Нийгмийн

Л.Бат-Амгалан: Анх удаа түүхэн, инээдэм, адал явдал, драма хосолсон уран бүтээл хийж үзлээ

“Од ба Гэгээ”,“Single ladies” 4 уран бүтээлүүд дээр ажилласан, залуу уран бүтээлч, найруулагч зохиолч Л.Бат-Амгалантай ярилцлаа.

-“ОД БА ГЭГЭЭ” УРАН САЙХНЫ КИНО ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС ӨНДӨР ҮНЭЛГЭЭГ АВСАН-

-Таны хувьд “Single Ladies”4 уран бүтээлд найруулагчаар ажилласан. Өмнөх ангиудын найруулга дээр ажиллаж байв уу?

-Урьдын ангиуд дээр ажиллаж байгаагүй. Дөрөвдүгээр ангид л ажиллаж, хаалтыг нь хийж байна даа.

-Таны өмнө ажилласан “Од ба Гэгээ” уран бүтээлээс энэ удаагийн кино хэр хүндрэлтэй байсан бэ?

-Миний ажилласан анхны бүрэн хэмжээний кино “Од ба Гэгээ”-байсан л даа. Тухайн уран бүтээл маань 2018 онд гарсан. Тэгээд олон улсын фестивальд оролцож байгаад, Монголдоо гаргасан. Азаар түүнийг маань Г.Ундармаа эгч маань олж үзээд маш их таалагдсан байсан. Тиймээс надтай холбогдоод ажиллах санал тавьсан юм.

Түүнийг нь ч би маш таатайгаар хүлээж аваад, хамтарч ажиллаж байна.Түүхэн, инээдмийн гээд хэд хэдэн жанр холилдсон учир бага зэрэг хүндрэлтэй байлаа. 200 гаруй хүний бүрэлдэхүүн гэдэг нь өөрөө нэлээн нүсэр зүйл байгаа шүү дээ. Нүсэр байхынхаа хэрээр асар том механизм ажиллаж байгаа учир удаан хэдий ч нарийн дэг зохион байгуулалт, олон хүний хоорондын харилцаа холбооны асуудал зэрэг асуудлууд байсан. Түүнээс кино хийх явцын тухайд мэргэжлийн хамт олон ажилласан учраас хүндрэлтэй зүйлс бага байлаа.

-АНХ УДАА ТҮҮХЭН, ИНЭЭДЭМ, АДАЛ ЯВДАЛ, ДРАМА ХОСОЛСОН УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ ҮЗЛЭЭ-

-“Single ladies” 4 кино нь таны ажилласан хоёр дахь бүрэн хэмжээний кино гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Өмнө нь 5-6 богино хэмжээний кинонуудыг хийсэн. Кинонууд маань олон улсын фестивалиуд дээр нэлээн сайн явсан. Би ихэвчлэн “art house” чиглэлийн уран бүтээл, богино хэмжээний кинон дээр түлхүү ажилласан л даа.

-Таны хувьд “Single ladies” 4 уран бүтээл нь олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан, том сорилт болсон уран бүтээлүүдийн нэг байсан болов уу.

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд анхны түүхэн бас инээдмийн, адал явдалт, драма хосолсон уран бүтээл байсан. Тэр утгаараа кино маань ч өөрөө маш өргөн цар хүрээг хамарсан. Түүхэн уран бүтээл хийхэд ямар сорилттой тулгардаг вэ гэдгийг үнэхээр биеэрээ мэдэрлээ. Дараагийн удаа түүхэн уран бүтээл дээр багагүй туршлагатай, дажгүй хийх байх гэж бодож байна. Бусдаар гайгүй байсан шүү. Түүхэн кино нь өөрөө их ажиллагаатай, цаг хугацаа авсан уран бүтээл байдгийг ойлгосон.

-ДАРААГИЙНХАА УРАН БҮТЭЭЛД ХАНЦУЙ ШАМЛААД ОРЧИХСОН БАЙГАА-

-Тухайн уран бүтээл дээр ажиллахаас өмнөх төсөөлөлдөө хүрсэн үү?

-Ерөнхийдөө яг л харж байснаараа хийсэн шүү. Араас нь тээх харуусал багатай уран бүтээл болсон гэж үзэж байгаа. Дутуу зүйл ч байсангүй. Зохиолынхоо дагуу хүссэн хэмжээндээ хүртэл л хийсэн.

-Таны хувьд цаашид “U Film” продакшнтай цаашид хамтарч ажиллах уу?

-Г.Ундармаа эгч бид хоёр хэдийн дараагийнхаа уран бүтээлд ханцуй шамлаад орчихсон байгаа. Яагаад гэвэл нэлээн гар нийлж ажиллаж байна. Төдий хэмжээгээр ойлголцоход ч их амар байлаа. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүд дээр гар нийлсэн хамтрагчид болж, шилдэг бүтээлүүдийг хийнэ гэж бодож байна.

-Та манай үзэгчдэд “Single ladies”4 киног заавал үзэх нэг шалтгааныг хэлж өгөөч?

-Монгол киног шинээр харахыг хүсвэл бидний уран бүтээлийг ирж үзээрэй л хэлэхээр байна. Таны төсөөллөөс давж, нэлээн гайхшруулна гэдгийг хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-27 09:20

Өндөрөөс өндөр амжилт хүсэе. Хэд үзсэнч уйдахааргүй кино хийгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button