УЛС ТӨР

Оролцохгүйгээр өөрчлөх боломжгүй

/Сонгогчийн боловсролд зориулав/

Багш, улс төр судлалын докторант Б.Сэмжидмаа

Намрын сар гарсаар монголчуудын хувьд маш чухал, илүү хариуцлагатай сонгуулийн өмнө бид тулж ирээд байна. Ирэх сарын 15 гэхэд бид бүгдээрээ  аймаг, нийслэл, дүүрэг, сумын хуралд  хэн гэдэг элч төлөөлөгчөө сонгож ажиллуулахаа шийдэх цаг мөч. Сонгох эрх бол иргэдийн улс төрийн маш том эрх мэдэл. Сонгогчийн эдлэх эрхэнд их, бага гэж байдаггүйгээрээ онцлогтой.

Хэрвээ та Их хурлын сонгууль нь чухал, орон нутгийн сонгуульд оролцоогүй байсан ч яахав гэж бодож байгаа бол буруу бодож байна. Орон нутгийн сонгуульд саналаа өгөх таны эрх бол өглөө бүр тань хэрхэн эхэлж, орой бүр хэрхэн жаргаж байхыг шийддэг маш чухал сонголт юм шүү. Тиймээс бүх  сонгууль хариуцлагатай, онцгой бас чухал. Төрд өөрийнхөө төлөөллийг сонгох гэж байгаа учраас заавал оролцож саналаа өгөөрэй гэж хэлье. Орон нутгийн сонгууль бол өргөн утгаараа УИХ-ын сонгуулиас ч илүү иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг. Иргэдийн өдөр тутмын бодит амьдралд ямар хууль дүрэм, шийдвэр гаргалт хэрэгтэй байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр дамжин төрийн дээд байгууллагад хүрдэг учраас маш чухал хариуцлагатай гээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл УИХ-д сонгогдсон  гишүүд Монгол Улсын нийтлэг эрх ашиг, цаашдын чиг хандлага, нийгэм эдийн засгийн хэтийн төлвийг том зургаар нь тогтоож өгдөг. Харин орон нутгийн сонгуулиас сонгогдсон хүмүүс иргэдийнхээ өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх, Үндсэн хууль болон бусад хуулинд тусгагдсан эрхээр хангах үүрэг хүлээдэг. Шуудхан хэлэхэд иргэн таны амьдралд юу хэрэгтэй байна, хэн таны төлөө ажиллаж чадах вэ гэж итгэсэн хүнээ л сонгож ажиллуулах ёстой хариуцлагатай сонгууль юм.

Миний анзаарч үзсэнээр 1996 оноос хойшорон нутгийн сонгуульд сонгогчдын 72 хувь нь саналаа өгдөг байж. Ингээд  2012 он гэхэд 52 хувь хүртэл тогтмол буурсаар иржээ. Харин 2016 онд дөнгөж 60 хувьтай байв. Хүмүүсийн итгэл, идэвх тасралтгүй буурсаар ирсэн нь эндээс харагдана.

Хатуухан хэлэхэд энэ хэрээрээ л бидний амьдрал доройтож нийслэл, дүүргийнхээ удирдлагуудаас эрх ашгаа хамгаалахыг шаардаж чадахгүй байгаагаа ойлгох ёстой. Дүүрэг хорооны бүхий л амьдралыг дүүргийн Иргэдийн хурал, Засаг дарга, түүний албад зохион байгуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл энэ төлөөллөө сонгохдоо хайнга хандахаар бид байгаа байрандаа суусаар л үлдэнэ. Сонгох ёстой нь хэнээр удирдуулж байгаагаа, сонгогдсон нь хэнд анхаарах ёстойгоо мэдэхгүй байдал нүүрлэсэн ирсэн гэсэн үг.

Сонгогч, сонгогдогч хоёр хариуцлагаа ухамсарлаж иргэн бүр дүүрэг, нийслэлийнхээ сонгуульд оролцохыг зорилго болгох хэрэгтэй. Таны эрх ашгийг хамгаалж ажиллах хүнээ таньж сонгох нь чухал. Таны асуудлыг  мэддэг хүн үү, шийдвэрлэх чадвар чадамжтай юу,  өдийг хүртэл ямар замаар явж ирсэн хүн бэ, ёс суртахуун нь хэр хэмжээтэй вэ гэхээс эхлээд сонголтдоо ухамсартай хандах хэрэгтэй.

Дүүргүүд гэхэд сонгогчдын тооноосоо хамаарч 17-41 мандаттай байгаа. Тэгэхээр энэ олон хүнийг таньж, танай  дүүрэгт хөгжил, таны амьдралд дэвшлийг авчирч чадах хүн мөн үү, биш үү гээд тус бүр дээр нь судалж үзэж, ойлголт авч шийдвэр гаргана.  Сонгогчид онцгой анхааралтай хандах шаардлагатай нь харагдаж байгаа биз. Нэр дэвшигч ч гэсэн  сонгогдох гэж байгаа дүүрэг, хорооныхоо бэрхшээл шаардлагыг мэддэг байх, шийдвэрлэж ажил хэрэг болгох, ажил хэрэг болгоод зогсохгүй бусдад үлгэрлэх чадвар чадамж надад байна уу гээд өөрөөсөө асуух ёстой юм.

Үе, үеийн дарга, хурал асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд ажилласан нийслэлийн удирдлага онцгой санаачлагатай, сэтгэл тавьж ажилласныг олон нийт ойлгож хэлж байна. Гэсэн ч өнөөдөр Монголын хүн амын тал нь аж төрж байгаа нийслэл, дүүргүүдэд нутгийн өөрөө удирдах ёсыг дээшлүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүрэх ёстой төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй, ажилтай, орлоготой амьдрах баталгааг хангах гээд олон асуудлууд байсаар байгаа нь үнэн. Хүн Үндсэн Хуулиар олгогдсон хүний эрхийн түгээмэл зарчмуудыг хангасан нийгэмд амьдрах эрхтэй.

Түүнийгээ нэхэх шаардах ч эрхтэй, түүний төлөө таныг төлөөлж, төрд ажиллаж чадах тийм хүнийг сонгох эрхээ эхлээд эдлэх ёстой. Хүүхдээ сургууль цэцэрлэгээс авах өгөх, миний ажиллах цагийн хуваарь миний амьдралтай нийцэж байна уу, хүүхдээ хүссэн сургууль, цэцэрлэгтээ өгч чадаж байна уу, харъяалагдсан засаг захиргаа танд иргэний хувьд үйлчилж чадаж байна уу, эдийн засгийн шийдвэрүүд миний амьдралд хэрхэн нөлөөлөх бол, эрүүл мэндээ хамгаалуулж, эмчлүүлж сувилуулж чадаж байна уу  гэх мэт иргэн таны амьдралд хамаагүй зүйл улс төрийн шийдвэр гаргалтад байхгүй. Эдийн засаг ч бай, улс төр ч бай энэ бүхэнд л оролцож, анзаарч цаашлаад орон нутгийн удирдлагын гаргах шийдвэрт өөрсдөө шууд оролцох нөлөөлөх боломжтойгоо иргэд ухамсарлаж чадсан цагт сонгогчдын боловсрол дээшилнэ. Улс төр бидэнд хамаагүй... Бид энэ төөрөгдлөөсөө гармаар байна.

Нэгдүгээрт, УИХ таны амьдарч буй байр сууц, хашааны гадаах асуудлыг шийдэхгүй. Зам барихгүй, засахгүй. Тэгэх ч ёсгүй. ИТХ-ын төлөөлөгч асуудлыг шат шатны байгууллагад тавьж шийдвэрлэнэ, шийдвэрлүүлнэ.

Хоёрдугаарт, таны амьдрах орчныг сайжруулах  төсөв орон нутагт бий.  Үүний зарцуулалтыг ИТХ шийдвэрлэнэ. Иргэд өөрийнхөө хүсэл,санаа бодлоо тусгуулах хамгийн ойрын байгууллага бол энэ. Гэвч бас бодууштай асуудлууд байх юм аа. Ганцхан жишээ дурдъя. Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд онцгой санаачлагатай ажилласан. Дүүрэгтээ хөрөнгө оруулалтыг сайн татсан, улсынхаа ч эдийн засгийг сайтар мэдэрч ажилласан.  Гэтэл дүүрэгтээ төсвийн сангаас  татаад оруулсан хөрөнгө оруулалтаас дүүрэг дэх улс төржилтийн улмаас  2,7 тэрбумыг буцаагаад татуулчихсан. Үүний учир нь дүүргийн удирдлагууд нам өөр,  сөрөг хүчний хүмүүс байснаас л тэр. Тэр мөнгө дүүрэгтээ шингэсэн бол хэчнээн хэрэгтэй байх билээ. Энэ юуг харуулж байна гэхээр УИХ-ынхаа ч, орон нутгийнхаа ч  хүрээнд нэг өнгөөр хандах нь чухал юм гэдгийг харуулж байна.  Манай Баянгол дүүрэгт сүүлийн найман  жил Ардчилсан нам засаглалаа. Иргэддээ бус, хэсэг хүнд л үйлчлээд байсан гэж хэлье. Одоо ард олондоо үйлчлэх цаг болсон.  

Гуравдугаарт, Орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох иргэний оролцоо, санаачлага, идэвх чармайлт бол ардчилалд оруулж буй том хувь нэмэр.  Энэ гурван тулгуур ойлголтыг ухамсарлаж зөв хүнээ сонгож өөрсдийгөө төлөөлүүлэх учиртай юм.

Удахгүй болох дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Улаанбаатар хот /2020.09.26/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button