорино гэдэг амаргүй шүү.

Үүний үр дүнд цар тахлыг дотооддоо алдвал яах вэ гэдэг маш том дадлагатай болсон. Тахлын үед хүн нас барвал, хүн төрвөл яах вэ, гэмт хэрэг гарвал яах вэ гэдгээс эхлээд хүнс, усаа хэрхэн хангах, харилцаа холбоогоо хэрхэн зохицуулах, эмийн сан, дэлгүүр, сургууль, цэцэрлэгээ хэрхэн ажиллуулах вэ зэрэг маш олон сургуулилт хийгдсэн. Хэрэв байдал хүндэрвэл тухайн дадлага сургуулилтын үед бэлтгэсэн бэлэн шоглоомоо гаргаж ирээд ажиллана гэсэн үг юм.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-21 08:47

Энэ нөхөр арын ха�##�гаар �##�бан хаагч болчоод юун д-1000 руу нүүлгэх нэртэй дээр нь Шаргаморьтруу нүүлгэчихээч зөв байж чадахгүй бол дуугайл бай юм мэдэхгүй бол бүү дуугар

М
М
2020-09-21 18:36
Reply to  Зочин

Чи харин нохой шиг хуцхаа боль

ИРГЭНИЙ САНАЛ
ИРГЭНИЙ САНАЛ
2020-09-21 10:28

ШАРГА МОРЬТРУУ ЭМНЭЛЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ЭХЭЛЖ НҮҮЛГЭВЭЛ ИХ САЙН. УЧИР НЬ ТӨВРҮҮ БӨГЛӨРӨЛРҮҮ ЧИГЛЭСЭН УРСГАЛ ШУУД БУУРНА. ХҮМҮҮСТ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТОНО. ОДООГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГА. ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НУРААН БУУЛГАЖ. 22-Р ЗУУНД ЗОРИУЛСАН ГОЁ ЦОГЦОЛБОР БАРИХ НЬ ЗҮЙТЭЙ

А
А
2020-09-21 18:43

Тийм шүү

Юманд хэмжээ бий шүү
Юманд хэмжээ бий шүү
2020-09-21 14:19

Чингэлтэй гэхээр зөвхөн дэнжийн мянгынхан биш л юмсан

:)
:)
2020-09-21 17:31

Zov sanaa bna

Зочин
Зочин
2020-09-21 17:44

Дэнжийн 1000 руу шилжүүлэхийг дэмжиж байна.

Зочин
Зочин
2020-09-21 18:00

Шилжих нь зөв шүү, гэхдээ орон сууцны иргэд дундаа төрийн үйлчилгээ үлдэнэ биздээ???

Иргэн...
Иргэн...
2020-09-21 18:42

Шудрага зарчимтай иргэддээ маш ойрхон ажиллаж байгаа дүүргийн засаг дарга танд ажлын амжилт хүсье. Урд нь ингэж биднийг сонсож байнга өдөр болгон хүлээж авч уулздаг дарга нар байсангүй. Хэлмээр ярьмаар зүйлээ шууд хэлж болох болохгүй асуудлуудаа шийдэж чадаж бна. Иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй ашиг сонирхолын зөрчилгүй шудрага з�##�уу бна билээ.

Иргэн
Иргэн
2020-09-21 20:19

Нийслэлийн захиргааг Яармагт шилжүүлнэ гээд үргүй зард�##� гаргаж тоглож, шоглосон ажилыг ЧД-т давтах санаарх�##� зух�##�заж байх шиг.

Иргэн
Иргэн
2020-09-21 20:32

Шинэ байшин ордон бариулаад тухлах санаатай юу. Дэнжийн мянгын цагаан байранд багахан цэвэрлэгээ , засвар хийгээд нүүж ор. Сэтгэл байв�##� дүүрэг чинь ойрхон байгаа шүү.

Топорын фен
Топорын фен
2020-09-21 20:34

Энэ их хөөрүү амьтан ш дээ Хамаг амьтныг самрах нь дээ Ийм хагас г�##�зуу юмнаас эртхэн с�##�сан нь дээр шүү Чингэлтэйчүүдээ

Улаанбаатар
Улаанбаатар
2020-09-22 21:24

ЧД-н засаг захиргааг хойд т�##�даа буюу 6-н бууд�##� хавьд шилжүүлээд тохиромжтой санагдах юм.

Холбоотой мэдээ

Back to top button