ДЭЛХИЙ

Нүд үзүүрлэгдсэн Сөүлийн аж үйлдвэрчид

 

Ылжи-ро дүүргийн төв гудамжны дүр төрхийг тарчиг жижиглэнгийн худалдаа, хүйтэн гоймонгийн газар, Старбаксын сүлжээнүүд тодорхойлно. Аль нэг жижиг гудамж руу нь эргэвэл, яс төмрөөр босч хоорондоо шигж наалдсан мянга мянган мухлагны хамт ёлтгор гэрэл, энд тэндгүй орооцолдох төмөр утас, засварын багажнууд, тамхины утаа холилдож үзэгдэх нь аж үйлдвэр буцалсан шоргоолжны үүр рүү орсон мэт санагдана.  

Энэ шоргоолжны үүр бол Сөүлийн аж үйлдвэрийн ертөнц дэх гол судас юм.10 мянга орчим тооны мухлаг үйлчилгээний цэгүүдэд дийлэнх нь 1950 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, Өмнөд Солонгосын дайны дараах эдийн засгийн огцом өөрчлөлтийн золиос болсон 50 мянга гаруй аж үйлдвэрчид ажиллаж, амьдардаг.

Тэндхийн ойролцоох Жонг-Мио сүмийг зорьж ирсэн жуулчдад хөтөч нар нутгийн үүх түүхийг хар цагаан ялгалгүй ярьж тайлбарлах хэдий ч, Ылжи-ро дүүргийн сонирхолтой амьдралын тухай сэдвийг зориудаар орхигдуулна.

Сөүл хурдацтай өсч томорсоор байна. 2024 онд 10 сая гаруй оршин суугчидтай болно гэх үзүүлэлтээр мегасити хотын ангилалд ордог хэдий ч, үнэндээ илүү том метрополитан энэ хот аль хэдийнэ 25 сая хүний гэр болжээ.

Тус хотын удирдлага Чон-Гёо-Чон голын сав газрыг тохижуулах төсөлд зориулж дээрх бүх мухлаг, үйлчилгээний цэгийг нураах шийдвэрийг гаргасан байдаг. Худалдаа эрхлэгчид хөөгдөж, 10 мянган мухлаг устгагдана. Тэдний байсан газар шинэ барилга байгуулалт босно. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн.

“Надад хэлэх үг ч олдохгүй нь” гэж төмөр хэв цутгадаг жижиг үйлдвэрийн эзэн 60 настай Ким Хак-Рюл хэлнэ.“Өөр очих газар байхгүй шүү дээ. Яг үнэндээ бид эндээс явах бодолгүй байна, энэ чинь бүхэл бүтэн экосистем.”

Ылжи-ро дахь ихэнх мухлагууд Өмнөд Солонгосын эдийн засагт чухал нөлөөтэй аж үйлдвэр, электроникын секторыг босголцохын тулд өөр хоорондоо нэгдэж байна.

“Энэ хавь бүхлээрээ хүний гараар боссон. Самсунг, Эл-Жи гэх мэт том компаниудын хүчтэй шүүмжлэлд өртдөг газар” хэмээн Ким хэлжээ. Тэрбээр удам дамжсан жижиг үйлдвэрээ өвлөж аваад 15 жил болж байгаа бөгөөд энэ бүх хугацаанд гэр бүлийнхээ нэрээр бүх бахархлаа хийж яваа аж. 

“Бид маш олон төрлийн ажлыг маш цөөн тоогоор хийдэг. Энэ бол хүссэнээ хурдан хийлгүүлж болдог ганц газар. Таны хүсч байгаа зүйлийг хийхэд Америк болон бусад орнууд барагтай нэг сар зарцуулж байхад бид нэг юмуу хоёр өдөрт л бэлэн болгож дөнгөнө. Бид хурдтай, бас хямд. Тэгэхээр Сөүлийн иргэд төдийгүй аж үйлдвэрт асар өндөр үнэ цэнэтэй – гэвч хотын захиргаа үүнийг ойлгодоггүй”

Сэвон Санг-Га худалдааны бүс байгуулах төслийн журамд заагдсанаар тэд хөөгдсөнийхөө төлөөсөнд дөрвөн сарын орлоготой тэнцэх нөхөн олговрыг авч болно. Дийлэнх нь бэлэн мөнгөөр бизнес эрхэлдэг учир жинхэнэ үнэ цэнээсээ хавьгүй дор төлөөс хүртэж байгаа нь тэр. Тэндээс сарниж бутраад хотоор хэрэн тэнэж, амьд үлдэнэ  гэх итгэл тээвч олонх газрын эзэд бохир, дуу чимээ ихтэй амьдралыг нь тэвчихгүй. Тэгээд ч бие биеэсээ холдлоо гээд чухал үйлчлүүлэгч нараа алдаж буй хэрэг. 

“Эдгээр үйлчилгээний цэгүүд өнгөрсөнд ч, одоо ч Сөүлийн эрүүл хот төлөвлөлтийн чухал хэсэг юм” хэмээн хотын идэвхитэн Пак Ын-Сёон хэлж байна.

“Энэ бүс нутаг одоо Сөүлд хамгийн урт настайд тооцогдоно. Бүх зүйл дайны дараа боссон. Энд л бид жинхэнэ үнэнтэй нүүр тулах боломжтой. Хүмүүс энд урт хугацааны турш ажиллаж, өөрсдийн түүхийг бүтээж байна. Харин одоо засгийн газар үүнийг оффис, шилэн барилгуудаар солино гэнэ. Инээдэмтэй шүү.”

Тэрбээр түрүүлж сүйтгэчхээд дараа нь асуудаг хоцрогдсон зантай хэмээн засгийн газраа шүүмжилж байна. 2003 онд, Чон-Гёо-Чон голын бүтээн байгуулалт анхлан эхэлж, голын усан дор байгууламж босгохоор цардмал замуудыг хуу татсан ба 30 мянган гудамжны худалдаа эрхлэгчид аж амьдралаа алдаж байжээ. Харин одоо тэрхүү усан доорх байгууламж Сөүлчүүдийн хувьд “сошиалжих” дуртай газар нь болсон ба, Ли Мюнг-Бакыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан ажээ.

Одоо ч дуусаагүй байгаа Чон-Гёо-Чон голын бүтээн байгуулалт хотын төв танхимаас Тундэмун плаза хүртэл 10 километр үргэлжлэх бөгөөд яг тэхий дунд нь Ылжи-рогийн мухлагууд оршдог байна. Тэнд За Хадидын зураг төслийн дагуу сансрын хөлөг мэт дүрслэлтэй үзэсгэлэнгийн танхим босох ёстой.

Хатагтай Пак урьд өмнө болж байсны нэг адил энэ бүхэн хүчирхийллээр дуусч болзошгүйд санаа зовж байна. 2010 онд явагдсан албадан нүүлгэлтийн үеэр зургаан хүн, нэг цагдаагийн ажилтан амиа алдаж байжээ.

Шөнө болгон үл таних этгээдүүд хүрч ирэн тэднийг түргэн нүүхийг шаардаж, “Тэд та нарыг үгүй хийнэ, амлаж байна. Та нар луу шээнэ, ялгадсаа цацна. Эмэгтэйчүүдийн чинь өмнө тэд өмдөө тайлаад шээх болно” хэмээн сүрдүүлдэг тухай тэрбээр ярив. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button