НИЙГЭМ

Хойд аавын хөлд ДЭВСЛЭГДЭХ бяцхан зүрхнүүд ХӨӨРХИЙ

Есхөн настай бяцхан зүрх хойд аавынхаа хөлд дэвслэгдэж, хорвоог орхисон хэрэг өчигдөр /2020.09.21/ олон нийтийг цочирдууллаа. Тодруулбал,  өнгөрөгч амралтын өдөр /2020.09.20/ есхөн настай дагавар охиноо Баянзүрх дүүрэгт оршин суух 36 настай, Б гэгч хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал бүртгэгдэж, саатуулагдаад байна.

Охин хичээлдээ явж, 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгч, хоёр настай дүүгээ асарч, хажуугаар нь гэрийнхээ ажлыг амжуулдаг байж. Гэвч тэр нэг л өдөр “нарийн гэдэс цоорсоноор” хорвоогоос одов.

Түүнийг бурхан болсны дараа “Нүүр, духанд хуучин зулгаралттай. Хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай” гэсэн онош гарсныг албаныхан дуулгасан юм.

Охин ганцхан зодуур, нэгхэн удаагийн хүчирхийллээр хорвоог орхиогүй. Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтантай хамт ГССҮТ-д хандаж байсан гэдэг. Гэмтлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тухайн үед “Талийгаач охины хавирга нь бороолж, эдгэж байна” гэдгийг хэлжээ.

Хүчирхийлэл удаа дараагийнх. Харин эцсийнх нь амь насанд нь хүрсэн. Хойд аавын хатуу гар бяцхан охины зүрхийг эцсийн удаа дэвсэлслэх нь тэр.

Охин хойд эцэгтээ зодуулж, тамлуулдаг талаараа хорооны нийгмийн ажилтандаа, 108, 102 тоот дугаарт өмнө нь удаа дараа мэдэгдэж, аврал эрсэн байдаг аж. Харамсалтай нь хүүхдийн эрхийг хамгаалах нэртэй олон арван байгууллага, ядаж 108 дугаарынхан тусгаарлахаас эхлээд ямар нэг арга хэмжээ авсангүй. Эмгэнэлтэй, бас өрөвдөлтэй. Хүчирхийлэлд өртөөд яахаа мэдэхгүй бүлтгэнэж суугаа бяцхан үрсийг хамгаалах Төрийн байгууллага, Хүүхэд хамгааллын төв, хорооны ажилтнууд ХААНА ВЭ.

Хавирга нь бороолж, хөл гар нь хугарч, бүдүүн, нарийн гэдэс нь тасартал гарын шүүс болсон байхад “Манайд гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй. Намайг зодож байгаагүй” гэж түүний ээж хэлж буй. Басхүү охиныхоо регистрийн дугаарыг ангийн багшаас нь асуугаад явах. Аминаасаа амь тасалж, төрүүлж өсгөсөн бяцхан охиноо анхаарах, өрөвдөх эхийн сэтгэл ХААНА ВЭ.

Нийгэмд ганцхан өнөөдөр, ганцхан энэ балчир охин хойд аавын гарын шүүс болсон хэрэг биш. Биднийг олон хэрэг цочирдуулж байв. Гэвч бүгдийг нь мартсан. Өнөөдөр харамсаж, халаглаад маргааш мартдаг нь, харамсалтай. Хойд аавын хөлд дэвслэгдэх хичнээн бяцхан зүрх ХӨӨРХИЙ болсоор байх вэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-22 16:30

Ядарсан хүүхдийн нэр барьж хэнд ч хэрэггүй, хийх үүрэгтэй ажлаа хийдэггүй татвар төлөгчдийн татвараар ц�##�инждаг нөхдүүд болон агентлаг �##�бадыг татан буулгая, тэд зөвхөн хэдэн тоо нэмж хасаж суудаг бол хэрэггүй ээ, оронд нь эрсдэлт айл өрхүүдээр ордог, хянадаг, ярилцдаг, хамгийн гол нь сэтгэл зүрхтэй хариуцлагатай зүтгэлтэй нэгэнг өрх хороодод нэмэн ажлуулья, худлаа том тоо ярьсан нөхдүүд хэрэггүй ээ, ханцуй шамлаад гардан ажиллах нэгэн хэрэгтэй байна аа

Холбоотой мэдээ

Back to top button